Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ20176/00221

 

“МТ Петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2016/01090 дүгээр шийдвэр,         

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар магадлалтай,

“МТ Петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Буянт төв” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 54.660.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч В.Ганболд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Буянт төв” ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаатай, 57/15 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт 42.000 литр түлшний 30 хувийг урьдчилан авсан бөгөөд үлдэгдэл 70 хувь буюу 38.440.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр дотор шилжүүлэхээр байсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Бид төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 38.440.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 19.220.000 төгрөг нийт 57.660.000 төгрөгийг барьцааны гэрээний зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  “Буянт  төв” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Саруул шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 онд “МТ Петролиум ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийн 30 хувийг төлж, үлдсэнийг нь намар төлөхөөр тохирсон. 2015 онд Монгол орныг хамарсан ган болж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас манай компани ургацынхаа 80 орчим хувийг алдаж санхүүгийн хүндрэлд орсон. Энэ талаар харилцагч “МТ Петролиум” ХХК-д мэдэгдэж зээлийн гэрээний хугацааг сунгахыг хүссэн дагуу тус компани манай компанитай тооцоо нийлсэн акт үйлдэж, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Газар тариалангийн бизнес нь өөрөө онцлогтой намар л орлого олдог. 2016 онд тариагаа тариад тус ондоо багтаан төлье гэсэн хүсэлт гаргасан боловч, “МТ Петролиум” ХХК манайд бичгээр хариу өгөөгүй. “МТ Петролиум” ХХК-д өөрсдийн боломжоороо төлөх ёстой 36.440.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 36.440.000 төгрөгийг төлж барагдуулна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж манай компани ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн, санхүүгийн хүндрэлд орсон учраас гэрээний алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2016/01090 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг 243.1-д зааснаар хариуцагч “Буянт төв” ХХК-иас 54.660.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Буянт төв ХХК-иас 446.250 төгрөгийг гаргуулж. нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2016/01090 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дугаар заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1...” гэсний дараа “...232 дугаар зүйлийн 232.4...” гэж, шийдвэрийн 2 дугаар заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр 3.000.000 төгрөгийн шаардлагаасаа  татгалзсаныг баталсугай” гэсэн заалтыг нэмж оруулан, “2, 3” дахь заалтыг “3. 4” дэх заалт болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Буянт төв” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249.050 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Буянт төв” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Саруул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр гомдол гаргаж байна.

Талууд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж гэрээ ёсоор урьдчилгаа төлж үлдэгдэл төлбөрийг зохих хувиарын дагуу төлөхөөр тохирч хэрэв хугацаа хэтэрвэл алданги төлөх, мөн хүндэтгэн үзэх шалтгаан гарвал энэхүү алданги болох хариуцлагаас чөлөөлөгдөхөөр хуулийн дагуу гэрээнд тусгаж тохирч талуудын эрх ашиг чөлөөт байдлыг хангаж хийгдсэн гэрээ болно.

Гэтэл уг шийдвэр магадлалд: Гэрээнд тусгагдсан хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүсч бий болсон (2015 оны ган) байтал энэхүү гэрээний заалтыг хангалгүй шийдвэрлэсэн нь зохих хуулийг хэрэглээгүй, үүнд иргэний хуулийн 189 дугаар зүйл 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээнд заасан нөхцөлөөр алданги болох 18.220.000 төгрөг төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж гомдолтой байгаа тул уг хэргийг хянаж магадлалын алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК нь хариуцагч “Буянт төв” ХХК-д холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 38.440.000 төгрөг, алданги 19.220.000 төгрөг нийт 57.660.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 42.000 литр дизель түлш худалдан авч, төлбөрийн 30 хувийг төлж үлдэх 38.440.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3.000.000 төгрөг төлсөн нь тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, түүний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй бөгөөд гэрээний үүргийг хариуцагч бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.

Дээрх гэрээний 3.2-т “Худалдан авагч нь ...үлдэгдэл төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор ...төлнө”, 5.1-д “...заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувийн алданги төлнө...” гэж заасан ба алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангахдаа шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлаагүй нь буруу.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч төлбөрөөс 3.000.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч 54.660.000 төгрөгийн шаардлага гаргасан гэж үзнэ.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон “Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”, Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04/22 тоот албан бичгийг давагдашгүй хүчин зүйлд тооцох боломжгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...шийдвэрийн 2 дугаар заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр 3.000.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай” гэсэн заалтыг нэмж оруулан, “2, 3” дахь заалтыг “3, 4” дэх заалт болгон” гэснийг хасч өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “Буянт төв” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 249.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ