| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/04088/И |
| Дугаар | 191/ШШ2025/09492 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/09492
2025 11 06 191/ШШ2025/09492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ы ******* /РД: *******/-д холбогдох
35,721,060 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******ийн 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв..
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.*******цэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч О.******* нь 2018 онд тус байгууллагад нягтлан бодогчоор ажилд орсон байдаг. Тус байгууллагаас бичгээр гаргасан эрх зүйн баримт бичиг болон удирдлагуудын бодлогын түвшинд тухайн байгууллагад 5 жил тогтвор, суурьшилтай ажилласан ажилчдад байрны урьдчилгаа олгоно гэдэг бодлогыг баримталж байсан. Ингээд О.******* 2021 онд байгууллагын удирдлагуудад хүсэлт тавьсан. Энэ нь хэдий 3 жил болсон ч гэсэн цаашдаа олон жил ажиллана. Тэгэхээр надад байрны урьдчилгаа болон тохижилттой холбоотой нийт 39 сая төгрөг зээлээч ээ гэдэг хүсэлт тавьсан. Тухайн хүсэлтийг байгууллагаас хэлэлцээд зээл олгоё, цаашдаа тогтвор, суурьшилтай ажиллахаа илэрхийлж байна. 39 сая төгрөгийг буцааж төлөх нөхцөлтэйгөөр олгоё гэдэг байдлаар зөвшөөрсөн. Ингээд О.*******ийн өөрийнх нь сонгосон байр буюу маргаан бүхий Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байрлах 2 өрөө 54 м.кв байрыг О.******* өөрөө сонгосон. 2021 оны 6 дугаар сард тухайн байрны мөнгийг яаралтай төлж авахгүй бол энэ байраа алдах гээд байна. Тэгэхээр эхлээд намайг зээлээ бүтээх хооронд байгууллагаас мөнгийг нь гаргаад энэ байрыг маань хадгалж өгөөч ээ гэдэг хүсэлт тавьсны дагуу 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ******* компаниас тухайн байрны өмнөх өмчлөгч болох н.Алтангэрэлээс нийт 120 сая төгрөгөөр тухайн байр худалдаж авсан байдаг. Үүнээс хойш О.******* үлдэгдэл мөнгөө ипотекийн зээлээр хангуулах хүсэлтэй байсан учраас ипотекийн зээлд нь мөн дэмжлэг үзүүлээд 2021 оны 12 дугаар сард зээлийн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн тайлбараас тусдаа 33 сая төгрөгийн тусламж олгоё. Үүнийг ипотекийн урьдчилгаандаа тооцъё гээд олгодог. Харин маргаан бүхий 39 сая төгрөгийг буцааж сард 500,000 төгрөгөөр цалингаасаа суутгах байдлаар төлнө шүү гэж тохирсон. Ингээд 2 удаагийн гүйлгээгээр буюу 2021 оны 8 дугаар сард 39 сая төгрөгөөс буюу 38,721,060 төгрөгөөр шилжүүлсэн. Дараагаар нь 2021 оны 12 дугаар сард 33 сая төгрөгөөр цалингийн урамшуулал гээд 2 удаагийн гүйлгээ хийсэн байдаг. Гэвч О.*******ийн зүгээс 2022 оны 1 дүгээр сард зээл авч байраа авснаас хойш ажлаа хаяад алга болсон. Ингээд бидний зүгээс 2022 оны 3 дугаар сар хүртэлх 3 сарын хугацаанд эргэж ирж ажилдаа орох нь уу? гэдэг байдлаар хүлээсэн. Өөрт нь мөн шаардлагууд тавьж байсан. Ингээд нэгэнт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэхгүй нь тодорхой болсон учраас 2022 оны 3 дугаар сард ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор О.******* мөн байгууллага дээр ирж уулзаад би энэ мөнгөө буцааж төлнө өө гээд өөрөө тухайн компанийн гүйцэтгэх захирал н.д гараар баталгаа бичиж өгсөн байдаг. Энэ баталгааны дагуу 2022-2023 оны хооронд 500,000 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр буюу нийт 3 сая төгрөгийг буцааж төлсөн. Ингээд 2023 оноос хойш огт төлөхөө зогсоосон. Тийм учраас нэхэмжлэгч компанийн зүгээс 2023 оны 4 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн мөнгө болон банкны шимтгэл 200 хэдэн мянган төгрөг хасагдсан юм байна лээ. Тэдгээрийг хасахгүйгээр бүхэлд нь нэхэмжилчихсэн байсан. Тэгэхээр үүнийгээ багасгаад хариуцагчаас манай байгууллагаас буцааж төлөх нөхцөлтэйгөөр авсан 35,721,060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч О.******* нь 2018 онд Гацуурт агро компанид ажиллаж байх үед ******* Капитал компанийн гүйцэтгэх захирал гэж хүн түүний найзаар дамжуулж ажлын санал тавьж байсан. Улмаар ******* Капитал компанийн ерөнхий нягтлан бодогч ажлын байранд 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 2 дугаар сар хүртэл ажилласан байдаг. Үүний дараа 2020 оны 12 дугаар сард дахин ажлын санал тавьсны үндсэн дээр 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 2 сар хүртэл ******* Капитал компанийн ерөнхий нягтлан бодогч ажлын байранд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ******* ******* компанийн гүйцэтгэх захирал н.ын 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 12 дугаар сард урамшуулал олгох тухай тушаалаар О.*******ийг сайн ажилласан хэмээн үзэж шагнаад байрны урьдчилгаа төлбөрт зориулж 30 сая төгрөгийг урамшуулал цалин болгож өгсөн. Ийнхүү шинэ жилийн баярын үйл ажиллагаа дээр ******* ******* компанийн зүгээс 30 сая төгрөгийн байрны урьдчилгааг бэлэг болгож шагнасан талаараа нийт хамт олонд зарласан. Үүний дараа 2022 оны 1 дүгээр сар хүртэл ажилласан ба 2022 оны 3 дугаар сард ажлаас чөлөөлөх тушаал гарч ажлаас албан ёсоор чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ******* ******* компаниас 39 сая төгрөг нэхэмжилсэн байсан. Түүнийг нь саяын дурдсан цалин урамшуулал олгох тухай тушаалаар шагнасан 30 сая төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлгосон чинь нэхэмжлэгч тал 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 38,721,060 төгрөг шилжүүлсэн мөнгөө шаардаад байсан юм байна лээ. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. 38,721,060 төгрөгийг манайх 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр буцаагаад ******* ******* компанийн гүйцэтгэх захирал н.ын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны тоот дансанд шилжүүлж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
3. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол сая хэлсэнчлэн өөр төлбөр нэхэмжилж байсныг андуураад өөр төлбөрийн дагуу шилжүүлээд байсан юм байна лээ. Тэр төлсөн төлбөр болох 3 сая төгрөгийг буцаан шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл 38,721,000 төгрөгийг өмнө нь шилжүүлсэн бөгөөд тэр илүү шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардаж байна гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч маргадаг. Яагаад гэвэл нэхэмжлэлд дурдсаны дагуу талууд энэ мөнгийг буцааж өгнө шүү гэдэг тохиролцооны дагуу төлөлтийн графикаар сард 500,000 төгрөг төлөхөөр тохироод түүнийхээ 6 удаагийн гүйлгээгээр төлж байсан байдаг. Өмнөх шүүх хуралдааны тайлбар дээр тэр гар бичмэлийг хүчээр бичүүлсэн гэж тайлбар хэлдэг. Гэтэл он сарыг нь шүүхэд ажлаасаа гараад өөр газар ажил эрхэлж байхдаа, хоорондоо хамааралгүй, харьцахаа больчихсон үедээ сар сард хуваагаад төлж байсан. Өөрийнхөө бичгээр бичиж өгсөн тохирооныхоо дагуу сар, сард хуваагаад төлж байсан төлөлтөө намайг хүчээр төлсөн ч юм уу, эсвэл би төлөх ёсгүй байсан учраас төлчихсөн гэдэг агуулгаар худал тайлбар гаргаад байдаг. Тухайн үеийн тохирооныхоо дагуу төлж байсан төлөлтүүдийг бид буцааж төлөх боломжгүй. Үүнийг харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа тодорхой хэмжээний үүргээ биелүүлчихсэн юм байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаасаа багасгачихсан байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
5. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, итгэмжлэлүүд, 2022 оны 12 сарын 21 огноо бүхий О.*******ийн ******* ******* ХХК-ийн захирал О.д гаргасан хүсэлт, О.*******ийг ажлаас чөлөөлөх тухай 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Б/153 тоот тушаал, ажлаас чөлөөлөх тушаалын хавсралт, О.*******ийн 2021 оны 01 сарын 12-ны өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, ******* ******* ХХК-ийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 001 тоот Тушаал хүчингүй болгох тухай тушаал, ******* ******* ХХК-ийн Хас банкинд хүргүүлсэн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 006/24 тоот хүсэлт, ******* ******* ХХК-иас О.*******д 2021 оны 08 сарын 27-ны өдөр 38,721,060 төгрөг, 2021 оны 12 сарын 14-ний өдөр 33,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд зэргийг ирүүлжээ.
Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар О.******* нь иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 сарын 09-ний өдрийн А/12 тоот Урамшуулал олгох тухай тушаалын хуулбар, О.*******ийн Хас банктай 2021 оны 12 сарын 22-ны өдөр байгуулсан 77,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар, ипотекийн гэрээний хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалт, Баянзүрх дүүрэг, хороо, , , гудамж, 42 байр, 76 тоотын 54,46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-ийн Mongolia фасебүүк дэх постууд, Сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХХК-д 2,500,000 төгрөг төлсөн баримт, О.*******эс А. руу шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт зэргийг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар: 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 26530 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Хас банк ХК-иас О.*******ийн Хас банк ХК-тай 2021 оны 12 сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлж байсантай холбоотой, зээлийг авахад бүрдүүлэн өгсөн баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2023 оны 12 сарын 11-ний өдөр баримтуудыг ирүүлсэн байна.
- 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 1171 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс Баянзүрх дүүрэг, хороо, , , гудамж, 42 байр, 76 тоотын 54,46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцтай холбоотой баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 01 сарын 25-ны өдөр баримтуудыг ирүүлжээ.
- 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 11759 дугаар шүүгчийн захирамжаар хэргийн 4 дүгээр тал дахь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал д хүсэлт гаргах нь гэсэн баримт дахь байрны урьдчилгаа 39 сая төгрөгийг тусгай график гаргаж төлнө гэсний 39 гэсэн тоо анх үйлдэгдэхдээ 39 гэж үйлдсэн эсэх,
-30 гэсэн тоог 39 гэж засварласан эсэх, 30 гэсэн тоог 39 болгон зассан гэх будагч бодис нэг төрлийн будагч бодис мөн эсэх талаар дүгнэлт гаргах шинжээчээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилон дүгнэлт гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан 35,721,060 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч О.******* нь 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
2. О.******* нь 2018 оны 08 сараас 2020 оны 02 сар, 2020 оны 12 сараас 2022 оны 02 сар дуустал хугацаанд ******* ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан нь талуудын тайлбар, О.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ******* ******* ХХК-ийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 151/21 тоот тодорхойлолтоор тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. /хх-ийн 1 дүгээр хавтасны 22-23, 108-116 дугаар тал/
3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ерөнхий нягтлан бодогч О.*******ийн гэр бүлтэй болж байгаа, байрны зээл олгож өгнө үү гэх хүсэлтийг харгалзан гүйцэтгэх захирал А. Хаан банк дахь тоот данснаасаа 2021 оны 08 сарын 27-ны өдөр 38,721,060 төгрөгийг ******* ******* ХХК-иас О.******* байрны урьдчи гэсэн гүйлгээний утгатай хариуцагч О.*******ийн мөн банк дахь тоот дансанд шилжүүлсэн нь шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 2 дугаар хавтасны 6 дугаар тал/
4. Хариуцагч О.*******ийг тус компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллах явцад ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.ын 2021 оны 12 сарын 09-ний өдрийн А/12 дугаар бүхий Урамшуулал олгох тухай тушаалаар:
-2018-2021 онуудад ажлын гүйцэтгэл, ур чадвараараа манлайлан ажиллаж, байгууллагын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэн ажилласан гэж байрны урьдчилгаа 33,000,000 төгрөгийн 1 удаагийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 1 дүгээр хавтасны 24 дүгээр тал/
4.1. Дээр дурдсан урамшуулал болох 33,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А. нь Хаан банк дахь тоот данснаасаа О.*******ийн Хас банк дахь тоот дансанд ******* ******* ХХК-иас байрны урьдчилгаа *******д гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, тухайн банкин дахь дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 2 дугаар хавтасны 5 дугаар тал/
4.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд 2021 оны 12 сарын 09-ний өдрийн А/12 дугаар бүхий урамшууллыг нэхэмжлээгүй, харин 2021 оны 08 сарын 27-ны өдөр байрны урьдчилгаанд шилжүүлсэн 38,721,060 төгрөгийг, О.*******ийн буцаан төлсөн 3.000.000 төгрөгийг хасаад 35,721,060 төгрөг нэхэмжилсэн гэж шаардлагаа тодруулсан.
5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2021 оны 08 сарын 27-ны өдөр байрны урьдчилгаа 38,721,060 төгрөг шилжүүлсэн мөнгөн төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18,721,060 төгрөг, 20,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирал А.ын Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 2 дугаар хавтасны 62-63 дугаар тал/
6. Хариуцагч нь О.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дээр дурдсан баримтыг үйлдсэний дараагаар 2023 оны 01 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 02 сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 03 сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 03 сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг *******эс д буцаалт, ******* д эргэн төлөлт гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн болох нь мөн тогтоогдож байна. /хх-ийн 1 дүгээр хавтасны 136-140 дүгээр тал/
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 35,721,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, О.*******ийн 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 27339 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг баримтлан хариуцагч О.*******ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 39,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдлаа.
7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 54,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч О.*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч О.*******эс 35,721,060 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* ******* ХХК-иас 2,500,000 төгрөг гаргуулж, хариуцагч О.*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 54,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч О.*******д олгосугай.
3. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 27339 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг баримтлан хариуцагч О.*******ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 39,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР