Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2026/0691

 

 

    2026         07          27                                     128/ШШ2026/0691

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ургийн овогт Л Г /рд:/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ч /ӨНБД:/

Хариуцагч: Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э нарын хооронд үүссэн төрийн албаны  маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, өмгөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар эцэслэсэн. Үүнд:

1.1. Нэхэмжлэгчээс 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэсний дагуу нэхэмжлэгчийн тодорхойлсон дээрх шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Иргэн Л.Г нь Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицероор 2018 оноос ажиллаж эхэлжээ.

2.2. Батлан хамгаалахын сайдаас Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Баас 2025 оны 89 дүгээр албан бичгээр “нэхэмжлэгч болон офицер Б.Н-******* нарын хооронд тус оны 06 дугаар сарын 18-ны өдөр үүссэн маргаантай холбогдуулан “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул уг асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл арга хэмжээ авах”-ыг хүссэн байна. /Хавтаст хэрэг (цаашид “Хх” гэх)-ийн 31-32 дахь тал/

2.3. Үүнтэй холбогдуулан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын сахилга, хариуцлага, ёс зүй, харилцаа хандлага, дотоод зохион байгууын байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын удирдамж”-ийг баталж, энэхүү удирдамжаар ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсгийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ажлын актаар “өмгөөлөгч Л.Бын хүсэлтийн дагуу шалгаж, “тухайн өдөр нэр бүхий алба хаагчдыг ажлын цагаар архидан согтуурсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтэрсэн” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах буюу нэхэмжлэгч Л.Гт “нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулах” санал гаргасныг Төрийн нарийн бичгийн дарга баталгаажуулсан байдаг. /Хх-ийн 33-40 дэх тал/

2.4. Ингээд, тухайн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой асуудлаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/ дугаар тушаалаар нэхэмжлэгч Л.Гт “нийт бүрэлдэхүүнд зарлах хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл” ногдуулсан байна. /Хх-ийн 23 дахь тал/

2.5. Харин, өмгөөлөгч Л.Бын хүсэлтэд дурдсан тухайн өдрийн офицер Б.Н-*******тэй холбоотой асуудалд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/******* дугаар “Дэд хурандаа Л.Гийг чөлөөлөх шилжүүлэх тухай” тушаалаар нэхэмжлэгч Л.Гийг ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлжээ. /Хх-ийн 22 дахь тал/

2.6. Иргэн Л.Г нь ажлаас чөлөөлж, шилжүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2026/0148 дугаарр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.

Гурав. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, дараах үндэслэлээр маргасан. Үүнд:

3.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ: “... Миний бие Л Г нь дэд хурандаа цолтойгоор, Зэвсэгт хүчний анги байгууллагад 18 жил, үүнээс Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалт хариуцсан офицероор 2018 оны 06 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогтвор суурьшилтай ажилласан. ...Гэвч хамтран ажиллаж буй дэслэгч Б.Н-*******тэй ажлын чиг үүргийн хүрээнд албан шаардлага тавьж, маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа бий болсон. Тус маргалдаан ажлын байр дээр удаа дараа болсон учраас миний бие уучлал хүсэж, цаашдаа маргалдахгүй байцгаая гэж бодон ажлынх нь өрөөнд ороод ярилцах гэж хүссэн боловч дахин маргаан болсон юм. Ингээд миний бие өрөөнөөс гарч, өөрийнхөө өрөөндөө орж суугаад ажлынхаа материал болон бусад баримтуудаа цэгцлээд гарах гэж байхад Б.Н-******* манай өрөөнд орж ирээд, миний хажууд суудаг дэд хурандаа Г.Г*******тэй юм яриад үлдсэн. ... Гэвч гэм буруутайг нь хуулийн дагуу холбогдох байгууллагаас тогтоогоогүй байхад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Я “Чи шилжих өргөдлөө өг, чамайг Зэвсэгт хүчинд байлгахгүй” гэж дарамт үзүүлсэн. ... Миний бие анхнаасаа дээрх асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэн мөнийг тогтоолгох хүсэлтэй байсан ч Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.П, дэслэгч Б.Н-******* бид 2-ыг өрөөндөө дуудан штабын нэр хүнд, хамт олноо бодоод зөвхөн намайг шилжин ажиллах өргөдлөө өг гэж удаа дараа шаардсан. ... Гэвч миний шууд харьяалах удирдах дээд албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Я надад урьдчилан мэдэгдэхгүй, шилжих саналтай эсэхийг асуулгүй, Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн мэдэлд шилжүүлэх саналыг Батлан хамгаалах яам руу хүргүүлсэн. ... дарга Г.Яын зүгээс ажлыг өөрчлүүлэх, чөлөөлүүлэх утга бүхий саналд намайг ямар үндэслэл, шалтгааны улмаас хүний нөөцийн мэдэлд шилжүүлэх болсон талаар огт дурдаагүй, мөн хууль зүйн үндэслэлгүй, хувийн субъектив хандлагаар хандаж, шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.13-т заасан эрхийг зөрчиж тушаал гаргасан байна. Мөн Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.15 дугаар зүйлийн 1, Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 1-т тус тус заасан ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх эрхийг зөрчсөн. Аливаа байгууллагаас шийдвэр гараагүй, үнэн мөнийг олоогүй байхад, чөлөөтэй ажлаа хийх эрх надад бий атал эрх бүхий албан тушаалтнуудыг хэт нэг талыг барьсан субъектив хандлагаас болж, мөн намайг ажлаа өгөхийг шаардсан шаардлагуудаа биелүүлэх гэсэн оролдлогууд нь Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлд заасанчлан холбогдох олон улсын гэрээ, Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжийг зөрчсөн байдаг. Гэтэл уг нөхцөл байдлыг шалган тогтоолгүйгээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар намайг чөлөөлөх, шилжүүлэх тушаалыг гаргасан. Тус тушаалаар Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэж шийдвэрлэсэн байдаг. Тушаалыг Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа М.Б******* танилцуулахдаа Цэргийн албаны тухай хуулийн 19.6-д заасан үндэслэлээр 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан хуулийн заалтыг журамласан талаар тайлбарласан. Гэвч Цэргийн албаны тухай хуулийн 19.6-д заасан этгээдэд миний бие хамаарахгүй тул хууль зүйн үндэслэлгүй болно....” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрүүл маргааныг Б.Н-******* өөрөө үүсгэж Нийслэлийн цэргийн штаб болон Батлан хамгаалах яамны удирдлага, газрын даргад удаа дараа өмгөөлөгчийн хамт өргөдөл гаргасан. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын удирдамжаар 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб дээр төлөвлөгөөт бус шалгалт орсон. Тус шалгалтын үед дэд хурандаа Г.Г*******, хошууч Сайнбуян нартай архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх асуудалд тайлбар бичгээр өгсөн. Мөн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Ёс зүйн дэд хорооны хуралдаанд оролцож байхдаа тайлбаруудаа гаргасан. Тухайлбал, тухайн үед ажлын байр дээр албаны хувцастайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ажлын бус цагаар ингэж хэрэглэсэн гэдэг тайлбарыг бид нар өгсөн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын албан бичгээр 11 дүгээр сард Батлан хамгаалах яам руу хүргүүлсэн. Тэгэхдээ намайг дуудаж уулзаагүй, мөн надад мэдэгдэж сонсох ажиллагаа явуулаагүй. Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б******* 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр намайг дуудаж уулзсан. Тухайн үед дуудаж уулзахдаа тэмдэглэл, войсе хөтөлсөн. Дуудаж уулзахдаа “...Та 4-өөс дээш жил ажилласан, таныг сэлгэн томилно. Мөн Нийслэлийн цэргийн штабын даргын албан бичиг...” ирсэн гэж хэлсэн. Тэнд дэд хурандаа цолтой нэг эрэгтэй хүн байсан. Цэргийн албаны тухай хуулийн 19.6-д анги, байгууллагын захирагч, удирдах албан тушаалтнуудад үйлчилдэг хуулийн заалт байгаа. Би өөрөө гүйцэтгэх албан тушаалтай хүн. ...Төд удалгүй намайг Цэргийн албаны тухай хуулийн 21.2-д заасны дагуу Зэвсэгт хүчний жанжин штаб руу шилжүүлсэн. ...Б.Н-*******тэй холбогдолтой нэг зүйл дээр маргаан үүсээд байгаа ба Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоол гэж байдаг. Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дүрэм гэж байдаг ба энэ дүрмийн 7 дугаар зүйл дээр заасан ажлын байрны шаардлага хангаагүй албан хаагчийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас томилсон. Анх энэ хүнийг ажилдаа орж ирэхэд нь би шүгэл үлээж хэлж байсан. Удаа дараа ажлаа хийнэ үү гэх шаардлагыг тавьж байсан. Өнөөдөр миний гэр бүлийн амьжиргааны түвшин улам дордож байна. Би өөрөө мэргэжлийн сургууль төгссөн. Мэргэжлийн офицер хүн байгаа. Би ажлын байрны чиг үүргийн дагуу хийх ёстой бүх зүйлээ хийж байсан. ... Хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ялладаг, буруутай мэтээр харьцаж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр Э хурандаа “...энэ хүн чинь таслагдаад явчихвал яах вэ...” гэж хэлж байсан. Энэ хүн Б.Н-Э******* биед нь халдсан байсан гэж ярьж байна. Энэ хүн үүнийг шүүдэг болсон юм уу? Гэмт хэргийг тогтоодог болсон юм уу? Эсвэл хууль хяналтын байгууллагын ажлыг тогтоодог болсон юм уу? ...Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/******* дугаар тушаалаар намайг Цэргийн албаны хуулийн 21.2-т заасан үндэслэлээр Зэвсэгт хүчний жанжин штабын хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн. Надад Цэргийн албаны тухай хуулийн 19.2-д заасан зохицуу үйлчлэхгүй. Яагаад гэвэл, би өөрөө удирдах албан тушаалтан биш юм. Энэ тушаалыг хүчингүй болгох үндэслэл байгаа....” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, тушаалын үндэслэл болох 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтад заасан субъектэд буюу удирдах албан тушаалтанд холбогдуулж гаргадаг хууль зүйн зохицуутай юм. Цэргийн албаны тухай хуулийн 19.6-д заасан үндэслэлд миний үйлчлүүлэгч багтдаггүй субъект юм. Багтдаггүй субъектэд шилжүүлэн ажиллахтай холбоотой тушаал гаргаж байгаа тохиолдолд Цэргийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу саналыг нь авдаг хуулийн зохицуутай юм. Үүнийг Цэргийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлд заагаад өгсөн байдаг. Саналыг асуусан талаарх баримт нь цэргийн нэгж байгууллага болон Батлан хамгаалах яам болон шийдвэр гаргаж байсан субъектүүдэд байдаггүй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэргийн штабын дарга Г.Я саналыг асуух үүрэгтэй байсан. Сахилгын шийтгэл болон шилжүүлсэнтэй холбоотойгоор төрийн нарийн бичгийн даргын тушаал гарсан. Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргахдаа шилжүүлэн ажиллахтай холбоотой санал шүүмж авсан эсэх, мөн өөрийнх нь санал ямар байна гэдэг талаар тодруулах ажиллагаа хийгээгүй тушаалаа гаргасан. Үүнийг харахад хэт нэг талыг барьсан, миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Яагаад хууль бус болохыг тогтоолгоод хүчингүй болгуулах гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм бэ гэхээр хууль зүйн үр дагаврын хувьд хүчингүй болсноороо эргүүлэн томилогдох асуудал шууд өөрөө гарч ирнэ. Хүчингүй болсноороо тухайн албан тушаалд ажиллаж байгаа гэдэг нэр томьёонд шууд орно. Иймд хүчингүй болгуулах асуудлыг нэн тэргүүнд тавьсан. Үүнээс шалтгаалаад хүчингүй болсонтой холбоотой асуудал, мөн гэм буруутай холбоотой асуудал нь дараа дараагийн шатны шүүхэд яригдана. Ийм байр суурьтайгаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, мөн хуулийн 16.14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Ийм хууль зүйн үндсэн дээр манай үйлчлүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Тушаал гаргаад байгаа үндэслэл өөрөө их сонирхолтой байгаа. Сахилгын шийтгэлээр холбогдуулаад гаргаад байгаа эсэх, эсвэл Б.Н-*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгээд ажлын байран дээрээ энэ хоёр хүн хамтарч ажиллаж чадахгүй байгаа эсэх асуудлаар гаргаж байгаа гэдэг нь тодорхой бус байна. Ганцхан Нийслэлийн цэргийн штабын дарга Г.Я хурандаагийн гаргасан саналын хүрээнд энэ хүн сахилгын хариуцлага авсан тул цаашид хамтарч ажиллуулахгүй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Өнөөдрийн байдлаар тухайн албан нэгж, цэргийн штаб дээр өөр этгээд ажиллаж байгаа. Гагцхүү Б.Н-Э******* хувьд тухайн ажлын байран дээрээ хэвээр үлдчихсэн асуудал байгаа. Хэрвээ шударга ёсны зарчмын хүрээнд Батлан хамгаалах яам хууль сахиж ажиллуулсан бол тухайн ажлын шаардлагад тэнцээгүй иргэнийг шилжүүлэн ажиллах хууль зүйн боломж байсан. Гэвч ахлах албан тушаалтныгаа хууль бусаар шилжүүлж шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Дөрөв. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргадаг. Үүнд:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 1 .Нэхэмжлэгч 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын офицер, дэслэгч Б.Н-*******тэй үүссэн хувь хүний харилцааны асуудлыг давамгайлан бичиж, үүнийгээ Б/******* дугаар тушаалтай хамаатуулсан нь ойлгомжгүй байна. Тус тушаал нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хуулийг зөв хэрэглэсэн, “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 9, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан эрх зүйн зохицуууудыг үндэслэл болгосон нь Төрийн нарийн бичгийн даргын хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр юм. Мөн дэд хурандаа Л.Гийг үүрэг ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд томилуулахаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд шилжүүлсэн энэхүү шийдвэр нь Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 44 дүгээр зүйлийн 44.5-т заасантай нийцэж байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дүрмийн Хоёрын 7-д зааснаар Төрийн нарийн бичгийн дарга нь ажлын зайлшгүй шаардлагаар өөр албан тушаалд шилжүүлэн томилуулахаар үүрэг ажлаас чөлөөлсөн. 2. Өмгөөлөгч Л.Баас Батлан хамгаалахын сайдад 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 89 дүгээр албан бичгээр хүсэлт гаргасан. Хүсэлтэд дэд хурандаа Л.Г нь согтуугаар ажлын байрандаа хүчиндэхийг завдсан гэх гомдлын дагуу Налайх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Дэслэгч Б.Н-******* нь дэд хурандаа Л.Гийг харангуутаа маш их айж, хамт ажиллах боломжгүй байгаагаа илэрхийлсэн тул хохирогчийн аюулгүй байдал, сэтгэл зүйн байдлыг харгалзан үзэж, ...яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн байдаг. Уг асуудлын хүрээнд Батлан хамгаалахын сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн удирдамжийн дагуу ажлын хэсэг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус цэргийн штаб дээр очиж ажилласан. Шалгалтын бүрэлдэхүүн өмгөөлөгч Л.Бын гаргасан өргөдлийн дагуу Налайх дүүргийн Цагдаагийн газарт очиж, цэргийн штабын холбогдох алба хаагч нарын хооронд үүссэн маргааны талаар тодруулахад, өмгөөлөгчийн албан бичигт дурдагдсан асуудлаар тус цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа болох нь тогтоогдсон болно. ...Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын үйл ажиллагааг шалгасан талаар 09 дүгээр сарын 04-ний өдөр үнэлэлт, дүгнэлт өгсөн ажлын актыг Төрийн нарийн бичгийн даргад танилцуулсан болно. Тус ажлын хэсгээс гаргасан үнэлэлт, дүгнэлтийн дагуу албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан үйлдэлд дэд хурандаа Л.Г нарт Цэргийн сахилгын дүрмийн 7.6.2-т заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах саналыг танилцуулж, холбогдох арга хэмжээ авагдсан. Мөн Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын шууд удирдлага буюу хурандаа Г.Яаас 2025 оны 11/179 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналын 2-т “дэд хурандаа Л.Гийг Хүний нөөцийн мэдэлд шилжүүлэх” саналыг ирүүлснийг дурдах нь зүйтэй. 3. Мөн цэргийн алба нь төрийн албаны онцгой төрөл бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 44 дүгээр зүйлийн 44.1, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3-т зааснаар хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Төрийн албан хаагчийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан албан хаагчтай тохиролцож буюу захирагч даргатайгаа тохиролцох эрх зүйн зохицуу байхгүй болно. Харин яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны Б/******* дугаар тушаал нь Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын алба хаагч нарын хооронд үүссэн асуудлаас шалтгаалан тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд “Алжын шаардлага” буюу хуульд заасан тайлбарын дагуу байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуу, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл байдлыг ойлгоно” гэсэн хүрээнд гаргасан шийдвэр юм.” гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдөр нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа гэж ойлгож байна. Энэ асуудалд төрийн захиргааны дарга хамааралгүй юм. Тэр хүн томилж чөлөөлдөг хүн биш. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б Батлан хамгаалахын сайд Батлутын нэр дээр 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 89 дүгээр албан бичигт хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтэд дэслэгч Б.Н-Эрдэнийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлөвлөлт сургалтын офицер, дэд хурандаа согтуутаа ажлын байран дээрээ хүчиндэхийг завдсан. Гомдлын дагуу Налайх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дэх заалтыг үндэслэн хэрэг бүртгэлийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэсэн. Үүнтэй холбоотой ажлын хэсэг гарсан, яаралтай очиж шалгаж үзсэн. Өмгөөлөгчийн хэлсний дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт дээрээ ийм асуудал үүссэн гэдгээ гаргана. Ганцхан Л.Г дээр сахилгын шийтгэлийг аваагүй. Цэргийн штабын дарга П дээр нь давхар авсан. Яагаад гэвэл, П гэдэг хүн хэргийн эзэн байсан. Б.Н-******* цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Тэгэхэд штабын дарга гомдлоо буцаагаад авчих гэж хэлсэн байсан. Тэгээд энд асуудал үүсээд ирэнгүүт П хурандаа өөрөө шууд тэтгэвэртээ гарсан. 11 дүгээр сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүст Цэргийн албаны  тухай хуульд заасны дагуу сануулах шийтгэл оногдуулсан. Төрийн нарийн бичгийн даргын тушаал нь 11 дүгээр сард гарсан. Энэ асуудал дуусаагүй байж байхад хуулийн хяналтын байгууллагад шалгуулаад байгаа асуудал нь цаашаа улам лавшраад яваад байсан. Бид нар энэ дээр мэдээлэл аваад явж байсан. Яагаад гэвэл, хүндээ санаа зовж байсан. 5 дугаар сард яллагдсаар татагдсан. Нэхэмжлэгчийн асуудал нь цагдаагийн байгууллагаас прокурор луу шилжээд буцаад хэд хэдэн хэсэг болж явсан. Энэ хооронд нь ажилтан нь сэжигтэн, нөгөөдөх нь хохирогч байсан. Ийм хоёр хүн нэг байгууллагад байгаад байх нь боломжгүй байна гэдэг асуудлыг ярьсан. Төрийн албаны тухай хуульд зайлшгүй шаардлагаар албан тушаалтныг өөр албан тушаалд шилжүүлнэ гэдэг зохицуу байдаг. Энэ зохицуу дотор нь байгаа байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуу, үйлчилгээний чанарыг сайжруулах гэсэн нөхцөл дээр нь бид нар тушаалын заалтыг барьсан. Төрийн албаны тухайн хуулийн 44 зүйлийг 21.2-д заасан хэсэгтэй холбоод явсан. Энэ нь адилхан шилжүүлэгтэй холбоотой заалт юм. Нэхэмжлэгч талын ярьж байгаа Цэргийн албаны хуулийн 19.6 дугаар зүйл хэнд ч хамаагүй юм. Тэрэн дээр удирдах албан тушаалтан 4 жил гэж байна. Нэхэмжлэгч надад энэ ямар ч хамаагүй гэж ярьж байна. Төрийн нарийн бичгийн даргын Б/******* дугаар тушаал дээр хуулийн 16 дугаар зүйлийг бариагүй. Энэ нь биш байна гэдгээ хэлмээр байна. ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үнэлээд, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны Б/******* дугаар тушаалыг дараах үндэслэлээр түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгчийн “Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны Б/******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/******* дугаар тушаал (цаашид “Захиргааны акт” гэх)-аар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер Л.Гийг тус ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлсэн байдаг.

Ингэхдээ, тус тушаалд Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачилгаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно.” гэж заасныг баримтлан чөлөөлж, шилжүүлжээ.

1.2. Энэхүү маргаан бүхий тушаал нь нэхэмжлэгч болон түүний хамтран ажиллагч, офицер Б.Н-******* нарын хооронд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр болсон маргаанаас үүдэлтэй талаар талууд маргадагүй, мөн энэ нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Батлан хамгаалах яамнаас Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Бд хандсан 2025 оны 1в/3202 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /Хх-ийн 31-32 дахь тал/;
  • Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр баталгаажуулсан Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын сахилга, хариуцлага, ёс зүй, харилцаа, хандлага, дотоод зохион байгууын байдалд үнэлэлт, дүгнэлт өгсөн ажлын акт /Хх-ийн 36-40 дэх тал/;
  • Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 30н/1924 дүгээр албан бичиг /Хх-ийн 166 дахь тал/ г.м.

1.3. Тодруулбал, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, шилжүүлсэн шалтгаан нөхцөл нь дээр дурдсан алба хаагчтай 2025 оны 06 дугаар сард үүссэн маргаан болох нь талуудын тайлбар, баримтуудаар нотлогддог, харин нэхэмжлэгчээс “тус тушаалыг гаргахдаа түүнтэй зөвшилцөөгүй, урьдчилан мэдэгдээгүй”, “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгчийг дангаар буруутгаж, шилжүүлсэн нь үндэслэлгүй” гэж маргадаг.

Хариуцагчийн зүгээс “маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчтэй зөвшилцөөгүй” талаар маргадаггүй бөгөөд “ажлын шаардлагаар шилжүүлэх тохиолдолд зөвшилцөхгүй” гэж, түүнчлэн “нэхэмжлэгчийн тухайн өдрийн үйлдэлтэй холбогдуулан эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа, хамтран ажиллаж байгаа этгээдүүдийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байгууллагын буюу Налайх дүүргийн цэргийн штабын ажил үүргийг хэвийн явуулахад чиглэсэн арга хэмжээ” гэж шүүхэд тайлбарлаж, маргасан.

1.4. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “төрийн тусгай албан тушаал” гэж, 10.3-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ.” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаа, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон шүүх шинжилгээний байгууллагын офицер …” гэж тус тус заасны дагуу Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер нь төрийн жинхэнэ албан тушаал болно.

Тиймээс, цэргийн офицерын албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчийн хөдөлмөрийн харилцаа, тэр дундаа сэлгэн ажиллуулах болон шилжүүлэхтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж заасны дагуу Төрийн албаны тухай хууль болон Цэргийн албаны тухай хуулийн дагуу шийдвэрлэхээр байна.

1.5. Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Цэргийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах”-тай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан тул тус хуулийг баримталж, цэргийн алба хаагчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд тус зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдал, өөрийн хүсэлтийг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно” гэж, мөн зүйлийн 21.2-т “Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачилгаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно.” гэж тус тус заасан.

Хуулийн эл зохицуууудаас, цэргийн жинхэнэ алба хаагчийг 1/ажлын шаардлага, 2/эрүүл мэндийн байдал, эсхүл 3/өөрийн хүсэлтээр гэсэн нөхцөлд өөр албан тушаалд шилжүүлж болох бөгөөд эдгээрээс, ажлын шаардлагаар гэх тохиолдолд захиргааны санаачилгаар шилжүүлэх боломжтой байна.

1.6. Үүнээс үзвэл, 1/ажлын шаардлага болон 2/захиргааны санаачилгаар гэдгийг  хэрхэн ойлгохоос хамаарч маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэх нь тодорхойлогдоно.

Цэргийн албаны тухай хуульд “ажлын шаардлага” гэдгийг тодорхойлоогүй тул Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн тайлбарт “албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт …байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуу, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэснээс үзэхэд Налайх дүүргийн Цэргийн штабын үйл ажиллагааг хэвийн явуулах, таагүй харилцаатай талуудын маргаанаас үүдэж байгууллагын үйл ажиллагаанд учирч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн нь уг хуулийн тайлбартай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан алба хаагчдын хооронд үүссэн маргааныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “Хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “эрүүгийн журмаар хянагдаж байгаа маргааны талуудыг хамт ажилуулахад хүндрэлтэй, мөн тус хэргийн хохирогч гэх Б.Н-Э******* удаа дараагийн хүсэлтийг харгалзан байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, үүний улмаас үйл ажиллагаанд саад учруулах эрсдэлээс сэргийлж, нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэх арга хэмжээг авсан” гэсэн нь үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.

Харин, “санаачилга” гэдгийг үг зүйн хувьд тайлбарлавал “сэдэж санаачлах үйл”, идэвх” гэсэн нэг талын идэвхтэй үйлдлээр илэрхийлэгдэх тул хуулийн эл заалтад дурдсан “захиргааны санаачилгаар” гэдэг нь захиргаа буюу ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд “заавал алба хаагчтай зөвшилцөх шаардлагагүй”-гээр хуульд нийцүүлэн алба хаагчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх боломжтой.

Мөн нэхэмжлэгчийн ажлыг шууд хариуцсан удирдлага болох Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын даргаас 2025 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчийн ажил, албан тушаалыг өөрчлөх, шилжүүлэх санал ирүүлсэн хэн аль нь тайлбартаа дурддаг бөгөөд үүнээс захиргааны актыг гаргахдаа холбогдох нэгжийн саналыг авсан нь харагдаж байна.

1.7. Иймд, нэхэмжлэгч Л.Гийг Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг үндэслэн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицерын ажлаас чөлөөлж, шилжүүлэхээр шийдвэрлэсэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/******* дугаар тушаал нь хуульд тогтоомжид нийцсэн гэж шүүхээс дүгнэлээ.

1.8. Хэдийгээр, маргаан бүхий захиргааны акт нь дээрх байдлаар хууль зүйн үндэслэлтэй байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1-т “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, актын 2-т “Дэд хурандаа Л.Гийг 2025 оны 12 дугаар 01-ний өдрөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн мэдэлд шилжүүлсүгэй” гэх боловч хэрэгт авагдсан Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн офицер, ахмад О.Д*******ийн тайлбар /Хх-ийн 60 дахь тал/, нэхэмжлэгч (утас:*******)-ээс мөн тус байгууллагын хүний нөөцийн алба хаагчтай (утас:*******) холбогдож, харилцсан чат (viber)-д хийсэн үзлэг[1] /Хх-ийн 98-104 дэх тал/ болон гэрч О.Д*******ийн мэдүүлэг /Хх-ийн 198-204 дэх тал/ зэргээр нэхэмжлэгчийг нэхэмжлэгчийг өнөөдрийг хүртэлх хугацаанд өөр ажил, албан тушаалд томилоогүй болох нь тогтоогддог.

1.9. Алба хаагчийг Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн өөр ажил, албан тушаалд шилжүүлэхээр шийдвэрлэж, тухайн үед эрхэлж байсан албанаас нь чөлөөлсөн бол шилжүүлэн томилох ажлын байраар хангах үүргийг Захиргаа буюу Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хүлээнэ.

Гэтэл, дээр дурдсанчлан дараагийн ажлын байраар нэхэмжлэгчийг хангах үүргээ хариуцагч биелүүлээгүй байгаа нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “…хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. …” эрхийг зөрчиж байна.

1.10. Мөн үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эрүүгийн хэрэг маргаан эцэслэн шийдэгдэх хүртэл буюу хуулийн дагуу гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгний эрх, хууль ёсны сонирхлыг хөндөхгүй байх зорилгоор сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийг ажлын байраар хангаагүй нь тус тушаал зорилгодоо нийцсэн байх зарчмыг хангаагүй гэж үзнэ.

            Нөгөө талаараа, маргаан бүхий тушаалд нэхэмжлэгчийг ямар ажил, албан тушаалд шилжүүлж байгаа талаар тусгаагүй, зөвхөн “Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн мэдэлд шилжүүлсүгэй” гэсэн нь тухайн асуудлаа нэг мөр эцэслээгүй, “мэдэлд шилжүүлэх” гэснээр нэхэмжлэгчийг ажлын байраар хангах үүргийг хэн, хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж, үүнээс шалтгаалан нэхэмжлэгчийн хөдөлмөрлөж ахуй амьдралаа үргэлжлүүлэх эрх зөрчигдөж байна.

            1.11. Нэхэмжлэгчийг шилжүүлэн томилоогүй асуудлаар хариуцагч нь “нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтэстэй очиж уулзаагүй, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан учир томилохгүй байх хүсэлт гаргасан тул томилох боломжгүй” гэж, харин нэхэмжлэгчийн зүгээс “Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасныг зөрчиж, эрх зүйн байдлыг нь дордуулсан буюу ижил албан тушаалд томилохгүй байгаа тул зөвшөөрөхгүй” гэж тус тус шүүхэд тайлбарладаг.

            Зэвсэгт хүчний жанжин штабын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлт /Хх-ийн 163 дахь тал/, талуудын чатад хийсэн үзлэг зэргээр “нэхэмжлэгч очиж уулзахгүй байсан, мөн хариуцагч хуульд заасны дагуу өмнөх эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил албан тушаалд шилжүүлэн томилохгүй буюу албан тушаал бууруулан томилох санал гаргасан” болох нь тус тус тогтоогдож байна.

1.12. Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Цэргийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлс, цэргийн цолыг бууруулж болохгүй.” гэж заасан тул хариуцагч Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь  уг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийг шилжүүлэн томилохдоо цэргийн цол, цалин хөлсийг нь бууруулахгүй байх үүрэгтэй.

Энэхүү хуулийн заалтад “сэлгэн ажиллуулах” гэсэн нь “шилжүүлэх” тохиолдолд хамаарахгүй гэж үзэхгүй буюу шилжүүлэх болон сэлгэн ажиллуулах зорилго, нөхцөл байдлаараа сахилгын шийтгэлээр албан тушаал бууруулан шилжүүлэхээс ялгаатай.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “… төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэснээс үзэхэд Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу алба хаагчийг сэлгэх, шилжүүлэх тохиолдолд тухайн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуудахгүй байх үндсэн зарчмыг баримтлах тул нэхэмжлэгч өөрийнх нь албан тушаалыг бууруулан томилох аливаа саналаас татгалзсан нь үндэслэлтэй байна.

Эсрэгээрээ, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг үндэслэн алба хаагчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх үүрэгтэй хариуцагч нь тус шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргах ёстой тул “нэхэмжлэгчийн очиж уулзаагүй, хүсэлт гаргаагүй, томилохгүй байхыг хүссэн” зэрэг нь хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

1.13. Нэхэмжлэгч нь офицер Б.Н-*******тэй холбоотой үүссэн асуудалд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж маргадаг боловч энэхүү маргаан бүхий акт нь тэдгээрийн хоорондын маргаанд нэхэмжлэгчийг аливаа байдлаар буруутгаж, сахилга, ёс зүйн шийтгэл оногдуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, тушаалын хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Цэргийн анги, байгууллагын захирагч, дарга, түүнээс дээших удирдах албан тушаалд цэргийн алба хаагч ажиллах хугацаа дөрвөн жил байх бөгөөд ажлын шаардлагаар нэг жилээс илүүгүй хугацаагаар сунган ажиллуулж болно.” гэснийг баримтлан ажлаас нь чөлөөлж, шилжүүлсэн талаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга танилцуулсан гэх боловч маргаан бүхий захиргааны акт болон бусад бичмэл нотлох баримтуудад тусгагдаагүй байдаг. Түүнчлэн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нь тушаал гаргах, түүний хууль зүйн үндэслэлийг тодорхойлох эрхтэй этгээд биш гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй болно.

            1.14. Иймд, тус шүүхээс тушаалын зорилго, тушаал гаргах болсон шалтгаан, хэрэгт цугласан баримт, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, дор дурдсан ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсэн ба энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул маргаан бүхий тушаалыг 2 (хоёр) сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

            1/ Хариуцагчаас нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалтай ижил түвшний буюу түүний цол, зэрэглэл, зэрэг дэв, цалин хөлс, нийгмийн баталгааг бууруулахгүйгээр томилох боломжтой ажлын байрыг судлах;

            2/ Улмаар, нэхэмжлэгчийн боловсрол, мэргэжил болон түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй өөр ажил, албан тушаалд түүнийг томилох (Жич: нэхэмжлэгчийг албан тушаалд томилох шийдвэрийг тусад нь гаргах боломжтой бөгөөд заавал маргаан бүхий актыг шинэчлэн гаргахыг шаардахгүй);

            2/ “Эрх зүйн байдлыг нь дордуулахгүй” гэдэгт нийгэм, гэр бүлийн байдалд нь нөлөөлөх, эдийн засгийн хувьд нэхэмжлэгчид сөрөг үр дагавар үүсгэхгүй байхад анхаарах шаардлагатай.

            1.15. Дээрх 2 (хоёр) сарын хугацаа нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдох бөгөөд тус хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/******* дугаар тушаал хүчингүй болно.

            Тус шийдвэрт заасан хугацаа өнгөрснөөр маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох тул уг шийдвэрт албадан гүйцэтгэх хуудас бичихгүй болохыг дурдав.

            Хоёр. Тус захиргааны хэрэгтэй хамааралтай бусад үйл баримтын тухайд:

2.1.Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Батлан хамгаалах яамыг тодорхойлсон тул тус яамнаас 2026 оны 1а/96 дугаар албан бичгээр Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Яам нь Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокурорын болон Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллагатай, эдгээр байгууллага нь яамтай сайдаар дамжуулан харилцана” гэсний дагуу Батлан хамгаалахын сайдаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлсэн.

Гэтэл тус маргаан бүхий захиргааны актыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан байдаг.

Үүнтэй холбогдуулан, шүүх нь  нэхэмжлэгчээс “хариуцагчаар Төрийн нарийн бичгийн даргыг татах эсхүл солих”, харин хариуцагчаас “хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэлийг Төрийн нарийн бичгийн даргаар гаргуулж шүүхэд ирүүлэх” талаар тус тус тодруулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “яам буюу байгууллагаар нь хариуцагчаар татсан тул итгэмжлэлийг өөрчлөх боломжгүй”, харин нэхэмжлэгч нь “яам болон төрийн нарийн бичгийн дарга нарыг тус тусад нь хариуцагчаар татах хүсэлт гаргаж, хариуцагчийг албан тушаалтан болгохоос татгалзсан” байр суурийг илэрхийлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс/

Ингээд, шүүхээс нэхэмжлэгчийн хамтран хариуцагч татах хүсэлтийг хангаж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1в/*******дүгээр албан бичгээр итгэмжлэл нэмж олгосны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Иймд, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.” гэж, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.1-т “яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах”, 9.6.9-т “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх” гэж тус тус заасныг баримтлан шүүхийн шийдвэрт хариуцагчийг “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга” гэж албан тушаалтнаар нь зөвтгөж гаргасан болохыг дурдав.

2.2. Нэхэмжлэгч нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1/ бусад этгээдтэй хамтран согтууруулах ундаа хэрэглэсэн үедаа ажлын байранд нэвтэрсэн, 2/офицер Б.Н-*******д бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудалд холбогдсон бөгөөд тус согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтэрсэн зөрчилд нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/ дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан ба үүнтэй нэхэмжлэгч маргаагүй байдаг.

Харин офицер Б.Н-*******тэй хамааралтай маргаан нь эрүүгийн журмаар шалгагдаж дуусах хүртэл сахилгын шийтгэл оногдуулаагүй гэх тул нэхэмжлэгч болон холбогдох алба хаагчид нь тус өдөр ямар зөрчил гаргасан, үүнтэй холбогдуулан захиргааны байгууллагаас оногдуулсан хариуцлага, түүний үндэслэл зэрэг нь энэхүү маргаанд хамааралгүй гэж үзээд шүүхээс нотлох баримт цуглуулаагүй болохыг тэмдэглэв.

2.3. Шүүх нь нэхэмжлэгчтэй холбоотой асуудал үүссэн, тус асуудлыг эрүүгийн 2507004120086 дугаар хэрэг үүсэн шалгагдаж байгаа ба үүнээс шалтгаалан захиргааны байгууллага ажлын шаардлагаар гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг алжаас чөлөөлж, шилжүүлсэн нь хуульд нийцсэн эсэхийг хянасан болно.

Иймээс, тус эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд хариуцагч тухайн асуудлаар холбогдох алба хаагчдад сахилгын шийтгэл оногдуулах эсэхэд энэхүү шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг 2 (хоёр) сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсгийг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/******* дугаар тушаал хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.    

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийн дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү  шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авснаас хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

   

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ДОЛЖИНСҮРЭН

 

 

 

[1]Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр нэхэмжлэгчийн утсанд үзлэг хийсэн ба хариуцагчийн төлөөлөгч мөн танилцаж, баталгаажуулсан