| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2406000002640 |
| Дугаар | 2025/ДШМ/107 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Э.Дөлгөөн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/107
Д.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Дөлгөөн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1327 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Дөлгөөний бичсэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар эсэргүүцлээр шүүгдэгч Д.Б-д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ын Б, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр **************** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “СӨХ”-д талбайн цэвэрлэгч ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт ******* дүүргийн ***дугаар хороо *** тоотод оршин суух,
Урьд: - Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:*******/;
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 17-оос 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай амны баруун салаа ам орчмоос Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны үр, идээ болох самрыг 2 шуудай буюу 73.2 кг-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, ******* улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 7.239.480 төгрөгийн хохирол учруулан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-ийг “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний хэлтэст хадгалагдаж байгаа 73.2 килограмм Сибирь хушны үр, идээг зохих үнэлгээг хийж худалдаж борлуулж хохирол төлбөрөөс хасаж тооцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6.468.000 төгрөгийг шүүгдэгч Д.С-эс гаргаж улсын орлогод оруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.С-эс 11.472.400 төгрөгийг албадан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Дөлгөөн давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/282 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам” нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/155 дугаартай тушаалаар хүчингүй болсон журам байх ба Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа буюу 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан А/450 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмаар ойн дагалт баялаг /цаашид "нөөц" гэх/-ийг хамгаалах, нөөцийг тогтоох, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон хяналт тавих үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулж байсан байна.
2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан А/450 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 3.4-д “Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-оос дараа оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэнэ", 5.5-д “Нөөцийг ашиглагч этгээдэд Ойн анги эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч энэхүү журмын хоёрдугаар хавсралтаар батлагдсан нөөцийг ашиглах бичгийг, гуравдугаар хавсралтаар батлагдсан нөөцийн гарал үүслийн бичгийг тээврийн хэрэгсэл тус бүрээр олгоно”, 5.6-д “Нөөцийг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч Ойн дагалт баялгийн нөөцийг ашиглах бичгийг иргэнд 10 хүртэл, аж ахуйн нэгж байгууллагад 30 хүртэл хоногийн хугацаатай олгоно. Нөөцийг бэлтгэж амжаагүй бол хүсэлтийг үндэслэн иргэнд 5, аж ахуйн нэгж байгууллагад 10 хүртэл хоногийн хугацаагаар 1 удаа сунгаж болно” гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Б нь нөөц ашиглах бичиггүй, журамд заасан бэлтгэх хугацааг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан Сибирь хуш модны үр, идээ болох самрыг 2 шуудай буюу 73.2 кг-г түүж бэлтгэн, *******улсын дугаартай "“*******” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан болох нь тогтоогдсон байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн А/282 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан хүчингүй болсон “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмыг шийдвэрийн үндэслэл болгон дүгнэж уг журмаар иргэдэд 50 кг хүртэл самрыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэх эрх олгосон мэтээр тайлбарлаж хэрэглэсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх ба дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр зөвтгүүлэх шаардлагатай байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.С-с 36,199,200 төгрөгийг албадан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай гэж” өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн…” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 17-оос 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай амны баруун салаа ам орчмоос Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны үр, идээ болох самрыг 2 шуудай буюу 73.2 кг-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, ******* улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 7.239.480 төгрөгийн хохирол учруулан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэгдлэл /хх 4/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-11/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 12-17/,
эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 20/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалын ургамлын тухай хуульд "Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална" гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор 36.197.400 (гучин зургаан сая нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун төгрөг) төгрөгийн нэхэмжилж байна. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” /хх 27-29/,
гэрч Б.А-ын: “...******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Би хувийн хэрэглээндээ ашиглаж байгаад зарсан...” /хх 34/,
шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2909 дугаар “...1. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар ургамлын үржлийн эрхтэн буюу үр. 2. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон ургамал. 3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour -ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. 4. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй. 5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 26.6-28.5% байх тул нойтон байна. 6. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд чанар, жинд өөрчлөлт орох боломжтой. 7. Дээрхи стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй. 8. Экологи-эдийн засгийн үнэлгээ 7,239,480 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 36.197.400 төгрөг байна....” дүгнэлт /хх 40-44/,
“Дамно Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн “…*******улсын дугаартай "**********” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ 6.468.000 төгрөг…” гэсэн дүгнэлт /хх 49-55/
шүүгдэгч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улиастайн уул руу явсан тэгээд тэр өдрөө машинтайгаа шаварт сууж хоноод 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө шавраас гараад өдөр нь дахин шаварт суугаад дахиад хоноод 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн үед шавраас гараад шаваргүй газарт очоод отоглоод самар түүж эхэлсэн тэгээд 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн үед манай хамтран амьдрагч одоо 3 сартай жирэмсэн юм тонус өгөөд бие нь өвдөөд байна хурдан ир гэхээр нь түүсэн боргоцойгоо гараараа мушгиж цайруулаад 2 ширхэг шуудай болгосон. Тэгээд эд зүйлээ ачаад модноос буусан. Би самар түүж бэлтгэхдээ өөрийнхөө 50-05УБЛ улсын дугаартай 1999 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2004 Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгсэл ашигласан. Тухайн тээврийн хэрэгслийг би 2021 онд Оогий гэх залуугаас 14.500.000 төгрөгт бодож авч байсан. Энэ машины эзэмшигч нь өөр хүн байдаг би нэрээ шилжүүлж аваагүй байгаа юм...” /хх 61-63, 76/,
Байгаль орчны газрын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2344 тоот албан бичиг “...Нийслэлийн ногоон бүсэд 2024 онд иргэн, аж ахуйн нэгжид "Хуш модны самар" түүх зөвшөөрөл олгосон эсэх талаарх мэдээллийг гаргуулан авах албан хүсэлттэй танилцлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13- ны өдрийн А/450 дугаар тушаал "Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам"-ын 3.4. дэх заалтад "Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэнэ." гэж заасан тул тус байгууллагын зүгээс хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй болно...” /хх 65/,
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 04/4212 тоот албан бичиг “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалаар батлагдсан "Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам"-ын 3.4-т "Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэнэ" гэж заасан байдаг. Иймд хуш модны самрыг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс түүж эхлэхийг үүгээр мэдэгдэж байна...” /хх 67/,
газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01-09-6668 дугаар албан бичиг /хх 69-70/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Бийг Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай амны баруун салаа ам орчмоос Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны үр, идээ болох самрыг зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б-ийг Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 73.2 килограмм Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, ойн санд хохирол учруулан, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 3 дугаар сарын 30-ны өдөр баталсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зөв, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан суурь хууль бөгөөд уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг газар, ус, агаар, ургамал, амьтан гэх зэргээр төрөлжүүлэн салбарын хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
Тухайлбал, Байгалийн ургамлын тухай хуулиар ой болон таримал ургамлаас бусад ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар ургамлын нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан нэн ховор, ховор, элбэг ургамал гэж ангилан, ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулж, энэ төрөлд багтах ургамлын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилжээ.
Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлээр хамгаалсан байна.
Самар нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар тухайлан заасан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээгдэх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.
Хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн объектив талын шинжийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” хэмээн хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан тул шүүгдэгч Б.Бийн хувьд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох хуш модны самрыг түүж бэлтгэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.
Прокурор Э.Дөлгөөн “...Анхан шатны шүүх хүчингүй болсон сайдын тушаалыг үндэслэн шүүгдэгч Д.Бийн түүсэн 50 кг самрын үнийг гаргуулахгүйгээр хэрэгсэхгүй болгож, үлдэх 23.2 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээг гаргуулсан нь буруу. Иймд шүүгдэгчээс 36.199.200 төгрөгийг албадан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Хууль тогтоогч байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа экологи–эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу өсгөн нэмэгдүүлж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.
Хэргээс үзэхэд анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийн түүсэн 73.2 кг самраас 50 кг самрыг хасаж, тооцсон байх ба 23.2 килограммыг тав дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр буюу 494.500 төгрөгөөр тооцоход /23.2*494.500=11,472,400/ бүгд 11.472.400 төгрөгийг шүүгдэгч Д.С-эс гаргуулахаар шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж байна.
Учир нь, Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг бүхэлд нь хамгаалах, нөхөн сэргээх, тэдгээртэй холбогдсон цогц харилцааг зохицуулахаар Улсын Их Хурлаас 1995 онд батлан гаргасан суурь хууль юм.
Суурь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан байгалийн тодорхой төрлийн объектод хамаарах харилцааг холбогдох салбар хууль, эрх зүйн бусад актуудаар нарийвчлан зохицуулдаг онцлогтой.
Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн:
1/ “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг;
2/ “байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлд ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ойлгохоор хуульчилжээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан байна.
Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн:
3.1.1. “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;
3.1.2. “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;
3.1.11. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;
3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог тус тус хуульчилснаас үзэхэд Сибирь хушны үр идээ /самар/ нь ойн дагалт баялаг мөн боловч хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж буй ховор ургамалд давхар хамаарч байна.
Ойн тухайн хуулиар тухайн байгалийн ургамлууд ургаж буй ойн бүсчлэлийг тогтоож улмаар тус бүcчлэлийн хүрээнд ургамлуудыг хэрэглээнийх нь шинж чанараар мод ба бусад дагалдах баялаг хэмээн зөвхөн ойн баялгийн нөөцийг ерөнхийлсөн байдлаар тодорхойлсон байх тул дээрх хууль тогтоомжуудын хооронд зөрчилдөөн байхгүй гэж үзнэ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98,900 төгрөгөөр тогтоосон болно.
Иймд шүүгдэгч Б.Б нь 73.2 килограмм Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн тээвэрлэж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгчээс /73.2 х 98.900 = 7.239.480 х 3= 21.718.440 төгрөг/-ийг гаргуулах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Мөн шийтгэх тогтоолын 6 дахь заалт буюу ...Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6.468.000 төгрөгийг шүүгдэгч Д.С-эс гаргуулж улсын орлогод оруулсугай... гэснийг, “...Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулсугай...” гэж өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Хууль тогтоогч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчлан заасан бол “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймаг, эсхүл ойн санд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1327 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: 6 дахь заалтын “...*******улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6.468.000 төгрөгийг шүүгдэгч Д.С-эс гаргуулж...” гэснийг “...*******улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.С-с хурааж...” гэж,
7 дахь заалтын “…Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.С-эс 11.472.400 төгрөгийг албадан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай…” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Д.С-с 21.718.440 /хорин нэгэн сая долоон зуун арван найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг албадан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай...” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурор Э.Дөлгөөний бичсэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаартай эсэргүүцлийг хангасугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.ОЧ
Анхан шатны шүүх...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний хэлтэст хадгалагдаж байгаа 73.2 килограмм Сибирь хушны үр, идээг зохих үнэлгээг хийж худалдаж борлуулж хохирол төлбөрөөс хасаж тооцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж...,
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6.468.000 төгрөгийг шүүгдэгч Д.С-эс гаргаж улсын орлогод оруулж..., Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, хохиролд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.С-эс 11.472.400 төгрөгийг албадан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулхаар шийдвэрлэсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын тухайд сибирь хушны самар нь ховор ургамалд тооцогдохын зэрэгцээ ойн дагалт баялагт хамаарч байх тул давж заалдах шатны шүүхээс ойн санд хохирол учруулсан гэж үзэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр хор уршгийг тооцож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуул нь Сибирь хушны самрыг ойгоос түүгээгүй, худалдаж авсныг түүсэнтэй адилтган үзэхгүй, энэ талаар Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон салбарын бусад хууль тогтоомжид заагаагүй гэж гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид нэн ховор, эсхүл ховор ургамал болон тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бүхий л үйлдлийг хамааруулсан билээ.
Иймд гэм хорын хохирлыг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцуулахыг хүссэн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5.Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ялын онцгой төрөл юм.
Гэтэл шүүхээс шүүгдэгч Б.Эр-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарлалтын бүсийг хэт өргөжүүлж Завхан аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж залруулаагүй байх тул шүүгдэгчид оногдуулсан ялын хязгаарлалтын бүсийг Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг дэвсгэрээр тогтоосон өөрчлөлтийг тогтоол, магадлалд оруулахаар тогтов.