Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 120/ШШ2026/0050

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Минерал эксплорэйшн фандинг” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******,

Хариуцагч: ******* аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянхишиг, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 129/11 дугаар акт /бүхэлд нь/-ыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон ба шүүх хуралдааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа[1] “...улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 129/11 дүгээр “Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай акт”-ын 3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулан маргаж байна.

2. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. Хариуцагч нь ******* аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/1166 дугаар “Хяналт шалгалт хийх тухай” захирамжийн дагуу “Минерал эксплорэйшн фандинг” ХХК-д 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хяналт шалгалт хийж, тус компанид нийт 499,332,811.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 129/11 дүгээр “Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг үйлдсэн.

2.2. “Минерал эксплорэйшн фандинг” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17/2025 дугаар албан бичгээр[2] ******* аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчид “...улсын байцаагч нь 014/567 дугаар Усны газрын шинжээчийн дүгнэлтэд холбогдуулан хүсэлт тайлбар, нотлох баримт гарган өгөх боломжоор хангалгүйгээр шууд тус дүгнэлтийг танилцуулсан өдөр нөхөн төлүүлэх 129/11 дугаартай актыг мөн 0116796, 0116797 дугаар шийтгэл хуудсуудыг үйлдэж танилцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Усны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу ус ашиглагчийн үүргийг зохих ёсоор биелүүлсэн тул усны төлбөрийг Онги голын сав газрын ердийн үнэлгээ буюу 8727 төгрөг/м.куб төгрөгөөр төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 129/11 дугаар “Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 014/567 дугаар усны газрын шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргах эрхээр хангаж өгнө үү...” гэсэн бичгийг хүргүүлжээ.

2.3. Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар ******* аймгийн Байгаль орчны газарт гаргасан дээрх агуулга бүхий гомдолд 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 514 дугаартай албан бичгээр “******* аймгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлага, хяналт шалгалтын хэлтсийн дарга урт хугацааны чөлөөтэй байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй, танай компани дээрх 2025 оны 17/2025 дугаар гомдлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Яамны салбарын хяналтын газарт хүргүүлэн шийдвэрлүүлэх боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна”  гэсэн хариуг хүргүүлсэн.

2.4. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Яамны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08/5855 дугаар албан бичгээр “...улсын байцаагч ******* нь “Минерал эксплорэйшн фандинг” ХХК-д холбогдуулан 2528000592 дугаар зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримтаар авагдсан Усны газрын шинжээчийн дүгнэлт, “Натур консалтинг” ХХК-ий шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэн 2025 оны 129/11 дугаартай актаар 499,332,811.00 төгрөгийн байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр төлүүлэх тухай акт үйлдэж, 0116796, 0116797 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсуудаар торгох шийтгэл, хохирол нөхөн төлбөрийг оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй...” гэжээ.[3]

2.5. Нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд анх гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 120/ШЗ2026/0007 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэлээ 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

3. ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 120/ШЗ2026/0162 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШТ2026/0432 дугаар тогтоолоор[4] тус шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж, мөн оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1232 дугаар албан бичгээр захиргааны хэргийг хүргүүлснийг тус шүүх хүлээн авсан.

 

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай компанийн зүгээс ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дуудах хуудасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээтэй танилцах, мэдүүлэг өгөх зорилгоор ******* аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчтай уулзалт хийсэн.

Тус уулзалтаар зөрчлийн 25280000592 дугаартай хэрэг бүртгэлтийн ажиллагааны хүрээнд ******* аймгийн Мандал-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа манай компанийг маршрутын бус замаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан, ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн “Натур консалтинг” ХХК 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 8/25 дугаар шинжээчийн дүгнэлт, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 014/567 дугаар усны газрын шинжээчийн дүгнэлтийг тус тус танилцуулсан, мөн өдөр маргаан бүхий Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 129/11 дугаар хохирлыг нөхөн төлүүлэх тухай акт, 0116796 болон 0116797 дугаар шийтгэлийн хуудас зэргийг танилцуулсан.

Гэвч манай компани нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 014/567 дугаар усны газрын шинжээчийн дүгнэлт болон түүний хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улсын байцаагчийн хувьд энэ талаар оролцогч компанийн нотлох баримт, хүсэлт гаргах боломжоор хангаагүй. Энэ дүгнэлтэд заасан бодолт, манай компанийг буруутгаж байгаа үндэслэл бол хууль зүйн үндэслэлгүй. 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 014/567 дугаар усны газрын шинжээчийн дүгнэлтэд хохирлын хэмжээг тооцохдоо ус ашиглагчийн үүрэг, шаардлагыг биелүүлээгүй гэж үзээд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2.4-т заалтын дагуу усны нөөцөд учруулсан хохирлыг тухайн сав газрын усны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 26181 төгрөг метр куб дүн төгрөгөөр тооцсон байдаг.

Манай компанийн хувьд 2018 онд батлагдсан ТЭЗҮ-ийн далд уурхайн усан хангамж хэсэгт дурдсанаар эрэл хайгуул өрөмдлөгийн явцад 200 гаруй метрийн гүн газар доорх ус илрээгүй, олон жилийн цэвдэгшилгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. ТЭЗҮ-д геологи хайгуулын явцад ус илрээгүй учир далд уурхайд шүүрлийн усыг 237.6 метрээс орж ирэхээр буюу тухайн бус нутгийн ус илэрсэн түвшингээр тооцож төлөвлөсөн байна. Далд уурхайд орж ирэх шүүрлийн усны тооцоог хийхдээ 1045-1020 нэгжийн түвшинд газар доорх ус илэрнэ гэж тооцсон. Гэвч далд уурхайн нэвтрэлтийн явцад ус илэрсэн, тэр даруйд ******* аймгийн Мандал-Овоо сумын Засаг даргад албан тоотоор бид нар мэдэгдсэн ба байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу баталгаажсан тоолуур тавьж шүүрлээр гарсан усны хэмжээг баталгаажсан тоолуураар бүртгэж байсан. Өөрөөр хэлбэл ус ашиглагчийн хувьд үүргээ цаг тухайд нь биелүүлж, холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн.

Гэтэл ******* аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 014/567 дугаар усны газрын шинжээчийн дүгнэлтэд холбогдуулан хүсэлт, тайлбар, нотлох баримт гаргах, өгөх боломжоор хангалгүйгээр шууд дүгнэлтийг танилцуулан өдрөө 129/11 дугаар актыг, мөн 116796, 0116797 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдэж танилцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн.

Манай зүгээс шүүрлийн ус илэрмэгц мэдэгдэж, тоолуур тавьж хөтөлсөн, протокол хөтөлсөн, мөн норм дүрэм журмын дагуу шүүрлийн усны төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, Усны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу ус ашиглагчийн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, шаардлагатай бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсэн тул төлбөрийг Онги голын сав газрын ердийн үнэлгээ буюу 8727 төг/куб-р тооцон төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

Харин 129/11 актанд манай компанийг үүргээ биелүүлээгүй гэж үзэж бодит нөхцөл байдалд нийцээгүй хэт өндөр торгууль тавьж байгаа нь тус акт Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан “захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байна. Акт нь хоёр үндэслэлээр гарсан. Нэг нь тээвэрлэлтийн асуудал байгаль орчинд хууль бусаар нөлөөлсөн гээд, хоёр дахь нь шүүрлийн устай холбоотой агуулгаар гарсан. Тээвэрлэлтийг манайх хүлээн зөвшөөрч байгаа, харин нөгөөг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 129/11 дүгээр “Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай акт”-ын 3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү...” гэв.

 

6. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...******* аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хяналт шалгалт хийх тухай захирамжийн хүрээнд 07 дугаар  сарын 30-ны өдөр “Минериал эксплорэйшин фандинг” ХХК-д хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байх хугацаанд шүүрлийн усыг буюу далд уурхайгаас гарсан шүүрлийн усыг байгальд шууд нийлүүлсэн, мөн шороон замаар ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн.

Үүнтэй холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Тухайн усны асуудал дээр 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тогтоолоор усны газрын холбогдох мэргэжилтнийг шинжээчээр томилон ажиллуулсан, тухайн усны газрын шинжээч нь 2018 оны байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-г үндэслэн тухайн усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох боломжгүй байна. Тухайн ТЭЗҮ болон нарийвчилсан үнэлгээ дээр ус илрэхгүй гэж заагдсан. Тиймээс бид нар тухайн газар дээр нь очиж ажилласан гэсэн тайлбарыг өгсөн. Үүний дагуу тухайн “Минериал эксплорэйшин фандинг” ХХК-ийн баталгаажсан тоолуурын заалтаар тухайн усны нөөцөд учруулсан хохирлын тооцож ажилласан. Шинжээчээс мэдүүлэг авсан дээр тодорхой болох байх.

Эрдэс баялгийн сайдын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 074 дугаар тушаалаар батлагдсан "Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам"-ийн 7.3-т "уул уурхайн төсөлд хүчин чадал, техник, технологийн өөрчлөлт орсон, уг ТЭЗҮ-ийг боловсруулснаас хойш ашиглалт явуулалгүй 3-с дээш жилийн хугацаа өнгөрсөн, ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл өөрчлөгдсөн тохиолдолд болон тухайн ТЭЗҮ-ийг хүлээн авснаас хойш 5 жил тутам төсөл хэрэгжүүлэгч байгууллага ТЭЗҮ-ийг тодотгох, шинэчлэх буюу шинээр боловсруулах үүргийг хүлээнэ гэж заасан байдаг боловч ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл өөрчлөгдөн "Минерал эксплорэйшн фандинг" ХХК-нд шилжсэн боловч ТЭЗҮ-ийн тодотгол хийлгээгүйн улмаас далд уурхайн хэсгээс ус гарч ирснийг 2018 оны Зөв зүг ХХК-ийн нэр дээр батлагдсан ТЭЗҮ-г үндэслэн хайгуулын ажлын явцад ус илрээгүй учир далд уурхайд шүүрлийн усыг 237.6 метрээс орж ирэхээр буюу тухайн бүс нутгийн ус илэрсэн түвшингээр тооцож төлөвлөн далд уурхайн шүүрлийн усны тооцоог хийхдээ 1045-аас 1020 метрийн түвшинд газрын доорх усны нөөц илэрнэ гэж тооцсон нь үндэслэлгүй.

Далд уурхайн нэвтрэлтийн явцад ус илэрсэн, Засгийн хэрэгжүүлэгч Усны газрын шинжээч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, А/31 дүгээр хамтарсан "Аргачлал шинэчлэн батлах тухай" тушаалын дагуу усны нөөцөд учирсан хохирлыг тооцон ирүүлсэн бөгөөд шүүрлийн усыг байгалийн судаг жалга руу шавхан зайлуулсан, зөвшөөрөлгүй ашигласан усны хэмжээг энэ компанийн баталгаажсан тоолуурын заалтыг үндэслэл болгон тогтоосон байна.

2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 014/567 дугаар Усны газрын шинжээчийн дүгнэлтэд холбогдуулан хүсэлт тайлбар, нотлох баримт гарган өгөх боломжоор хангалгүйгээр шууд тус дүгнэлтийг гаргасан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж тайлбар гаргаж байна. 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 00 минутад холбогдогчоос мэдүүлэг авахдаа усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээтэй танилцаад асууж тодруулах зүйл байна уу, ямар мэргэжлийн хүмүүсээс асууж тодруулах шаардлагатай байна гэж асуухад компанийн хуульч, ерөнхий инженер, зөвлөхүүдээс асууж тодруулах шаардлагатай гэсэн атлаа эднийхээс шинжээчийн дүгнэлт, шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүй тул хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй. Тэгэхээр ямар нэгэн тайлбар гаргаж өгөх нөхцөл боломжоор хангаагүй гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Тэгээд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Усны нөөцөд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж тооцох үндэслэл байхгүй байхад нэмэгдүүлж тооцсон гэж яриад байна. Энэ дээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт усны нөөцөд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж тооцно гээд заагаад өгчихсөн байдаг. Үүнийг үндэслэн улсын байцаагчийн актыг гаргасан. Тухайн үед “Минериал эксплорэйшин фандинг” ХХК-иас сумын Засаг даргын Тамгын газарт бичгээр мэдэгдээд тухайн зөрчил алга болохгүй. Энэ зөрчил гарч эхлэхээс өмнө гидрогеологийн судалгаагаа хийлгээд эндээс ус гарах уу, гарахгүй уу гэдгийг энэ компани ажил эхлэхээс өмнө өөрсдөө тооцоочихсон байх ёстой. 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2025 оны 12 дугаар сараас эхлээд үйл ажиллагаа явуулахаар тухайн байгаль цаг уурын нөхцөл байдлаас хамааран тухайн үед хийгдэж байсан судалгаанд өөрчлөлт орсон байх боломжтой, шинжээчийн усны нөөцөд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж тооцох буюу шинжээчийн гаргаж өгснөөр тухайн төлбөрийг нь нэмэгдүүлэн тооцож ажилласан. Бусдаар улсын байцаагч өөрөө тоолуурын баталгаажуулалтыг нь үндэслээд олон аргачлалаар тоо хэмжээ гаргаад, хохирол, нөхөн төлбөр тооцдог ажил биш.

 Иймээс маргаан бүхий актын 3 дахь заалтад заасан асуудлыг тооцож гаргах эрх нь хуулиар олгосон байгаа тул үүнийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх нь буруу, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зөрчлийн 252800592 дугаар хэрэгт авагдсан болон захиргааны хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “******* аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 129/11 дугаар актын 3 дахь буюу “Ус ашиглагчийн үүрэг тавигдах шаардлагыг биелүүлээгүй үйл ажиллагааг явуулсны улмаас усны нөөцөд учирсан хохирол 128,017,235.70х3=384,051,707.00 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4-т заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж тооцов" гэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба шүүх энэ шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг хянан хэлэлцэв.

2. Нэхэмжлэгч талаас “...Усны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу ус ашиглагчийн үүргийг зохих ёсоор биелүүлсэн тул усны төлбөрийг Онги голын сав газрын ердийн үнэлгээ буюу 8727 төгрөг/м.куб төгрөгөөр төлөх үүрэгтэй байхад актад...манай компанийг үүргээ биелүүлээгүй гэж үзэж бодит байдалд нийцээгүй хэт өндөр торгууль тавьж байгаа нь уг актыг илт хууль бус ...үзнэ” гэх,

3. Хариуцагч талаас “...2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тогтоолоор усны газрын холбогдох мэргэжилтнийг шинжээчээр томилон ажиллуулсан, тухайн усны газрын шинжээч нь 2018 оны байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-г үндэслэн тухайн усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох боломжгүй байсан, газар дээр нь очиж үзэн, тоолуурын заалтыг үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан, үүнийг үндэслэл болгон хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд усны нөөцөд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж тооцон акт гаргасан, хууль зөрчөөгүй...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан. Өөр бусад асуудлын талаар маргаагүй.

4. Нэхэмжлэгч нь “ус ашиглагчийн үүргээ биелүүлсэн эсэх, байгаль орчин буюу усны нөөцөд хохирол учруулсан эсэх, хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцсон Улсын байцаагчийн актын 3 дахь заалт илт хууль бус эсэх” нь маргааны зүйл болсон байна гэж үзэв.

 

5. Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхээс тогтоосон үйл баримтууд:

5.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлтгүй, ус ашиглагчийн үүрэг, шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн 2528000592 дугаар зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Эрх бүхий албан тушаалтаны 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор “ашигласан усны хэмжээ, усны нөөцөд учирсан хохирлын хэмжээ”-г тогтоолгохоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын усны нөөцийн хэлтсийн усны үнэ тариф, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Х.Мөнхцэцэгийг шинжээчээр томилсон байх ба усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг 384,051,707.0 төгрөг гэж тогтоожээ.[5]

5.2. Хариуцагч нь ”Ус ашиглагчийн үүрэг тавигдах шаардлагыг биелүүлээгүй үйл ажиллагаа явуулсан зөрчилд 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0116796 дугаар шийтгэлийн хуудсаар “...Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу 1,500,000.0 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, усны нөөцөд учирсан хохирол 384,051,707.0 төгрөгийг төлүүлэх...” шийдвэрлэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж тооцож нөхөн төлүүлэх тухай мөн өдрийн 129/11 дугаартай акт /уг актын 3 дахь заалт/-ыг үйлдсэн байна.[6]

5.3. Мөн өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-аар[7] “...Ус ашиглагчийн үүрэг тавигдах шаардлагыг биелүүлэх, ...Зөрчлийн хуулийн тусгай ангийн дагуу оногдуулсан торгууль, усны нөөцөд учирсан хохирлын 384,051,707.0 төгрөгийг … барагдуулахыг ...даалгаж” зөрчлийн үр дагаврыг арилгуулахыг даалгажээ.

5.4. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор Н.Мөнхбааатарыг “Минерал эксплорэйшн фандинг” ХХК-т холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд компанийн төлөөлөгчөөр оролцуулахаар шийдвэрлэсэн, Н.Мөнхбаатар нь “...2018 оны байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээтэй байгаа, ус ашиглах дүгнэлт зөвшөөрөлгүй байгаа, шүүрлийн усыг байгалийг судаг, жалга руу шавхан зайлуулдаг...” гэх мэдүүлэг өгсөн болох нь улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр авсан мэдүүлгийн тэмдэглэлээр тогтоогдоно.[8]

5.5. ******* аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн А/1166 дугаар “Хяналт шалгалт хийх тухай” захирамжаар Мандал-Овоо сумын Баянхошуу багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Минерал эксплорэйшн фандинг” ХХК нь даац хэтрүүлэн маршрутын бус замаар тээвэр хийж байгаль орчин доройтуулж байгаатай холбогдуулан хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийн шалгалтаар “Минерал эксплорэйшн фандинг” ХХК ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлтгүй ус ашиглаж ус ашиглагчийн үүрэг, шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасан нь тогтоогдож энэ тухай шалгалтын тэмдэглэл үйлдэгджээ.[9]

5.6. Нэхэмжлэгч нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “...уг ажлын хэсгээс гарах хяналт шалгалтын хуудас, хүлээн авах, хариу тайлбар хүргүүлэх үйл ажиллагаанд байгууллагыг төлөөлөн оролцох эрхийг ерөнхий менежер Н.Мөнхбаатар, геологич ажилтай ******* нарт олгосон...” талаар 101/25 дугаар албан бичгийг ******* аймгийн Байгаль орчны газарт хүргүүлсэн байна. /Зөрчлийн хэргийн 58 дугаар хуудас/

 

6. Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд тухайн захиргааны актыг илт хууль болохыг тогтоох нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмын нэг болох “хуульд үндэслэх” зарчимд нийцнэ. Иймээс хариуцагчийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гаргасан шийдвэр хууль зөрчсөн эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болно.

6.1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1.1-д "хяналт шалгалт" гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, ...хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг хэлнэ”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх...”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ...” гэж төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх үндэслэл, журмыг тусгайлан зохицуулсан байх бөгөөд хариуцагч “Минерал эксплорэйшн фандинг” ХХК-ийн үйл ажиллагаанд иргэдээс гарсан гомдолд үндэслэн, Аймгийн Засаг даргаас томилсон ажлын хэсэг хяналт шалгалт хэрэгжүүлсэн байна.

6.2. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “усны нөөц” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх усыг”, 3.1.24-т “хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг”, 3.1.27-д ““ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг” гэж тус тус хуульчилсан ба нэхэмжлэгч нь ******* аймгийн Мандал-Овоо сумын Баян хошуу багийн нутагт хайлуур жоншны олборлолтын үйлдвэрлэл явуулдаг бөгөөд уурхайн үйл ажиллагаанд өөрийн эзэмшлийн 3 худгаас 1 худгийг засварлаад ашиглаж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдон, мөн нэхэмжлэгч талаас ус ашиглалтын үүргээ биелүүлж байгаа талаар шүүхэд тайлбарласан тул түүнийг ус ашиглагч үзнэ.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно” гээд 2/-т "ус" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна”, 28 дугаар зүйлийн 28.11-д “Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн ...төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна” гэж, мөн 30 дугаар зүйлийн 30.1.1-30.1.3-т заасан үүргийг ус ашиглагч хүлээхээр тус тус зохицуулсан.

6.3. Нэхэмжлэгч нь хуулийн дээрх шаардлагыг хангаж ажилласан гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, харин нэхэмжлэгч зохих зөвшөөрөлгүйгээр ус ашигласан байх тул түүнийг усны нөөцөд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

6.4. Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон харьяаллын дагуу байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоохоор заасан. Нэхэмжлэгч ус ашигласан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд харин усыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах үйлдлийг нь байгаль орчин-усны нөөцөд хохирол учруулсан хууль бус үйлдэл гэж үзэх тул нэхэмжлэгч талаас гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийн 9-д “ байгаль орчинд учруулсан хохирлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аргачлалын дагуу тогтоох,  Мэргэжлийн байгууллага байгаль орчинд учруулсан хохирлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аргачлалын дагуу тогтоох гэж зааж, тогтоосон хохирлыг мөн хэсгийн 4/-т заасан экологи-эдийн засгийн үнэлгээг байгалийн төрөл зүйл тус бүрийг харгалзан хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж тодорхой заасан байна.

6.5. Дээр хуульд заасан аргачлалын дагуу усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг 384,051,707.0 төгрөгөөр тогтоосон Усны газрын шинжээчийн дүгнэлтийг[10] үндэслэн  үйлдсэн маргаан бүхий захиргааны акт /3 дахь заалт/-аар “...3 дахин нэмэгдүүлж тооцсон”-ыг буруутгах боломжгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 10.10-т “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжоор тогтооно” гэж хариуцагчид уг хяналт шалгалтыг хийх, акт үйлдэх бүрэн эрх олгогдсон гэж үзэхээр байна.

6.6. Нөгөөтэйгүүр, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус заасан, хуулийн зохицуулалтаар Зөрчлийн хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан үйлдэл, эс үйлдэхүйд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах бөгөөд уг шийдвэрт зөрчилд холбогдогч иргэн, хуулийн этгээд нь хуулийн хугацаанд гомдол гаргах эрхтэй.

6.7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4-д заасан зөрчил гэж үзэж шийтгэлийн хуудсаар оногдуулсан 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0116796 дугаар Шийтгэлийн хуудас, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй байгааг дурьдах нь зүйтэй.

6.8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нь хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хохирлыг тооцон нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн актын 3 дахь заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны актын илт хууль бус байх тохиолдолд хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.9. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх, хариуцагчаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтүүдийг гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 10.9.8, 10.10, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгийн 4/ дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Минерал эксплорэйшн фандинг” ХХК-иас ******* аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 129/11 дүгээр “Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай акт”-ын 3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   С.ОТГОНЦЭЦЭГ

 

 

[1] Хавтаст хэргийн 173 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 129-131 дүгээр хуудас

[5] Зөрчлийн 2528000592 дугаар хэргийн 1, 34-37 дугаар хуудас

[6] Зөрчлийн хэргийн 151, хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[8] Зөрчлийн хэргийн 194-198 дугаар хуудас

[9] Захиргааны хэргийн 52-53, Зөрчлийн хэргийн 8-11, 22-25 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас