| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00491/И |
| Дугаар | 301/ШШ2025/00584 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 301/ШШ2025/00584
| 2025 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 301/ШШ2025/00584 | Архангай аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Т сумын ....... тоотод оршин суух, Т овогт Гын Дийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Т сумын Зт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Т, түүний өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие 2023 оны 05 сарын 1-нд А аймгийн Т сумын Зын газарт жолоочоор томилогдож ажиллаж байгаад 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Т сумын Зын газрын даргын Б/15 тоот тушаалаар жолоочийн албан тушаалаас халагдаад байна. Тамгын газрын даргын Б/15 дугаартай тушаалд намайг хэд хэдэн үндэслэлээр буюу хэд хэдэн зөрчил гаргасан гэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эзэмшиж буй техник хэрэгслийг ашиглалтын горимын дагуу зөв гамтай хэрэглээгүйн улмаас Зын газрын ногоон тракторыг эвдэлсэн, Эвдрэлийг засах сэлбэх арга хэмжээг авч ажиллаагүй, байгууллагад учирсан хохирлыг барагдуулаагүй, Ажлын тайланг заасан хугацаанд удаа дараа ирүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, Байгууллагын удирдлагад мэдэгдэлгүй багийн Засаг даргад нэр дэвшиж төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэжээ. Би тухайн техник хэрэгслийг эвдлээгүй, эвдрэлийг засах сэлбэх арга хэмжээ аваагүй нь надаас шалтгаалаагүй, ажлын тайлан ирүүлээгүй гэснийг би ойлгохгүй байна. Багийн засаг даргад нэр дэвшихэд байгууллагын удирдлагад заавал мэдэгдэх шаардлага байхгүй бөгөөд энэ нь ёс зүйн зөрчил биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Г.Д намайг ажлаас үндэслэлгүй халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Т нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч А аймгийн Т сумын Зын газрын дарга Р.Т бид харилцан тохиролцож дараах байдлаар энэхүү гэрээг байгуулж байна. Нэхэмжлэгч Г.Д би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан А аймгийн Т сумын Зын газрын жолоочийн ажилд эгүүлэн авч ажиллуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч хариуцагч нар нь сайн дурын үндсэн дээр хэлэлцэж энэхүү гэрээг байгуулж байна. Шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлгож мэдсэн болно. Цалин гэдэгт ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал орж байгаа, энэ бүгдээс нэхэмжлэгч татгалзсан...” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлүүлэх” шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь намайг урьд эрхэлж байсан А аймгийн Т сумын Зын газрын жолоочийн ажилд эгүүлэн авч ажиллуулахаар тохиролцсон тул эвлэрлийг баталж өгнө үү...” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлүүлэх” шаардлагаасаа татгалзаж, хариуцагч урьд эрхэлж байсан А аймгийн Т сумын Зын газрын жолоочийн ажилд Г.Дийг эгүүлэн авч ажиллуулахаар тохиролцсон тул эвлэрлийг баталж өгнө үү...” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч, хариуцагч нарын “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай иргэний хэрэгт эвлэрсэн эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч А аймгийн Т сумын Зын газарт холбогдуулан “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.Д нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч А аймгийн Т сумын Зын газар нь нэхэмжлэгч Г.Дийг урьд эрхэлж байсан А аймгийн Т сумын Зын газрын жолоочийн ажилд эгүүлэн авч ажиллуулахаар тохиролцож зохигчид эвлэрсэн, зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Д нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Захирамжийг хариуцагч А аймгийн Т сумын Зын газар нь нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, уг захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Д нь “Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч А аймгийн Т сумын Зын газар нь нэхэмжлэгч Г.Дийг урьд эрхэлж байсан А аймгийн Т сумын Зын газрын жолоочийн ажилд эгүүлэн томилохоор зохигчид эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Г.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А аймгийн Т сумын Зын газар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР