| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 113/2026/0009/З |
| Дугаар | 113/ШШ2026/0011 |
| Огноо | 2026-09-07 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 113/ШШ2026/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.А (РД:..........),
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г /ҮД:......../
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ф.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э /ҮД:....../ нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Ф.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.А нь Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ф.Б-т холбогдуулан, “Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, Захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6.000.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Нэхэмжлэгч Д.А нь Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан байна.
2.2. Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Д.А-ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 9 хоног ажил тасалсан зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлжээ.
2.3. Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөлөөс 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04/1634 дугаартай албан бичгээр “...“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 8.2-т төрийн албанаас халах болон төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрх зүйн зохицуулалтай тул гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу ирүүлсэн байна.
2.4. Нэхэмжлэгч Д.А нь 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд анх гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 113/ШЗ2026/0045 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн болно.
Гурав. Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2025 оны 11 дүгээр сарын 11, 12, 13, 14-нд 2026 оны 04 дүгээр сарын 16, 17, 24-нд 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд нийт 9 хоног ажил тасалсан зөрчлийг удаа дараа гаргасан тул 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэжээ.
Дээрх тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.4, тус газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/12 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар хэсгийн 8.1.1, 8.1.2, 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6.1, 14.7.3, 14.7.4 дэх заалтыг үндэслэсэн байна. Д.А миний биеийг ажлаас халсан тушаал хуульд нийцээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. 2026 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд ажил таслаагүй урьд амралтын өдөр ажилласан болон цалинтай чөлөө авах эрхээ эдэлж чадаагүй байсан хоёр өдрөө нөхөж амарсан болно. Энэ нь 2026 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр амралтын өдөр ажилласан тул нөхөж амарсан. Байгууллагын дотоод журмын 9.10.7-д заасны дагуу хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө авах эрхтэй байдаг ба миний охин А.Х-ын төрсөн өдөр 2026 оны 02 дугаар сарын 27 ба тус өдөр шаардлагаар чөлөөгөө авч хүүхдээ баярлуулж чадаагүй тул нөхөн чөлөөгөө авч охиноо төрсөн өдрийг тэмдэглэсэн болно. Харин 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эмнэлгийн магадлалтай байсан. 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үдээс өмнө ажил дээрээ байж ажлаа хийсэн ба үдээс хойш даргаас хувийн чөлөө аваад хөдөө явсан болно. Даргын үүрэг гүйцэтгэгч Ф.Б нь 2026 оны 04, 05 дугаар саруудад Улаанбаатар, Дундговь аймагт тус тус зохион байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн зэрэг үйл ажиллагаанд ажил албан тушаал, үүрэг чиглэлийн хувьд оролцох ёстой байсан хэдий ч намайг дээрх үйл ажиллагааны аль алинд оролцуулалгүй намайг хасан үлдээж надад ажлын байрны болон сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлсэн энэ үйлдлээрээ намайг хэн нэгэн биш болгохыг зорьдог. Иймд миний бие нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/12 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар хэсгийн 8.1.1, 8.1.2, 9 дүгээр хэсгийн 9.4, 9.6.1, 14.7.3, 14.7.4-д заасан сахилгын зөрчлийг гаргаагүй тул Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6.000.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс дараах нэмэлт тайлбар гаргаж байна. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ээс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ажлын байран дээрээ байгаагүй, тасалсан гээд байгаа. Миний үйлчлүүлэгч болохоор эдгээр өдрүүдэд би ээлжийн амралтаа авсан гэж надад тайлбарласан. Ингэхдээ бид нар юуг харах ёстой бэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан 6 төрлийн сахилгын шийтгэлийн аль тохирохыг оногдуулахаар хуульчилсан байдаг. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.2 дээр юу гэж заасан байдаг вэ гэхээр эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл оногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-д заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-ээс 1.5.4-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна гэж заасан. Тэгэхээр журмын эдгээр зохицуулалтыг хариуцагч хэрэгжүүлэхгүй, тухайн тайлбар, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн шинж байдлыг үнэлж дүгнээгүй, хуульд заасан 6 төрлийн шийтгэлээс төрийн албанаас чөлөөлөх шийтгэлийг оногдуулсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй байхаар хуульчилсан. Тэгэхээр энэ тохиолдлын хувьд юу болоод байгаа вэ гэвэл тухайн нөхцөл байдал нь шийтгэл оногдуулах хугацаа нь нийтдээ 6 сар, 7 өдөр өнгөрсний дараа энэ зөрчилтэй нь холбоотой уялдуулан шийтгэл оногдуулсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Мөн 2024 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажил тасалснаар үзсэн байдаг. Үүнтэй нь холбоотой хавтаст хэргийн 96 дугаар тал дээр 2026 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу амралтын өдөр ажилласан байдаг. Энэ өдөр нь яасан вэ гэхээр байгууллага дээр нь Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөдөө аж ахуйн газраас хүмүүс ирээд би амралтын өдөр ажилласан. Үүнийг нөхөж амраарай гэсэн гэдэг агуулгаар тайлбарласан. 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр болохоор хүүхдүүдээ аваад хот руу явсан. Яагаад гэвэл 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийнх нь төрсөн өдөр байсан. Үүнтэй холбоотой төрсний гэрчилгээний лавлагаа хавтаст хэргийн 97 дугаар тал дээр байгаа. Тухайн өдөр амарч чадаагүй учраас нөхөж амарсан. Мөн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хувьд хавтаст хэргийн 7 дугаар талд байгаа. Эмчийн магадалгаатай байх бөгөөд энэ нь 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажлаас чөлөөлөх магадалгааг гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.11 дэх хэсэгт долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл энэ актын хамгийн сүүлийн хугацаа 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байсан. Энэ 24-ний өдрийг нь тасалсан гэж үзсэн байна. Мөн 05 дугаар сарын 19-ний өдөр ажил тасалсан гэж үзсэн. Энэ нөхцөл байдал нь юу вэ гэхээр миний үйлчлүүлэгч 19-ний өдөр ажилдаа ирсэн. Тэгээд ажлаас хална гэдэг агуулгаар нь ойлгочихсон байсан учраас би ажилчдадаа хоол авч өгөөд, тэгээд үдээс хойш гараад явсан гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа юм. 20-ны өдөр бол ажлаас чинь хална гэдэг байдлаар хандсан учраас би очоогүй гэдэг тайлбарыг гаргасан гэв.
3.3. Хариуцагч Ф.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.А-оос гаргасан нэхэмжлэлийн дагуу тайлбар хэлье. 1 дүгээрт: Би 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Д.А нийт 9 хоног ажил тасалсан. Энэ 9 хоног нь цагийн бүртгэл болон бусад баримтаар нотлогддог. 9 хоногоос 5 хоног нь мэдээж хөөн хэлэлцэх хугацаа нь 06 дугаар сараас 8 хоног нь бол хэтэрсэн. Би тэрийг өөрөө мэдэж байгаа. Өмгөөлөгч талаас ч гэсэн. Зөрүүтэй 4 хоног нь 05 дугаар сарын 19, 20-ны өдөр дээр үндэслэж байж тушаалаа гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдэг нь А удаа дараа ажил тасална, улирал болгон тогтмол зөрчлүүдийг гаргаж байдаг. Тэгэхээр үүнийг бас оруулах нь зүйтэй байх гэж оруулсан. Д.А өөрөө Захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэдэг байсан. Тэгээд энэ байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг намайг ажил аваагүй байхад буюу 2025 оны 05 дугаар сард ажилд ороод Хүнс, хөдөө аж ахуйн газрын хөдөлмөрийн дотоод журмыг өөрөө дахиж шинэчилж боловсруулж баталсан. Тэгэхээр энэ журам дээр юу гэж заасан бэ гэхээр удирдлагаас тухайн албан хаагч ямар нэг чөлөө зөвшөөрөл авахаар бол удирдлагад урьдчилан мэдэгдээд зөвшөөрлийн хуудас гэдэг юмыг бөглүүлнэ гээд дотоод журамдаа заачихсан. Тухайн өдөр буюу өглөө ажилдаа ирэхгүйгээр 3 цагаас дээш хугацаагаар ажилдаа ямар нэгэн шалтгаангүйгээр ирээгүй байх юм бол тухайн өдрийг тасалснаар авна гээд хөдөлмөрийн дотоод журамд заасан. Тэгэхээр Д.А бол огт ажилдаа ирдэггүй. Өнөөдөр шүүх хурал болж байгаатай холбоотой хэлэхэд мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн учраас ирсэнгүй. Ажилдаа мөн ийм үедээ ирдэггүй. Тэрийг би ямар нэг байдлаар цагдаагийн байгууллагад болоод гэрт нь очоод тодорхойлох боломжгүй. Тухайн үед ажилдаа ирээгүй тохиолдолд би өглөө 08 цаг 30 минутаас 11 цаг хүртэл хараад үнэхээр ирэхгүй бол өөр лүү нь утасддаг. Хэзээ ч энэ хүн ажил тасалсан хугацаандаа урьдчилж урьд өдөр нь мэдэгддэггүй. Өөрийнхөө баталсан зөвшөөрлийн хуудас гэдэг юмыг энэ хүн огт бөглүүлдэггүй. Манай байгууллагын хувьд цагийн бүртгэл дээр чөлөө зөвшөөрөл авсан. Амралтын өдрүүдэд ажилласан тохиолдолд заавал зөвшөөрлийн хуудаснуудыг тухайн үед би ажилласан тул нөхөөд олгоно уу гэсэн маягтынх нь дагуу зөвшөөрлөө бичиж өгөөд цалинтай, цалингүй бүгд чөлөө, зөвшөөрлөө авдаг. Д.А-ыг тухайн 5 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд би 4 сард гаргасан зөрчил дээр нь үндэслээд ямар нэг шийдвэр гаргахтай холбоотойгоор ёс зүйн хороогоор 2 дугаар сард оруулах нь зүйтэй гээд ёс зүйн хороондоо үүрэг өгсөн. Үүний дагуу ёс зүйн хорооноос дүгнэлт гарсан. Мөн тэр НҮБ-ын ажилтай холбоотойгоор ажилласан гэдэг дээр би нийтдээ 12 албан хаагчид мөн өнөөдөр ажиллаж байгаа 12 албан хаагчийн нийт 30 гаруй хүүхэд байгаа. Тэр 30 хүүхдийг би өглөө ажилдаа ирээд өнөөдөр тэрний хүүхдийн төрсөн өдөр гэдгийг тэр хүн мэдэгдээгүй тохиолдолд огт мэдэх боломжгүй. Тэгэхээр тухайн өдөр хүүхдийнхээ төрсөн өдрийн зөвшөөрлийн нэг хоногийг дээрээс нь НҮБ ирсэнтэй холбоотой хагас сайн өдөр ажилласан нийт албан хаагчдад өөрсдөдөө үнэхээр шаардлагатай тохиолдолд зөвшөөрлийн хуудсаараа чөлөөгөө аваарай гэсэн. Д.А өглөө над руу ‘’DREM’’ дээр хуралтай байхад ажил тасалсан 19, 20-ны өдрүүдэд би архи уучихсан байна надад чөлөө олгоодох би 2 хоногоо авна гэж 9 цагт залгасан. Хүндэтгэн үзэх шалтгаан биш та ажлаа хий, 19, 20-ны өдөр согтуу байна гэдгээр би чөлөө өгөхгүй гэж утсаар ч хэлсэн. Тухайн байгууллагын групп чат, мессежээр тодорхойлогдож байгаа. Тэгээд Д.А дээр Ёс зүйн хороог хуралдуулсан. Мөн 9 хоног ажил тасалсан гэж тооцож Д.А-ыг ажлаас халах шийдвэр гаргана гэж сонсох ажиллагааг мөн явуулсан. Үйлдвэр, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, бичиг хэргийг оролцуулаад сонсох ажиллагааг явуулсан. Сонсох ажиллагааны үед би 9 хоногоор хөөн хэлэлцэх хугацаан дотроо багтаж байгаа учраас шийдвэрээ гаргана гээд өөрт нь хэлж байсан. Тухайн үед Д.А сонсох ажиллагааны талаар өөрөө зөвшөөрөөгүй, өөрийнхөө гаргасан үйлдлийг зөвшөөрөөгүй мөртөө сонсох ажиллагаа нь дууссаны дараагаар дахин ийм зөрчил гаргахгүй гэж тайлбар бичиж өгсөн. Тэрийг харгалзаж үзээд анх ажилд орж байхдаа нэлээдгүй юм ярьж байсан болохоор нь тэрийг нь бас бодолцоод хүний амьдрал юм даа гэж үзээд тухайн үед сонсох ажиллагааны өдөр бичиж өгсөн тайлбарыг нь үндэслээд нэг удаа тушаал гаргаагүй. Сонсох ажиллагаа болсноос хойш 7 дахь хоног дээрээ дахин согтуугаар ажил тасалсан. Намайг хэл амаар доромжилж байдаг, өнөөдөр би ажилдаа очихгүй намайг халаарай чи гэж хэлсэн үгнүүд нь байгууллагын чатаар нотлогдож байгаа. Сонсох ажиллагаа явуулаад тайлбар амлалт бичиж өгчихөөд 7 дахь хоног дээр буюу 8 хоног дээрээсээ эхлээд дахин архи ууж ажил тасалсан учраас би энэ шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэлийн 2 дугаар хэсэгт Дундговьд ажиллуулаагүй гэдэг. Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нь чиг үүрэгтээ газрын дарга байхгүй тохиолдолд орлон гүйцэтгээд тухайн байгууллагын үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр хэвийн явуулна. Тэгэхээр тухайн үед Захиргаа удирдлагын хэлтсийн ТҮ-ний ажилчдыг үлдээгээд бусад захиргааны ажилчдыг аваад бүсийн уулзалтад явдаг шалтгаан маань 1 дүгээрт: Д.А салбарын чиглэлийн мэдээллийг огт мэдэхгүй учраас би авч яваагүй. 2 дугаарт: намайг эзгүйд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга маань бусад байгууллагатай холбоотой үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой гэдэг үүднээс Д.А-ыг байгууллагаа хариуцуулж үлдээсэн гэв.
3.4. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс үндсэндээ 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ тушаалын үндэслэл 1 дүгээрт түрүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгч ч гэсэн хэлж байна. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1,6 болон 48 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэж гарсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл дээр өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 37, 39 буюу төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох болоод төрийн албан хаагчийн нийтлэг үүргүүдийг зөрчсөн тохиолдолд 48 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь ямар үндэслэлээрээ 48 дугаар зүйлтэй холбогдож байна гэхээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дугаар зүйлд заасан буюу Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, энэ нийтлэг үүргээ зөрчсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дээр өөрөөр хэлбэл 2 үндсэн гепотик хэсгийг заасан. Хөдөлмөрийн тухай хууль болоод хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчсөн гэдэг үндсэн шаардлагуудыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагийг үр ашигтай өнгөрөөх энэ нөхцөл байдлуудыг зөрчсөн гэж үзэж түүнд хариуцлага хүлээлгэсэн. Хууль тогтоогчоос байгууллага хөдөлмөрийн дотоод журмаараа ажлын цагийг хэрхэн тодорхойлох, ямар үндэслэлээр ажил тасалсан болохыг тодорхойлох, ямар цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хөдөлмөрийн дотоод журмаараа байгууллагад нь эрхийг нь олгосон. Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хөдөлмөрийн дотоод журам 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр газрын даргын 12 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан. Хөдөлмөрийн дотоод журмыг өөрөө боловсруулж батлуулсан этгээд нь өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа Д.А гээд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга байгаа. Түүний боловсруулан батлуулсан хөдөлмөрийн дотоод журмын 8.1 дээр Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд 8.1.1, 8.1.2 дээр Хөдөлмөрийн дотоод журам, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд холбогдох хууль тогтоомж, журмуудыг зөрчих, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш хоног ажил таслах чөлөөний хугацааг хэтрүүлэх, удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхиж явсан тохиолдолд 9 дүгээр зүйл 9.4 албан хаагч ажилдаа ирж чадахгүй шалтгаанаа урьдчилан мэдэгдээгүй, гадуур ажиллах, бүртгэлд бүртгүүлээгүй, ажлын байр орхин гарсан албан ёсны эмчийн магадалгаагүй бол ажил тасалсанд тооцно. 9.6-д албан хаагчдын дараах тохиолдлуудыг ажил тасалсанд хамааруулна гээд өнөөдөр нэхэмжлэгчийн маргаж байгаа албан хаагч, харьяа нэгжийн даргад, нэгжийн дарга нь газрын даргад мэдэгдэхгүй, ажлын байрыг 3 цагаас дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхигдуулсан тохиолдолд тухайн өдрийг ажил тасалсанд тооцохоор, мөн албан хаагч чөлөө олгох хүсэлтийг заавал бичгээр гаргахыг дотоод журмын хавсралтын 2 дахь хэсэг дээр бичгээр хүсэлт гаргах загварыг батлаад, мөн 9.8 дээр албан хаагчдын чөлөөлсөн өргөдлийг хэрхэн процесс дарааллаар шийдвэрлүүлэх талаарх зохицуулалтуудыг дотоод журмаараа тогтоож өгсөн. Мөн албан хаагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны албан хаагч нь илүү цагаар буюу нийтээр амрах баярын өдөр ажилласан тохиолдолд мөн хамтатган олгож болно гээд нэхэмжлэгчийн яриад байгаа үндэслэлүүдийг заасан хэдий ч энэ нь тодорхой хэмжээний процедур дараалалтай журамласан ийм зохицуулалтууд байгаа. Өөрөөр хэлбэл энэ бүгд холбогдох чөлөө зөвшөөрлийн дагуу цалинтай, цалингүйгээр оногдуулахаар дотоод журмаараа зохицуулж өгсөн. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 14.7-д дараах тохиолдолд ажлаас халах шийтгэлийг оногдуулна гээд нарийвчлан зохицуулалтыг тодорхойлоод 14.7.3 дээр шууд удирдах албан тушаалтны зөвшөөрөл авахгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хүртэл хоногийн ажил тасалсан, энэ нь дараалсан хоног биш байгаа тохиолдолд ажлаас халахаар хөдөлмөрийн дотоод журамдаа заасан. Өнөөдөр бид нарын маргаж байгаа үндэслэл болох маргаан бүхий акт дээр 9 хоногийн асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл 2025 оны 11 дүгээр сарын 11, 12, 13, 14-ний өдрүүд яригдана. Энэ 4 өдөр өөрөөр хэлбэл саяын яриад байгаа хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдэг зүйл буюу Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрчээ гэдэг зүйлийг нэхэмжлэгчээс, өмгөөлөгчөөс бас тайлбарлаж байгаа. Бидний хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг бол зөвшөөрнө. Гэхдээ эдгээр өдрүүдийг зөвшөөрч байгаа хэдий боловч сая хариуцагч өөрөө үндэслэлээ тайлбарлаж байна. Эдгээр өдрүүдийг түүний нөхцөл байдлыг харгалзан үзээд өөрийн буруутай байдлаа хүлээн зөвшөөрсөн тайлбар бичиж өгсөн байдлыг харгалзан үзээд тушаалыг гаргахгүй байж байсан боловч харамсалтай нь дахин ажил тасалсан учраас гаргасан гэж байна. Бидний хувьд энийг нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учраас энэ дээр нэмэлт тайлбар хэлэхэд илүүц байх. Харин 4 дүгээр сарын 24-ний өдөр акттай байсан гэдэг зүйлийг бас тайлбарлана. Энийг бидний хувьд зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл акттай байсан нь ямар нэгэн байдлаар албан ёсоор нотлогдсон акт захиргааны байгууллагад ирээгүй хэдий ч түүний нөхцөл байдлыг зөвшөөрөөд нэгэнт батлагдсан зөвшөөрөгдсөн актыг нь цагийн тооцооны хуудас дээр акттай байсан гэдгийг нь зөвшөөрөөд баталгаажуулчихсан учраас бид энэ дээр маргахгүй. Харин маргах гол хоног бол 2026 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдөр, 05 дугаар сарын 19, 20-ны өдрийн 4 хоног дээр бид маргана. 04 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдийг нэхэмжлэгчээс тайлбарлахдаа бүх нийтээрээ амрах өдөр ажилласан. Мөн хүүхдийн төрсөн өдрөөр чөлөө авч чадаагүй гэдэг зүйлийг тайлбарладаг. Түрүүн миний дурдсан хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу холбогдох зөвшөөрлүүдийг аваагүй, энийгээ урьдчилан мэдэгдэхэд ямар нэгэн байдлаар удирдлагаас чөлөө зөвшөөрлийг нь өгөхгүй гэсэн зүйл байхгүй юм байна гэж ойлгож байгаа. Харин нэхэмжлэгч өөрөө чөлөө, зөвшөөрлүүдээ авах дотоод журамд заасан дарааллын дагуу чөлөө зөвшөөрлөө аваагүй. Зөвхөн утсаар ярих байдлаар чөлөө авна, архи уусан байна, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдэг үндэслэлүүдийг зааж байгаагийн хувьд энэ бол төрийн албаны сахилга хариуцлага, ёс зүйн зүйлийг ярьж байгаа тохиолдолд үндэслэл бүхий тайлбар болж чадахгүй гэж бидний хувьд үзэж байна. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 04 дүгээр сарын 17-ны өдөр буюу хүүхдийн төрсөн өдөр тохиолддог өдөр байсан гэдэг зүйлийг тайлбарладаг. Харамсалтай нь энэ төрсөн өдөр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байсан гэж нэхэмжлэгч өөрөө тодорхойлж байгаа. Энэ нь ажил тасалдахаас 20 хоногийн өмнө болсон төрсөн өдрийг нөхөж хамруулах ийм зохицуулалт хөдөлмөрийн дотоод журамд байхгүй. 02 дугаар сарын 27-ны өдөр буюу хүүхдийн төрсөн өдөр болж байгаа тохиолдолд энийг тухайн өдрөө чөлөө авахаар хөдөлмөрийн дотоод журамд зохицуулсан. 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч ч гэсэн ярьж байна. Үдээс өмнө ажил дээр ирсэн боловч үдээс хойш гараад явсан гэдэг зүйлийг тайлбарладаг. Түрүүн дотоод журмыг би урьдчилаад уншиж та бүхэнд сонсгосон. 3 цагаас дээш ажлын байр орхиж явсан тохиолдолд ажил тасалсанд тооцно. Энэ бол нэхэмжлэгчийн өөрийн боловсруулж батлуулсан дотоод журам байгаа. 20-ны өдөр ажилдаа ирээгүй гэдгийг өөрөө зөвшөөрч байх шиг байна. Тэгэхээр 05 дугаар сарын 20-ны өдөр ажил тасалсан. Ингээд нийт бид нийт 4 хоногийн үндсэн асуудал дээр маргана. Хөдөлмөрийн дотоод журам түрүүн уншиж танилцуулсны дагуу 3 хүртэлх хоногийг ажил тасалсан тохиолдолд шууд ажлаас халах үндэслэл бүрдэнэ. Ажлын цаг ашиглалттай холбоотой хөдөлмөрийн дотоод журмаар шийдвэрлэсний дагуу энэ 4 хоногийг ажил тасалсанд тооцож байгаа. Тэгэхээр хууль тогтоогчоос олгосон эрхийн дагуу батлагдсан дотоод журам 3 хүртэл хоногийн ажлыг тасалсан тохиолдолд үндсэн маргаан бүхий акт дээр тавьсан 9 хоногоос нэгэнт 4 хоног нь ажил тасалсан нөхцөл байдал болж байгаа учраас захиргааны актыг хүчингүй болгох хугацааны хувьд өөрчлөлт нэгэнт орохгүй. 3 хүртэл хоногийг буюу 3-аас дээш хоногийн хувьд ажлыг нэгэнт тасалсан нь тодорхой нотлогдож байна. 2025 оны 11 дүгээр сарын 11, 12, 13, 14-ний өдрүүд хөөн хэлэлцэх хугацаагаа нэгэнт хэтэрсэн гэдэг боловч нэхэмжлэгчээс бас энэ өдрүүдэд ажил тасалснаа зөвшөөрч захиргаанд энэ талаарх тайлбар бичгээ өгдөг. Гэсэн хэдий боловч нэгэнт харамсалтай нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас бид энэ дээр тайлбарлаж маргах төдийлөн зохимжтой биш байх. Тэгэхээр эдгээр 4 хоногууд нэгэнт тодорхой нотлогдож байгаа учраас энэ тушаалыг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
2-т Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл болоод 43 дугаар зүйл мөн холбогдох хууль журмуудад заасны дагуу бидний хувьд сонсох ажиллагааг хийсэн. Өөрөөр хэлбэл тушаал шийдвэрийг буюу маргаан бүхий захиргааны актыг гаргахаас урьдчилаад сонсох ажиллагаа хийж, нэхэмжлэгчийг өөрийг нь сонссон шийдвэр гаргахад нөлөөлөхүйц нөхцөл байдал байгаа эсэхийг шалган тогтоосон. Түүнд захиргааны акт мэдэгдсэн. 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарсан захиргааны актыг жишээлбэл 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Нэгэнт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн боловч Төрийн албаны зөвлөл энэ талаар хариу өгөөгүй учраас бид өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт хэтэрсэн гэдгийг дүгнэхэд учир дутагдалтай байх. Гэхдээ энийг зайлшгүй яагаад яриад байна вэ гэвэл өнөөдөр ч гэсэн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч өөрөө ямар ч хүндэтгэн үзэх шалтгаан байхгүйгээр яагаад шүүх хуралдаанд ирэхгүй, оролцохгүй вэ гэдгээ нэхэмжлэгч шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн. Энэ нөхцөл байдлуудаас харахад төрийн албанд ямар нэгэн байдлаар яаж төрийн албанд ханддаг, энэ хүний хувийн байдал болон ажлын байрны сахилга хариуцлагадаа хэрхэн ханддаг, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ч гэсэн хэрхэн нөлөөлж, хандаж байгааг бид харж болохоор байна гэж хэлэх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хүн архины хамааралтай болох нь өөрөө сая шүүх хуралдаанд ирэхгүй байгаа тайлбараас нь харагдах байх гэж үзэж байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчээс өөрсдөө хэлбэл тушаалыг гаргахдаа 2 үндэслэлийг зааж байгаа юм байна. Хөөн хэлэлцэх хугацаа, акттай байсан гэдэг 2 үндэслэлийг зааж байна.
3 дахь үндэслэл нь түрүүн би тайлбарласан, ажил таслаагүй гэдэг нөхцөлүүдийг хэлж байгаа боловч бусад процедур энэ актыг гаргахтай холбоотой процесс ажиллагаатай холбоотой, шүүхийн ажиллагаатай холбоотой ямар нэгэн байдлаар маргахгүй байгаа юм байна гэж ойлгож байна. Тийм учраас сонсох ажиллагаа хийх болоод Захиргааны ерөнхий хуульд заасан процедур ажиллагааг зөрчсөн ийм үйл ажиллагаа байхгүй болохыг хэлэхийг хүсэж байна. Ийм учраас Хөдөө, аж ахуйн газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Д.А-оос тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ф.Б-т холбогдуулан “Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6,000,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
5. Нэхэмжлэгч Д.А болон түүний өмгөөлөгчөөс: ...Д.А миний биеийг ажлаас халсан тушаал хуульд нийцээгүй, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/12 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар хэсгийн 8.1.1, 8.1.2, 9 дүгээр хэсгийн 9.4, 9.6.1, 14.7.3, 14.7.4-д заасан сахилгын зөрчлийг гаргаагүй, эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл оногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3-д заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-ээс 1.5.4-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна гэж заасан. Энэ журмын зохицуулалтыг хариуцагч хэрэгжүүлэхгүй, тухайн тайлбар, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн шинж байдлыг үнэлж дүгнээгүй, 2025 оны 11 дүгээр сарын 11, 12, 13, 14-нд ажил тасалсан зөрчил илрээд 6 сар болсон учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж,
Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчөөс: ...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл дээр өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 37, 39 буюу төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох болоод төрийн албан хаагчийн нийтлэг үүргүүдийг зөрчсөн тохиолдолд 48 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дугаар зүйлд заасан буюу Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, энэ нийтлэг үүргээ зөрчсөн, маргах гол хоног бол 2026 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдөр, 05 дугаар сарын 19, 20-ны өдрийн 4 хоног дээр бид маргана, эдгээр 4 өдрийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, захиргааны актыг гаргахдаа хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн гэж тус тус маргадаг.
6. Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ф.Б нь тус байгууллагын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.А-ыг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.4, Тус газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/12 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар хэсгийн 8.1.1., 8.1.2, 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6.1, 14 дүгээр зүйлийн 14.7.3, 14.7.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн байна.
7. Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2025 оны 11 дүгээр сарын 11, 12, 13, 14-нд, 2026 оны 4 дүгээр сарын 16, 17, 24-нд, 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд нийт 9 хоногийн ажил тасалсан, зөрчлийг удаа, дараа гаргасан гэж ажлаас чөлөөлжээ.
8. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.3. “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй”, 48.5.”Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заасан байна.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: 2025 оны 11 дүгээр сарын 11, 12, 13, 14-нд ажил тасалсан зөрчил илрээд 6 сар болсон учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ гэж тайлбар гаргадаг. Гэвч төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хугацааг хэрхэн хэрэглэх, хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019 онд 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.9-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж нарийвчлан зохицуулсан байна.
Энэхүү 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журам нь эрх бүхий этгээдүүдийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 100/60 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон байх бөгөөд шинэчлэн батлагдсан журмын 3.11-т “Албан хаагч эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан эсэхийг шалгасан хугацааг сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын хугацаанд оруулан тооцохгүй” гэж тусгайлсан заалт болгон баталжээ. Үүнээс үзвэл эрх бүхий этгээдээс баталсан журамд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаарх нарийвчилсан зохицуулалт өөрчлөгдөөгүй байна.
10 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.А 2025 оны 12 дугаар сард ажлын 15 хоногийн ээлжийн амралт эдэлсэн, 2026 оны 2 дугаар сард ажлын 3 өдөр чөлөөтэй, 3 дугаар сард 3 өдөр өвчтэй, 4 дүгээр сард 4 өдөр өвчтэй, 5 дугаар сард 2 өдөр өвчтэй байх тул эдгээр хугацааг 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмын 3.9-д заасанд нийцүүлэн хасаж тооцвол зөрчлийг илрүүлснээс хойших 6 сарын хугацаа өнгөрөөгүй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр сонсох ажиллагаанд оролцоод зөрчлөө хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байдаг.
11. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаа өнгөрөөгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.
12. Нэхэмжлэгч Д.А-оос: “... 2026 оны 4 дүгээр сарын 16, 17, 24-ний өдрүүдэд ажил таслаагүй, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр миний охины төрсөн өдөр болсон тэр өдөр хөдөлмөрийн дотоод журамд зааснаар цалинтай чөлөө авах байсан авч чадаагүй, 4 дүгээр сарын 11-ний амралтын өдрөөр ажилласан, 4 дүгээр сарын 24-нд өвчтэй байсан, даргаас чөлөө хүсэхэд өгөөгүй” гэж тайлбарлан маргадаг.
Энэ нөхцөл байдал нь түүнийг 4 дүгээр сарын 16, 17-нд ажлаа тасалсан болохыг нотолдог. Энэ талаарх хариуцагч Ф.Болорцэцэгийн “Хөдөлмөрийн дотоод журмыг Д.А өөрөө хэлэлцүүлэн батлуулсан. Чөлөө авах журмыг өөрөө сайн мэдэж байгаа. Хүсэлтээ гаргаад чөлөө авах нь нээлттэй, гэтэл гэнэт алга болчхоод согтуу байна гээд, чат бичээд чөлөө хүсдэг” гэж тайлбарладаг.
13. Төрийн албаны хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж заасанд нийцүүлэн хэрхэн нөхөн амруулах харилцааг хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулах боломжтой байна.
Иймээс нөхөн амрах хүсэлтээ байгууллагынхаа “Хөдөлмөрийн дотоод журам”-д зааснаар гаргаж, тэрхүү боломжоо эдлэх эрхтэй. Харин хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө авах харилцааг хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулсан тул тус журмын дагуу уг асуудал зохицуулагдана. Энэ нь Хөдөлмөрийн хуульд заасан нөхөн амраах зохицуулалтад хамаарахгүй тул зөвхөн тухайн өдөртөө буюу хүүхдийнхээ төрсөн өдрөөр авч болох чөлөө гэж ойлгоно.
14. Түүнчлэн нэхэмжлэгч 2026 оны 04 дүгээр сарын 20-ноос 4 дүгээр сарын 24-нийг хүртэл өвчтэй байсан гэсэн “Эмнэлгийн магадлагаа” ирүүлсэн байдаг. Хариуцагч энэ талаар маргаагүй боловч 24-ний өдөр ажиллах ёстой байсан гэж дүгнэснийг буруутгахгүй. Учир нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч С.Б-ийн олгосон уг магадлагаанд Д.А-ыг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн байна. Ажлаас чөлөөлж байгаа энэ хугацаа ажлын 4 өдрийг хамарч, сүүлийн буюу 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ажлын цаг дуусах хугацаанд хамаарах тул 24-ний өдөр ажилдаа ирэх ёстой байсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.
15. Нэхэмжлэгч Д.А-оос 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр болсон сонсох ажиллагаанд тайлбар гаргахдаа: “Миний бие 2025 оны 11 сард ажил тасалсан буруугаа хүлээж байна. 2026 оны 4 дүгээр сарын 16-17-нд 2026 оны 2 дугаар сарын 27-ны 5 дахь өдөр байгууллагын дотоод журмын 9.10.7-д заасны дагуу чөлөөлөгдөх ёстой байсан боловч ажлын шаардлагаас болон ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.1, Үүнийг байгууллагын удирдлага нөхөн амарч болно гэсний дагуу 4-5 дахь өдөр нөхөн амрахаа мэдэгдсэн боловч байгууллагын удирдлага зөвшөөрөөгүй тасалсан гэж үзсэн байна. Миний бие ахиж ажил таслахгүй албан ёсоор чөлөө зөвшөөрөл авч байхаа сайн ойлголоо ахиж ийм алдаа гаргахгүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдээд байгууллагын удирдлага болон ёс зүйн хорооноос уучлалт хүсэж байна.” гэжээ.
Үүнээс дүгнэвэл зөрчлөө хүлээн зөвшөөрч ухамсарласан байна гэж ойлгохоор байх хэдий ч дахин 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажил тасалсан байна. Харин нэхэмжлэгчээс: “...19-нд үдээс өмнө ажил дээрээ байсан, ба үдээс хойш даргаас хувийн чөлөө аваад хөдөө явсан” гэж тайлбарладаг бөгөөд харин 20-ны өдөр ажил тасалсан талаар маргаагүй. Гэвч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох чөлөө хүссэн талаарх баримтыг гаргаагүй болно.
Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн “Албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16. Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах; гэсний дагуу тус байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.6.1-д Албан хаагч харьяа нэгжийн даргад, нэгжийн дарга нь газрын даргад мэдэгдэлгүй ажлын байрыг 3 цагаас дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхигдуулсан нөхцөлд тухайн өдрийн ажлыг тасалсанд хамруулна” гэж заасан учир ажил тасалсан гэж тооцсон нь хуульд нийцэж байгаа гэх тайлбар үндэслэлтэй.
16. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хамтран 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3 дахь хэсгийн 3.3-т Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ: 3.3.1. “зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”; 3.3.2. “гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр”; 3.3.3. “албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал”; 3.3.4. “бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл”; 3.3.5. “өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх”; 3.3.6. “гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдал”; 3.3.7. “зөрчлийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авсан эсэх” гэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэхээр заажээ.
Гэтэл нэхэмжлэгч өөрийн баримтлах ёстой дотоод хэм хэмжээг үл хайхран, өөрөө мэдсээр байж зохих ёсоор чөлөө зөвшөөрөл авалгүй ажлаа тасалдаг, энэхүү үйлдэл нь албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үр дагаврыг үүсгэж, бусад албан хаагчид сөрөг нөлөө үзүүлэн уг зөрчлийг удаа дараа гаргасан болох нь тогтоогдсон байна.
17. Нэхэмжлэгч Д.А 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр сонсох ажиллагаанд тайлбар гаргахдаа зөрчлөө хүлээн зөвшөөрч ухамсарласан байна гэж ойлгохоор байх хэдий ч дахин ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаагүй, ажил тасалсан нөхцөл байдал нь түүнийг цаашид төрийн албаны удирдах албан тушаалд ажиллуулах боломжгүй гэж дүгнэх нөхцөл байдалд хүргэсэн байна.
Орон нутгийн захиргааны байгууллагын хэлтсийн даргын албан тушаал бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал бөгөөд удирдах албан тушаалтан нь Төрийн албаны хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахин биелүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу удирдан зохион байгуулах, манлайлах ур чадварыг эзэмшсэн байх ёстой.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хууль дээдлэх зарчим, 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан захирах, захирагдах ёсыг баримтлах зарчмыг алдагдуулан удаа дараа ажил тасалсан зөрчлийг нэхэмжлэгч үйлдсэн байна.
18. Хэдийгээр нэхэмжлэгч өмнө сахилгын шийтгэл хүлээж байгаагүй боловч энэ нь түүний зөрчлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 48.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” , 48.3 “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж хуульчилсан болно.
19. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3 дахь хэсгийн 3.2, 3.3-т заасныг зөрчсөн, төрийн албанаас халах үндэслэл заасан боловч “чөлөөлөх” гэсэн тушаал гаргасан гэж маргадаг.
Гэвч сахилгын зөрчил гаргасан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан өөрөө шалган тогтоож, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд нийцүүлэн гүйцэтгэсэн байна.
20. Мөн маргаан бүхий актын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсгийг үндэслэсэн байх боловч “ажлаас чөлөөлөх” гэсэн тушаал гаргасан нь нотлогдож байх боловч зөвхөн энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн үйлдсэн зөрчлийн шинж байдалд хариуцагчийн гаргасан шийдвэр нийцсэн байна гэж дүгнэлээ.
21. Шүүхээс нэхэмжлэгчийг албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй учир “Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6,000,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
22. Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийн хянан шийдвэрлэсэн тухайд:
Шүүхээс шүүх хуралдааныг 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр товлон зарласан.
2026 оны 09 дүгээр сарын 07-ны 09 цаг 40 минутад шүүгчийн туслах Д.Эрдэнэжаргал шүүх хуралдаан эхлэх гэж байна. Та ирж байна уу гэхэд нэхэмжлэгч Д.А: Би шүүх хуралдаанд оролцохгүй. Манай өмгөөлөгч ирсэн байгаа. Шүүх хуралд өмгөөлөгч маань оролцоно гэжээ. Шүүгчийн туслахаас та шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй бол өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлтийг бичгээр гаргаж өгнө үү гэхэд нэхэмжлэгч Д.А: Би согтуу байна. Тийм юм бичиж чадахгүй. Өмгөөлөгч оролцоно. Би хуралд оролцохгүй гэжээ.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч, түүний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.3-т заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Д.А-оос тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ф.Б-т холбогдуулан “Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6,000,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН