| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 129/2024/00587/И |
| Дугаар | 301/ШШ2025/00571 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 301/ШШ2025/00571
301/ШШ2025/00571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, ........ тоотод оршин суух, Х овогт Яын Г,
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, ....... тоотод оршин суух, С овогт Цн М нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг, Эн сум, ..дугаар баг, ...... тоотод оршин суух М овогт Дын Бэ,
Хариуцагч: А аймаг, Эн сум, .. дугаар багт оршин суух М овогт Ггийн Х нарт холбогдох
“2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж А аймгийн Эн сум, Г цогцолбор .... айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Г, Ц.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.М /цахимаар/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар нь хариуцагч Д.Бэ, Г.Х нарт холбогдуулан “2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж А аймгийн Эн сум, Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Д овогтой Бэ нь А аймгийн Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байхдаа 2013 оны 12 сарын 18-ны өдөр Ц.М, Я.Г бид нараас Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр барьж буй А аймгийн Эн сум дахь орон сууцны “ Г ” цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот хаалга бүхий орон сууцны барилгаас 1 өрөө 60720000 /жаран сая долоон зуун хорин мянган/ төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авахдаа Ггийн Х гэх хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулан авчхаад 60720000 /жаран сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг өгөхгүй удаашруулж хохироож байна. Бидний зүгээс 44 мкв талбайтай орон сууцны нийт үнэ болох 60720000 /жаран сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг удаа дараа шаардахад 2022 оны 11 сарын 20-ны өдөр байрны үнэ гэж 2.500.000 төгрөгийг Д.Бэ нь өөрийнхөө ХААН банкны ........ дугаартай данснаас, Ц.М миний дансыг иргэний хэргийн шүүхээс битүүмжилж хориг тавьсан байсан учир миний төрсөн эгч Ц.........гийн ........ дугаартай данс руу шилжүүлсэн. Иймд орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний үүргээ биелүүлээгүй тул дээрх нэр бүхий 60720000 /жаран сая долоон зуун хорин мянган/ төгрөгийн үнэ бүхий 44 мкв 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хохиролгүй болгож , улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461550 төгрөгийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Я.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.Бэ гэдэг хүн Г.Х гэдэг хүнийг явуулж орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй тул байраа буцааж авах буюу гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөр төлсөн гэдгээ нотолж чаддаггүй. Тиймээс байраа буцааж авах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтээ дэмжиж байна. Тухайн үед манай талаас Улсын бүртгэлийн газарт хандан гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэдэг бичиг өгөөд байрны гэрчилгээг Г.Хын нэр дээр гаргуулсан. Учир нь Д.Бэ нь тухайн үед аймгийн Засаг даргын албан тушаалыг хашиж байсан тул өндөр албан тушаалтан гэдэг утгаар нь итгээд байрны төлбөрийг 100 хувь төлсөн гээд бичиг хийж өгсөн. Байраа буцааж авах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай нам ялагдчихсан. Түр хүлээгээч гэдэг байсан. Бид нар Г.Х гэдэг хүнийг танихгүй. Тэрээр Д.Бийн малыг малладаг хүн бололтой байсан. Д.Бэ Г.Хын нэр дээр байрны гэрчилгээг гаргуулж өгөөч гэж хүсэлт гаргасан учраас гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгсөн. Д.Бэ гэдэг хүнд 100 хувь итгэсэн учраас өнөөдөр ийм байдалд хүрсэн гэв.
Нэхэмжлэгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Д.Бээс өр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Мөнгөө нэхэхээр нам солигдоод ажлаасаа гарчихсан. Удахгүй ажилд орохоороо төлнө гэдэг байсан. Хариуцагчтай эвлэрэх санал байхгүй гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.М нь тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Бэд итгэж, түүний гуйлтаар 106 тоотын нэг өрөө байрны төлбөр төлөгдсөн гээд гэрээн дээр нь бичилт хийж өгсөн гэдгээ хэлдэг. Нэхэмжлэгч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй талаар хууль сануулсны дагуу мэдүүлгээ өгсөн. Огт авах учиргүй мөнгийг авах гээд шүүх хүндрэл учруулж нэхэмжлэл гаргасан зүйлгүй. Яагаад гэвэл 106 тоот байрны гэрээн дээр 100 хувь төлсөн гэж бичих болсон шалтгаан нь Засаг дарга асан Д.Бэд итгэсэнтэй холбоотой. Д.Бээс өөр хүн байсан тохиолдолд тус гэрээн дээр бичилт хийж, Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах учиргүй байсан. Энэ талаар нэхэмжлэгч нар өөрсдөө тайлбарладаг. Нэхэмжлэгч нар Д.Бэтэй биечлэн очиж уулзах, чат бичих замаар байраа буцааж авъя гэж хэлж байсан. Гэтэл Д.Бэ хохирол төлбөрийг нь төлөхгүй өдий хүртэл чирэгдэл учруулж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдана. Мөн хэрэгт Д.Бээс 1 өрөө орон сууцны мөнгийг шаардахад Д.Бэ 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байрны үнэ гэх утгаар 2,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ........ тоот данснаас Ц.Мгийн төрсөн эгч н.........гийн данс руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Энэ нь орон сууцны үнийг төлөөгүй болохыг нотолж байгаа. Хариуцагч талаас орон сууцны үнийг бүрэн төлчихсөн юм бол төлсөн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан ч гаргаж өгөөгүй. Гэтэл зөвхөн Д.Бийн гуйлтаар гэрээн дээр төлөлт хийсэн гэж бичсэн тэмдэглэл дээр үндэслэж төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж болохгүй. 105 болон 106 тоот байрны төлбөр бүрэн төлөгдсөн болохыг нотолж чадаагүй. Хариуцагч Д.Бэ гэдэг хүн өөрийн биеэр шүүх хуралдаанд ирэлгүйгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон. Д.Бэ төлбөрөө бүрэн төлсөн юм бол шүүх хуралдаан дээр нүүр бардаж орж ирээд, төлбөр төлсөн баримтаа харуулах боломжтой байсан. Нэхэмжлэгч Я.Г шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой хэлсэн. Байрны төлбөрийг 100 хувь төлсөн гээд бичилт хийгээд өг гэж гуйсан учраас бичилт хийж өгсөн, улмаар байрны гэрчилгээ Г.Хын нэр дээр гаргуулсан болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Г.Х гэдэг хүнийг нэхэмжлэгч нар огт танихгүй. Д.Бийн гуйлтаар түүний дээр бичилт хийгээд өг гэсний дагуу хийсэн гэдгээ нэхэмжлэгч нар хэлдэг. Хариуцагч Д.Бийн хариу тайлбар хэрэгт огт авагдаагүй. Орон сууцын барилга захиалгаар барих гэрээний 3.3.1-д зааснаар захиалагч тал гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь бүрэн хийгээгүй тохиолдолд захиалагчид энэ тухай 3 удаа сануулсны эцэст гэрээг цуцлах эрхтэй, 3.3.2-т захиалагч гэрээнд заасан төлбөрүүдийг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд уг гэрээг хүчингүй болгож тухайн орон сууцыг өөрийн байр, хувь хүн худалдаж алданги суутган авах эрхтэй, 4.1-д захиалагч нь төлөх ёстой төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөөгүйгээс үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлнө гэсэн байгаа. Нэхэмжлэгч талаас огт алданги нэхэмжлээгүй. Зөвхөн орон сууцаа буцааж авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиалагч тал нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэх тал гэрээг дангаар төлөх эрхтэй эрхтэй гэсэн гэрээний гэрээний заалтуудыг хариуцагч талаас зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагчийн гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэх боловч огт нийцэхгүй байна. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байх тул уг зохицуулалтын дагуу тооцох нь зүйтэй. Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. Гэтэл Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзсаныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн хугацаанд гэж заасан байдаг. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан. Д.Бийг байрныхаа төлбөрийг төлнө гэж итгэж явсаар нэхэмжлэгч тодорхой хугацаа алдсан. Үүнийг үгүйсгэхгүй. Учир нь Д.Бэтэй утас болон чатаар байнга холбогдож байсан. Энэ олон жил төлбөрөө нэхэмжилсээр ирсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тийм учраас 106 тоотыг орон сууцыг нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарт буцаан олгох нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэсэн,
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна.
Үүнд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Г.Х нь 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр захиалагч талын төлөөлөгч Ц.Мтэй “Орон сууцны барилгыг захиалгаар барих” гэрээ байгуулан “Г” цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот орон сууцыг 60.720.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж, төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан. Одоо тус байртай холбоотой үлдэгдэл төлбөрийн асуудал байхгүй тул байрыг буцаан өгөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн маргааны зүйл болсон уг орон сууцыг нэхэмжлэгч нар нь хариуцагч Г.Хтай гэрээ байгуулан худалдан борлуулсан бөгөөд энэхүү асуудал хариуцагч Л.Бэд хамааралгүй юм гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага тодорхой ойлгомжтой байсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаарх асуудал яригдана. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг харахаар 106 дугаар байрны үнэ төлөгдөөгүй гээд нэхэмжлээд байгаа. Гэтэл хариуцагч талаас тайлбарлахдаа 106 дугаар байрны үнэ бүрэн төлөгдчихсөн. Харин 105 дугаар байрны үнийг тухайн үедээ бүрэн төлөөд төлөөгүй байсан. Түүнээс хойших хугацаанд цувуулаад төлж барагдуулсан гэдэг байдлаар татгалзлаа гаргадаг. Хэрэгт 105 дугаар байрны үнэ төлөгдсөн үү? Эсвэл 106 дугаар байрын үнэ төлөгдсөн үү? гэдэг талаар ямар нэгэн баримт авагдаагүй. Нэхэмжлэгч талаас 106 дугаар байрны үнэ төлөгдөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа уг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Хэрэгт н.Чимэгээгийн гарын үсэгтэй энэ Д.Бээс 2,500,000 төгрөгийг 106 дугаар байрны үнэд шилжүүлсэн гэх агуулга бүхий гар бичмэл авагдсан. Үүнийг үндэслээд нэхэмжлэгч тал 106 дугаар байрны үнэ төлөгдөөгүй байна гэх нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад байх шиг байна. Гэтэл н.Чимэгээ гэдэг хүн 2,500,000 төгрөг орж ирсэн талаар бичиж байгаагаас биш, энэ мөнгө нь 105 дугаар байрны үнэ үү эсвэл 106 дугаар байрны үнэ үү гэдгийг мэдэх боломжгүй субъект юм. Зөвхөн нэхэмжлэгч нарын үгээр 106 дугаар байрны үнэ гэж гар бичмэл үйлдсэн нөхцөл байдал харагддаг. Тиймээс уг гар бичмэлийг шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байж өгнө үү гэж хүсэж байна. Уг гар бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа 2,500,000 төгрөгийг Д.Бээс 106 дугаар байрны үнэнд шилжүүлсэн гэж байгаа. Гэтэл хэрвээ 2,500,000 төгрөгийг 106 дугаар байрны үнэнд шилжүүлсэн юм бол 60,720,000 төгрөгөөс хасагдах ёстой. Хасаагүй байхыг харахад магадгүй энэ 2,500,000 төгрөгийг 105 дугаар байрны үнэнд шилжүүлсэн гэдэг нөхцөл байдал харагдаад байгаа юм. Яагаад гэхээр талуудын бичсэн зурвас чат болон Д.Бийн тайлбараас харахад 105 дугаар байрны үнэ дутуу бөгөөд үлдэгдэл мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл уг зурвас чатаас харахад 105 дугаар байртай холбоотой эд хөрөнгийн маргаан байна гэдэг нөхцөл байдал харагддаг. Түүнээс биш хэрэгт авагдсан баримтаар 106 дугаар байртай холбоотой ямар нэгэн баримт байхгүй. Хоёрдугаарт хариуцагч Г.Х нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр захиалагч талын төлөөлөгч Ц.Мтэй Г цогцолбор 34 айлын орон сууцны 106 тоот орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн гэрээнээс харахаар төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогддог. Энэ нь хэрэгт авагдсан гэрээ, 60,720,000 төгрөгийг 100 хувь төлсөн болохыг тодорхойлж Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан нэхэмжлэгч Я.Гийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцын жагсаалт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хэрэгт авагдсан төлбөрийг 100 хувь төлсөн гэх нотлох баримтыг нэхэмжлэгч талаас үгүйсгэх боловч уг үгүйсгэлээ нотлох баримт, бичгийг гаргаж өгөөгүй. Үүнээс гадна 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний 2.4 дэх хэсэгт төлбөрийн график бий. 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 30,720,000 төгрөгийг тус тус төлж үүнийг нь хүлээн зөвшөөрч Ц.М гарын үсэг зурсан. Мөн 100 хувь тооцоо хийгдэв гэсэн тэмдэг зэргээс төлбөр бүрэн төлөгдсөн болох нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч тал тайлбартаа 106 дугаар байрны үнийг бүрэн төлж барагдуулаагүй, төлөхийг шаардахаар төлнө, нам буучихсан, ажил төрөлгүй байгаад байна гэдэг байсан гэж хэлсэн. Гэвч энэ талаар зөвхөн нэхэмжлэгч нар хэлж байгаа болохоос хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтаар нотлогдох ёстой. 60,000,000-70,000,000 төгрөгийн байраа хүнд зүгээр өгчхөөд 100 хувь төлбөр төлсөн гээд бичиг хийж өгөхгүй байх. Бичиг хэлж өглөө гэж үзэхэд энэ олон жилийн туршид ямар ч нэхэмжлэлийн шаардлага гаргахгүйгээр, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр явах боломжгүй. Тийм учраас хэрэгт авагдсан баримт болон хэргийн нөхцөл байдлыг харахад 106 дугаар байрны үнэ 100 хувь төлөгдсөн гэдэг нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Гуравдугаарт хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан шаардлага татгалзлаа гаргаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт энэ хуульд өөрөө заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гээд тус зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талаас уг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдож байгаа. Өөрөөр хэлэх юм бол анх нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан байсан. Хэрэгт авагдсан энэ зурвас, чатыг тухайн үед төлбөрөө удаа дараа шаардаж байсан гэх агуулгаар гаргаж өгсөн. Уг зурвас чат нь хуульд заасан арга хэрэгслээр авагдаагүй. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт юм. Үүнээс гадна тухайн зурвас чатыг харахаар 2022, 2023 онуудад төлбөрөө төлөхийг шаардсан байдаг. Үүнээс өмнө буюу 2014-2016 онуудад төлбөр төлөхийг шаардах боломжтой байсан. Дээрх хугацаанд удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан гэх боловч энэ талаарх баримт огт байхгүй. Үүнээс харахад гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан болохыг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан. Улмаар шүүхэд хандахынхаа өмнөх 1-3 жилд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, бид нар шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэх байдлаар нотлох баримт бүрдүүлсэн мэт харагдаж байна гэж хариуцагч талаас үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээг харахаар төлбөрийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон байдаг. Тэгэхээр уг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон хугацаа хэтэрсэн үеэс эхлээд шаардах эрхийг хэрэгжүүлэх, шаардах эрх нь тоологдож байгаа. Үүнээс үзэхэд талуудын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байсан гэж үзэж байна. Үүнээс гадна талууд гэрээнээс татгалзах шаардлага гаргаж байгаа. Гэвч 106 дугаар байрны захиалгын гэрээг Г.Х байгуулсан. Г.Хыг гэрээ байгуулсан болохыг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ анх Г.Хын нэр дээр гарсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах асуудлыг зөвхөн захиалагч зохицуулна. Түүний өмнөөс өөр хэн нэгэн зохицуулах боломжгүй. Гэрээний 3.3.1-д захиалагч тал уг гэрээний 2.4, 2.7-д заасан төлбөрийг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд захиалагчид энэ тухай 3 удаа сануулсны эцэст гэрээг цуцлах эрхтэй гэж зааж байгаа. Гэтэл Г.Хт гэрээнээсээ татгалзаж байгаа талаар ганц ч удаа мэдэгдэж байгаагүй. Өмнөх анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал Г.Хын утас холбогдохгүй байсан учраас бид нар Г.Хт мэдэгдээгүй, Д.Бэтэй зурвас чатаар холбогдож байсан гэж тайлбарласан. Гэтэл тухайн гэрээний үндсэн захиалагч нь Д.Бэ биш Г.Х байгаа тохиолдолд гэрээнээс цуцлах гэж байгаа талаарх мэдэгдлээ Г.Хт гэрээнд заасны дагуу 3 удаа сануулснаар гэрээ цуцлах эрх үүснэ. Тухайн гэрээний 3.1-д гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байна. Гэтэл Иргэний хуульд гэрээ цуцлах, татгалзахтай холбоотой асуудлыг зарим тохиолдолд ялгаатай, зарим тохиолдолд ижил байдлаар зохицуулсан. Иймд гэрээ цуцалж байгаа асуудлыг гэрээнээс татгалзахтай нэгэн адил тайлбарлах боломжтой гэж бодож байна. Үүнээс гадна гэрээ цуцлах талаараа, гэрээнээс татгалзаж байгаа талаараа хариуцагч нарт урьдчилан мэдэгдэж байсан гэж тайлбарлалаа. Гэтэл Д.Бэд 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зурвасаар 106 дугаар байрны үнэ бүрэн төлөгдөөгүй учраас захиалгаар бариулах гэрээнээсээ татгалзаж байна гэх агуулгаар мэдэгдсэн. Гэтэл уг нотлох баримтаар гаргаж өгсөн зурвас нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Мөн мэдэгдлийг зөвхөн зурвас, чатаар илгээсэн байхыг мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч Д.Бэ 106 дугаар гэрээний захиалагч биш юм. Гэрээний урьдчилсан нөхцөлийг хангаж Г.Хт гэрээнээс татгалзаж байгаа талаараа 3 буюу түүнээс дээш удаа мэдэгдсэн гэдэг нөхцөл байдал хангагдахгүй байна гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талаас 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, Г.Хын өмчлөлд шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ тайлбарлаж хэлэх нь зүйтэй байх. Үндэслэл нь юу вэ гэхээр гэрээний 2.4-т зааснаар талуудын хооронд тохиролцсон 60,720,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөгөөр, 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 30,720,000 төгрөгөөр тус тус төлсөн гэдгийн ар талд нь нэхэмжлэгч талаас гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэргийн материалд авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас удаа дараа хариуцагчаас тухайн байрны төлбөрийг төлсөн эсэхтэй холбоотой баримтыг гаргуулж өггө үү гэсэн хүсэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн зүгээс энэ баримтыг гаргаж өгөх шаардлага байхгүй. Учир нь төлбөр төлсөн нөхцөл байдлыг талууд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгч талаас уг баримтыг үгүйсгэсэн нэг ч баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах тухай шаардлагаа гаргах эрх ямар байдлаар үүссэн болохоо тайлбарлахдаа 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Д.Бэ рүү бичсэн чатаар гэрээнээс татгалзсан мэдэгдлээ хүргүүлсэн гэдэг байдлаар тайлбарладаг. Тэгвэл уг гэрээ байгуулагдсан цаг хугацаа, орон сууцын өмчлөх эрх шилжсэн цаг хугацаа болон гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх хугацааны хооронд хэчнээн хугацаа өнгөрсөн бэ гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Өөрөөр хэлэх юм бол гэрээ байгуулагдсанаас хойш уг чат ирэх хүртэл нийт 9 жил өнгөрсөн. Энэ хооронд 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн чатаас гадна Г.Х болон Д.Бэ нарт гэрээнээс татгалзсан, цуцалсан эсвэл гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсантай холбоотой асуудлаар ямар нэгэн байдлаар хүсэлт болон бичгээр мэдэгдэл ирүүлж байсан гэх үйл баримт хэргийн материалд авагдаагүй. Зөвхөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн мессежний хуулбар баримт хэргийн материалд авагдсан байгаа. Энэ баримтаа үндэслээд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон, шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуульд оролцогчдын аль алиных нь эрхийг хамгаалахын тулд хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг хуульчилсан. Гэрээний үүрэгт холбогдох хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 5 жил гээд тусгайлан заасан. Оролцогч талуудын эрх зөрчигдсөн үүргээ биелүүлээгүй гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан цаг үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригддаг юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс буюу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн цаг үеэс эхлээд хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Уг хөөн хэлэлцэх хугацааг талаад өөрсдийнхөөрөө тайлбарлах боломжгүй. Нэг талдаа нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс эрх нь зөрчигдсөн талаар эрх бүхий этгээдэд шаардлага гаргах эрхийг нь хуульчилсан. Нөгөө талаас гэрээ байгуулсан этгээдийн эрхийг хамгаалж хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий үндэслэл бүхий дүгнэлт гаргаасай. Дараагийн нэг зүйл нь төлбөр төлсөн нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч талаас удаа дараа баримт шаардсан. Өөрөөр хэлэх юм бол 106 тоот байрыг худалдан авсантай холбоотойгоор ямар байдлаар төлбөрөө төлсөн юм бэ, энэ төлбөрийн баримтаа гаргаад өгөөч гээд шаардлага гаргасан. Бид нарын хувьд энэ баримтыг заавал гаргаж өгөх шаардлага байхгүй гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ гэрээн дээр тухайн үед уг байрыг худалдсан этгээдүүдээс төлбөр 100 хувь төлөгдсөн гээд гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн дээрээс нь үл хөдлөх эрхийн Улсын бүртгэлийн газарт Я.Г, Ц.М нарын зүгээс төлбөр 100 хувь төлөгдсөн тул уг байрыг Г.Хын нэр дээр шилжүүлж өгнө үү гээд гаргасан хүсэлт байгаа. Г.Хын орон сууц захиалсан өөр нэгэн гэрээ хэрэгт авагдсан. Энэ нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр байрны 105 тоот, 3 өрөө 77.98 м.кв, 1 м.кв үнэ 1,100,000 төгрөг, нийт 85,778,000 төгрөгөөр тооцож хийсэн гэрээ юм. Уг гэрээний 2.4-т төлбөр төлөх графикийг тусгасан. 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 17,000,000 төгрөг төлсөн гээд ард талд нь баталгаажуулаад гарын үсэг зурчихсан байгаа юм. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөг төлсөн гээд гарын үсэг зураад баталгаажуулчихсан байгаа юм. Тэгээд 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 28,778,000 төгрөгийг төлөөгүй гээд гарын үсэг зураагүй, баталгаажуулаагүй байгаа юм. Доод талд нь мөн өмнөх гэрээтэй адилхан тэр 100 хувь тооцоо хийгдэв гэсэн ямар нэгэн тэмдэглэгээгүй, Улсын бүртгэлд бүртгэгдсэн баримтууд хэргийн материалд авагдсан. Нэхэмжлэгч талаас тухайн үед Д.Бэ гэдэг хүн тус аймгийн Засаг дарга буюу эрх бүхий албан тушаалтан байсан учраас түүнд итгээд төлбөрөө төлөөгүй байхад нь 100 хувь төлбөр төлсөн гэж бичилт хийгээд Улсын бүртгэл рүү оруулсан гэж тайлбарлалаа. Улсын бүртгэлийн газраас төлбөр 100 хувь төлөгдсөн байж байж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргадаг. Уг шаардлагад нь нийцүүлээд Д.Бийн гуйлтын дагуу төлбөрийг 100 хувь төлсөн гэж бичилт хийгээд оруулсан гэж яриад байгаа. Гэтэл 105 тоот байрны төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад өмчлөх эрхийн гэрчилгээ шилжсэн. Үнэхээр Улсын бүртгэлийн байгууллага төлбөр бүрэн төлөгдсөн нөхцөлд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжтой гэж үздэг байсан юм бол яагаад 105 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн юм бэ? Яагаад энэ гэрээн дээр төлбөр 100 хувь төлөгдсөн гэх бичил байхгүй, ямар нэгэн гарын үсэг байхгүй байгаа юм бэ? Яагаад төлбөр нь 100 хувь төлөгдсөн, 100 хувь төлөгдөөгүй гэсэн гэрээнүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн юм бэ? Үүн дээр үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. Нэхэмжлэгч талаас Д.Бэ гэдэг хүн рүү 2021 оны 09 дүгээр сараас эхлэн удаа дараа бичсэн гэх мессежиндээ сайн байна уу, төлбөр төлөөч, уулзъя гэсэн байдаг. Уг мессежинд та 106 тоот байрны төлбөрийг нь төлнө үү, 1085 тоот байрны төлбөрийг нь төлнө үү гэдэг асуудал огт байхгүй. 106 дугаар байртай холбоотой асуудал 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар байрны төлбөр хийгдээгүй тул гэрээс татгалзаж байна гэсэн өгүүлбэртэй мессежээр гарч ирсэн. Энэ талаар Д.Бэ би уг төлбөрийг төлж байгаа, миний тооцоогоор 10,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа, удахгүй төлж дуусгана, энэ үлдсэн үлдэгдэл төлбөр чинь 105 дугаар байрны төлбөр үү гэсэн агуулга бүхий гэдэг хариу мессеж илгээсэн байдаг. Энэ мессежийг хэрэгт авагдсан баримттай хооронд нь уялдуулаад харилцаа хамааралтай юм уу, ач холбогдолтой юм уу гэдэг агуулгаар нь авч үзвэл, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн талуудын хооронд байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөртэй холбоотой харагддаг. Үүн дээр шүүх бүрэлдэхүүн дүгнэлт гаргах байх. Нэхэмжлэгчийн өмнөх шүүх хуралдаануудад гаргасан тайлбараас харахад 105 тоот байртай холбоотой төлбөр тооцооны асуудал дууссан гэдэг байдлаар тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч тал 105 болон 106 дугаар байрны төлбөрийг хооронд нь хольж, сольж ярьж байхыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч талаас н......... гэдэг хүний гаргасан тодорхойлолтоор өөрсдийнхөө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслээд байгаа. Давж заалдах шатын шүүх мөн энэ агуулгаар дүгнэлт гаргасан ч эргэлзээ бүхий дүгнэлт гаргасан. Хэрэгт н......... гэдэг хүний 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дансны хуулга авагдсан. Уг хуулганаас харахад Г.Хаас гэдэг утгаар н......... гэдэг хүний данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа юм. Уг гүйлгээний утгад ямар нэгэн байрны дугаар тавиагүй байсан. Үүнийг н. гэдэг хүн А аймгийн Эн сумын 2 дугаар багийн 34 дүгээр байрны 106 тоот 44.4 м.кв байрны төлбөрт шилжигдэн ирсэн гэж өөрөө тодорхойлсон. н......... гэх хүн гэрээний оролцогч биш тул энэ нөхцөл байдлыг мэдэхгүй. н......... гэх хүн өөрөө таамаглаж бичсэнийг нь шүүх үнэлэх нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал яригдана. Өөрөөр хэлэх юм бол 2,500,000 төгрөг нь 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөртэй холбоотойгоор шилжигдэж ирсэн мөнгөтэй холбоотой асуудал юм биш үү гэдэг байдлаар бид нар тайлбарлаж байгаа юм. Тэрнээс биш 2 гэрээ хоёулаа Улсын бүртгэлд хүргэгдсэн. Нэг байрны төлбөр 100 хувь төлөгдсөн байсан. Харин нөгөө байр нь 28,000,778 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гэтэл эдгээр үл хөдлөхийн гэрчилгээ гарсан байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбараа дэмжиж байна...” гэсэн,
4. Нэхэмжлэгч нараас:
Ц.М, Г.Х нарын байгуулсан 2013 оны 12 сарын 28-ны өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ,
Ц.........гийн ХААН банкны ........ тоот дансны 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дансны хуулга, мессэнжер зурвас, Ц.........гийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:
Г.Х, Ц.М нарын 2013 оны 9 сарын 25-нд байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бгийн хүсэлтээр Я.Гийн А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, Ц.М, Г.Х нарын байгуулсан 2013 оны 12 сарын 28-ны өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ,
Нэхэмжлэгч нарын хүсэлтээр 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн болон 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, эд хөрөнгийн эзэмшигч өмчлөгчийн мэдээлэл, Хаан банкны ........ дугаартай данс эзэмшигчийн лавлагаа, Хаан банкны ........ тоот дансны тодорхойлолт, “........ корпораци” ХХК А салбарын тодорхойлолт зэргийг шүүх бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар нь хариуцагч Д.Бэ, Г.Х нарт холбогдуулан “2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж А аймгийн Эн сум, Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Үүнд: Д.Бэ нь А аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа А аймгийн Эн сум дахь орон сууцны “ Г ” цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот хаалга бүхий орон сууцны барилгаас 1 өрөө 60720000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авахдаа Ггийн Х гэх хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулан авчхаад 60720000 /жаран сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг өгөхгүй удаашруулж хохироож байна. Бидний зүгээс 44 мкв талбайтай орон сууцны нийт үнэ болох 60720000 /жаран сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг удаа дараа шаардсан. Д.Бэ Г.Х гэх хүний нэр дээр орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй тул байраа буцааж авах буюу гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөр төлсөн гэдгээ нотолж чаддаггүй. Тухайн үед манай талаас Улсын бүртгэлийн газарт хандан гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэдэг бичиг өгөөд байрны гэрчилгээг Г.Хын нэр дээр гаргуулсан. Учир нь Д.Бэ нь тухайн үед аймгийн Засаг даргын албан тушаалыг хашиж байсан тул өндөр албан тушаалтан гэдэг утгаар нь итгээд байрны төлбөрийг 100 хувь төлсөн гээд бичиг хийж өгсөн. Бид нар Г.Х гэдэг хүнийг танихгүй. Тэрээр Д.Бийн малыг малладаг хүн бололтой байсан. Д.Бэ Г.Хын нэр дээр байрны гэрчилгээг гаргуулж өгөөч гэж хүсэлт гаргасан учраас гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгсөн. Д.Бэ гэдэг хүнд 100 хувь итгэсэн учраас өнөөдөр ийм байдалд хүрсэн гэсэн,
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.
Үүнд: Хариуцагч Г.Х нь 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр захиалагч талын төлөөлөгч Ц.Мтэй “Орон сууцны барилгыг захиалгаар барих” гэрээ байгуулан “Г” цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот орон сууцыг 60.720.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж, төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан. Одоо тус байртай холбоотой үлдэгдэл төлбөрийн асуудал байхгүй тул байрыг буцаан өгөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн маргааны зүйл болсон уг орон сууцыг нэхэмжлэгч нар нь хариуцагч Г.Хтай гэрээ байгуулан худалдан борлуулсан бөгөөд энэхүү асуудал хариуцагч Л.Бэд хамааралгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг харахаар 106 дугаар байрны үнэ төлөгдөөгүй гээд нэхэмжлээд байгаа. Гэтэл хариуцагч талаас тайлбарлахдаа 106 дугаар байрны үнэ бүрэн төлөгдчихсөн. Харин 105 дугаар байрны үнийг тухайн үедээ бүрэн төлөөд төлөөгүй байсан. Түүнээс хойших хугацаанд цувуулаад төлж барагдуулсан гэдэг байдлаар татгалзлаа гаргадаг. Хэрэгт 105 дугаар байрны үнэ төлөгдсөн үү? Эсвэл 106 дугаар байрын үнэ төлөгдсөн үү? гэдэг талаар ямар нэгэн баримт авагдаагүй. Нэхэмжлэгч талаас 106 дугаар байрны үнэ төлөгдөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа уг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан гэрээ, 60,720,000 төгрөгийг 100 хувь төлсөн болохыг тодорхойлж Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан нэхэмжлэгч Я.Гийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцын жагсаалт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хэрэгт авагдсан төлбөрийг 100 хувь төлсөн гэх нотлох баримтыг нэхэмжлэгч талаас үгүйсгэх боловч уг үгүйсгэлээ нотлох баримт, бичгийг гаргаж өгөөгүй. Үүнээс гадна 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний 2.4 дэх хэсэгт төлбөрийн график бий. 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 30,720,000 төгрөгийг тус тус төлж үүнийг нь хүлээн зөвшөөрч Ц.М гарын үсэг зурсан. Мөн 100 хувь тооцоо хийгдэв гэсэн тэмдэг зэргээс төлбөр бүрэн төлөгдсөн болох нь тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт энэ хуульд өөрөө заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гээд тус зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талаас уг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдож байгаа. Өөрөөр хэлэх юм бол анх нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан байсан. Гэтэл Г.Хт гэрээнээсээ татгалзаж байгаа талаар ганц ч удаа мэдэгдэж байгаагүй. Өмнөх анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал Г.Хын утас холбогдохгүй байсан учраас бид нар Г.Хт мэдэгдээгүй, Д.Бэтэй зурвас чатаар холбогдож байсан гэж тайлбарласан. Гэтэл тухайн гэрээний үндсэн захиалагч нь Д.Бэ биш Г.Х байгаа тохиолдолд гэрээнээс цуцлах гэж байгаа талаарх мэдэгдлээ Г.Хт гэрээнд заасны дагуу 3 удаа сануулснаар гэрээ цуцлах эрх үүснэ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” ...гэсэн,
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ц.М, Г.Х нарын байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, Ц.........гийн ХААН банкны ........ тоот дансны 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дансны хуулга, мессэнжер зурвас, Ц.........гийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, Г.Х, Ц.М нарын 2013 оны 9 сарын 25-нд байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, Я.Гийн А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, Ц.М, Г.Х нарын байгуулсан 2013 оны 12 сарын 28-ны өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн болон 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, эд хөрөнгийн эзэмшигч өмчлөгчийн мэдээлэл, Хаан банкны ........ дугаартай данс эзэмшигчийн лавлагаа, Хаан банкны ........ тоот дансны тодорхойлолт, “........ корпораци” ХХК А салбарын тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар нь хариуцагч Д.Бэ, Г.Х нарт холбогдуулан “2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж А аймгийн Эн сум, Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах” шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар нь Д.Бэ нь тухайн үед манай барьж байсан Г цогцолбор 34 айлын орон сууцны 106 тоот 44 мкв 1 өрөө болон 105 тоот 77.98 мкв 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ байгуулж, үл хөдлөхийн гэрчилгээг Г.Хын нэр дээр гаргуулахыг гуйсан, гэрээнд гарын үсэг зурсан гэх Г.Хыг бид хоёр харж, уулзаж байгаагүй, тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Бэ туслахаа явуулж Г.Хын нэрийн өмнөөс гэрээнд шаардлагатай баримтуудыг бүрдүүлж, гарын үсэг зурсан. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан учраас бидний зүгээс 100 хувь төлбөр төлөгдсөн гэж тодорхойлж үл хөдлөхийн гэрчилгээг Г.Хын нэр дээр гаргуулсан. 106 тоот 44 мкв байрны төлбөрийг огт төлөөгүй учраас гэрээнээс татгалзаж, байраа буцаан нэр дээр шилжүүлэн авах гэсэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэ уг орон сууцны гэрээг байгуулаагүй, Д.Бэ уг орон сууцны төлбөрийг төлөх үүрэггүй, Г.Хтай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан, орон сууцны төлбөр 100 хувь бүрэн төлөгдсөн нь баримтаар тогтоогдож байгаа, төлбөр төлөгдөж дуусаагүй гэж байгаа тохиолдолд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж зохигчид маргасан.
Нэхэмжлэгч А аймгийн Эн суманд байршилтай 34 дүгээр байрны 106 тоот, 44 мкв талбайтай 1 өрөө, 60,720,000 төгрөгийн үнэтэй байрны захиалгын гэрээ байгуулсан үйл баримтыг нэхэмжлэгч талаас Д.Бэ үл хөдлөхийн гэрчилгээг Г.Хын нэр дээр гаргуулахыг гуйсан, гэрээнд гарын үсэг зурсан гэх Г.Хыг бид хоёр харж, уулзаж байгаагүй, тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Бэ туслахаа явуулж Г.Хын нэрийн өмнөөс гэрээнд шаардлагатай баримтуудыг бүрдүүлж, гарын үсэг зурсан. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан учраас бидний зүгээс 100 хувь төлбөр төлөгдсөн гэж тодорхойлж үл хөдлөхийн гэрчилгээг Г.Хын нэр дээр гаргуулсан. Г.Х гэдэг хүнийг бид харж байгаагүй. Д.Бийн хамаатан малыг нь малладаг хүн гэж сонссон гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнд талууд гарын үсэг зурж тамга тэмдэг дарагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болохоор гэрээний 7.1-д зааж, иргэн Я.Гийг төлөөлж Ц.М, захиалагч Г.Х нар гарын үсэг зурж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар хариуцагч нарын төлөөлөгчийн дээрх тайлбарыг нотлох баримтаар үгүйсгээгүй, нотлоогүй байна.
Хариуцагч Д.Бэтэй А аймгийн Эн суманд байршилтай 34 дүгээр байрны 106 тоот, 44 мкв талбайтай 1 өрөө байрыг захиалгаар барих гэрээ байгуулсан болон Д.Бэ нь Г.Хын өмнөөс дээрх орон сууцны 60,720,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ц.Мгийн төрсөн эгч ........гийн данс руу шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг 106, 105 тоот байрны төлбөрт төлсөн гэдгийг нэхэмжлэгч нар нотлох баримтаар нотлоогүй байна.
6. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар “...Д.Бээс орон сууцны төлбөрөө төлөхийг шаарддаг, байнга чаат, мессеж бичиж, шүүхэд хандана, байраа буцааж авъя гэж хэлж, сануулж байсан. Д.Бэ өөрөө орон сууцны төлбөрийг хариуцна гэсэн учраас бид Г.Хтай уулзаж, харьцаж байгаагүй, түүний утасны дугаар, оршин суугаа хаягийг мэдэхгүй...” гэж,
хариуцагч нарын төлөөлөгч “...хариуцагч Г.Х Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот орон сууцыг 60,720,000 төгрөгөөр худалдаж авахаар 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан...” гэж тайлбарладаг.
Хэрэгт 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Я.Г “А аймгийн Эн сумын 2-р багийн нутагт баригдсан иргэн Я.Гийн 34 айлын орон сууцны 34-р байрны 106 тоотыг худалдан авсан Г овогтой Х 44 мкв талбай бүхий нэг өрөө байрны төлбөр болох 60,720,000 төгрөгийг 100 хувь төлсөн тул Г.Хт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгоход тусална уу” гэсэн тодорхойлолт, “...талуудын байгуулсан гэрээний 2.4-т 2013 оны 12 дугаар сарын 28-нд 30,000,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 06-нд 30,720,000 төгрөг төлж, 100 хувь тооцоо хийгдэв...” гэсэн баримтууд авагдсан.
Гэрээнд заасан төлбөр 60,720,000 төгрөгийг хариуцагч Г.Х төлөөгүй, төлбөр төлсөн талаарх тодорхойлолтыг хариуцагч Д.Бийн гуйснаар бичиж өгсөн гэдэг тайлбараа нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй, мөн хариуцагч Г.Хын “төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч нар нотлох баримтаар няцаагаагүй болно.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан, талуудын байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний 3.3.1, 4.2-т “гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь хийгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцлахаар” нэхэмжлэгч Я.Гийг төлөөлж Ц.М, хариуцагч Г.Х нар харилцан тохиролцжээ.
Харин хэрэгт авагдсан А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11/496 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн А аймгийн Эн сумын 2 дугаар баг 34 дүгээр байр 105 тоот үйл хөдлөх эд хөрөнгийг Г Хаас Бэ Мад, 106 тоот орон сууцыг Г Хаас Д Бэд тус тус бэлэглэсэн, Ц.........гийн ХААН банкны ........ тоот дансны 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дансны хуулга, Ц.........гийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, Хаан банкны ........ дугаартай данс эзэмшигчийн лавлагаа, Хаан банкны ........ тоот дансны тодорхойлолт зэрэг баримтаар хариуцагч Д.Бэ, нэхэмжлэгч нарын хооронд хэлцэл хийгдэж байсан гэх үйл баримт тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа “2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж А аймгийн Эн сум, Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах”-аар тодорхойлсон.
Нэхэмжлэгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.Бэ үл хөдлөхийн гэрчилгээг Г.Хын нэр дээр гаргуулахыг гуйсан, гэрээнд гарын үсэг зурсан гэх Г.Хыг бид 2 харж, уулзаж байгаагүй, тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Бэ туслахаа явуулж Г.Хын нэрийн өмнөөс гэрээнд шаардлагатай баримтуудыг бүрдүүлж, гарын үсэг зурсан. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан учраас бидний зүгээс 100 хувь төлбөр төлөгдсөн гэж тодорхойлж үл хөдлөхийн гэрчилгээг Г.Хын нэр дээр гаргуулсан. Г.Х гэдэг хүнийг бид харж байгаагүй. Д.Бийн хамаатан малыг нь малладаг хүн гэж сонссон гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч нараас 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах талаар хүсэлт гаргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 1, 205 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар нь хариуцагч Д.Бэ, Г.Х нарт холбогдуулан “2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж А аймгийн Эн сум, Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч нараас гаргасан зурвас /чат/ нь хуульд заасан арга хэрэгслээр хэрэгт авагдаагүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
8. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,450 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
9. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 129/Ш32024/02409 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдав.
10. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид дээрх хугацаанд гардуулах, гардуулах боломжгүй бол 7 хоногийн дотор хүргүүлж, хүргүүлснийг гардан авсанд тооцох, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын нэхэмжлэлтэй Г.Х, Д.Бэ нарт холбогдох 2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, А аймгийн Эн суманд байршилтай Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 м кв талбайтай, 106 тоот, 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 129/Ш32024/02409 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид дээрх хугацаанд гардуулах, гардуулах боломжгүй бол 7 хоногийн дотор хүргүүлж, хүргүүлснийг гардан авсанд тооцохыг дурдсугай.
5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР