| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2026/0207/З |
| Дугаар | 128/ШШ2026/0711 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2026/0711
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х*******” ХХК, РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******, Г.Б*******,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д*******
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******,
Гуравдагч этгээд: “М*******” ХХК, РД:, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, өмгөөлөгч М.Б нарын хоорондын ““М*******” ХХК-ийн нэгж талбарын 17 дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг зогсоохыг Нийслэлийн Засаг даргад болон Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д*******, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан “... “М*******” ХХК нь өөрийн газрын хилийн заагаар байрлаж байсан дулааны шугамыг манай компанийн эзэмшлийн газар луу ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр шилжүүлэн татсан бөгөөд үүний улмаас бидний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байна” гэсэн гомдол гаргаж,
1.2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/7833 тоот албан бичгээр “... Хот байгуулалт, хотын стандартын газраас тодруулахад гадна дулааны шугамын трасс нь нэгж талбарын 17 дугаартай “Х*******” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зурагтай давхцалгүйгээр угсрагдсан гэх тайлбар ирүүлснийг хүргүүлж байна” гэх хариуг өгчээ.
1.3. Нэхэмжлэгчээс анх шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын баталсан 2025/ тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 тоот шийдвэрээр олгогдсон газар дээр баригдаж буй “М*******” ХХК-ийн үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ““М*******” ХХК-ийн нэгж талбарын 17 дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг зогсоохыг Нийслэлийн Засаг даргад болон Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах” гэж өөрчилсөн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
“... Манай “Х*******” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 17 дугаартай газар нь Энхтайваны гүүрний зүүн талд байрладаг ба тус газрын хөрш зэргэлдээ нэгж талбарын 17 дугаартай газрыг “М*******” ХХК нь эзэмшдэг. “М*******” ХХК нь өөрийн эзэмшлийн тус газартаа 2025 онд 2025/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан ба мөн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр барилгын загвар зургаа батлуулсан байна.
Эс үйлдэхүй нь “ямар нэгэн үйлдэл огт хийгээгүй” байдгаараа захирамжилсан үйлдлээс ялгаатай байдаг ба манай “Х*******” ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн засаг даргад гомдол гаргасанд Засаг дарга нь маргаан бүхий дулааны шугам шилжүүлэн татсан байж болзошгүй газар, явагдаж буй барилгын ажилд хяналт тавих хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй байдаг.
Тодруулбал, “Х*******” ХХК нь гомдолдоо “Нийслэлийн засаг дарга нь төлөвлөгөөнд хяналт тавих, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу хотын хөгжлийн ерөнхий зааснаар хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нийслэл хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон инженерийн зураг төсөлд тусгагдаагүй, мөн газар эзэмшигчээс зөвшөөрөл авалгүйгээр дулааны шугам сүлжээг шилжүүлэн татаж байгаа “М*******” ХХК-ийн хууль бус үйлдэл нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд хуульд заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавьж, “М*******” ХХК болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар манай газарт шилжүүлэн барьсан шугам сүлжээг чөлөөлөх талаар хуульд заасан холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэж хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлж хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч өгөх талаар гомдол гаргасан байдаг.
Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.1-т ““хот байгуулалт” гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг” гэж заасан ба Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.5-д зааснаар Засаг дарга нь хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хотын барилга байгууламж барьж байгуулах үйл ажиллагаа нь хот байгуулалтын үйл ажиллагаанд хамаарна. Хот байгуулалтын тухай хуульд заасан тус чиг үүргийнхээ хүрээнд Засаг дарга нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгах зэргээр орц, гарцыг гаргах арга хэмжээг авах үүрэгтэй байна. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн албан бичигт “Хот байгуулалтын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож М******* ХХК болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, холбогдох арга хэмжээг авч өгөх” талаар гомдол хүргүүлсэн. Дээрх гомдлын хариуд Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ний өдөр шуудангаар ирүүлсэн 2025.11.28-ний өдрийн 03/7833 дугаартай албан бичгээр “танай компаниас ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гомдлын дагуу Хот байгуулалт, хотын стандартын газраас тодруулахад гадна дулааны шугамын трасс нь нэгж талбарын 17 дугаартай “Х*******” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зурагтай давхцалгүйгээр угсрагдсан гэх тайлбарыг ирүүлснийг хүргүүлж байна” гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Угтаа Засаг даргын зүгээс Хот байгуулалтын тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу “М*******” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, холбогдох арга хэмжээг авах ёстой байсан. Гэвч Засаг дарга нь тус гомдлын хүрээнд зөвхөн Хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн гадна дулааны шугамын давхцалгүй угсрагдсан талаарх мэдээллийг л ирүүлсэн байдаг.
Угтаа “Х*******” ХХК-ийн зүгээс манай газар эзэмших эрх “М*******” ХХК-ийн барилгын ажилтай холбоотойгоор шугам сүлжээ шилжүүлж угсрагдсантай холбоотойгоор зөрчигдөөд байна гэж тайлбарлаад байхад тус барилгын ажилд хяналт тавиагүй, хуульд заасан норм, дүрэм журмын дагуу явагдаж буй эс зөвшөөрөлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь “захиргааны байгууллагын үйлдэхүй” болоод байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн зөрчигдөөд байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр гаргасан гомдолд Нийслэлийн засаг даргаас Хот байгуулалтын тухай хуульд зааснаар холбогдох арга хэмжээг аваагүй, зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж манай компанийн газар эзэмших эрхэд халдаад байгаа үйл баримтын талаар хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасныг шийдвэрлүүлэхээр зохих захиргааны актыг гаргахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т энгийн зөвшөөрлийн жагсаалтыг заасан бөгөөд 8.3 дахь хэсэгт барилга, хот байгуулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд зөвшөөрлийг холбогдох байгууллага олгоно гэж заасан. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсгийн 3.3-т барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно гэж заасан байдаг. Энэ нь Монгол Улсад нэлээд удаан хугацаанд хэрэгжиж байгаа эрх зүйн зохицуулалт бөгөөд өмнөх Барилгын тухай хууль болон өмнөх Зөвшөөрлийн тухай хуульд ч мөн адил тусгагдсан байсан. Ийм байхад “М*******” ХХК ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр барилгын үйл ажиллагаа эрхэлсэн. 2004, 2005 онд хийж байгаад зогссон бөгөөд тухайн үедээ зөвшөөрөлтэй байсан гэж тайлбарлаж байна. Хэрэв зөвшөөрөлтэй байсан бол уг шүүхэд гаргаж өгөх ёстой. Гэтэл зөвшөөрөл нь хэрэгт авагдаагүй байна. Тухайн зөвшөөрлийг гаргуулах гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж хэлсэн. Харин ч энэ асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг Нийслэлийн Засаг дарга уг үйл ажиллагааг таслан зогсоохгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэх агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэв үнэхээр зөвшөөрөлтэй байсан бол шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх ёстой. Нотлох баримтыг шинжлэн судлах явцад ч 2004, 2005 онд тухайн барилгын ажлыг хийсэн бөгөөд түүнээс хойш нэг ч тоосго нэмээгүй, нэг ч грамм цемент цутгаагүй гэдэгтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах ёстой байсан. Иймд гуравдагч этгээдийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөлөгч “М*******” ХХК газраа аваад газар дээрээ юу хийсэн талаар тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөлөгч зөвшөөрөлгүй баригдсан талаар асуулт, хариултын үе шатанд хэлсэн. Мөн хавтаст хэрэгт “М*******” ХХК-ийн ямар нэгэн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл байхгүй талаар хэлмээр байна. ... Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар өөр зүйл тогтоогдож байна. Нотлох баримтыг шинжлэн судлахад Хот байгуулалт, хотын стандартын газраас “Х*******” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зурагтай давхцалгүйгээр тухайн магистрал шугамын өөрчлөлт, угсралтыг хийхээр төлөвлөсөн гэх тайлбарыг өгсөн байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргад хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэж үзэж байна. Үүнийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн тайлбар, кадастрын зураг, агаар сансрын зураг дээр давхцуулан харуулсан, өнгөөр ялгасан зургууд нотолж байна. Мөн хэрэгт авагдсан гадна дулааны шугамын байгуулалтын зурагт мөн адил тухайн дулааны магистрал болон цэвэр, бохир ус татан зайлуулах шугам нь “Х*******” ХХК-ийн газар дээгүүр ч, “М*******” ХХК-ийн газар дээгүүр ч явж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр компанийн эзэмшлийн газар дээгүүр явж байсан шугамын байршлыг өөрчлөх ажил явагдахад яагаад “Х*******” ХХК-ийн газартай давхцалгүйгээр угсралтын ажил хийсэн нь тодорхойгүй байна. Энэ бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа асуудал. “ОТЗТ” ХХК-ийн хийсэн магистрал шугамын өөрчлөлтийн зураг хэрэгт авагдсан. Уг зургаас мөн адил хоёр компанийн газар дээгүүр дулааны шугам явж байсан бөгөөд нэг газраас нөгөө газарт шилжүүлэхдээ “Х*******” ХХК-ийн эзэмшлийн газар руу шилжүүлэн байршуулсан нь тодорхой харагдаж байна. “М*******” ХХК-ийн барилгын үйл ажиллагаа явуулсан эсэх нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургаар нотлогдож байгаа. Үзлэгийн тэмдэглэлд олон хуудас фото зураг авагдсан. Хэрэв “М*******” ХХК-ийн өөрийн эзэмшлийн газар дээр ямар нэгэн барилгын үйл ажиллагаа явуулаагүй гэж байгаа бол үүнийг нотлох фото зургаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Гэтэл нотлох фото зураг байхгүй. Барилгын сууриа цутгаж төмөр хатгасан үйлдэл нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй байсан юм бол тухайн зөвшөөрлөө л гаргаж өгөх ёстой. “Х*******” ХХК-д хууль үйлчилдэг, харин “М*******” ХХК-д хууль үйлчилдэггүй гэсэн байдлаар хандаж байгаа бол үүнийгээ тодорхой хэлэх ёстой. Тийм зүйл Монгол Улсад байхгүй гэдэгт итгэж байна. Гурван хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсан. Гэтэл хавтаст хэрэгт барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл болон барилгын ажил огт хийгээгүй гэх нотлох баримт байхгүй байна. Хот байгуулалт, хотын стандартын газраас тодорхой чиг үүрэг байгаа учир Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас буюу Нийслэлийн Засаг даргад тодорхойлолт гаргаж өгч байгаа. Нийслэлийн Засаг дарга Зөвшөөрлийн тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өөрийнх нь газар эзэмших эрх олгосон газар дээр явуулж байгаа үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Энэ 2 газар 2-уулаа Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх авсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бид үүнийг хариуцдаг, үүнийг нь хариуцдаггүй гэдэг зүйл ярьж болохгүй. Яагаад гэвэл бид Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татсан. Нийслэлийн Засаг даргад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан бүтцийн нэгж болох Хот байгуулалт, хотын стандартын газрыг хариуцагчаар татсан. Хот байгуулалт, хотын стандартын газар нь тусдаа аж ахуйн нэгж, тусдаа бие даасан байгууллага биш. Хэрэв тийм бол бид Нийслэлийн Засаг даргад хамааралгүй гээд улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргаад ирнэ үү. Тухайн байгууллагын албан бланк дээр Нийслэлийн Засаг даргыг хэрэгжүүлэгч агентлаг болох нь тодорхой байдаг. Нийслэлийн Засаг даргад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд байгуулсан бүтэц юм. Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч “бид энэ асуудалд газар зохион байгуулалтын талаас орж ирсэн, бусад асуудлыг бараг мэдэхгүй” гэх байдлаар тайлбарлаж байгаа нь зохимжгүй. Төрийн байгууллагыг бүрэн төлөөлөх итгэмжлэлтэйгээр шүүх хуралдаанд оролцож байгаа төлөөлөгчөөс ийм байдлаар тайлбарлаж хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа учир өдрөөс өдөрт төрийн байгууллагын нэр хүнд унаж байна. Би төрийн албанд ажиллаж байсан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Улсын Их Хурлын Тамгын газарт хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүний хувьд төрийн байгууллага аливаа асуудалд ийм байдлаар хандаж болохгүй гэж үзэж байна. Тийм учраас иргэд, аж ахуйн нэгжүүд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал.
3.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “М*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1338 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр К орон сууцны хорооллын хойд талд байршуулан “Үйлчилгээ, зочид буудал” зориулалтаар эзэмшүүлсэн 17 нэгж талбарын дугаартай 15079.0 м.кв газрын эрхийг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2025/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Загвар зураг баталсан байна. Одоогоор “*******” ХХК Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлт ирүүлээгүй байна. Нэхэмжлэгчээс шүүхэд өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээлгэхээр гаргасан гомдолд Хот байгуулалт, хотын стандартын газрыг хуульд заасан зохих арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй гаргасныг зохих ёсоор шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/478 дугаар захирамжаар батлагдсан “Хот байгуулалт, хотын стандартын газрын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлд заасан Газрын үндсэн чиг үүрэгт барилгын үйл ажиллагаа, барилга угсралтын ажил зөвшөөрөлтэй эсэхэд хяналт тавих тухай байхгүй болно. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна зааснаар уг чиг үүрэг нь Хяналт шалгалтын газарт байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дүгээр заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэх болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн байгууллагууд нь тус тусдаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлж байгаа, хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд, хуульд заасан чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар Хот байгуулалт, хотын стандартын газарт хяналт хэрэгжүүлэх чиг үүргийг олгосон бол Хот байгуулалт, хотын стандартын газар уг хяналтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар энэ чиг үүргийг өнөөдрийн байдлаар хуулиар олгоогүй. Хуульд заагаагүй чиг үүргийг төрийн байгууллага хэрэгжүүлэх нь хуульд харшилна. Иймд хууль бус үйлдэл гаргахгүйн тулд хуульд заасны дагуу “Х*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад гаргасан өргөдөлд хариу өгсөн. Тухайн хариу нь манай байгууллага Хот байгуулалтын нэгдсэн системд дулааны шугам сүлжээний гүйцэтгэлийг хийсэн байгууллагуудаас ирүүлсэн координатын өгөгдлийн дагуу системд бүртгэсэн бүртгэлийн талаарх хариу юм. Түүнээс тухайн шугам “Х*******” ХХК-ийн газар дээгүүр бодитоор дамжин өнгөрч байгаа эсэх, дамжин өнгөрөөгүй эсэх, зураглалыг бодит гаргаж өгсөн, гаргаж өгөөгүй эсэх асуудал нь тусдаа асуудал. Хэрэв бодитоор гаргаж өгөөгүй тохиолдолд системд буруу өгөгдөл өгч бүртгүүлсэн байгууллагуудын хариуцлага хүлээх асуудал яригдана. Хуульд заасан чиг үүргийнх нь дагуу шаардлага тавиад харьцаад явах нь зүйтэй гэж үзэж байна. Чиг үүрэгт нь байхгүй асуудлаар шаардлага тавьж байгаа нь бид нарт хүндрэлтэй байна. Бид нар хуулиар олгосон чиг үүрэгт байхгүй асуудлаар нэхэмжлэгч талд хариу өгөх, үйлчилгээ үзүүлэх боломж байхгүй. Хууль хамаагүй “үүнийг та нар хийх ёстой” гэж шаардаж байгаа тохиолдолд төрийн байгууллага хууль мөрдөж ажиллах шаардлагагүй болно. 2 талаасаа худал жүжиг тоглоод яах юм бэ? Та нар Засаг даргын хий гэсэн болгоныг хийх ёстой гэж байгаа бол тэгж болохгүй. Байгууллага бүр тодорхой чиг үүрэгтэй бөгөөд хяналтын байгууллага, газрын албаны чиг үүргийг тус тусад заасан байгаа. Бид эдгээр хуульд заасан чиг үүргээ л хэрэгжүүлнэ. Засаг даргад гаргасан өргөдөлтэй холбоотойгоор Хот байгуулалт, хотын стандартын газрыг ямар үндэслэлээр хяналт хэрэгжүүлэх чиг үүрэгтэй гэж үзэж байгаа талаар тодруулахад тухайн албан бичгийн хариуг үндэслэж тайлбарлаад байна. Тэр бол хууль биш бөгөөд Засаг даргын өгсөн албан бичиг. Тухайн албан бичигт тухайн шугамыг системд ингэж бүртгэлээ гэх хариу өгсөн байгаа болохоос ямар хяналт хэрэгжүүлэх ёстой, түүний дагуу ямар хяналт шалгалт хийсэн, шалгалтаар ямар зөрчил дутагдал илэрсэн талаар огт дурдаагүй. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд тусгайлан судлуулсан. Иймд бид Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болохын хувьд өөр өөрсдийн хуулиар олгосон, мөн хуульд үндэслэн гаргасан дүрэм, журмаар олгосон чиг үүргийн хүрээнд үүргээ хэрэгжүүлж байгаа. Хот байгуулалт, хотын стандартын газар нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулах, батлах, бүртгэх, барилгын үе шатны зөвшөөрлийг боловсруулах, бүртгэх, олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага. Үүнээс цааш бусад байгууллагын чиг үүргийг өмнөөс нь хэрэгжүүлэх эрх бидэнд байхгүй. Тиймээс бидний гаргасан тайлбарыг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 17 дугаар бүхий 15.091 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 37 дугаар захирамжаар “М *******” ХХК-д үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн байна. Тус компаниас 2016 онд гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Зacar даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан байна. Мөн тус компаниас гаргасан зориулалт өөрчлөх хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1338 дугаар захирамжаар уг газрын зориулалтыг “зочид буудлын цогцолбор, олон нийтийн газар” болгон өөрчилсөн байна. Газрын кадастрын мэдээллийн системд нэгж талбарын 17 дугаар бүхий “М *******” ХХК-ийн эзэмшиж буй газар нь Дулааны шугамын хамгаалалтын бүс, Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүс /35 кВ/, Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, Үерийн далангийн хамгаалалтын бүс, болон Мөрөн, гол, горхины хамгаалалтын бүсэд тус тус өртсөн байна. Мөн нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын 17 дугаар бүхий газар нь “М *******” ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын 17 дугаар бүхий газрын баруун хойд талаараа хил залгаа байрлах бөгөөд Газрын кадастрын мэдээллийн системд Дулааны шугамын хамгаалалтын бүс, Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүс /35 кВ/, Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, Үерийн далангийн хамгаалалтын бүс болон Мөрөн, гол, горхины хамгаалалтын бүсэд тус тус өртсөн байна” гэжээ.
3.4. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн манай байгууллага тус тусын чиг үүрэгтэй. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа асуудлын хувьд би зөвхөн газрын асуудлын хүрээнд тайлбар өгөх боломжтой. Эрх мэдлээ урвуулан ашиглаж байгууллагын чиг үүргээс хальсан асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй, мэдэхгүй гэдгээ өмнө нь хэлсэн. Газрын асуудлын хүрээнд тайлбарлахад, нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргасан. Тухайлбал 2025 оны сүүлээр нэхэмжлэгч байгууллагаас хүсэлт гаргасны үндсэн дээр манай байгууллага 2026 оны 01 дүгээр сард хариу хүргүүлсэн. Түүнээс биш эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэн нэгэн аж ахуйн нэгжийг дарамталсан байдлаар албан бичгийн хариу хүргүүлээгүй. Мөн 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хариу хүргүүлсэн гэж өмнө нь хэлсэн. Гэхдээ тухайн хариуг шүүхэд авчирч өгөөгүй нь миний алдаа байна. Нэхэмжлэгч тал тухайн хариу албан бичгийг аль хэдийн авсан байгаа. Тус албан бичиг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-д заасны дагуу газрын байршлыг шилжүүлэх боломжтой талаар үндэслэлээ дурдсан бөгөөд байршил шилжүүлэх боломжтой газрын саналаа ирүүлнэ үү гэх агуулгатай. Нэхэмжлэгч талаас манай байгууллагад байршил шилжүүлэх боломжтой газрынхаа саналыг нийслэлийн аль ч дүүрэгт гаргасан тохиолдолд боломжтой гэх санал гаргасан байгаа” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн зүгээс “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын17- өдрийн 37 тоот шийдвэрээр олгогдсон газар дээр баригдаж буй “М*******” ХХК-ийн үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа “М*******” ХХК-ийн нэгж талбарын 17 дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг зогсоохыг Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт,хотын стандартын газарт даалгах” гэж өөрчилсөн. Гэхдээ нэхэмжлэгчээс 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад бүрдүүлбэр хангах тухай бичгээс харахад нэхэмжлэлийн шаардлагаа “нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн зөрчигдөөд байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр гаргасан гомдолд Нийслэлийн Засаг даргаас Хот байгуулалтын тухай хуульд зааснаар холбогдох арга хэмжээг аваагүй, зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж манай компанийн газар эзэмших эрхэд халдаад байгаа үйл баримтын талаар хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасныг шийдвэрлүүлэхээр зохих захиргааны актыг гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан гэж ойлгож байна.
“М*******” ХХК-ийн хувьд одоогоор барилгын ажлын зөвшөөрлийг аваагүй, барилгын ажлын зөвшөөрөл аваагүй байгаа болохоор өөрийн эзэмших эрх бүхий газар дээрээ ямар нэгэн барилгын ажил явуулаагүй байгаа бөгөөд ямар нэгэн барилгын ажил явагдаагүй байхад барилгын ажлыг зогсоох үйл ажиллагаа хийгдэх боломжгүй.Түүнчлэн нэхэмжлэгчийн дээрх шаардлагаас харахад нэхэмжлэгч нь Нийслэлийн засаг даргад гаргасан гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гэж бичээд байна уу?, хууль биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гэж бичээд байна уу?, мөн зохих захиргааны акт гаргахыг даалгах гэдэг нь ямар асуудалтай холбоотой ямар акт гаргахыг даалгах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар гаргасан гэж ойлгож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэл гаргах тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь тогтоогдсон байх ёстой гэж заасан. Захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж яригдаж байгаа бол нэгдүгээрт тухайн захиргааны байгууллагад хууль зүйн үүрэг үүссэн байх шаардлагатай. Хариуцагч талаас хуульд заасан ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч тодорхой тайлбарлаагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагатаа тодорхой дурдаагүй байна. Үүнтэй холбоотой зүйл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн иргэн, хуулийн этгээдээс өргөдөл, гомдол гаргасан байх ёстой гэх шаардлага байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маш олон удаа өөрчилсөн. Энэ үйл баримтаас үзвэл шүүхэд ирсэн баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд явсан байдаг. Анх барилгын зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай асуудал ярьж байснаа нэгж талбарт байгаа барилга гэж байгаад хамгийн сүүлд нь эс үйлдэхүй гэдэг шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа нэхэмжлэлдээ хавсаргасан хоёр гомдлыг дурддаг. Тухайн хоёр гомдлын агуулга нь инженерийн шугам сүлжээг чөлөөлөх тухай асуудал байсан бөгөөд барилгатай холбоотой эс үйлдэхүйг дурдсан зүйл байхгүй. Үүнтэй холбоотой ямар нэгэн өргөдөл гомдол гаргаагүй бөгөөд үүнтэй холбоотой хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Дараагийн асуудал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх шаардлагатай. Тухайн барилгын суурь байгаагаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч өөрөө энэ асуудлаа тодорхойлж чадахгүй байна. Ерөнхий байдлаар хариуцагч талыг буруутгаж байгаа боловч хууль зүйн талаас хууль зүйн үндэслэлээ тодорхойлж чадахгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Өнөөдөр гэнэт энэ барилга босож ирсэн мэтээр тайлбарлаж, үүнтэй холбоотойгоор “Х*******” ХХК маргаж байгаа мэт нөхцөл байдлыг бий болгож байна. Хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 88 дугаар хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 229-231 дүгээр талд холбогдох баримтууд авагдсан. Үүнд 2019 оны сансрын зураг, 2023 оны сансрын зургууд бүгд авагдсан бөгөөд зургаас үзвэл барилгын суурь нь байсан болох нь тодорхой харагдаж байна. Яагаад гэвэл өмнө нь зөвшөөрлийн дагуу баригдсан байсан бөгөөд тухайн зөвшөөрлийн хугацаа дууссан учраас дахин зөвшөөрөл авах процесс явагдаж байгаа. Дахин зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгын ажлыг үргэлжлүүлэх учир одоогоор зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл авах ажиллагаа явагдаж байна. Тиймээс үүнийг мушгин гуйвуулж, 2025, 2026 онд барилгын ажил шинээр эхэлсэн мэтээр тайлбарлах боломжгүй. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбар ямар нэгэн баримтаар нотлогдохгүй байгааг харуулж байна. Шүүхийн үзлэгээр ч тухайн газарт барилгын суурь байгаа боловч барилгын ажил явагдаагүй болох нь тодорхой харагдаж байна. Иймд барилгын ажил явагдаж байна гэж тайлбарлах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Дараагийн асуудал нь хуульд заасан эс үйлдэхүйтэй холбоотой. Ямар захиргааны акт гаргуулахыг даалгах гэж байгаа нь тодорхой байх ёстой. Нэхэмжлэгчийн сүүлд гаргасан тайлбараас үзвэл барилгын ажлыг зогсоолгох акт гаргахыг даалгах шаардлага гаргаж байна гэж ойлголоо. 2 хариуцагчийн аль байгууллагаас нь ямар захиргааны акт гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. Барилгын ажил явагдаагүй байхад түүнийг зогсоох тухай асуудал яригдах боломжгүй. Угаасаа барилгын ажил явагдаагүй, зөвхөн өмнөх онд бий болсон хэдэн шон, суурь байгаа нөхцөл байдалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь тодорхой бус, үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тайлбарлаж байгаа үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үйл баримт тогтоогдохгүй байна. Түүнчлэн яг энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол гаргасан гэх баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-иас анх 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын баталсан 2025/ тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 тоот шийдвэрээр олгогдсон газар дээр баригдаж буй “М*******” ХХК-ийн үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““М*******” ХХК-ийн нэгж талбарын 17 дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг зогсоохыг Нийслэлийн Засаг даргад болон Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгах” гэж өөрчилж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...М******* ХХК нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байхад хариуцагч захиргааны байгууллагуудаас уг барилгын ажлыг зогсоохгүй эс үйлдэхүй гаргасан” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
Шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд,
3.1. Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь нэгж талбарын 17 дугаар бүхий, гуравдагч этгээд “М*******” ХХК нь нэгж талбарын 17 дугаар бүхий Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн урд хэсэгт зэргэлдээ байрлах газруудыг эзэмшиж байх ба эдгээр газрууд кадастрын зургийн хувьд өөр хоорондоо давхцалгүй байна.
3.2. Нийслэлийн Ерөнхий архитектораас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ГБМЗХ2******* тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг иргэн П.Ст, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2025/ дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг “М*******” ХХК-д тус тус олгожээ.
3.3. “Х*******” ХХК-иас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 11/04 тоот албан бичгээр нийслэлийн Засаг даргад, мөн өдрийн 11/07 тоот албан бичгээр Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус хандан “... “М*******” ХХК болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар манай газарт шилжүүлэн барьсан шугам сүлжээг чөлөөлөх талаар хуульд заасан холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэх гомдол гаргажээ.
3.4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/7833 дугаартай албан бичгээр “Хот байгуулалт, хотын стандартын газраас ... гадна дулааны шугамын трасс нь нэгж талбарын 17 дугаартай “Х*******” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зурагтай давхцалгүйгээр угсрагдсан гэх тайлбар ирүүлснийг хүргүүлж байна” гэсэн хариуг өгсөн байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал тогтоогдов.
4.1. Хот байгуулалт, хотын стандартын газраас 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02/327 тоот албан бичгээр “... Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоогүй” гэх боловч нэгж талбарын 17 дугаар бүхий “М*******” ХХК-ийн эзэмшлийн газарт барилгын ажил явагдаж байгаа болох нь шүүхээс хийсэн үзлэгээр, агаар сансрын зурагт тусгагдсанаар тус тус тогтоогдов.
4.2. Нэгж талбарын 17 дугаар бүхий нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй газрын хэвлийд 300мм-ийн голчтой шугам болон 800мм-ийн голчтой 1а магистралын 2 хос дулааны шугамыг шилжүүлэн байрлуулсан болох нь
4.2.1. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02/1109 тоот албан бичгээр ирүүлсэн “... А ХХК-ийн ЕГ-шифр ABU-14/24 зураг төслийг боловсруулж 2025 онд шинэчилсэн” гэх тайлбар, хавсралтаар ирүүлсэн зурагт илэрхий давхцалтайгаар тусгагдсанаар/2 дугаар хавтаст хэргийн 88 дахь талд/,
4.2.2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас 2026 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ирүүлсэн “... дулааны шугамын хамгаалалтын бүстэй давхцалтай” гэх лавлагаа, түүний нэгдүгээр хавсралт зурагт давхцалтайгаар дүрслэгдсэнээр, /1 дүгээр хавтас хэргийн 226 дахь талд/
4.2.3. Хот байгуулалт, хотын стандартын газраас 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 02/327 тоот албан бичгээр ирүүлсэн инженерийн шугам сүлжээний тодруулга М1:500 зураг/1 дүгээр хавтаст хэргийн 177 дахь талд/-т тусгагдсанаар тус тус тогтоогдов.
4.2.4. Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн тус газруудын 2021, 2022 оны агаар сансрын зургуудаас үзвэл, 1999-2025 онд ашиглагдаж байсан дулааны 1б, 12а магистрал ил шугамууд нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газартай давхцалгүй байсан гэж үзэхээр байна.
4.3. Үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй газар нь хойд талаараа дулааны шугам, баруун талаараа авто зам, зүүн талаараа “М*******” ХХК-ийн эзэмшиж буй газар, урд талаараа орон сууцны хорооллын хашаагаар битүү хүрээлэгдсэн байдалтай болсон, улмаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нөхцөл байдал тогтоогдов.
5. Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 1.3. дугаар зүйлийн 1-д “Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/, 8.3 дугаар зүйлд заасан мэдэгдлээр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж болно”, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т ““зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд” /цаашид “эрх бүхий этгээд” гэх/ гэж хуулиар зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл төрийн зарим чиг үүргийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдийг”, 3.2 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:”, мөн хэсгийн 1.2-т “зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;” 8.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Барилга, хот байгуулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:”, мөн хэсгийн 3.3-т “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх” энгийн зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга” гэж заажээ.
6. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/961 дүгээр “Эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтаар Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан зөвшөөрөл олгох сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг Хот байгуулалт, хотын стандартын газарт бүхэлд нь шилжүүлсэн байх ба Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/361 дугаар “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар Барилгын тухай хууль тогтоомж, хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эрхлэхийг Хот байгуулалтын хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид үүрэг болгожээ.
7. Хуулийн холбогдох зохицуулалт болон нийслэлийн Засаг даргаас энгийн зөвшөөрөл олгох эрх шилжүүлсэн нөхцөл байдлаас үзвэл, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар нь олгогдсон энгийн зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих үүргийг хүлээж байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан “... “М*******” ХХК-ийн нэгж талбарын 17 дугаартай газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын ажлыг зогсоохгүй байгаа эс үйлдэхүй” гаргасан гэж үзэхээргүй байна.
8. Өөрөөр хэлбэл, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас нэгж талбарын 17 дугаар бүхий газарт “М*******” ХХК-д барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоогүй байх тул зөвшөөрөлгүйгээр барилга барих үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг хүлээхгүй байна. Энэ тохиолдолд хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
9. Харин хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих” чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барилга баригдаж буй үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн газарт барилга баригдах үйл ажиллагаа явагдаагүй, өмнөх архитектур төлөвлөлтийн даалгаврын хүрээнд олон жилийн өмнө эхлүүлсэн барилгын суурь байгааг зөвшөөрөлгүй барилга барьж байгаа гэж үзэхгүй” гэх агуулгаар тайлбарлах боловч тухайн газарт барилгын суурь ухсан, барилгын материалууд, тоног төхөөрөмж байршуулсан болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсоны зэрэгцээ хүчин төгөлдөр 2025/ тоот архитектур төлөвлөлтийн даалгаврын хүрээнд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй болох нь Хот байгуулалт, хотын стандартын газрын 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02/327, 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1/751, 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/884 тоот лавлагаагаар мөн тогтоогдож байх тул хариуцагч нийслэлийн Засаг дарга нь хуулиар хүлээсэн барилгын салбарт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
11. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж заасан бүрэн эрхээ нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлээгүй хэмээн тайлбарлаж байгааг хүлээж авах үндэслэлгүй.
12. Учир нь хуулийн энэхүү зохицуулалт хэрэгжих үндсэн нөхцөл нь тухайн баригдаж буй барилга байгууламж баримт бичгийн шаардлага хангаагүй болохыг тогтоосон улсын байцаагчийн дүгнэлт гарсан, эсхүл шүүхийн шийдвэр гарсан байх явдал бөгөөд тухайн тохиолдолд энэхүү нөхцөл бүрдээгүйн зэрэгцээ хариуцагч нь энэ асуудлаар шийдвэрлээгүй байна.
13. Тодруулбал, дээрх 3.3, 3.4 дэх хэсэгт дурьдсанчлан нэхэмжлэгч хуулийн этгээдийн гомдолд хариуцагч нийслэлийн Засаг даргаас хариу өгөхдөө Хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн зөрүүтэй тодорхойлолтод үндэслэн ““Х*******” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зурагтай давхцалгүйгээр угсрагдсан” гэх хариуг өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдал/4.2 дахь хэсэгт дурьдсан/-аас зөрүүтэй байх тул хариуцагч нь “Х*******” ХХК-ийн гаргасан гомдлыг шийдвэрлээгүй гэж үзэхээр, тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/7833 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “... бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцээгүй байна.
14. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрлээгүй асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй.
15. Мөн Нийслэлийн ерөнхий архитекторын 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/07 дугаар тушаалаар “... иргэн П.Ст эзэмшүүлсэн 17 нэгж талбарын дугаартай Үйлчилгээний түр барилга, байгууламжийн төлөвлөлт нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын баталсан 2025 оны 2501080209 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, Энхтайваны гүүрийг өргөтгөх, хүчитгэх ажлын Загвар зургийн трасст өртсөн байх тул 2020 оны ГБМЗХ2******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Загвар зургийг тус тус цуцалж” шийдвэрлэжээ.
16. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01-05/4141 тоот албан бичгээр “... дээрх газар нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 33 дугаар зүйлийн 33.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу танай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох болсныг үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг хүргүүлсэн.
17. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2/787 тоот албан бичигт “... дээрх нэгж талбарын 17 болон 17 дугаартай газрууд нь Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй дулааны шугамын хамгаалалтын бүс, цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүс /6_10кв/, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй тус тус давхцаж байна” гэсэн байхад нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05-02/3672 тоот албан бичгээр “Х*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох ажиллагааг хийж байгаа талаар гуравдагч этгээдийн ерөнхийлөгчид мэдэгдсэн байна.
18. Гэвч нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар аливаа шийдвэр гараагүйн зэрэгцээ “Х*******” ХХК-иас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 08/21 тоот албан бичгээр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан гаргасан “...уг газартай дүйцэхүйц үнэ цэнэ бүхий газар дүйцүүлэн олгох” хүсэлтийг шийдвэрлээгүй тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргахгүй байгаагаас үзвэл, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрч газар эзэмших эрх нь зөрчигджээ.
19. Иймд хариуцагч нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан гомдлыг бодит нөхцөл байдалд “тохируулан”, хуульд заасан арга хэлбэрээр шийдвэрлэж, газар эзэмшигчид хуулиар олгогдсон газраа эзэмших эрхийг хангах нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 1.3. дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.2. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.2, 3 дахь хэсэг, 8.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хэсгийн 3.3, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Х*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Х*******” ХХК-ийн гомдлыг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гомдлыг шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ