Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт:

Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805016090379 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар  сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3а байрны 5 тоотоос Б.Бгийн эзэмшлийн хоёр ширхэг Тошиба маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт: Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ ажилдаа гарч яваад ажил дээрээ 2 хоног хонож ажиллаад 2018 оны 3 дугаар сарын 16-ны 3 цаг 30 минутын үед гэртээ ирээд хаалгаа би өөрөө түлхүүрээр онгойлгож орсон. Гэрт манай 17 настай Тэмүүжин, Тэмүүлэн нар өөрсдийнхөө өрөөнд унтаж байсан. Том өрөөний ажлын ширээн дээр байдаг мөнгөлөг саарал өнгийн Тошиба брэндийн нөүтбүүк, сервантан дотор байсан хар өнгийн Тошиба брэндийн нөүтбүүк, сервантан дотор байсан Рояал гэсэн нэртэй виски, бас сервантан дотор байсан 3 ширхэг нэрийг нь мэдэхгүй японы виски тус тус алга байсан. ...манай том хүү Тэмүүжингийн нийлдэг найз М нь найз Мичидийн хамт  манай гэрт 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай 2 хүүхдийг гэрт байхад 18 цагийн үед ирж байж байгаад 20 цагийн үед гарч явсан гэж манай хүү Тэмүүжин надад хэлсэн.

...хар өнгийн Тошиба брэндийн нөүтбүүк нь зүүн нугасан талын буландаа цуурсан байдалтай, мөнгөлөг саарал өнгийн Тошиба брэндийн нөүтбүүк нь содон шинж гэх юм байхгүй пин кодтой хар өнгийн Тошиба брэндийн нөүтбүүкийг 2017 оны намар компьютер ландаас 350000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнгөлөг саарал өнгийн Тошиба брэндийн нөүтбүүкийг 2015 онд найзынхаа ахаас 1200000 төгрөгөнд худалдаж авч байсан. Рояал виски болон нөгөө гурван япон вискины үнийг би одоогоор хэлж мэдэхгүй байна /хх-ийн 4/ гэх мэдүүлэг,

...би өөрийн ажлын нөүтбүүкээ буцаан авсан. Харин хар өнгийн нөүтбүүкээ буцаан авч чадаагүй гэхдээ үнэлгээгээр гарсан мөнгө болох 340000  төгрөгөө бүрэн бүтэн хүлээн авсан. Хохиролтой холбоотой маргаан, гомдол санал байхгүй” /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Т.Тэмүүжин мөрдөн байцаалтанд”...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 13 цагт М манайд ирэхдээ хар том цүнхтэй ирсэн. Юун цүнх юм бэ гэж тухайн үед асуухад эгч Солонгосоос явуулсан гэж ярьж байсан. Манай гэрт ирж цуг байсан...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед М ганцаараа манайд нөгөө том цүнхтэйгээ ирсэн. 2 цаг болоод гэнэт яараад найз байрны гадна даараад байна хурдал гээд гараад явсан. Би тухайн үед цүнхээ үлдээгээд гарахгүй юу буцаж орж ирэх юм чинь гэхэд би угаасаа эгчийнх рүү явна гээд гараад явсан...” /хх-ийн 6/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Мичид мөрдөн байцаалтанд “2018 оны 3 дугаар сарын 16-ны шөнө 3 цагийн үед хорооллын Апекс их дэлгүүрийн гадна ipone 5 утастай болчихсон утсаараа ярьчихсан явж байхаар нь би Мөнхөө гэж дуудахад сонсоогүй царайлаад машинд суугаад яваад өгсөн...” /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр О.М мөрдөн байцаалтанд “2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Тэмүүжингийн гэрт нь орсон чинь ганцаараа байж байсан...интернэтээ үзэж сууж байгаад гэнэт том өрөөнд нь байсан 2 ширхэг ээжийнх нь ажилдаа хэрэглэдэг Тошиба брэндийн нөүтбүүкийг нь өөрийн авч орж ирсэн том үүрдэг цүнхэндээ хийгээд хаалганы хажууд нь тавьсан. Удалгүй Тэмүүжин дүүгээ аваад гэртээ орж ирэхэд нь зөрж гарсан ба гарах үед Тэмүүжин надаас хаачих гэж байгаа юм бэ гэхэд нь би эгчийн гэр рүү явлаа гээд нөгөө хулгайлсан зүйлээ аваад гараад интернэтэд орж сууж байгаад нэг таньдаг хүүхдээр нөүтбүүкний кодыг гаргуулаад оройн 22 цагийн үед 10 дугаар хорооллын  Төгсбагана ломбарданд 120.000 төгрөгөөр саарал өнгөтэй үнэтэй ээжийнх нь хэрэглэдэг нөүтбүүкийг нь барьцаанд тавьсан. Ингээд тэр оройноо мөнгөөр нь архи уугаад 2 охинтой танилцаад Модны хоёрт байдаг Z нэртэй зочид буудалд шөнө хамт ороод архи уугаад тасраад унтсан....би яг тэр үед нэг найзынхаа гар утсыг ломбарданд алдах гээд байсан юм тэгээд мөнгө олдохгүй болохоор нь Тэмүүжингийн ээжийн 2 нөүтбүүкийг нь авчихсан юм” /хх-ийн 28/гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22/, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 43/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор О.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/,

гэрч Б.Баянсан мөрдөн байцаалтанд “найз М хичээл сургуульдаа уг нь идэвхтэй сурдаг ангийн хамт олон болон багш  нартаа нэр хүндтэй, ангийн тэргүүний хүүхэд байсан бид нар сургуулиа төгссөн ч гэсэн одоо болтол найзалдаг. Одоогоор барилгын ажил дээр мужаан хийж байгаа юм. Ямар  нэгэн муу зуршилгүй, архи хаа  нэгтээ л уудаг, найз нөхөд болон гэртээ нэр хүндтэй хүүхэд байгаа юм” /хх-ийн 22/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаар:

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3а байрны 5 тоотод оршин суух Б.Бгийн гэрт түүний хүү Т.Тэмүүжин, Х.Тэмүүлэн нарыг гэртээ байхад нь Т.Тэмүүжингийн найз гэх О.М орж  Б.Бгийн эзэмшлийн хоёр ширхэг Тошиба маркийн зөөврийн компьютерийг авсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч О.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн”...Том өрөөний ажлын ширээн дээр байдаг мөнгөлөг саарал өнгийн Тошиба брэндийн нөүтбүүк, сервантан дотор байсан хар өнгийн Тошиба брэндийн нөүтбүүк, сервантан дотор байсан Рояал гэсэн нэртэй виски, бас сервантан дотор байсан 3 ширхэг нэрийг нь мэдэхгүй японы виски тус тус алга байсан....” /хх-ийн 4/, насанд хүрээгүй гэрч Т.Тэмүүжингийн”... М ганцаараа манайд нөгөө том цүнхтэйгээ ирсэн. 2 цаг болоод гэнэт яараад найз байрны гадна даараад байна хурдал гээд гараад явсан...” /хх-ийн 6/, насанд хүрээгүй гэрч Б.Мичидийн”...Хорооллын Апекс их дэлгүүрийн гадна ipone 5  утастай болчихсон утсаараа ярьчихсан явж байхаар нь би Мөнхөө гэж дуудахад сонсоогүй царайлаад машинд суугаад яваад өгсөн...” /хх-ийн 8/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22/, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 43/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Түүнчлэн эдгээр бичгийн баримтуудаар  өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй, шүүгдэгч О.М мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...том өрөөнд нь байсан 2 ширхэг ээжийнх нь ажилдаа хэрэглэдэг Тошиба брэндийн нөүтбүүкийг нь өөрийн авч орж ирсэн том үүрдэг цүнхэндээ хийгээд хаалганы хажууд нь тавьсан...би эгчийн гэр рүү явлаа гээд нөгөө хулгайлсан зүйлээ аваад гарсан...”/хх-ийн 28/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.         

Прокуророос О.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч М гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас М “бусдын эд хөрөнгийн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Б.Бгаас: ..би хохиролоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй гэж тэмдэглэсэн байх тул М бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон О.М анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага нөхцөл байдалд хамаарна.

 

Эдгээр нөхцөл байдлууд болон О.М гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                       

              ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

  1. О.Мд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг О.Мд анхааруулж мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар О.Мд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ