Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 445

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС         

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Од холбогдох эрүүгийн 1705000820097 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Н.О 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45/а дугаартай байрны 123 тоотод хүргэн Н.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт” 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр манай хүргэн Г гэртээ согтуу ирсэн юм. Би бууз жигнэж байхад гутлаа тайлахгүй гуталтайгаа гэр дотор яваад байхаар нь би “гутлаа тайл гэж хэлсэн”. Хоол идэж байхдаа хүргэн Г асгаж, цутгаад байсан. Г охиныхоо цаасны хутгыг бариад байж байсан. Тухайн үед хэрүүл маргаан, дарамт шахалт болсон зүйлгүй. Би хутга, шөвөг барьж үзээгүй. Өөрөө хутган дээрээ унасан юм уу, яасан юм, би мэдэхгүй байна. Би хутгаар хатгаагүй. Өөрөөс нь асуухаар би мэдэхгүй байна гэж хэлдэг. Хүргэн Г манайд 11 жил надтай нэг гэрт амьдарч байна” гэв.

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.Г мөрдөн байцаалтанд “Би эхнэр болон хадам ээж  О нарын хамт гэртээ 500 граммын 2 шил архи хувааж уугаад байж байхад хадам ээж О намайг согтчихоод хэл амаар доромжилоод зайл гээд байхаар нь би явлаа гээд хэрэлдээд гэрээс гарах гэтэл миний араас хадам ээж гэнэт хүрч ирээд миний зүүн хавирганы орчимд нэг зүйлээр хатгачихсан. Тэгээд би шууд гэрээс гараад цус гараад тогтохгүй болохоор нь эгч Энхчимэгтэй утсаар яриад намайг эд нар ийм болгочихлоо цус гараад байна гэж хэлсэн чинь эгч хүрч ирээд дараа нь 103 ирсэн...зүүн талын бөөрний дээд хэсэгт 3 оёдол тавьж боолт хийлгүүлсэн...” /хх-ийн 7/ гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Янжмаа мөрдөн байцаалтанд”...дүү Энхчимэг над руу залгаад Ганаа над руу утасдлаа хадам ээждээ хутгалуулчихлаа би одоо очлоо та наанаасаа яваад оч гэхээр нь би таксидаад очиход манай хүү Г цус болчихсон гадаа сууж байсан...” /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Н.О мөрдөн байцаалтанд “2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр би өөрийн гэртээ байж байтал оройхон 19 цагийн үед миний охины нөхөр Г гаднаас согтуу орж ирээд гуталтайгаа гэрээр гүйгээд бууж хийж өгсөн чинь асгаж цутгалаад байсан тэгээд би хүргэндээ чи наад буузаа аятайхан ид гутлаа тайл гэж хэлсэн чинь за тэрний төлөө юу болдогийн би арччихна  та зүгээр байж бай гэсэн тэгэхээр нь би чи хэзээ нээх юм арчиж байсан юм бэ зүгээр бай гэж хэлсэн чинь чамайг чи муу хөгшин акурк энэ тэр гэж хэлсэн. Би бас хариуд нь чи ажил хийдэггүй надаар тэжээлгэж байж гэж хэлсэн чинь би ажил хийвэл хийнэ гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн. Тэгээд намайг орон дээр сууж байтал муу акурк гэж хэлээд түлхэхээр нь би зөрүүлээд чи яаж байгаа юм бэ гээд түлхсэн чинь урагшаагаа газар унасан. Унахдаа өөрийгөө хатгасан гэж бодож байна. Намайг харахад яг гэмтэж цус гарсан зүйл харагдаагүй. Яг түлхэж унагаахын өмнө Г гартаа цаасны хутга барьчихсан байсан. Яах гэж барьсныг нь мэдэхгүй байна...тэгээд унахдаа тэр хутгаараа өөрийгөө хатгасан гэж бодож байгаа” /хх-ийн 48/ гэх мэдүүлэг,

Дахин байцаалтаар Н.О мөрдөн байцаалтанд“...нэг цаасны хутга шиг юм байсан, хэрэг болсон өдөр уур хүрээд би гаргаад хаячихсан, гэрийн гадаа байсан хогийн бүнкерт хаясан, цагдаа ирээд асууж байсан, би хаясан гэдгээ хэлсэн...миний хувьд бүх буруугаа хүлээж байна асуудлаа хурдан шийдмээр байна” /хх-ийн 72/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8911 дугаартай: Н.Гийн биед зүүн хавирганы нум орчимд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 12/ гэсэн дүгнэлт,

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20-21/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Н.О-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хохиролын талаар:

Шүүгдэгч Н.О 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45/б дугаартай байрны 123 тоот өөрийн гэртээ хүргэн Н.Гийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

хохирогч Н.Гийн”...миний араас хадам ээж гэнэт хүрч ирээд миний зүүн хавирганы орчимд нэг зүйлээр хатгачихсан...” /хх-ийн 7/, гэрч Г.Янжмаагийн”...Энхчимэг залгаад Ганаа над руу утасдлаа хадам ээждээ хутгалуулчихлаа би одоо очлоо та наанаасаа яваад оч гэсэн...” /хх-ийн 10/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8911 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/ болон яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч Н.О, хохирогч Н.Г нар хүргэн, хадам эх байх бөгөөд тэдгээр нь нэг гэрт 11 жил амьдарсан гэж мэдүүлж байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарахаар зохицуулсан байна.

     

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх ба шүүгдэгч Н.О нь хохирогч Н.Гийн  бие махбодь, эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. 

Өөрөөр хэлбэл Прокуророос Н.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.О-г Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.  

 

Улсын яллагчаас Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй болно.

 

Хохирол төлбөрийн талаар хохирогч Н.Г “...надад хадам эх Отай холбоотой ямар нэг гомдол санал байхгүй” /хх-ийн 71/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.О-г бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.О-г Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.О тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Н.О “Би тэтгэврийн зээлтэй, биеийн байдал ч сайнгүй байдаг, надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт бүхий тайлбар гаргалаа.

 

Н.О хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбараар 1952 оны 01 дүгээр сарын 27-нд төрсөн одоо 66 настай болох нь нотлогдож байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн боломжгүй.

 

Учир нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулж болох сонгох санкцитай боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг “...тавин таваас дээш насны эмэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан байна.

 

Иймд Н.О-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Н.О энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж байна.