Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 112/ШШ2026/0038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Прокурор Х.Г, Б.У

Хариуцагч: Тус аймгийн Төгрөг сумын иргэн Б.Ч

Б.Чаас төрд учруулсан хохирол 23,876,806 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Прокурор Б.У,  хариуцагч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага 

1.1. Б.Чаас төрд учруулсан хохирол 23,876,806 /хорин гурван сая найман зуун далан зургаан мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах гэжээ.

2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Хариуцагч Б.Ч нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Б.М-ыг Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Б.М Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны  шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн  2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай шийдвэрээр Б.М-ын ажилгүй байсан хугацааны цалин 22,241,250 төгрөгийг Төгрөг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс  эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож суутган, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

2.2. Тус шүүхийн шийдвэрийг биелүүлж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газар (РД..............)-аас  20,059,896 төгрөг, 2,181,354 төгрөг, 1,635,556 төгрөгийг тус тус төлсөн төлбөрийн хүсэлт байна.

2.3.  Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/110 дугаар албан бичгээр  аймгийн Прокурорын газарт “...Б.М-т шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл болох нийт 23,876,806 төгрөгийг цалингийн сангаас олгосон ...тамгын газрыг төлөөлж ...Б.Ч-аар төлүүлж төрийг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт болон 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/118 дугаар Итгэмжлэл олгосон байна.

2.4.  Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/63 дугаар албан бичгээр Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон.

2.5. Хяналтын Прокурор Х.Г нь 2026 оны 05 дугаар сарын 15-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Прокурор Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:  Б.Ч нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгч Б.М-ыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллуулахгүй байсан гэх үндэслэлээр Б.М захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай шүүхийн шийдвэрээр Б.М-ын ажилгүй байсан хугацааны цалин 22,241,250 төгрөг, нэмэгдэл хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсний дагуу прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна.

Иймд төрд учирсан хохирол болох Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.М-ын ажилгүй байсан хугацааны цалин 22,241,250 төгрөгийг Б.Ч-аас гаргуулж, төрийн сангийн .................. тоот дансанд төвлөрүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

 3.2. Нэхэмжлэгч Р.Ж шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тухайн эвлэрлийн гэрээг 4 сард хийгээд 7 сард материалаа татсан гэж байгаа. Гэвч үүн дээр нярав мэдэхгүй, ойн хандиваар хийж өгч байгаа гэж ойлгосон гэдэг. Өөрөө 1 тонн айргийг 12 сая төгрөгөөр авч өгсөн гэж тайлбар дээрээ бичсэн байгаа. Аймгаас ой хийсэн бүх сум руу 100 сая төгрөгийн дэмжлэг олгосон. Тэр нь тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд ороход Б.Ч Засаг дарга байхдаа худалдах худалдан авах гэрээ хийгээд 500 литр айраг, архи, ааруул гэх мэт зүйлийг аваад мөнгө шилжүүлсэн 11 сая төгрөгийн баримт байгаа. Иймээс эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Тусдаа гэрээ байгуулсан. Аймгаас ой тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой 100 сая төгрөгийн хандив өгсөн. Тэрнээс айрагтай холбоотой зардал гарсан гэв.

 3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Б.М-ыг ажлаас халсантай холбоотой захиргааны хэргийн шүүхийн 2 шийдвэр гарсан байгаа. Эхний шийдвэр 2022 оны 03 сарын 30-ны 14 дугаартай шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр Б.М-т учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны 270 хоногийн олговор 22,241,250 төгрөгийг эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг хасаж тооцож үлдэгдлийг Засаг даргын тамгын газраас суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргад даалгаж гарсан байгаа. 2 дахь шийдвэр 2023 оны 06 сарын 21-ний өдөр 111 дугаартай шийдвэр гарсан. Энэ нь 2022 оны 03 сарын 31-нээс 2023 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл 209 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 17,216,375 төгрөгийг шүүхийн шийдвэрт заасан шиг эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь хасаж олгохоор гарсан байгаа. Үүнийг нягтлан Б.Ц мэдүүлэг өгөхдөө тодорхой тайлбарласан байгаа. 17,216,375 төгрөгийг олгоогүй байгаа. Гэхдээ энэ олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн нийгмийн даатгалын шимтгэл болох 1,635,556 төгрөгийг Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс гаргаж олгосон учраас эдгээр 3 нэхэмжлэлийн хүрээнд 23,876,806 төгрөгийг нэхэмжилж оролцож байгаа гэв.

3.4. Хариуцагч Б.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие 2020-2024 онд Төгрөг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж Б.М-ыг тушаал бууруулах шийдвэр гаргасан. Уг албан тушаалтан гомдол гарган шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлсэн.

Миний бие тус иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны мөнгөн дүн 22,241,250 төгрөгийг зөвшөөрч байгаа.  Үүний учир Төгрөг сумын Засаг даргын Тамгын газартай 2024 оны 3 дугаар сарын 17, 4 дүгээр сарын 11-ний өдөр тус тус эвлэлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгт тооцон 1 тн айраг тус сумын 100 жилийн ойд зориулж, 8,059,896 төгрөгт тооцон Засаг даргын Тамгын газрын  1 өрөөний тохижилт, засварын ажлыг гүйцэтгэхээр тохирч байсан.

Тохирсон гэрээний дагуу 1тн айргийг Засаг даргын Тамгын газрын нярав Ч.Э,  Засаг даргын Тамгын газрын дарга Б.О нарт Булган аймгаас дүү Б.Б-аар авчруулан 1л 12000 төгрөгөөр (замын зардлыг тусган ) тооцож өгсөн.

Мөн Засаг даргын Тамгын газрын нэг өрөө болох Засаг даргын өрөөнд “Говь-Хангай” ХХК-аас 1,399,000 төгрөгийн буйдан, 6.5*80000=520,000 дрож зэргийг буйданг 150,000 төгрөгийн зардлаар, дрожийг 54000 төгрөгийн зардлаар авчирсан.  Мөн 580,000 төгрөгийн сандлаа 350,000 төгрөгт тооцон нийтдээ айргийг 12,000,000 төгрөг өрөөний тохижилт 2,473,000 төгрөгийн нийт 14,473,000 төгрөгийн төлбөр барагдуулсан. Үлдсэн төлбөрийг /7,768,250/ эвлэрлийн гэрээ байгуулж сард 350,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлт байна.

Учир нь миний бие бэлэвсэн бөгөөд хүү М.Б ШУТИС-н 1-р курс, охин М.Б  Говь-Алтай аймгийн АШУИС-иийн 1-р курст тус тус сурдаг төрийн байгууллагад 2,150,000 төгрөг цалинтай. Тухайн мөнгийг бөөнөөр төлөх боломжгүй байна. 100 жил давхардсан ч гэсэн шүүхээс гарч байгаа хурлын шийдвэр юм нь яг тэгж таарсан юм. Ой болох гэж байгаа нэг өрөөг ч гэсэн тохижуулъя гэж ярилцаж байгаад боломж нь тэр юм байна гэсэн. Манай ой 08 дугаар сарын 02-нд болсон. Би 07 дугаар сарын 20-оор авч ирж нийлүүлсэн байдаг. Миний дүү нарын данснаас гарсан. Дүү нартаа авах ёстой авлага бас байгаа. Бүгдийг нь шинээр авч ирж хүлээлгэж өгсөн. Одоог хүртэл хэрэглэж байгаа. Тухайн үед би өөрөө маш их ажилтай байсан учир тэр рүү анхаарал хандуулах боломжгүй байсан. Айргийн тухайд нэг тонноор гэрээ хийж байсан. Илүү авч ирж өгсөн. Нэгэнт гэрээ хийсэн гээд би 1 тонноор бичээд өгсөн байгаа. Тухайн үед яагаад бүртгэж аваагүй юм гэхээр манайх нягтлан байхгүй байсан. Мод үржүүлгийн газрын нягтланг гуйж хавсарч хийж байсан. Тэгээд би очиж чадахгүй гэсэн учир бүртгэж авч амжаагүй гэв.

3.5. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс төрд учирсан хохирол 23,876,806 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн хувьд Төгрөг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа төрд учирсан хохиролтой холбоотойгоор тамгын газартай эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ эвлэрлийн гэрээний хүрээнд тодорхой хэмжээний ажлуудыг хийж өгсөн. 2024 оны 04 дүгээр сард гэрээ байгуулсан. Тус гэрээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. 1,5 тонн айраг нийлүүлсэн, буйдан авч өгсөн, дрож авч өгсөн, эмульс хийсэн нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байгаа. Тухайн үед ажиллаж байсан тамгын дарга болон үүрэг гүйцэтгэгч, нягтлан нярав гэрчүүд мэдүүлэг өгсөн байгаа. Өөрийн зардлаар тухайн тавилгуудыг авч тавьсан нь үнэн. Мөн айргийг нийлүүлсэн нь үнэн гэж тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс санхүүгийн баримт байхгүй гэж няцааж байна. Тухайн санхүүгийн баримтжуулах үүрэг нь нягтлан, няравын үүрэг байгаа. Нярав бүртгэсэн баримт байхгүй гэдэг. Төрд учирсан хохиролтой холбоотой эвлэрлийн гэрээ хийсэн. Энэ нөхцөл байдалд хариуцагч эвлэрлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэж байна. 20,059,896 төгрөгийн үүргийг биелүүлсэн гэж үзэж байна. 20,059,896 төгрөгийг нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасаж тооцуулах саналтай байна. Санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй гэдэг үндэслэлээр гэрээг биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болохгүй. Бодит байдал дээр тухайн эд хөрөнгүүд ашиглагдаад явж байгаа. Орон нутгийн өмчийн газраас бүртгэлгүй хөрөнгийг бүртгэлжүүл гэдэг үүргийг өгсөн. Хэдийгээр Орон нутгийн өмчийн газраас очиход 10-аад сандлын бүрээс гэж яригдаагүй ч, нэхэмжлэгч энэ талаар зөвшөөрч байна. Тэгэхээр гэрээ хүчин төгөлдөр байгаа. Гэрээнд заасан үүргийг биелүүлсэн байна. Бусад 3 сая төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хасаж тооцож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4. Б.Ч нь Төгрөг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.М-ыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Албан тушаал бууруулж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123  дугаар тогтоолоор Төгрөг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгосон. 

 5. Б.М  нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгч Б.М-ыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлэхийг Төгрөг сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн  2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр  Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны 123 дугаар тогтоолоор хууль бус болох нь тогтоогдсон Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2021 оны Б/13 дугаар захирамжийн улмаас Б.М-т учирсон хохирол болох ажилгүй байсан хугацааны 270 хоногийн олговор 22,241.250 /хорин хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, түүнээс эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 456 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 397 дугаар тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

6. Мөн Б.М-ыг ажилд эгүүлэн томилохгүй байсантай холбогдуулж,  Говь-Алтай аймаг дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаа болох 209 ажлын өдрийн цалинтай тэнцэх нөхөн олговор 17,216,375 төгрөг гаргуулж,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 311 дүгээр шийдвэрээр Б.М-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 17,216,375 төгрөгийг Төгрөг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж шийдвэрлэсэн байна.

7. Төгрөг сумын Засаг даргын Тамгын газраас Б.М-т Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг биелүүлж,  2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20,059,896 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,181,354 төгрөг, Говь-Алтай аймаг дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 311 дүгээр шийдвэрт заасан 17,216,375 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл болох 1,635,556  төгрөгийг  2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус төлж,  нийт 23,876,806 төгрөгийн нөхөн олговор, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь санхүүгийн баримтаар тогтоогдож байна.

8. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж тус тус заасан.

9. Хуулийн холбогдох зохицуулалтыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас иргэнд хохирол учирсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хохирлыг төр барагдуулж, дараа нь уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх зарчимтай.

10. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймаг дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 311 дүгээр шийдвэр болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Ч  нь Төгрөг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.М-ыг хууль бусаар ажлаас чөлөөлснийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл тогтоосон, шүүхийн шийдвэрээр захиргааны албан тушаалтны шийдвэр хууль бус байгаад, түүнээс учирсан хохирлыг төрөөс барагдуулсан нь нэгэнт тогтоогдсон нөхцөлд хууль бус шийдвэрийн улмаас Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт буюу төрд 23,876,806 төгрөгний хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

11. Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 23,876,806 /хорин гурван сая найман зуун далан зургаан мянга найман зуун зургаа/ төгрөгийг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтан хариуцагч Б.Ч-аас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

12. 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О, хариуцагч Б.Ч нар нь “Эвлэрлийн гэрээг шинэчлэн байгуулсан тухай” баримт хэрэгт авагдсан. Уг гэрээнд “...Төгрөг сумын 100 жилийн ойн хэрэглээнд 1,5 тн айраг /12,000,000 төгрөг/, Засаг даргын Тамгын газрын Засаг даргын өрөөний тохижилт, засварын ажлыг 8,059,896 төгрөгт гүйцэтгэн 2024 оны 07 дугаар сарын 15-ны дотор нийт 20,59,896 төгрөгний нэхэмжлэлийн үнийн дүнд хийж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан ...айрагны зах зээлийн үнэ 10,000-12,000 төгрөг байгаа тул 1 тонн айраг /12,000,000 төгрөг/, ЗДТГ-ын Засаг даргын өрөөний тохижилт, засвар ажлын 8,059,896 төгрөгт багтаан 1ш диван шинээр нийлүүлэх, 10 сандлын бүрээс хийх, өрөөний өнгө өөрчлөн эмүльс хийх, шалыг хулдааслах зэрэг ажлуудыг хийхээр тохиролцов” гэсэн гэрээ байна.

13. 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалт, захиран зарцуулалтын үйл ажиллагаа, Төрийн болон Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллого хийсэн илтгэх хуудаст “крисло /диван/, дрож бүртгэлд тусгагдаагүй хөрөнгө” гэж тэмдэглэгдсэн, гэрч Б.О-ын мэдүүлэгт “...гэрээнд заагдсанаар урт 2 орчим метр эвхэгддэг, сунадаг диван авсан, дарга сандал мөн авсан, 5х3 орчим хэмжээний өрөөг битүү дрож авсан, хурлын ширээний 12 сандалын бүрээс сольсон, 1,5 тонн гүүний айраг өгсөн, 1 өрөөний ханын эмүльс солих ажлуудыг хийж гүйцэтгэсэн”, гэрч Ч.Э-ы мэдүүлэгт “Төгрөг сумын Засаг даргын өрөөнд суудлын буйдан 1ш, дрож 1ш тавигдсан мөн Засаг дарын өрөөнд 1 ш өөрөө суух зориулалттай санал зэргийг Б.Ч Засаг дарга байх үедээ өөрийн мөнгөөр авч байгаа гээд өрөөндөө тавьж байсан ...Б.Ч-ын дүү Б гэдэг хүн 4 том савтай, бусад нь жижиг саванд хийсэн 1 тонн гарантай айраг ЗДТГ-т авч ирж өгсөн”, гэрч Б.Ц-ын мэдүүлэгт “...сая 2026 онд Орон нутгийн өмчийн газраас хөрөнгийн тооллого ирэхэд дансанд бүртгэлгүй саарал буйдан болон дрож Засаг даргын өрөөнд хэрэглэж байсан ...энэ буйдан, дрожоо дансандаа бүртгэж ав гэсэн чиглэл өгсөн. Харин тухайн буйдан, дрожийг хаанаас хэдэн төгрөгөөр яаж хэн авч ирсэн талаар анхан шатны ямар нэгэн баримт байхгүй байсан тул одоогоор бүртгэлд аваагүй байгаа...” гэж мэдүүлсэн байдаг.

14. Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт бүртгэлгүй хөрөнгүүд байгаа түүнийг Б.Ч эвлэрлийн гэрээнд заасны дагуу нийлүүлсэн гэж тайлбарлаж байгааг шүүх үгүйсгэхгүй бөгөөд хавтаст хэргийн материалд тухайн Засаг даргын Тамгын газарт нийлүүлсэн гэх 1 тонн айраг /12,000,000 төгрөг/, 1 ширхэг диван, 10 сандлын бүрээс, өрөөний тохижилт, засварын ажил 8,059,896 төгрөг, нийт 20,59,896 төгрөгний санхүүгийн баримт байхгүй тул үнийн дүнг тодорхойлох боломжгүй мөн тухайн эд хөрөнгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаарх баримт байхгүй зэргээс тухайн мөнгийг суутган тооцох боломжгүй юм. Харин дээрх холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж, хариуцагч Б.Чаас төрд учруулсан хохирол болох 23,876,806 /хорин гурван сая найман зуун далан зургаан мянга найман зуун зургаа/ төгрөгийг гаргуулж, төрийн сангийн ............... тоот дансанд нөхөн төвлөрүүлэхийг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 зааснаар аймгийн Прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛБАДРАХ