Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 578

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч-хохирогч О.Цэндбаяр

шүүгдэгч-хохирогч Д.Амарсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтэй ирүүлсэн ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

  1. Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 12-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Батгүрэн” ХХК-д барилгын арматурчин ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 2-рны байрны 9-00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:НЙ92031214/ Халзан овогт Даваадоржийн Амарсайхан. 

 

2. Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 13-нд Өмнөговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа Өмнөговь аймгийн Цагаан хаданд нүүрсний машин барьдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3-66 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  /РД:КД76111316/ Баяншар овогт Оюунтунгалагийн Цэндбаяр нарт холбогдох 1705014630611 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Д.Амарсайхан, О.Цэндбаяр нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Энэр зочид буудалд хоорондоо  маргалдан зодолдож Д.Амарсайхан нь О.Цэндбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, О.Цэндбаяр нь Д.Амарсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч-хохирогч О.Цэндбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд хохирогчийн хувиар нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч-хохирогч Д.Амарсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд миний мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Надад О.Цэндбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчоор О.Цэндбаяр мөрдөн байцаалтанд”...тухайн шөнө би өмнө нь буруу хэлсэн байсан ба одоо санаж байгаагаар Энэр нэртэй зочид буудалдаа буцаж шөнө архиа хайгаад 0,5 гр архи аваад буцаж буудалд орж ирж уучихаад 03 цагийн үед шиг санагдаад байна тухайн хэрэг болоод одоо бараг 7 сар орчим болсон учраас зарим нэгэн зүйлийг андуурч өмнө нь хэлсэн байж магадгүй одоо бол санаж байна. Өрөөнөөсөө гараад буудлын үйлчлэгч дээр очоод нэг бэлэн гоймон даруулах гэж яваад шатан дээр Амарсайхантай анх тааралдсан. Тэгээд би ахын дүү ганц нэг зарчихаар архи байгаа юу гэж асуухад за гэж хэлэх шиг болсон. Тэгээд би доошоо бууж бэлэн гоймонгоо даруулж идээд ганцаараа дээшээ гараад нөгөө залуугийн өрөөнд нь яваад орсон чинь 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан ба 1 эрэгтэй нь орон дээр согтоод унасан харин нөгөө 2 нь архи уугаад хажууд нь Амарсайханы эхнэр болох эмэгтэй сууж байсан. Тэгээд нэг жаахан юмнаас болоод маргалдаад би за за зарах архи байхгүй юм байна гээд эхнэрийг нь муу пизда минь гэх мэтээр архи уусан үедээ жаахан доромжилсон чинь Амарсайхан гэх энэ залуу намайг хаалгаар гарах үед хойноос гарч эхнэр болох хүнээ өмөөрөөд гарч ирээд намайг хойноос боогоод тэгээд бид 2 харилцан зодолдож бие биенээ гэмтээсэн.

… Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ тэр Амарсайханаас их зодуулсан учраас бид нарын хэн хэнийх нь уур гараагүй сандарсан байсан учраас буруу зөрүү зүйл ярьсан байхыг үгүйсгэхгүй, намайг хэн хэн цохиж зодсоныг нь хараагүй, харин Амарсайхан бид 2 харилцан бие биедээ гар хүрсэн юм. Гэхдээ хажууд эхнэр нь болон найз нь гэх эрэгтэй хамт байсан юм.

...Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Бид 2
адилхан монгол эр хүмүүс учраас хэн хэндээ гэмтэл учруулсан нэхэмжлээд байх мөнгө болон эмчилгээний зардал гэх зүйл байхгүй байна. Иймээс энэ хэргийг нааштай шийдвэрлэж өгнө үү. Мөн би өөрөө хөдөө ажилтай гэр бүлээ тэжээдэг учраас хурдан шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчоор Д.Амарсайхан мөрдөн байцаалтанд” Одоо Швейд улсад ажил хийхээр явсан байгаа Одбаяр гэдэг хүн тухайн үед гадаадаас ирээд удаагүй байсан ба бид нар уулзаагүй юм чинь гээд уулзахаар болоод 2017 оны 11 дүгээр 20-ны орой гэртэй байж байсан чинь Одбаяр над руу залгаад би 3,4 дүгээр хорооллын эцэст зочид буудлын өрөө авчихсан байна хүрээд ир гэхээр нь нилээн байж байгаад шөнийн 02 цаг болох гэж байхад эхнэр Доржнамжингийн хамт очсон. Би тэр буудлын нэрийг нь мэдэхгүй байна 2 давхарт тоотыг нь бас мэдэхгүй байна. Тэгээд гаднаас орох үед өрөөн дотор Одбаяр мөн найз Тэмүүлэн 2-лаа архи уусан согтуу байж
байсан. Мөн нэг жолооч гээд эрэгтэй хүн намайг ороод удалгүй гараад явсан. Ер нь бол анх ороход л Тэмүүлэн тасарсан тухайн хэрэг явдал болоод дуустал согтуу тасарсан байсан. Ингээд өрөөнд ороод манай эхнэр бид 3-лаа хамт 0,5 гр Хараа архи уусан. Дахиад нэг архи байсныг уугаад сууж байсан чинь гаднаас одоо энэ Цэндбаяр гэх хүн орж ирээд чимээгүй бай гээд чанга орилоод тэгээд бид нарыг амгалан тайван байдлыг алдагдуулсан. Тэгээд манай эхнэрийг янз бүрийн хэл амаар доромжлоод байхаар нь манай эхнэр очоод өрөөнөөс гар гээд хөөгөөд гарсан дахин доромжлоод байхаар нь би урдуур нь ороод та ер нь яах гээд байгаа юм бэ гээд тэгээд маргалдаж байсан юу юугүй нэг нэгнээ цохиод эхэлсэн. Тэгээд би эхлээд түлхсэн тэр хүн хариуд нь үйлдэл
хийгээд нэг нэгнээ гараа цохиж зодож гэмтээсэн. Энэ үед манай эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Мөн тэр үед миний хойноос Одбаяр гарч ирээд намайг тэр хүнээс салгасан. Цэндбаяр гэдэг хүнд гар хүрээгүй юм. Харин манай эхнэр сандраад тэр үед хаана байсныг нь би мэдэхгүй байна...надад ямар нэгэн гомдол  санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр О.Доржнамжин мөрдөн байцаалтанд” Би өдрийг нь гэхдээ санахгүй байна. Гэхдээ шөнө гэртээ унтаж байсан чинь нөхрийн найз одоо гадаадад ажил хийж байгаа Одбаяр утсаар яриад хүрээд ир гээд бид 2-ыг 3.4-р хорооллын эцэст зочид буудалд байна гэхлээр нь нөхөр бид хоёулаа бараг шөнийн 02 цагийн үед байх тус буудалд нь очсон. Тэгээд буудлын өрөөнд орох үед нэг эрэгтэй хүн зөрж гарч явсан тэр хүн удаагүй явсан. Харин дотор Одбаяр гэдэг найз нь мөн Тэмүүлэн гэх эрэгтэй согтуу тасарчихсан орон дээр унтаж байсан. Тэгээд бид нар архи уусан сууж байсан чинь гаднаас нэг ах орж ирээд Цэндбаяр зөөлөн бай чанга яриад байна гэх мэтээр амар тайван байлгахгүй байсан. Тэгээд би уурлаад тэр ахыг гар гээд хөөсөн чинь над руу уурлаад намайг янз бүрээр доромжлоод байсан тэгсэн чинь манай нөхөр Амарсайхан намайг өмөөрч хүн л болсон хойно ирээд тэр ахтай маргалдаад нэг мэдсэн нэг нэгнээ цохиж зодоод эхэлсэн би тэр үед их айсан байсан учраас хурдан цагдаа дуудах гээд доошоо гүйгээд явсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд буцаад ирсэн тэр 2 хоорондоо хэрэлдээд тэгээд нэг болиод буцаад зууралдаад л тэгээд бие биедээ тэр гэмтлүүдийг үүсгэсэн юм. Тухайн үед тэр хоёрын царай зүс нь нил цус болчихсон байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө ахыг нь авч яваад эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Харин бид нар буудалдаа үлдсэн юм. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар Д.Амарсайхан мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой гэртээ байж байсан чинь найз Одбаяр над руу залгаад
би 3,4-р хорооллын эцэст зочид буудлын өрөө авчихсан байна хүрээд ир гэхээр нь шөнийн 02 цаг болох гэж байхад эхнэр Доржнамжингийн хамт очсон. Би тэр буудлын нэрийг нь мэдэхгүй байна 2 давхарт тоотыг нь мэдэхгүй байна. Тэгээд гаднаас орох үед өрөөн дотор Одбаяр мөн найз Тэмүүлэн хоёулаа архи уусан согтуу байж байсан мөн нэг жолооч гээд эрэгтэй хүн намайг ороод удалгүй гараад явсан. Ер нь бол анх ороход л Тэмүүлэн тасарсан тухайн хэрэг явдал болоод дуустал согтуу тасарсан байсан. Ингээд өрөөнд ороод манай эхнэр бид гурвуулаа хамт 0,5 гр хараа архи уусан. Дахиад нэг архи байсныг уугаад сууж байсан чинь гаднаас одоо энэ Цэндбаяр гэх
хүн орж ирээд чимээгүй бай гээд чанга чанга орилоод тэгээд бид нарын амгалан
тайван байдлыг алдагдуулсан. Ингээд манай эхнэрийг бас янз бүрийн хэл амаар
доромжлоод байхаар нь манай эхнэр очоод өрөөнөөс гар гээд хөөгөөд гарсан
дахин доромжлоод байхаар нь би урдуур нь ороод та ер нь яах гээд байгаа юм
бэ гээд тэгээд маргалдаж байсан тэгээд л нэг нэгэн рүүгээ үсчиж дайрч байгаад
цохиод эхэлсэн. Тэгээд би эхлээд түлхсэн тэр хүн хариуд нь үйлдэл хийгээд нэг
нэгнээ гараараа цохиж зодож гэмтээсэн. Энэ үед манай эхнэр цагдаад дуудлага
өгсөн байсан. Мөн тэр үед миний хойноос Одбаяр гарч ирээд намайг тэр хүнээс
салгасан ба тэр Цэндбаяр гэдэг хүнд гар хүрээгүй юм. Тэгээд удалгүй цагдаа нар
ирээд тэр ахыг ганцааранг нь аваад явсан. Харин бид нар буудалдаа үлдсэн.
Тэгээд дараа нь эмнэлэгт очиж үзүүлсэн юм. /хх-ийн 47/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар О.Цэндбаяр мөрдөн байцаалтанд:..Тухайн шөнө би өмнө нь буруу хэлсэн байсан ба одоо санаж байгаагаар Энэр нэртэй зочид буудалдаа буцаж шөнө архиа хайгаад 0,5 гр архи аваад буцаж буудалд орж ирж уучихаад 3 цагийн үед шиг санагдаад байна. Тухайн хэрэг болоод одоо бараг 7 сар орчим болсон учраас заримнэгэн зүйлийг андуурч өмнө нь хэлсэн байж магадгүй одоо бол санаж байна. Өрөөнөөсөө гараад буудлын үйлчлэгч дээр очоод нэг бэлэн гоймон даруулах гэж яваад шатан дээр юу гэж асуухад за гэж хэлэх шиг болсон. Тэгээд би доошоо бууж бэлэн гоймонгоо
даруулж идээд ганцаараа дээшээ гараад нөгөө залуугийн өрөөнд нь яваад орсон
чинь гурван  эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан ба нэг эрэгтэй нь орон дээр согтоод унасан харин нөгөө хоёр нь архи уугаад хажууд нь Амарсайханы эхнэр болох эмэгтэй сууж байсан. Тэгээд нэг жаахан юмнаас болоод маргалдсан ба би за за зарах архи байхгүй юм байна гээд эхнэрийг нь муу пизда минь гэх мэтээр архи уусан үедээ жаахан доромжилсон чинь Амарсайхан гэх энэ залуу намайг хаалгаар гарах үед хойноос гарч эхнэр болох хүнээ өмөөрөөд гарч ирээд намайг хойноос боогоод тэгээд бид 2 харилцан зодолдож бие биенээ гэмтээсэн. /хх-ийн 51/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14595 дугаартай: Д.Амарсайханы биед дух, баруун, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн чихний ба  ар хөхлөг хэсэг, ооч, хүзүү, баруун дал, баруун тохойны зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалга, баруун шилбэний цус хуралт, доод уруулын язрал, цус хуралт, баруун мөр, баруун, зүүн шуу, цээжний цус хуралт, зулгаралт, хамрын ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 32/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14561 дугаартай: О.Цэндбаярын биед тархи доргилт, хоёр нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зулай, чамархай, хамар, зүүн хацар, хоёр нүдний зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, зовхи, уруулд цус хуралт, зүүн дээд зовхи гадна хэсэг, уруул, зүүн сарвуу 3 дугаар хураанд шарх, баруун дээр 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, доод уруул дотор салтсад цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, тохой, бүсэлхий, баруун тохойн, шуунд зулгаралт, цээж хэвлийд цус хуралт, зулгаралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо з үйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 34/ гэсэн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Амарсайханы нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх мэдээлэл /хх-ийн 53/, тээврийн хэрэгслийн лавлагаа хх-ийн 56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 86/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 88/

 

Шүүгдэгч О.Цэндбаярын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 60/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 85/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Д.Амарсайхан, О.Цэндбаяр нар согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энэр” зочид буудалд хоорондоо маргалдан зодолдож харилцан бие биедээ хохирогч-шүүгдэгч байх бөгөөд Д.Амарсайхан нь О.Цэндбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, О.Цэндбаяр нь Д.Амарсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:                                                                                                  

хохирогчоор О.Цэндбаярын”...Амарсайхан гэх энэ залуу намайг хаалгаар гарах үед хойноос гарч эхнэр болох хүнээ өмөөрөөд гарч ирээд намайг хойноос боогоод тэгээд бид 2 харилцан зодолдож бие биенээ гэмтээсэн...” /хх-ийн 20/,                                  хохирогчоор Д.Амарсайханы”...манай эхнэрийг...дахин доромжлоод байхаар нь би урдуур нь ороод...юу юугүй  нэг нэгнээ цохиод эхэлсэн...” /хх-ийн 24/, гэрчээр О.Доржнамжин”...манай нөхөр Амарсайхан намайг өмөөрч...тэр ахтай маргалдаад нэг мэдсэн нэг нэгнээ цохиж зодоод эхэлсэн” /хх-ийн 30/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14595 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14561 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Д.Амарсайхан, О.Цэндбаяр нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Цэндбаяр, Д.Амарсайхан нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь О.Цэндбаяраас гаргасан “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, Д.Амарсайханаас гаргасан   “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Амарсайхан, О.Цэндбаяр нарыг тус тус дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг шүүгдэгч нарт  танилцуулсныг тэдгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Халзан овогт Даваадоржийн Амарсайхан, Баяншар овогт Оюунтунгалагийн Цэндбаяр нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Амарсайхан, О.Цэндбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Амарсайхан, О.Цэндбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ