| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/04826/И |
| Дугаар | 191/ШШ2025/09307 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/09307
| 2025 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 191/ШШ2025/09307 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
Нийт 85,723,732 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, С. нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч И.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн И.******* миний бие 2022 онд өөрийн орон сууцтай болох зорилготой судлаж байсан бөгөөд ******* ******* ХХК-ийн банкны зээл, хүүгүйгээр хувь төлөх төлбөрийн системтэй нөхцөл боломжтой санагдаж тоот, 41,46 м.кв, 2 өрөө орон сууцыг 72.555.000 төгрөгөөр авахаар тохиролцон, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан.
Улмаар гэрээ байгуулсан өдөр 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 36.277.500 төгрөг төлж, сар бүр 3,040,000 төгрөгийг төлж явсаар нэг жилийн дотор буюу 2023 оны 11 дүгээрр сарын 30-ны өдөр сүүлийн төлөлтийг хийж нийт 72.555.000 /далан хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөгийг ******* ******* ХХК-д төлсөн.
Гэтэл тус барилгыг барьж гүйцэтгэх дээрх гэрээнийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулах, тус гэрээнийн 3.1-т заасан 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэхээр заасан хугацаагаа огт хэрэгжүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл барилгын суурьч тавигдаагүй байна.
Миний бие гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч гэрээний үүргээ огт биелүүлээгүй, биелүүлэх оролдлого ч хийгээгүйн дээр очиж уулзахаар үндэслэлгүй, утгагүй тайлбарыг хэлдэг бөгөөд миний бие тооцоолоогүй алдагдалд орсоор өнөөдрийг хүрч байна. Энэ талаараа өмнө уулзахдаа хэлдэг байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэгч компани дээр захирлын бие төлөөлөгч н.той уулзаж, гэрээнээсээ татгалзаж шүүхэд хандана гэдгээ хэлсэн ч "...тэгээ шүүхдээ ханд..." гээд огт тоогоогүй.
Мөн дээрх мөнгөө өөр зүйлд, зарцуулж, хөрөнгө оруулалт хийсэн бол тодорхой хэмжээний ашиг орлоготой, энэ их стрессгүй байх байсан. Хамгийн энгийнээр бодоход өөрийн харилцдаг Хаан банканд жилийн хугацаатай хадгаламж нээж хадгалуулсан бол 2022 онд 12.3%. 2023 онд 12.3%, 2024 онд 12%, 2025 онд 12%-ын хүүтэй байх байсан байна.
Миний бие дээрхээс банкад хадгалсан бол анх өгсөн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл анх өгсөн 36.277.500 төгрөгийг хадгалуулсан гэж бодоход 4.462.132 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны сарын 30-ны өдөр бүх төлөлтөө бодоход 8.706.600 төгрөг байхаар байна. Энэхүү банканд хадгалуулсан бол авах байсан хүүг миний бие өөрт учирсан хохирол гэж үзэж нэхэмжлэж байна.
Иймд 2022 он 11 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр Орон сууц захиалан бариулах" гэрээнээс татгалзаж, хариуцагчид уг гэрээний дагуу төлсөн 72.555.000 /хорин найман сая гучин найман мянга зургаан зуу/ төгрөгийг, хохирол болох 13.168.732 төгрөгийн хамт нийт 85.723.732 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.
...Н.*******ын хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлж 72,550,000 төгрөгийг төлсөн, үүнийгээ гаргуулъя гэж байгаа. Мөн Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний нийтлэг заалт болон 352.1-т хохиролтой холбоотой асуудал байвал Иргэний хуулийн нийтлэг журам үйлчилнэ гэж заасан. 227.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйгээс холбоотой гэрээнээс татгалзсан бол захиалагч хохирлоо нэхэмжлэх заалтыг зохицуулж өгсөн. Үүнтэй нотлох баримт нийтэд илэрхий. Хугацаатай хадгаламжийн хүүг он тус бүрээр гаргасан. Ийм учраас үндсэн төлбөр болон ажил гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой хохирлыг гаргуулж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Орон сууц захиалан бариулах 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ПЗ-Д-01/28-194 дугаар гэрээний хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Хаан банкны гүйлгээний баримтын хуулбар, Хаан банкны банк хоорондох шилжүүлэг баримт/хх-10-12/, Н.*******ын Хаан банк ХК-ийн дугаар дансны дэлгэрэнгүй хуулга/хх-13-19/,
Хариуцагч талын баримтаар гаргасан ******* констрашн ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч И.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн 72,555,000/далан хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөг, хохирол 13,168,732/арван гурван сая нэг зуун жаран найман мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг, нийт 85,723,732/наян таван сая долоон зуун хорин гурван мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ХХК-д 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Зохигчид 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр П3-Д-01/28-194 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн П3-Д-01/28-194 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн П3-Д-01/28-194 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ий 2, 2.1, 2.2, 3-ын 3.1, 3.2-т зааснаар хариуцагч нь тоот орон сууцыг 2023 оны 4 улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч орон сууцны ажлын хөлс 72,555,000/далан хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн П3-Д-01/28-194 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн зардлаар тодорхой ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн П3-Д-01/28-194 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ий шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.
Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Гэрээний 2-ын 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны ажлын хөлс нийт 72,555,000/далан хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөгийг төлсөн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хаан банкны гүйлгээний баримтын хуулбар, Хаан банк ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх Банк хоорондын шилжүүлгийн баримт, Хаан банк ХК-д И.*******ын эзэмшиж байгаа Депозит дансны 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дансны хуулга, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээний 3-ын 3.2-т заасан орон сууцны барилгыг 2023 оны 4-р улирал багтаан ашиглалтад оруулсан талаарх болон ба нэхэмжлэгчийн барилгыг барьж гүйцэтгэх, ашиглалтад оруулах үүргээ хэрэгжүүлээгүй, барилгын суурь ч тавигдаагүй гэх тайлбарыг үгүйсгэсэн татгалзсан баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний ... үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч нь тоот орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид Гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.
Хариуцагч нь тоот орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээг цуцалж учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., мөн хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн ажлын хөлс болох 72,555,000/далан хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөгийг учирсан хохиролд тооцох ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тоот орон сууцны ажлын хөлсөнд төлсөн 72,555,000/далан хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгийг банканд хадгалуулсан бол авах байсан хүү буюу учирсан хохирол гэх нийт 13,168,732/арван гурван сая нэг зуун жаран найман мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох ба банкны хадгаламжийн хүү нь нэхэмжлэгчээс гарсан зардал, алдагдал, үүргээ гүйцэтгэсэн бол орох байсан орлогын аль алинд нь хамаарахгүй байх тул 13,168,732/арван гурван сая нэг зуун жаран найман мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг олох байсан орлогод тооцох үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 13,168,732/арван гурван сая нэг зуун жаран найман мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах үндэслэлгүй.
Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* Констракшн ХХК-иас нийт 72,555,000/далан хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.*******ад олгон, үлдсэн 13,168,732/арван гурван сая нэг зуун жаран найман мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч И.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 586,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 520,725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.*******ад олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* Констракшн ХХК-иас нийт 72,555,000/далан хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.*******ад олгон, үлдсэн 13,168,732/арван гурван сая нэг зуун жаран найман мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч И.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 586,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 520,725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ