Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 22

 

.Б-ы нэхэмжлэлтэй, Нийслэлийн

Засаг даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Г.Банзрагч                                                      Б.Мөнхтуяа

                                                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгох, Ж.Б-ыг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг даалгах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0494 дүгээр шийдвэр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 559 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ж.Б, өмгөөлөгч Т.Ц, Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0494 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-ыг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1 сар 30 хоногийн цалин 2,004,580 /хоёр сая дөрвөн мянга таван зуун наян/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 559 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0494 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3/, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-ыг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1 сар 30 хоногийн цалин 2,004,580 /хоёр сая дөрвөн мянга таван зуун ная/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нийслэлийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.4-т зааснаар захиргааны байгууллага байх боловч энэ нь хувийн эрх зүйн харилцаанд орохгүй гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл Нийслэл Засаг дарга нь нийтийн болон хувийн эрх зүйн харилцаанд аль алинд нь оролцоно. Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ж.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэл болгосон буюу Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн маргаан үүссэн учир хувийн эрх зүйн маргаан болно. Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нөхцөл, баталгааны талаарх маргаан үүссэн бол нийтийн эрх зүйн буюу захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан болох юм. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уг асуудлаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэгийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 182/Ш32019/05523 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байна. Нэхэмжлэгч Ж.Б- нь “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан. Уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалын ангилалд хамаарахгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 16 дугаар зүйлд заасан Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар буюу аж ахуйн нэгжийн удирдах албан тушаал юм. Гэтэл анхан шатны шүүх Төрийн албан тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал гэж хуулийг буруу хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүхийн хувьд “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалыг “төрийн албан хаагч” эсхүл “нийтийн албан тушаалтан” аль нь болох нь тодорхойгүй дүгнэлт хийсэн.

4. Нэхэмжлэгч захиргааны болон иргэний хэргийн шүүхүүдэд нэг өдөр нэхэмжлэл өгч аль аль шүүх нь хэрэг үүсгэсэн байдаг. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх 6 сарын 28 өдөр, иргэний хэргийн шүүх 7 сарын 01 өдөр үүсгэсэн учир захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэх агуулгаар шийдвэрлэж байгаа нь логикгүй бөгөөд үндэслэлгүй байна. Цаг хугацааны хувьд түрүүлж хэрэг үүсгэсэн шүүх нь шийдвэрлэдэг бол хэргийн харьяаллын утга учир алдагдана. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

5. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх “хувийн ашиг сонирхлын мэдүүлэг” гаргаж байгаа бол тухайн албан тушаалтан нь төрийн албан хаагч гэх агуулгаар дүгнэж байгаа нь огтхон ч үндэслэлгүй байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан нийтийн албан хашиж байгаа этгээдүүд бүгд төрийн албан хаагч биш юм. Тухайлбал, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаал нь дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт хамаарах төрийн албан хаагч бус нийтийн албан тушаалтан юм. Нийтийн албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт заасан захиргааны байгууллага, албан тушаалтныг ойлгоно.

6. Улсын дээд шүүхийн 2007 оны 7 сарын 02 өдрийн 32 дугаар “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай” тогтоолын 3.1-т хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь шүүхэд харьяалагдах бөгөөд тэдгээрийн дотор ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг ерөнхий харъяаллын шүүхүүд ... шийдвэрлэнэ. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаантай хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан байх шаардлагатай. Бусад тохиолдолд төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчийг ажлаас халсан асуудлыг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ гэж тайлбарлажээ. Иймд уг маргааныг Иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ гэж үзэж байна.

7. Давж заалдах шатны шүүх “энэ төрлийн маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх талаар тухайлан зааж хуульчлаагүй байна” гэх дүгнэлт хийсэн. Хуульд үг бүрчлэн тодорхой зааглан зохицуулаагүй ч хуулийг логик, зарчмынх нь дагуу тайлбарлан хэрэглэх боломжтой байсан.

8. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 16 өдрийн 128/ШШ2019/0494 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30 өдрийн 559 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх хууль зөрчиж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг зөрчсөнийг давж заалдах шатны шүүх мэдсэн атлаа хуулийг буруу тайлбарлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгосон эрхийг хангалгүй хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хариуцагчийн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарлаж, хуульд заасан эрхийг эдлүүлээгүй нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй байна гэж хуулийг буруу тайлбарласан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжид гомдол гаргах ямар ямар үндэслэлүүдийн талаар давж заалдах шатны шүүх сонсоогүй атлаа өөрөө дур мэдэн үнэлж шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн.

10. Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 16 өдрийн 128/ШШ2019/0494 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30 өдрийн 559 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

12. Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан учраас” гэх, давж заалдах шатны шүүх “маргаж буй шийдвэрийг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд гаргасан учраас” гэх үндэслэлээр, уг маргааныг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж буруу дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг, материаллаг бусад хуулийн зохицуулалттай уялдуулан тайлбарлаж хэрэглээгүйгээс харьяаллын бус маргааныг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

13. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар 3 ангилсан ба үүний нэг болох төрийн өмчит үйлдвэрийн газрыг дотор нь “өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар” гэж, “өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар” гэж мөн хоёр ангилсан, энэ тохиолдлын хувьд “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” нь нийслэлийн буюу орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ангилалд хамаардаг, нийслэлийн Засаг дарга нь мөн хуулийн 78 дугаар зүйлийн 2-ын 2-т заасныг үндэслэн тус байгууллагын даргаар Ж.Б-ыг томилж ажиллуулсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

14. Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.1.төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал; 14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал; 14.1.3.яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж зааснаас үзвэл,“Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахгүй юм.

15. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн үйлчилгээний албан тушаал”-д хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч бүрийн эрх зүйн байдлыг тус хуулиар тогтоогоогүй бөгөөд маргааны зүйл нь нийтийн эрх зүйн хүрээнд хамааралгүй тохиолдолд, ийм маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй, нэхэмжлэгч Ж.Б- нь төрийн үйлчилгээний албан хаагч хаагч биш болохын зэрэгцээ түүний нэхэмжлэлээр үүсгэсэн маргаан нь хувийн эрх зүйд хамааралтай байхад дээр дурдсан үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй.

16. Мөн, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг хувийн эрх зүйн хүрээнд гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс, уг шийдвэрийг гаргасан нийслэлийн Засаг даргын эрх зүйн байдалтай нь холбогдуулан, “нийтийн эрх зүйн хүрээнд шийдвэр гаргадаг этгээдээс гаргасан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан “Контракт”-тай холбогдуулан гаргасан Ж.Б-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хянаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу.

17. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 19 дүгээр зүйлийн 1-д “аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг /цаашид “захирал” гэх/ томилохдоо гэрээ байгуулна ...” гэж заасны дагуу “орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалтын үр ашгийг дээшлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх талуудын харилцааг зохицуулах, эрх, үүрэг хариуцлага”-ыг тодорхойлж, хөдөлмөрийн “контракт” гэрээг нийслэлийн Засаг даргыг төлөөлж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга нь, нэхэмжлэгч Ж.Б-тай 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “контракт”-аар үүрэг гүйцэтгэх харилцаа нь нийтийн эрх зүйд хамааралгүй буюу иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах харилцаа байна.

18. Шүүхүүд, дээрх үндэслэлгүй дүгнэлтээр иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул хяналтын шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг хэрэглэж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д заасныг үндэслэн Ж.Б-ы нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

19. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Б.Э нараас тус тус хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0494 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 559 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Ж.Б-ы нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох “нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгох, Ж.Б-ыг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг даалгах тухай” захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                     Ч.ТУНГАЛАГ