| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/00043/И |
| Дугаар | 191/ШШ2025/03783 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/03783
| 2025 05 02 | 191/ШШ2025/03783 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 дугаар байранд байрлах Монцемент билдинг материалс ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 0 тоотод байрлах, Улаанбаатар групп ХХК /РД:000000/-д холбогдох,
Нийлүүлсэн цементийн төлбөр 189,294,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монцемент билдинг материалс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Улаанбаатар групп" ХХК-д тус компанийн хүсэлтийн дагуу 2024 оны 6 сарын 20-ны өдрөөс 2024 оны 07-р сарын 09-ний өдрийн хүртэлх хугацаанд 1 тонн нь 280,000 төгрөгийн үнэ бүхий 676.05 тонн нийт 189,294,000 төгрөгийн үнэ бүхий цементийг зээлээр нийлүүлсэн.
Тус зээлээр нийлүүлсэн цементийн төлбөрийг 2024 оны 10-р сарын 03-ны өдрийн 3/262 тоот албан бичгээр 2024 оны 10-р сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахыг, тус хугацаанд цементийн төлбөрийг төлөөгүй учир дахин 2024 оны 11-р сарын 07-ны 3/285 тоот албан бичгээр 2024 оны 11-р сарын 20-ны өдрийн дотор төлөхийг шаардсан боловч тус компани нь цементийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, албан тоотуудад хариу ирүүлээгүй болно.
Иймд цементийн төлбөр 189,294,000 /Нэг зуун наян есөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Улаанбаатар групп" ХХК- аас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч Монцемент билдинг материалс ХХК /РД:5106567/-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нөгөө талаас хариуцагч Улаанбаатар групп ХХК /РД:5749093/-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш нар нь /цаашид хамтад нь "талууд" гэх/ доорх нөхцөлийг харилцан тохиролцож байгуулав.
1. Монцемент билдинг материалс ХХК нь Улаанбаатар групп ХХК-д 2024 оны 06-р сарын 20-ны өдрөөс 2024 оны 07-р сарын 09-ний өдрийн хүртэлх хугацаанд 1 тонн нь 280,000 төгрөгийн үнэ бүхий 676.05 тонн нийт 189,294,000 төгрөгийн цемент нийлүүлсэн бөгөөд 2024 оны 07-р сарын 31-ний өдрийн байдлаар 189,294,000 төгрөгийн өглөг, авлагатай болохыг тооцоо нийлсэн акт үйлдэж талууд баталгаажуулсан болно.
2. "Улаанбаатар Групп" ХХК нь 2025 оны 04-р сарын 01-ний өдрийн 92 тоот цементийн төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлтийг Монцемент билдинг материалс ХХК-д хүргүүлсэн бөгөөд Монцемент билдинг материалс ХХК нь тус хүсэлттэй танилцан 2025 оны 04-р сарын 02-ны өдрийн 3/69 тоот хариу албан тоотыг "Улаанбаатар групп" ХХК-д хүргүүлж, харилцан тохиролцсон болно.
3. Цементийн төлбөрийг дараах хуваарийн дагуу ******* нь Монцемент билдинг материалс ХХК-д төлж барагдуулна. Төлбөр төлөх хугацаа: 2025.04.05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025.06.05-ны өдөр 89,294,000 төгрөг
4. Төлбөрийг Монцемент билдинг материалс ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 404 1 тоот дансанд төлбөр төлөх хугацаанд нь шилжүүлнэ.
5. Энэхүү эвлэрлийн гэрээг 3 хувь үйлдэж, талууд тус бүр 1 хувийг хадгалахаар, 1 хувийг шүүхэд талуудын эвлэрлийг баталж, өгөхөөр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монцемент билдинг материалс ХХК нь хариуцагч Улаанбаатар групп ХХК-д холбогдуулан нийлүүлсэн цементийн төлбөр 189,294,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улаанбаатар групп ХХК нь Монцемент билдинг материалс ХХК-ийн нэхэмжилсэн 189,294,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.04.05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025.06.05-ны өдөр 89,294,000 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Улаанбаатар групп ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Улаанбаатар групп ХХК нь Монцемент билдинг материалс ХХК-ийн нэхэмжилсэн 189,294,000 /нэг зуун наян есөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.04.05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025.06.05-ны өдөр 89,294,000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Улаанбаатар групп ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монцемент билдинг материалс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,104,420 төгрөгөөс 552,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 552,210 төгрөгийг, хариуцагч Улаанбаатар групп ХХК-иас 552,210 /таван зуун тавин хоёр мянга хоёр зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Монцемент билдинг материалс ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА