Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01343

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01343

 

 

Хао Гуо Жуны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00367 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хао Гуо Жуны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Танан цагаан харш ХХК

Хариуцагч: Сүрэг агт ХХК

Хариуцагч: Б.Оюунд тус тус холбогдох,

 

Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сарантуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Батжаргал, Б.Наранцэцэг

Хариуцагч Танан цагаан харш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Золбоо

Хариуцагч Б.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Алтанзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Хао Гуо Жун /Hao Guo Jun/ нь Шү Дачинь /Xu Daqing/, Жү Дабао /Qu Dabao/, Гүн Бин /Gong Bing/, Гү Чинжун /Gu Qinzhong/ нартай Сүрэг-Агт ХХК-ийн 100 хувийн хувьцааг 25, 25 хувиар нь эзэмшдэг байсан. Гүн Бин /Gong Bing/, Гү Чинжун /Gu Qinzhong/ нар нь 12,5 хувийн хувьцааг эзэмшин Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хао Гуо Жунд мэдэгдэлгүйгээр өөрсдийн эзэмшдэг 75 хувийн хувьцаагаа Танан цагаан харш ХХК-д худалдаж, энэ талаар гэрээ хэлцэл байгуулжээ.

Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж байгуулсан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй учир Сүрэгт-Агт ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Жү Дабаогийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Танан цагаан харш ХХК-тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг мөн Шү Дачинь, Гүн Бин, Гү Чинжун нарын Танан цагаан харш ХХК-тай 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын газарт Хао Гуо Жуны гаргасан хүсэлт нь 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр огноолсон байсан. Тухайн хүсэлтийг гаргахад Хао Гуо Жун нь Монгол Улсад байгаагүй бөгөөд түүний гарын үсгийг хэн нэгэн этгээд өмнөөс нь бичээд түүнийг нь Баянгол дүүргийн нотариат Б.Оюунаар нотлуулсан, мөн тус газраас гаргасан хамтарсан хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрэмд гарын үсэг зураагүй байхад Хао Гуо Жуны өмнөөс гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн үйл явдал болсон. Энэ нь Иргэний хуулийг зөрчиж байгаа учир энэ гэрээ хэлцэл, гадаадын хөрөнгө оруулалтын газар гаргаж байгаа хүсэлт нь өөрөө хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд энэ гэрээ хэлцэл болон хүсэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна

Иймд Хао Гуо Жун нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Сүрэгт-Агт ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, мөн Сүрэг-Агт ХХК-ийн эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болох Сүрэг-Агт ХХК болохыг тогтоолгох, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох Сүрэг-Агт ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг тус тус эх хувиар нь нэхэмжлэгчид буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Сүрэгт-Агт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хао Гуо Жун нь одоог хүртэл Сүрэг-Агт ХХК-ийн 25 хувиа эзэмшиж байгаа бөгөөд компанийн зүгээс түүнийг хувьцаагаа эзэмших эрхийг нь огт хөндөөгүй.

Манай компани бусдын эзэмшлийн хувьцааг бусдад хүчээр тулгаж худалдаагүй, шилжүүлээгүй, тийм зохицуулалт ба тохиролцоо компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээнд тусгагдаагүй. Иймд Сүрэн агт ХХК нь энэ иргэний хэргийн маргаанд хариуцагчаар татагдах ямар ч үндэслэл байхгүй.

Учир нь Сүрэг-Агт ХХК-ийг үүсгэн байгуулагч болох БНХАУ-ын иргэдийн хоорондын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д компани энэхүү гэрээнд оролцогч талуудын хүлээсэн үүрэг хариуцлагыг хүлээхгүй. Мөн тус гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д энэхүү гэрээнд оролцогч тал аль нэг тал үүргээ биелүүлээгүй буюу зохих зохихоор ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нөгөө тал нь төлөх үүрэг хүлээхгүй гэж заасан. Түүнчлэн Сүрэг агт ХХК нь уг гэрээний оролцогч биш учраас хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргааны хариуцагч биш юм.

Хувьцаа эзэмшигчид хувьцааг худалдахдаа нэхэмжлэгчид худалдах талаар мэдэгдсэн бөгөөд худалдах талаар санал шийдвэрээ хүргүүлж байсан. Нэхэмжлэгч нь хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас 75 хувийн хувьцааг хуулийн этгээдэд худалдсан байдаг.

Нэхэмжлэгч нь мөн "Сүрэг агт" ХХК-ийн эзэмшлийн 3 га газрыг буцаан шилжүүлэх, компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээг гаргуулан авах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба уг газар нь одоог хүртэл компанийн эзэмшилд хэвээрээ хадгалагдаж байгаа, мөн компанийн гэрчилгээ нь одоог хүртэл хэвээрээ, зохих өөрчлөлтүүд нь ороод хүчин төгөлдөр байхад байхад ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь түүний цаад далд санаа нь уг газрыг бусдад худалдах зорилгыг шууд агуулж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Танан цагаан харш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани энэ нэхэмжлэлтэй холбоотой хэрэг маргааны хариуцагч биш юм. Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүх хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад 6819 дугаартай хэргийг хэрэгсэхгүй тухай захирамж гаргасан. Гэтэл тус захирамжид заасан хэргийг хүлээн авахаас татгалзсан нөхцөл байдал арилаагүй байхад шүүх дахиад л нэхэмжлэлийг хүлээн авсан.

Сүрэг-Агт ХХК-ийн хувьцаа эзэмшигч Шү Дачинь, Гүн Бин, Гү Чинжун нар нь 75 хувийн хувьцааг нь хуулийн дагуу Танан цагаан харш ХХК-д шилжүүлсэн. Хао Гуо Жунд хувьцаагаа худалдах талаар утсаар, захидлаар болон уулзаж ярьж байсан. Хао Гуо Жун нь давуу эрхээр худалдан авах саналаа хүргүүлсэн нэг ч зүйл байхгүй. Тухайн үедээ тэргүүн ээлжид худалдан авах эрхээ эдлээгүй хэрэгжүүлээгүй учраас 75 хувийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах эрхгүй.

Эдгээр 5 хувьцаа эзэмшигчдийн хоорондын байгуулсан гэрээнд Танан цагаан харш ХХК нь гэрээний оролцогч биш, ямар ч хамааралгүй учраас энэ гэрээтэй холбоотой үр дагавар гэм хорын асуудал бидэнд огт хамаагүй. Мөн 4 хувьцаа эзэмшигчтэй байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээ байгаа.

Танан цагаан харш ХХК нь 75 хувийн хувьцааг худалдаж авсныхаа дараа Сүрэг-Агт ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан явдал нь хууль зөрчөөгүй. Учир нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар Сүрэг-Агт ХХК-ийн 75 хувийг Танан цагаан харш ХХК нь худалдан авсан байсан тул Сүрэг-Агт ХХК-ийн дүрэмд 75 хувийн хувьцаагаараа өөрчлөлт оруулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд дүрэмд өөрчлөлт оруулах бүрэн эрхийнхээ хүрээнд өөрчлөлт оруулсан юм.

Нотариат тэр компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээ баталсан батлаагүй хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр юм. Батлаагүй байхад ч тухайн хэлцэл хүчин төгөлдөр юм. Хао Гуо Жун нь одоог хүртэл Сүрэг-Агт ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч нь хэвээрээ байгаа. Энэ нь улсын бүртгэлийн лавлагаан дээр байж байгаа. Мөн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах нэгж талбарын дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь Сүрэг акт ХХК нь эзэмшигч хэвээрээ байдаг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нотариатч Б.Оюун нь "Сүрэг Агт" ХХК-ийн компанийн шинэчилсэн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээг гэрчлэхийн өмнө Нотариатын тухай хууль, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд үйлчлүүлэгч талаас Сүрэг агт ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмших эрхийг олж авсныг нотлох гэрээ, хэлцэл болон бусад шаардлагатай бичиг баримтыг шаардахад тэд Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, хувьцаагаа зарсан 4 үүсгэн байгуулагчийн Хао Гуо Жунд 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэл, Хао Гуо Жун нь санал болгосон хувьцааг худалдан авахгүй талаарх хариу захидал, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хурлын протокол зэргийг гаргаж өгсөн. Тэдгээр бүх гэрээ, хэлцэл, топгоол шийдвэр, хариу захидал, мэдэгдэл, тэдгээрийн албан ёсны орчуулга зэрэг нь БНХАУ дахь МУ-ын Элчин сайдын яамны консулаар 2012 оны 02 сарын 17-ны өдөр гэрчлэгдэж баталгаажсан байсан.

Мөн нотариатаар гэрчлүүлэх бичиг баримтад гарын үсэг зурсан байсан Хао Гуо Жун нь өөрийн биеэр хүрэлцэн ирж, гарын үсгээ мөн болохыг баталгаажуулж бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёстойг тайлбарласан. Гэвч Танан цагаан харш ХХК-ийн хүмүүс Хао Гуо Жун гэдэг хүн нь тухайн үед Монгол улсад байхгүй байгаа, түүний хувьцааг бид ямар нэгэн байдлаар шилжүүлж аваагүй, хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй учраас нөгөө 4 хөрөнгө оруулагчид хувьцаагаа 3-дагч этгээдэд худалдахаар нэгэнт шийдчихсэн, Хао Гуо Жун нь 25 хувийн хувьцаатай хэвээрээ байгаа, түүний эрх ашгийг хөндөөгүй, удахгүй 7 хоногийн дараа ирэх байх, ирэнгүүт нь авчраад гарын үсгийг зуруулья гэж тайлбарлаж байсан тул уг хүсэлт, хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээ, Компанийн шинэчилсэн дүрмийг гэрчлэн баталгаажуулж өгсөн. Нотариатчийн зүгээс 75 хувийн хувьцаа худалдах худалдан гэрээ, эрх шилжүүлэх гэрээ нь нэгэнт нотариатын үүрэг гүйцэтгэгчээр урьд гэрчлэгдсэн байсан нь хуульд нийцсэн тул Сүрэг агт ХХК-ийн шинэчлэн баталсан дүрэм, гэрээ, хүсэлтийг гэрчилсэн. Харин нэхэмжлэгч Хао Гуо Жун нь өөрийн эзэмшиж байсан 25 хувийн хувьцааны тоо хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, гэрээг баталж гэрчилснээс болоод хохирол учраагүй байхад нотариатчийн үйлдлийн улмаас өөрийгөө хохирсон гэж үзэж нотариатчийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Б.Оюунтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8., 56.4., 56.5-д тус тус заасныг баримтлан 2012 оны 2 сарын 15-ны өдрийн Монгол Улсын Танан цагаан харш ХХК БНХАУ-ын иргэн Жү Дабао /Qu Dabao/-ын хооронд байгуулагдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2012 оны 02 сарын 15-ны өдрийн Монгол Улсын Танан цагаан харш ХХК БНХАУ-ын Шү Дачинь /Xu Daqing/нарын хооронд байгуулагдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг, 2012 оны 2 сарын 15-ны өдрийн Монгол Улсын Танан цагаан харш ХХК БНХАУ-ын иргэн Гүн Бин /Gong Bing/-тай байгуулсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг,2012 оны 02 сарын 15-ны өдрийн Монгол Улсын Танан цагаан харш ХХК БНХАУ-ын иргэн Гү Чинжун /Gu Qinzhong/-тай байгуулагдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улс болон БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрэм, Сүрэг-Агт ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Хао Гуо Жуны нэрээр Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 2012 оны 4 сарын 9-ний өдрийн 05/12 тоот хүсэлтийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Хао Гуо Жуныг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18644309890803 дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК болохыг тогтоож, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд Сүрэг-Агт ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар ашиглах эрхийн 000343970 дугаарын гэрчилгээг тус тус нэхэмжлэгчид буцаан олгохыг хариуцагч Танан цагаан харш ХХК, Сүрэг-Агт ХХК-ниудад даалгаж,

Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3., 32 дугаар зүйлийн 32.1., 44 дүгээр зүйлийн 44.3., 44.4., 46 дугаар зүйлийн 46.2.-т зааснаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Оюуны, Сүрэг-Агт ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Хао Гуо Жуны нэрээр Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 2012 оны 4 сарын 9-ний өдрийн 05/12 тоот хүсэлтийн гарын үсгийн үнэ зөвийг гэрчилсэн, Монгол Улс болон БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрмийг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянавал шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 303 285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу 1 094 547 төгрөгийг нэмж гаргуулан улсын төсөвт оруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Танан цагаан харш ХХК-иас 21 906 432 төгрөг, Сүрэг-Агт ХХК-иас 280 800 төгрөг, нотариатч Б.Оюунаас 210 600 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хао Гуо Жунд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Сүрэг агт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариу тайлбарт дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Түүнчлэн анхан шатны шүүх манай компаний шүүхэд бичгээр хүргүүлсэн тайлбараас бус зөвхөн шүүх хуралдаанд гаргасан миний тайлбараар хариуцагчийн татгалзлын үндэслэлийг тодорхойлсон, түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтууд болон тайлбар, эсвэл хавтаст хэргээс нэхэмжлэгчид ашигтай гэж дотоод итгэлээрээ үнэлсэн баримтуудад үндэслэж, харин хариуцагчдын гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитоор харьцуулаагүй, үнэлээгүй орхигдуулж шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах, өмгөөлөгчид хэргийн материалтай танилцуулах боломжоор хангаж товлогдсон шүүх хуралдааныг 3 хоног хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан боловч шүүгч товлогдсон хурлыг 2 цагаар хойшлуулж хуралдааныг шууд хиисэн нь шүүхээс манаи өмгөөлөгчид хэргиин материалтай танилцаж амжаагүйн улмаас үйлчлүүлэгч этгээдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, шүүх хуралдааны мэтгэлцэх, нотлох баримт шинжлэн судлах, тайлбар хийх зэргээр оролцож хариуцагчийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжоор хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Танан цагаан харш ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариу тайлбарт дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна

Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгтээ хариуцагч талуудын шүүхэд бичгээр хүргүүлсэн тайлбараас бус зөвхөн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчдын татгалзлын үндэслэлүүдийг дутуу тодорхойлсон.

Тухайлбал нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад "Танан цагаан харш" ХХК нь хамааралгүй, Хао Гуо Жунд гэм хор учруулаагүй, 75 хувийн хувьцааг хуулийн дагуу худалдан авсан шударга өмчлөгч тул энэ маргааны хариуцагч биш гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний гаргасан тайлбар, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, тэдгээр татгалзлын үндэслэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Хэрэв шүүх энэхүү маргааныг бүх талаас нь судалж, хуулийн дагуу шударгаар шүүе гэж бодсон бол хувьцаагаа худалдсан 4 хувьцаа эзэмшигчийг заавал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тэдгээрээс тайлбар, нотлох баримтуудыг гарган авах ёстой.

Монгол улсад гэмт хэрэгт сэжиглэгдэж шалгагдах хугацаандаа зугатаж эрэн сурвалжлагдаж байсан этгээдэд Хао Гуожун энэхүү компанийн гэрчилгээ, тамга, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгөхөөр даалган шийдвэрлэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага хангаагүй.

Шүүх нэхэмжлэгч Хао Гуо Жун нь "Сүрэг агт" ХХК-ийн 75 хувийн хувьцааг худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах эрхтэй гэж зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан тайлбарт үндэслэж дүгнэлтийг хийхээс өмнө хариуцагчийн татгалзлын үндэслэл болгож хэрэгт байгаа бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

"Сүрэг Агт" ХХК-ийн 2011.10.15-ны өдрийн хувьцаа худалдах тухай асуудлыг хэлэлцсэн хурлын протокол, тус протоколыг үндэслэн гаргасан хурлын шийдвэр. Шүүх энэ нотлох баримтыг шинжилж шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "2011 оны 02 сарын 15-ны өдрөөр огноолсон Сүрэг агт ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт "2011 оны 10 сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг үндэслэн Mr.Qu Dabao, Mr.Gong Bing, Mr.Gu Qinzhong, Mr. Xu Daqing нарын эзэмшлийн 75 хувийн хувьцааг худалдахаар шийдвэрлэв" гээд хувьцаа эзэмшигчид гарын үсгээ зурсан байгаа нь 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуралдахдаа 2011 оны 10 сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг үндэслэсэн нь ойлгомжгүй" гэж дүгнэжээ. Тэгвэл уг шийдвэрийн монгол орчуулгын хувийг хятад эх хувьтай харьцуулан харвал хятад эх хувь дээр уг шийдвэрийг 2011 оны 10 дугаар сарын 15 гэж огноолсныг харж болно. Гэтэл шүүх шийдвэрийнхээ дүндэслэх хэсэгтээ монгол хэл рүү орчуулагдсан хувь дээрх техникийн алдаан дээр үнэлэлт дүгнэлт хийж шийдвэртээ үндэслэж байгаа нь учир дутагдалтай.

Нэхэмжлэгч нь бусад 4 хувьдаа эзэмшигч нь хувьцаагаа бусдад худалдахаар хүсэл

зоригоо илэрхийлсэн, зохих шийдвэрүүдээ гаргасан талаар мэдэж байсан, тэгээд өөрөө тэдгээр хувьцааг худалдан авахгүй хүсэлгүй, боломжгүй, тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй, тийнхүү давуу эрхээ хэрэгжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн захиа, албан бичиг хэрэгт байхгүй тул Хао Гуо Жун нь тэдгээр 75 хувийн хувьцааг худалдан авсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй юм.

Нэгэнт улсын бүртгэл хийлгэхэд ашиглагдаагүй дүрэм, хүсэлт /Хао Гуожуны гарын үсэгтэй/ нь хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм, тэдгээрийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчин төгөлдөр болгох үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх нь Б.Оюун нотариатчийн үйлдэлтэй холбоотой хэрэгт ач холбогдолтой хамааралтай нөхцөл байдлыг тодруулахаар гэрчийг оролцуулах хүсэлтийг хангаж захирамж гаргасан хэрнээ гэрчийг шүүх хуралдаанд дуудан ирүүлээгүй, хэрэгт ач холбогдолтой байдлыг мэдэж байгаа этгээдээс шүүх заавал мэдүүлэг авах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанзаяа давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгтээ хариуцагч талуудын шүүхэд бичгээр хүргүүлсэн тайлбараас бус зөвхөн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчдын татгалзлын үндэслэлүүдийг дутуу тодорхойлсон.

Сүрэг Агт ХХК-ийн улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болсон Компанийн дүрэм нь Хао Гуо Жуны гарын үсэггүй, нотариатаар батлуулаагүй хувь байдаг. Гэтэл шүүх Б.Оюуны баталсан гэрээ, дүрмийг үндэслэж улсын бүртгэл хийгдсэн, түүний улмаас Хао Гуожуны эрх нь зөрчигдөж, хохирол учирсан мэтээр ойлгож дүгнэлт хийгээд байгаа нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байна.

Хариуцагч Б.Оюун нь 2017 онд шүүхэд хариуцагчаар дуудагдаад тухайн үед туслахаар ажиллаж байсан Б.Оюунгэрэлээс уг гэрээ, хүсэлт, дүрэмд Хао Гуожуны гарын үсгийг хэн зурсан талаар тодруулахад Б.Оюунгэрэл өөрөө зурсан гэдгээ хэлсэн. Тиймээс Оюунгэрэлийг шүүхэд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн захирамж гаргасан атлаа захирамжийнхаа биелэлтийг хангалгүйгээр хэрэгт ач холбогдолтой байдлыг мэдэж байгаа гэрч Оюунгэрэлийг дуудаж ирүүлэх ажиллагаа хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд Б.Оюунд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаарлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Хао Гуо Жун нь хариуцагч Танан цагаан харш ХХК, Сүрэг агт ХХК, Б.Оюун нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 2 сарын 15-ны өдрийн БНХАУ-ын иргэн Жү Дабао /Qu Dabao/ болон МУ-ын Танан цагаан харш ХХК-ийн хооронд байгуулагдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг, 2012 оны 2 сарын 15-ны өдрийн БНХАУ-ын Шү Дачинь /Xu Daqing/ болон МУ-ын Танан цагаан харш ХХК-ийн хооронд байгуулагдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг,

2012 оны 2 сарын 15-ны өдрийн БНХАУ-ын иргэн Гүн Бин /Gong Bing/ болон МУ-ын Танан цагаан харш ХХК-ийн хооронд байгуулагдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг,

2012 оны 2 сарын 15-ны өдрийн БНХАУ-ын иргэн Гү Чинжун /Gu Qinzhong/ болон МУ-ын Танан цагаан харш ХХК-ийн хооронд байгуулагдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн хувьцааг худалдах, худалдах авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох

Сүрэг-Агт ХХК-ийн Гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 2012 оны 4 сарын 9-ний өдрийн 05/12 тоот хүсэлт, Монгол Улс болон БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

Сүрэг-Агт ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулалтын газарт гаргасан 2012 оны 4 сарын 9-ний өдрийн 05/12 тоот хүсэлт, Монгол Улс болон БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн шинэчилсэн гэрээ, дүрмийг гэрчилсэн Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Оюуны үйлдлийг хүчингүй болгуулах,

БНХАУ-ын иргэн Хао Гуо Жун-г БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК-ийн 25 хувь буюу 25 000 ам.долларын үнэтэй хувьцааны эзэмшигч болохыг тогтоолгох,

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18644309890803 дугаартай 3 га газрын хууль ёсны эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Сүрэг-Агт ХХК болохыг тогтоолгох,

Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох Сүрэг-Агт ХХК-ийн тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгчид буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнүүд нь тус бүртээ компанийн хувьцаа худалдагч, худалдан авагч болон компанийн эрх шилжүүлэгч, шилжүүлэн авагч талуудтай бөгөөд худалдагч болон эрх шилжүүлэн авагч тал болох Танан цагаан харш ХХК-ийг нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлсон байна.

 

Хэдийгээр хариуцагчийг тодорхойлох эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгосон. Энэ эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн этгээдээр тодорхойлоогүй гэх үндэслэлээр бусдын хууль ёсны эрх, ашигийг хөндөх учиргүй юм. Улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хийсэн хэлцэлд дүгнэлт өгч, тэдгээрийн байр суурийг сонсолгүй, үйл баримтыг тогтоож, тэдгээрийн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үр дагаврыг арилгаж шийдвэрлэж байгаа нь иргэний эрх зүйн талуудын зарчим, эрх үүргээ шударгаар хэрэгжүүлэх зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр явуулах зарчмуудыг зөрчжээ.

 

Мөн хариуцагч Б.Оюунаас гаргасан хувьцаа шилжүүлэх гэрээ болон компанийн дүрэм нь нотариатоор гэрчлүүлсэн, эх хувь нь элчин сайдын яамаар дамжуулан ирсэн байсан гэх тайлбарт анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сүрэг Агт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөг, хариуцагч Танан цагаан харш ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 906 432 төгрөг, хариуцагч Б.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА