| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 183/2017/00823/И |
| Дугаар | 210/МА2017/01562 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2017/01562
| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2017/01562 |
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01048 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******ХХК-ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулж гаргасан Орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт 834 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Даваажав нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ХХК нь ******* ХХК-тай 2016 оны 11 сарын 09-нд ******* тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, *******ХХК-ийн өмчлөлийн ******* дүүрэг ** дүгээр хороо ******* хотхоны ******* апартмент *** байр ******* тоот, 5 өрөө орон сууцыг 556 200 000, автомашины зогсоолыг 60 000 000, нийт 616 200 000 төгрөгөөр захиалан авахаар тохиролцсон. Гэрээний 3.1-д заасны дагуу хариуцагч тал орон сууцны урьдчилгаа болгож 60 сая төгрөгийг төлөх, үлдэгдэл 556 200 000 төгрөгийг 2016 оны 12 сарын 09-нд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч гэрээний 2.1-т заасан уг орон сууцны өмнөх захиалагч *******гийн төлсөн 60 сая төгрөгийг урьдчилгаанд тооцсон, үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн. ******* ХХК нь гэрээний 3.1-д заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулалгүй, хугацаа хэтрүүлсэн тул заасны дагуу 2016 оны 12 сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хоногийн 2 781 000 төгрөг, 94 хоногийн алданги 261 414 000 төгрөгийг Иргэний хуулийн 232.6-д зааснаар *******ХХК-д төлөх үндэслэлтэй. ******* ХХК үлдэгдэл төлбөрөө алдангийн хамт төлж барагдуулах арга хэмжээ авалгүй нэхэмжлэгчийг хохироож байх тул үлдэгдэл төлбөр 556 200 000 төгрөг, алданги 261 414 000 төгрөг, нийт 834 300 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбар гаргаагүй байна.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч /РД: *******/ ******* ХХК-иас гэрээний үүрэгт 817.614.000 /найман зуун арван долоон сая зургаан зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д /РД: *******/ олгож, шаардлагаас үлдэх 16.686.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.329.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4.246.020 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тухайн үед манай компанийнхан ажлын шаардлагаар гадаадад ажиллаж, ирэн очин байсан ба 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хурлын тов мэдэгдэн 3 хоногийн дараа хуралтай гэж хэлэх үед нь амралттай өдрүүд таарч байсан тул нотлох баримт гаргах боломж байгаагүй. Би шүүгчийн туслахад гадаадад ажлаар явах гэж байгаагаа хэлээд хурлыг хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Шүүх хурлын товыг хэд хоногийн өмнө мэдэгдсэн бол гадаад явах нь яваад, харин үлдэх хүмүүстэй асуудлаа хариуцуулан итгэмжлэл үлдээж болох байсан. Хэргийг яаралтай шийдвэрлэх хугацаа болоогүй байсан учир шүүх хурлыг нэг удаа хойшлуулах боломж шүүхэд байсан гэж бодож байна. Гэтэл манай компанийн албан бичгийг нотлох баримтгүй гээд хэрэгсэхгүй орхиж, ямар ч мэтгэлцээнгүйгээр хурлыг хийж, шийдвэр гаргасан байсан. Хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барин хариуцагчийн эрх ашгийг хөндөн шийдвэр гаргасан ба шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, нотлох баримт судлахад тэгш эрхтэй оролцох зэрэг эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Тухайн шийдвэрээс 261 414 000 сая төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хоорондын худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад заасны дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 834 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууцны захиалгаар бариулах гэрээгээр ******* ХХК нь *******ХХК-ийн ******* дүүргийн ** дүгээр хороо ******* хотхон, ******* апартмент *** дугаар байрны ******* тоотод байрлах, 206 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 2 700 000 төгрөг, нийт 556 200 000 төгрөгөөр, гараажийг 60 000 000 төгрөгөөр нийт 616 200 000 төгрөгөөр захиалан бариулж төлбөрийг хсээгчлэн төлөхөөр, *******ХХК нь орон сууцны барилгыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохирчээ.
Талууд Орон сууцны захиалгаар бариулах гэрээний маягтыг ашиглаж, ажил гүйцэтгэх гэрээний оролцогчдын эрх, үүргээр гэрээний агуулгыг тодорхойлсон хэдий ч бэлэн болсон орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.
Дээрх гэрээнд заасны дагуу худалдан авагч нь 60 000 000 төгрөгийг төлсөн боловч орон сууцны үлдэгдэл төлбөрөө банкны зээлээр санхүүжүүлэх боломжгүй болсон, хариуцагч төлбөрөө бүрэн гүйцэтгээгүй болох нь *******ХХК-ийн удаа дараа хүргүүлсэн мэдэгдэл, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч орон сууцны үлдэгдэл төлбөр 556 200 000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 3.5-д захиалагч төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 232.6 дах хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч 261 414 000 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгч *******д гардуулан өгч, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн /хх 19-20/, хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх тайлбар болон баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч тал ийнхүү тайлбараа ирүүлээгүй учраас шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааныг товлосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч *******д 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтэд шүүх хуралдааныг хойшлуулахад хүргэх нөхцөл байдлыг нотолсон баримтыг хавсаргаж өгөөгүй талаар шүүх дүгнэлт хийж, түүний хүсэлтийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-ийн төлсөн 1 465 020 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Н.БАТЗОРИГ