Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 23

 

Г.*******т холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Ж.Баттогтох, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Прокурор Б.*******а Шүүгдэгч Г.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* Хохирогч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.*******ын давж заалдсан гомдлоор Г.*******т холбогдох 201513000172 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумд төрсөн, 39 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Завхан аймгийн Алдархаан сумын багт оршин суух ******* ******* овгийн *******ийн *******. Шүүгдэгч Г.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: ******* ******* овгийн *******ийн *******ыг бусдыг байнга зодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, шүүгдэгч Г.*******т өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Г.******* тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Г.******* давж заалдсан гомдолдоо: Завхан аймгийн Дөрвөлжин сумд төрсөн. Одоо Завхан аймгийн Алдархаан сумын багт оршин сууж байна. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн. Баривчлах ял авах болсон шалтгаан нь хэрүүл, маргааны улмаас эхнэрээ удаа дараа зодсноос болж шийтгэгдсэн. Эхнэр Ц.*******ын биед үүссэн шарх, сорви, гэмтэл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ прокурор, шүүгч болон эхнэр хүүхдүүдээсээ уучлал гуйж байна. Миний хүсэлтийг хүлээн авч анхан шатны шүүхээс оногдуулсан 05 сарын баривчлах ялыг цагдан хоригдсон хоногоор нь тооцож суллаж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр Ц.******* болон прокурор, шүүгч та бүхнээс уучлалт гуйж байна. Эхнэр бид хоёр 7-8 сард сулийн өвс түүж, зардаг. Манай том охин энэ жил оюутан болно, иймээс би ажил хийж мөнгө олмоор байна гэв. Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.*******ын гэмт хэрэгт холбогдсон өмнөх үйлдлүүд 2015 онд батлагдсан Өршөөлийн хуулиас өмнө болсон үйлдлүүд байдаг. Иймээс тус хууль батлагдахаас өмнөх үйлдлүүдийг Өршөөлийн хуульд хамруулахгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс тэр тусмаа хадам аав, ээжийнх нь мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь ар гэрийн амьдралаа авч явдаг хүн болох нь харагдаж байгаа юм. Шүүгдэгч Г.*******ын үйлдэл нь Өршөөлийн хууль батлагдахаас өмнө болсон үйлдэл байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв. Хохирогч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Архи уухаараа л намайг зоддог, одоо засрах байлгүй гэж бодож байна гэв. Прокурор Б.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн урьдах үйлдэл дээр шүүгдэгчийн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацааны асуудал ярьдаг. Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан бусдын байнга зодох, тарчлаах гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд авч үзвэл үргэлжилсэн үйлдэл, давтан байнгын шинжүүдээрээ 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдахгүй юм. Энэ үүднээсээ ялтан Г.*******ын 05 удаагийн үйлдэлд нь холбогдуулж баривчлах ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Г.******* нь эхнэр Ц.*******тай 1999 онд гэр бүл болсноос хойш архи уухаараа агсам тавьж, хэл амаар доромжилж байнга зоддог, гэрийнхээ эд зүйлийг эвддэг, зүгээр байж байхад зоддог гэсэн хариултыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн, мөн хэрэгт авагдсан гэрч Б.*******, А.*******, Ш., Ц., Т. нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.******* нь эхнэр Ц.*******ыг байнга зоддог болох нь нотлогдон тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон баривчлах ял оногдуулсан бөгөөд ял хүнддээгүй байна. Шүүгдэгч Г.******* нь би хийсэн хэрэгтээ маш их гомдож байна. Эхнэр хүүхдээсээ уучлал гуйж байна. Иймд миний ялыг хөнгөлж өгнө үү гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД  Б.ДАМБА
Ж.БАТТОГТОХ