| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2026/0015/З |
| Дугаар | 126/ШШ2026/0033 |
| Огноо | 2026-07-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 126/ШШ2026/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х**********-ын Л**********,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ц**********,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Д**********,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т**********,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.М**********нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Х.Л**********-с анх Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргад холбогдуулан М**********сумын Засаг дарга нь Д.Т**********-аас Х.Л**********-нд 3010 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа М**********сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/233 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Д.Т**********-аас Х.Л**********-нд 3010 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг М**********сумын Засаг даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
1.2. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/621 дугаартай албан бичиг, 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/233 дугаартай албан бичгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Д.Т**********-аас нэхэмжлэгч Х.Л**********-нд 3010 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргад даалгах гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Нэхэмжлэгч нь иргэн Д.Т**********-тай 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн М**********сумын 1 дүгээр баг, Нисэх Хатгал явах зам дагуу 3010 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулжээ.
2.2. Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргад газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан бөгөөд М**********сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан байна.
2.3. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргад хандсан байх бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/427 тоот албан бичгээр М**********сумын Засаг даргад өргөдлийг шилжүүлсэн, М**********сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Өргөдлийн хариу хүргүүлэх тухай А/233 дугаар албан бичгээр ...Иймд дээрх асуудалд холбогдох мэдээлэл, баримт бичгийг нэгтгэн шалгаж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хүргүүлэн ажиллаж байгааг мэдэгдэж байна гэсэн хариуг нэхэмжлэгчид өгч дээрх газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан байна.
2.4. Улмаар нэхэмжлэгч нь дээрх татгалзсан албан бичгүүдийг эс зөвшөөрч 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Х.Л********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2024 оны зун М**********сумын иргэн Д.Т**********-аас 3010 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авахаар тохиролцон уг газрыг е-gazar.mn-ээс орж харахад нэгж талбарын 67******** дугаартай, хүчин төгөлдөр гэрээ гэрчилгээтэй байсан болохоор нь би зөвшөөрч, М**********сумын тойргийн нотариат дээр очин газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай гэрээ байгуулан 2 тал хүсэлтээ М**********сумын Засаг даргад гаргасан боловч Засаг дарга ямар нэгэн шийдвэр гаргаж өгөхгүй хүлээлгэсээр 2025 он гарсан, тэгэхээр нь би газар эзэмших эрх шилжүүлэн авагчийн хувьд М**********сумын Засаг даргын нэр дээр өргөдөл гаргахад 1 дүгээр баг, нисэх Хатгал явах зам дагуу 67********** нэгж талбарын дугаартай тус газрыг газар эзэмшүүлэх эрх шилжүүлэхэд зөрчилтэй тул шийдвэрлэх боломжгүй байна. Манай байгууллага шалгаж нягтлах шаардлагатай байна" гэсэн хариу өгсөн боловч хяналт шалгалтын ажлаа хийж зөрчлийг арилгах талаар ямар арга хэмжээ авахгүй хугацаа алдсаар байгаа нь намайг уг газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болгон чирэгдүүлсээр байна.
Ингээд 2025 оны 12 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул дахин урьдчилж шийдвэрлүүлэхээр 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын нэр дээр өргөдөл гаргасан. Ингээд 30 хоногийн дараа хариугаа авахаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтантай уулзахад таны өргөдлийг М**********сум руу шилжүүлсэн гэсэн тул би шилжүүлсэн гэсэн хариуг бичгээр авъя гэхэд 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэсэн огноотой 1/427 албан бичгээр М**********сум руу шилжүүлсэн, энэ албан бичиг нь 2 байгууллагын хоорондоо харьцсан албан бичиг учраас танд шаардлагагүй та харин М**********сумын Засаг даргаас хариугаа ав гэсэн. Тэгээд М**********сумын Засаг даргын үүдний нарийн бичигтэй уулзахад холбогдох мэргэжилтэн рүү нь шилжүүлсэн гэсэн. Ингээд хүлээж байтал 2026 оны 3 дугаар сарын 04-ний өдөр М**********сумын Засаг даргын Тамгын газраас ярьж байна та ирж өргөдлийнхөө хариуг ав гэхэд нь би М**********сумын Засаг даргын тамгын газрын нэг давхарт суух бичиг хэргийн ажилтнаас 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн огноотой 1/233 тоот албан бичгийг хүлээж авсан.
Уг албан бичгээс харахад Д.Т********** нь газраа хэн хэнд хэдийд ямар захирамжаар шилжүүлсэн талаар дурдаж, улмаар анх олгосон газрын хэмжээ өөрчлөгдсөн ...хууль журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх шаардлагатай гэсэн хариу нь өмнөх хариутай утга нэг байна. М**********сумын Засаг дарга дээрх газарт хяналт шалгалт хийх шаардлагатай гэх боловч хяналт шалгалтаа хийхгүй газар эзэмшигч намайг чирэгдүүлсээр 1 жил 7 сар болж байна. Би хэдий болтол хяналт шалгалтаа хийхийг хүлээх вэ, иргэний өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоног+30 хоногт хяналт шалгалтаа хийчхээд хариу өгдөггүй юм уу. Би өмнө ийм хариуг авсан боловч хяналт шалгалтаа хийхгүй бүтэн жил хүлээлгэсэн тул шүүхэд хандаж байгаа болно.
Д.Т********** анх ямар газартай байсан, түүнийгээ хэнд хэдийд хэрхэн яаж өгсөн гэх асуудал надад огт хамаагүй, надад газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх үед уг газрыг е-gazar.mn-ээс цахимаас шалгахад л 3010 м.кв газар эзэмших эрхтэй нь харагдаж байсан тул уг 3010 м.кв газрыг эзэмших эрх нь хүчин төгөлдөр байсан учраас би итгэлтэй болж уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахаар тохирч материалаа өгсөөн.
Газар эзэмшигч Д.Т********** нь газар эзэмших эрхийн гэрчилгээг надад шилжүүлэхээр цахимаар хүсэлтээ өгсөн боловч сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38.4-т зааснаар хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргах ёстой байтал энэ үүргээ биелүүлэхгүй зөрчилтэй нягтлан шалгана" гэсэн хариу өгсөн боловч зөрчлийг нягтлан шалгахгүй хугацаа алдсаар намайг чирэгдүүлсээр байгаа нь хууль бус байна.
Иймд М**********сумын Засаг дарга нь Д.Т**********-аас Х.Л**********-нд 3010 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа М**********сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/233 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Д.Т**********-аас Х.Л**********-нд 3010 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг М**********сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэв.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Х.Л********** иргэн Д.Т**********-тай газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан байдаг. Тухайн өдөр М**********сумын газрын даамалд тус бичиг баримтыг хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш шийдвэр гарахгүй удсан учир өөрт үлдсэн баримтын хувийг хавсарган дахин өргөдөл гаргасан. Д.Т********** цахимаар илгээсэн, Х.Л********** цахимаар илгээх гэсэн боловч болохгүй байсан. Дараагийн өргөдлийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтнаар дамжуулан өгч цохолт хийгдсэн байдаг. Үүнээс хойш 2 албан бичгээр хариу өгсөн бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргаас албан бичгийг М**********сум руу шилжүүлсэн байсан. Ингээд 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/621 дугаартай албан бичиг, 2026 оны 03 дугаар сарын 04-ний өддрийн 1/233 дугаартай албан бичгүүдээр тус тус хариу ирсэн бөгөөд тус албан бичгүүдийг хууль бус болохыг тооцуулж, Д.Т**********-аас Х.Л**********-нд 3010 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Л********** нь Д.Т**********-аас Хөвсгөл аймгийн М**********сумын 1 дүгээр баг буюу нисэхийн зам дагуу байршилтай, нэгж талбарын 67********** дугаартай 3010 мкв газрыг дуудлага худалдаагаар авсан, зарна гэсний дагуу газар эзэмших гэрчилгээг шилжүүлж авахаар тохиролцож, Газрын тухай хуульд заасны дагуу Д.Т********** , Х.Л********** нарын дунд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдэж, нотариатаар баталгаажуулсан байдаг. Түүний дараа Газрын тухай хуульд зааснаар холбогдох баримтуудыг хавсаргаж М**********сумын газрын даамалд өгсөн. Д.Т********** , Х.Л********** нарын дээрх асуудалтай холбоотой асуудлаар Засаг даргын захирамж гарна гэсэн боловч гарахгүй удсан учраас Х.Л********** өмнө бүрдүүлсэн баримтаа хавсарган дахин Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтанд өгсөн. Газар эзэмших эрхээ шилжүүлэх гэж байгаа хүн цахимаар хүсэлт илгээж болдог, тус газрыг шилжүүлж авах гэсэн хүн цахимаар хүсэлт илгээх гэхэд болохгүй байсан гэх зүйлийг ярьдаг. Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтанд хүсэлт өгсөн талаар хавтаст хэрэгт авагдсан М**********сумаас ирүүлсэн баримтууд дунд байдаг бөгөөд хавтаст хэргийн 52 дугаар хуудаст авагдсан М**********сумын Засаг даргын Тамгын газрын бүртгэл хяналтын карт, хавтаст хэргийн 53 дугаар хуудаст авагдсан Х.Л**********-нд өгсөн хариу албан бичиг, өргөдөл, гомдлын дэвтэрт бүртгэгдсэн байдал зэрэг нь байдаг. Х.Л**********-нд зөрчилтэй учраас хяналт шалгалт хийх шаардлагатай гэж 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/621 тоот албан бичгээр хариу өгсөн байдаг бөгөөд Х.Л**********-ны зүгээс нэгэнт зөрчилтэй асуудал байгаа бол төрийн байгууллага хяналт шалгалт хийх нь зүйтэй гэж үзээд хүлээсэн. Захиргааны ерөнхий хууль болон Иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журамд зааснаар 60 хоногийн хугацаа өнгөрсний дараа ямар нэг шийдвэр гараагүй учраас Хөвсгөл аймгийн Засаг даргад хандахад Хөвсгөл аймгийн Засаг даргаас харьяаллын дагуу М**********сум руу шилжүүлсэн байдаг. М**********сумаас хариу өгөхгүй байж байгаад 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/233 тоот албан бичгээр тухайн газар шилжсэн, талбайн хэмжээнд өөрчлөлт орсон гэх мэтээр хувийн хэрэг доторх процессийг бичиж, хуулийн дагуу хяналт шалгалт хийх шаардлагатай гэх хариуг нэг жилийн хугацаа өнгөрсний дараа өгсөн.
Д.Т********** тус газрыг анх дуудлага худалдаагаар худалдаж авсан үнээр газар эзэмших эрхээ шилжүүлсэн, Д.Т********** Х.Л**********-нд тус газрыг очиж зааж өгсөн учраас Х.Л**********-ны зүгээс нэгэнт Засаг даргын захирамж гарсан, egazar.mn гэх цахим системээс харахад 3010 мкв хэмжээгээр, ямар нэгэн давхцал, зөрчил байхгүй байсан учраас гэрээ хийж, бурхан болсон хүүхдийнхээ гэгээн дурсгалд зориулж 108 мод тарьсан бөгөөд тус газрыг өөрийн эзэмшилд авна, Засаг даргын захирамж гарна гэсэн хууль ёсны итгэл үнэмшилтэй болсон. Тэгэхээд түүний хууль ёсны итгэл үнэмшлийг өнөөдрийг хүртэл баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөлгүй, удаа дараа буюу бүтэн 2 жилийн хугацаанд хяналт шалгалт хийнэ гэх хариуг өгсөн. Төрийн байгууллага албан тушаалтнуудын эрх хэмжээ, эрхэлж буй ажил хуулийн дагуу явагдах ёстой бөгөөд газартай холбоотой асуудал нь Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасан Засаг даргатай холбоотой хууль зэрэг хуулийн зүйл заалт, бусад журмаар зохицуулагдах ёстой байтал хяналт шалгалт хийж байгаа нэрийдлээр шилжүүлэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна. Х.Л**********-нд хариу өгсөн эхний албан бичиг буюу 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/621 тоот албан бичгийг хүндэтгэж, хяналт шалгалт хийхийг хагас жилийн хугацаанд хүлээсэн байдаг. Газрын тухай хууль болон бусад хуульд зааснаар шилжүүлэхгүй байх үндэслэл байхгүй учраас Д.Т**********-аас Х.Л**********-нд 3010 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргасан.
Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргаас удаа дараа Х.Л**********-нд хариу өгсөн албан бичгүүдэд хяналт шалгалт хийнэ гэсэн боловч хяналт шалгалт хийлгүй, аргацаасан албан бичгүүд байгаа учраас тус албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгоё гэж байгаа бөгөөд үүнийг тогтоолгосны дараа даалгах нэхэмжлэл гаргаж байгаа. Тухайн газар нь нэгж талбарын дугаар давхцаагүй, газар давхцаагүй. Хавтаст хэрэгт авагдсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтынг газар, М**********сумын Засаг даргын Тамгын газраас тус тус ирүүлсэн албан бичгүүдээс харахад н.И********** гэх хүнийг шалгуулъя гэснээс тус газрыг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгуулах талаар дурдаагүй байдаг. Засаг даргын захирамж газрын мэргэжилтэн, газрын даамал, газартай холбоотой асуудлын улсын байцаагч зэрэг хүмүүсийн тодорхой хэмжээний хяналт шалгалт, газрын давхцал, нэгж талбарын дугаар зөв эсэх, газрын татвар ямар байгаа зэргийг хянаж, шалгасны үндсэн дээр гардаг. Зөрчилтэй байгаа асуудлын тухайд, газрын хэмжээнд өөрчлөлт орсон буюу 2503 мкв газрыг 6000 мкв болгосныг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд уг асуудал нь 3 жилийн өмнөх асуудал байдаг. Үүнийг Д.Т********** болон Х.Л********** нар хийх боломжгүй бөгөөд энэ нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд захиргааны байгууллагын ажилчдын хийсэн зүйл юм. Тухайн газрын байршил өөрчилсөн талаар мөн Засаг даргын захирамж гарсан бөгөөд газрын байршил өөрчлөхийг хэн нэгний дураар хийдэг зүйл биш юм. Эдгээрээс үзэхэд төрийн байгууллагуудын ажлаа мэддэггүй асуудал яригдах бөгөөд хуульд зааснаар газрын кадастр хийх, газар эзэмшүүлэх, газар шинээр олгох, хяналт шалгалт хийх, давхцал байгаа эсэх, хээрийн болон суурин судалгаа хийх зэрэг эрх, үүрэг газрын даамалд байхад тус ажлаа хийхгүй, болохгүй гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчид ямар нэгэн өөр сонирхол байна уу гэх хардлага төрүүлж байгаа. Улсын бүртгэлийн тухай хуульд улсын бүртгэл үнэн зөв байна гэж заасан байдаг бөгөөд нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдсэн бол түүнийг үнэн гэж үздэг. Тэгэхээр 67********** нэгж талбарын дугаартай 3010 мкв газар нь Улсын бүртгэлийн Э-17********* гэсэн дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаар давхцаагүй байхад тус газрын эзэмших эрхийг шилжүүлэхгүй гэж удаа дараа албан бичгүүдээр хариу өгснийг хууль бус гэж үзэж байна. Тийм учраас газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзаж буй албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгох, мөн татгалзах үндэслэл байхгүй учраас Д.Т**********-аас Х.Л**********-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн М**********сумын 1 дүгээр баг Хатгал явах зам дагуух байршилтай 67******** нэгж талбарын дугаартай тус газрыг М**********сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/132 дугаар захирамжаар дуудлага худалдаагаар аялал, жуулчлалын зориулалтаар 3010 м.кв газрыг В.А************* /РД90********** / анх газар эзэмшүүлсэн байна. М**********сумын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/141 дүгээр захирамжаар В.А*********-с М.Б*******-д 12500 м.кв болгож газар эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд талбайн хэмжээг үндэслэлгүй нэмэгдүүлсэн ба М**********сумын Засаг даргын 2019 оны А/98 дугаар захирамжаар М.Баттөгсөөс Ө.Батцоожид 12500 м.кв тус тус газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна.
М**********сумын Засаг даргын 2019 оны А/132 дугаар захирамжаар тухайн газрыг хэсэгчлэн хувааж ӨБ*******-с М.Э****-т 10000м2 газрыг, Н.Бат- Эрдэнэд 2503 м.кв газрыг шилжүүлсэн байна. Тухайн байршлыг өөрчилж М**********сумын Засаг даргын 2023 оны А/61 дүгээр захирамжаар Н.Б***********-с Д.Т********** т 2503 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн. 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/160 дугаар захирамжаар 6712012322 нэгж талбарын дугаартай, аялал жуулчлалын газрын зориулалттай, 2500 м.кв бүхий газрын газрын байршлыг зөөж өөрчилсөн.
М**********сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/180 дугаар захирамжаар талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж 2503 м.кв газрыг 3010 м.кв болгосон ба Д.Т**********-аас Б.Г**************-д 2000 м.кв газрыг шилжүүлж үлдсэн 4000 м.кв газрыг Д.Т********** т үлдсэн байна. Мөн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/319 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ Д.Т**********-аас М.Э**************-т 3010 м.кв шилжүүлсэн.
Тодруулбал, газрын кадастрын мэдээллийн системд Д.Т********** ын эзэмшиж байгаа 67******** нэгж талбарын дугаартай тус газар нь М.Э**************-т 3010 м.кв газар шилжүүлсний дараагаар 3010 м.кв гэсэн хэмжээтэйгээр бүртгэгдсэн, Улсын бүртгэлийн Э-************** 67******** нэгж талбарын дугаартай газрын Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь мөн 3010 м.кв хэмжээтэйгээр бүртгэгдсэн байна.
Иймд дээрх захирамжуудаар анх газар олгосон газрын талбайн хэмжээ өөрчлөгдсөн байна. Тухайн газар нь Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа одоогоор шийдвэр, хариу мэдэгдэл иргээгүй байна. Иймд Хөвсгөл аймгийн М**********сумын 4 дүгээр багийн 14 дүгээр гудамжны 13 тоотод оршин суугч Х**********-ын Л**********ы нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. гэжээ
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М**********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т********** т газар эзэмшүүлэх Засаг даргын захирамж дээр тухайн үеийн газрын даамал бага зэрэг техникийн алдаа гаргасан гэж харж байгаа бөгөөд 4000 м.кв газар эзэмшүүлнэ гэж захирамжилсан мөртлөө, 1000 м.кв газрыг хуваасан боловч хуваагдсан газрын хэмжээ нь дөрвөн өөр байдаг. Газрын кадастрын мэдээллийн сангаас харахад тус газар 3010 м.кв хэмжээтэй байдаг бөгөөд эдгээрээс харахад зөрүүтэй зүйлс байгаа юм. Газрын даамлын зүгээс зөрчилтэй, ямар нэгэн байдлаар захирамжилд өөрчлөлттэй байгаа тохиолдолд улсын байцаагч руу шилжүүлж, дараагийн арга хэмжээг улсын байцаагч авч, хэрэгжүүлдэг. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар тухайн үед улсын байцаагчгүй байсан бөгөөд одоо улсын байцаагч ажиллаж байгаа. Тийм учраас тухайн үед улсын байцаагч байхгүй байсан учраас шалгалт хийгдэж байна, тогтоох гэж байна гэх хариу тайлбарыг өгсөн байх гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс ... газар эзэмшигч Д.Т********** нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр цахимаар хүсэлтээ өгсөн боловч сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38.4-т зааснаар хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргах ёстой байтал энэ үүргээ биелүүлэхгүй зөрчилтэй нягтлан шалгана" гэсэн хариу өгсөн боловч зөрчлийг нягтлан шалгахгүй хугацаа алдсаар намайг чирэгдүүлсээр байгаа нь хууль бус гэж, хариуцагчаас маргаан бүхий газрыг анх олгосон үеэс эхлэн газрын талбайн хэмжээ өөрчлөгдсөн. Тухайн газар нь Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа одоогоор шийдвэр, хариу мэдэгдэл ирээгүй байна. Иймд Х**********-ын Л**********д газар эзэмшүүлсэн захирамж гаргах боломжгүй гэж тус тус маргажээ.
3. Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/319 дүгээр захирамжаар (1 дүгээр хавтаст хэргийн 244-247 дугаар тал) иргэн Д.Т********** нь Хөвсгөл аймгийн М**********сумын 1 дүгээр баг, Нисэх Хатгал явах засмал зам дагуу байрлах 4000 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхтэй байх бөгөөд тус захирамжийг үндэслэн олгосон 0000236993 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй (2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр тал), нэгж талбарын 67******** нэгж талбарын дугаар бүхий кадастрын зурагтай (2 дугаар хавтаст хэргийн 30 дугаар тал) газрыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцож 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг (2 дугаар хавтаст хэргийн 62 дугаар тал) байгуулсан байна.
4. Улмаар Д.Т**********-аас egazar.gov.mn-д тус газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр цахимаар (2 дугаар хавтаст хэргийн 67-69 дүгээр тал), Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргад 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр цаасаар тус тус холбогдох баримт бичгийг бүрдүүлэн гаргасан (1 дүгээр хавтаст хэргийн 46-52 дугаар тал) байна.
5. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтэд Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/621 тоот албан бичгээр (1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар тал) тус газрыг газар эзэмшүүлэх эрх шилжүүлэхэд зөрчилтэй тул шийдвэрлэх боломжгүй байна. Манай байгууллага шалгаж, нягтлах шаардлагатай байна гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн, мөн Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/233 тоот албан бичгээр (1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар тал) ...анх олгосон 10000 м.кв газрын хэмжээ 17000 м.кв болж өөрчлөгдсөн. Мөн өөр байршилд нэгж талбарууд үүссэн нөхцөл байдал илэрч байгаа нь холбогдох хууль, журмын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Иймд дээрх асуудалд холбогдох мэдээлэл, баримт бичгийг нэгтгэн шалгаж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хүргүүлэн ажиллаж байгааг мэдэгдэж байна... гэжээ.
6. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 38.3-т Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна, 38.3.1-д энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, 38.3.3-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх гэж тус тус заасан.
Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх ажиллагаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдүүдийн хооронд явагдах бөгөөд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэхдээ эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, бичиг баримтыг бүрэн бүрдүүлсэн эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд газар эзэмших эрхтэй эсэх гэсэн үндэслэлүүдийг шалган судалсны үндсэн дээр хуульд заасан эрхийн хүрээнд шийдвэрлэх учиртай.
Гэтэл хариуцагч нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заагаагүй үндэслэлээр буюу Авлигатай тэмцэх газарт маргаан бүхий газрын талбайн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг маргаан бүхий албан бичгүүдээр удаа дараа татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Иймд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж заасан эрхийнхээ дагуу хариуцагчид Д.Т**********-аас нэхэмжлэгч Х.Л**********-нд 3010 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, захирамж гаргахыг даалгаж шийдвэрлэв.
Харин Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй газрын талбайн хэмжээ өөрчлөгдсөн захирамжуудтай холбоотой асуудал гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд нэхэмжлэгчид газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Л**********-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/621 дугаартай албан бичиг, 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/233 дугаартай албан бичгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоож, Д.Т**********-аас нэхэмжлэгч Х.Л**********-нд 3010 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн М**********сумын Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР