2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/09289

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 30 191/ШШ2025/09289

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Газар эзэмших эрхийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээсэн тухай мэдэгдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлэхийн хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэсэн 22290270 шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаан бүхий ******* нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг битүүмжилсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээсэн тухай мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасан. Энэхүү шаардлагаа агуулгын хувьд тодруулж байгаа. Учир нь 2022 оны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад газрыг битүүмжлэх нэг ч албан хүсэлт яваагүй байна лээ. Тодруулсан шаардлагын тухайд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгч С.*******д холбогдох 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 19290932 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ******* нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээсэн тухай мэдэгдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлэхийг хариуцагчид даалгах тухай. Үндэслэлийн тухайд: Тус ажиллагаа 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 21/04/240 дугаар дуусгавар болох тогтоол гарсан байхад Нийслэлийн газрын албанд эрх сэргээх албан бичиг явуулаагүй байх тул тус газрын эрх сэргэхгүй байгаа болно гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа агуулгын хувьд тодруулж байгаатай нь холбоотойгоор хугацаа авахгүйгээр шүүх хуралдаан дээрээ тайлбараа гаргаад явах боломжтой. Хариу тайлбарын тухайд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 345 тоот захирамжаар С.*******аас 25 сая төгрөгийг гаргуулан н.Цогзолмаад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн эзэмшлийн маргаан бүхий нэгж талбарын ******* дугаар бүртгэлтэй, дүүргийн ******* хороонд байрлах 3100 м.кв талбайтай газрын захиран зарцуулах эрхийг 2020 оны 4/27778, 4/24197 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн байдаг. Төлбөр төлөгч С.******* нь 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлбөрөө бүрэн төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2109/240 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгоод газрын эрх сэргээх бичгийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1-180/71******* албан бичгээр захиран зарцуулах эрхийг сэргээсэн байдаг. Төлбөр төлөгч С.******* нь 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлбөрөө төлж дуусаад 2022 оны 1 дүгээр сарын 18-нд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1698 дугаар шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх захирамжаар С. *******аас 65 сая төгрөгийг гаргуулаад мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах орон сууцыг төлбөр авагч н.Баясгаланд шийдвэрлэсэн.

Мөн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус газар нийслэлийн тойргийн нотариатч Ц.*******ийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нотариатын мэдэгдэх хуудсаар С.*******аас 283,856,000 төгрөгийг гаргуулаад Төмөрбаатарт олгохоор тус тус шүүхийн шийдвэр ирсэн. Иргэн С.*******ын хувьд 2023 оноос эхлээд би газрын эрхээ сэргээлгэмээр байна гэдэг хүсэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус гаргасан. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.9 дүгээр зүйл буюу төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй байна. Тухайн газар төлбөр төлөгчийн эзэмшилд байна. Тийм учраас боломжгүй гэдэг хариу өгсөн. Иргэн С.*******ын зүгээс нотариатын гэрээг бол Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж өгсөн. Иргэн С.******* болон С.******* нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээг үндэслээд захиран зарцуулах эрхийг сэргээж өгнө үү гэхэд шүүхээр дүгнүүлье гэдэг үүднээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас боломжгүй гэдэг хариу өгсөн. Одоо бол төлбөр төлөгчийн эзэмшилд газар бүртгэлтэй байгаа. Төлбөр төлөгчийн эзэмшилд байгаа газар дээр иргэн С.*******ын объект байрлаж байгаа. Тийм учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн газрыг битүүмжлэх, хураах, цаашдаа дуудлага худалдаанд оруулах ажиллагааг одоогоор зохион байгуулаагүй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, 240023 гэрчилгээний дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрчилгээний хуулбар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Техникийн нөхцөл олгох тухай албан бичгийн хуулбар, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн иргэний, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, эргэлийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгажих талбайн схем зураг, Нийслэлийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаар захирамжийн хуулбар, ******* нэгж талбарын дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01116-2017/01162 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 19290932 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01-06/4134 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21/04/240дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22290270 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн НАОБТГ-02/93 дугаар Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах түрээслэх гурвалсан гэрээний хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн НАОБТГ-02/107 дугаар Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах түрээслэх гурвалсан гэрээний хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13/18 дугаар Ажлын байр түрээслэх гэрээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2-180/22378 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04/323 дугаар хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/1085 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2025/2055 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 221/ШТ/2025/0351 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай тогтоол, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШЗ2025/21018 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас нотлох баримтаар 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1-244/279 дүгээр Б.*******, П.Уранбилэг нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ГХ2022/00114 дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар саарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01698 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2022/01154 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22290270 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн тойргийн нотариатч Ц.*******ийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0004 бүртгэлийн дугаартай Нотариатын мэдэгдэх хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ГХ2023/02304 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2023/22547 дугаар захирамжийн хуулбар, Нийслэлийн тойргийн нотариатчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0004 дугаар Нотариатын мэдэгдэх хуудасны хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0361 дугаар Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23261407 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1-180/71******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан бичгийн хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1-180/71******* албан бичгийн хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 19290932 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2019-2021 оны Ирсэн, хүргэн албан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

5.Шүүхийн журмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 2 дугаар хороонд байрлах ******* нэгж талбар дугаартай газар эзэмших эрхийг түдгэлзсэн шийдвэр болон түдгэлзүүлэхээр гаргасан саналуудыг нотлох баримтыг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч С.******* нь 2002 оны 01 сарын 20-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 35 дугаартай шийдвэрээр дүүргийн ******* хороонд байрлах 3100 м.кв талбай бүхий газрыг авто гараж, ахуйн зориулалтаар эзэмшиж эхэлсэн. 2015 оны 04 сарын 02-нд Нийслэлийн Засаг даргын А/246 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхээ шинэчилсэн байна. /хх 8-10, 16/

2.1 Дээрх газарт иргэн С.*******тай хамтарч барилга барих зорилгоор газар эзэмших гэрчилгээг 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 21152 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар С.*******д шилжүүлж, С.*******д 2019 оны 10 сарын 28-ны өдөр тухайн ******* дугаартай нэгж талбарын дугаартай, 3098 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

2.2 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 19290932 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 21/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 сарын 03-ны өдрийн 4-180/27778 дугаартай албан бичгийг үндэслэж, дүүргийн газар зохион байгуулалтын алба С.*******ын нэр дээрх газрыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. /хх 107, 109/

2.3 Төлбөр төлөгч С.******* нь төлбөрийг төлж барагдуулсан үндэслэлээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 21/04/240 дугаар тогтоол 2021 оны 04 сарын 15-ны өдөр гарч, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дүүргийн газар зохион байгуулалтын албанд 1-180/71*******тай албан бичгээр С.******* нь төлбөрөө төлсөн тул 2020 оны 4/27778, 4/24197 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй газрын захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдсэн байна. /хх 23-24, 76/

2.4 С.******* нь 2021 оны 06 сарын 08-ны өдөр С.*******т дээрх газрыг буцаан үнэ төлбөргүйгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд дүүргийн ******* хороонд байрлах 3098 м.кв талбайтай Улсын бүртгэлийн дугаар бүхий газрыг нэхэмжлэгч С.******* нь иргэн С.*******д шилжүүлсэн, буцаан шилжүүлэн авсан шалтгаанаа хамтарч барилга барихад хөрөнгө оруулагч татах зорилгоор, хамтарч барилга барих боломжгүй болсон учир гэж шүүхэд тайлбарласан.

2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хариу тайлбар, хавсаргаж ирүүлсэн баримтаар дээрх үйл явдлын дараа 2022 оны 01 сарын 18-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин С.*******д холбогдуулан 22290270 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2023 оны 10 сарын 10-ны өдөр 23261407 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус тус үүсгэсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 27, 69,74/

3. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 19290932 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ******* нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээсэн тухай мэдэгдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

3.1 Тус ажиллагаа 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 21/04/240 дугаар дуусгавар болох тогтоол гарсан байхад Нийслэлийн газрын албанд эрх сэргээх албан бичиг явуулаагүй байх тул тус газрын эрх сэргэхгүй байгаа болно, уг газар Нийслэлийн засаг даргын захирамжаар олгогдсон тул дүүргийн газрын албанд дээрх албан бичгийг хүргүүлсэн нь буруу гэж үзсэн.

3.2 Энэ маргаан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэхтэй холбоотой гомдол биш, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа явуулах арга хэмжээний тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар тус шүүх хянан шийдвэрлэх маргаан гэж үзлээ.

4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ...Иргэн С.******* болон С.******* нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээг үндэслээд захиран зарцуулах эрхийг сэргээж өгнө үү гэхэд шүүхээр дүгнүүлье гэдэг үүднээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас боломжгүй гэдэг хариу өгсөн. Одоо бол төлбөр төлөгч С.*******д холбогдох өөр 2 хэрэгт ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг газар эзэмшилд газар бүртгэлтэй байгаа. өмнөх битүүмж үргэлжлээд явж байгаа. Мөн төлбөр төлөгчийн эзэмшилд байгаа газар дээр иргэн С.*******ын объект байрлаж байгаа. Тийм учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн газрыг битүүмжлэх, хураах, цаашдаа дуудлага худалдаанд оруулах ажиллагааг одоогоор зохион байгуулаагүй байна гэж тайлбарласан.

4.1 Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч С.******* нь 2002 оноос хойш эзэмшиж, дээр нь үйл ажиллагаагаа явуулдаг гэж шүүхэд тайлбарлан холбогдох баримт болох түрээсийн гэрээнүүдийг ирүүлсэн байна. /хх 28-34/

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрээр төлбөр төлөгч, түүний хөрөнгөтэй холбогдуулан явуулсан арга хэмжээг хүчингүй болгоно гэж заасан.

5.1 Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж зохицуулсан бөгөөд 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 22290270, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23261407 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолтой шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт дээрх газрыг битүүмжилсэн шийдвэр, тогтоол гараагүй байна.

6. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21/04/240 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын дагуу улсын бүртгэлийн ******* нэгж талбарын дугаартай С.*******ын газар эзэмших эрхийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээсэн тухай мэдэгдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлэхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21/04/240 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын дагуу улсын бүртгэлийн ******* нэгж талбарын дугаартай С.*******ын газар эзэмших эрхийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээсэн тухай мэдэгдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлэхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР