Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 402

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Анхбаяр  

шүүгдэгч Т.Т.А, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн

хохирогч О.Б

гэрч Б.Ариунтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Т.Аод холбогдох 1803000010120 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Т.А2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11  цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр Замын Удирдах газрын Зорчигч тээврийн албаны даргын өрөөнд тус газрын хуулийн зөвлөх ажилтай О.Бтай маргалдаж, биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Ашүүхийн хэлэлцүүлэгт: Би 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн үед Төмөр замын удирдах газар сурвалжлага хийхээр Ариунтуул сэтгүүлчтэй хамт очсон юм. Бид хоёр очоод үүдний хүлээн авагчтай уулзсан. Үүдний хүлээн авагч Нарантуяа дарга руу ярьж асуухад бид хоёрыг нэвтрэхийг зөвшөөрсөн. Тэгээд Нарантуяа даргын өрөө рүү нэвтрэх үнэмлэх авч орсон. Нарантуяа даргын өрөөнд нь ороод “ярилцлага авах гэсэн юм” гэхэд Нарантуяа дарга “видёо бичлэгээр ярилцлага өгөхгүй камертай хүнээ гарга” гэж хэлэхээр нь би гараад гадаа коридорт хүлээж байхад  нэг эрэгтэй хүн урдуур гараад Нарантуяа даргын өрөөнд орсон. Тэр хүн бол О.Б байсан. Хэсэг хугацааны дараа Нарантуяа даргын өрөөнд хүмүүс хоорондоо маргалдаж байгаа чимээ гарсан. Удалгүй хаалга онгойлгож Ариунтуул намайг ороод ир гэж дуудсан. Би тэгээд өрөөнд нь орсон. Би ороод өрөөнд байрлах зочид хүлээж авдаг ширээний зүүн өнцөгт зогсож байсан. Ариунтуул цүнхнээсээ дуу хураагуур гаргаж ирээд О.Бгийн урд тавихыг оролдоход О.Б дуу хураагуурыг нь булааж авахыг оролдсон юм. О.Б булааж авахыг оролдох үедээ гараараа ширээ рүү цохисон. О.Б уурандаа ширээ тойрч хүрч ирээд Ариунтуултай маргалдаж эхэлсэн. Энэ байдал нь камерын бичлэгээс тодорхой харагдаж байгаа. Ариунтуул, О.Б нар муудалцах үедээ Ариунтуул намайг бичлэг хий гэж шаардсан. Намайг бичлэг хийгээгүй байхад О.Б над руу дайрч, миний камернаас зулгаагаад намайг боосон. Тухайн үед би камераа унагаахгүйн тулд хоёр гараараа камернаасаа зуурсан байдалтай байсан. Би О.Бгийн урдаас биеэ хамгаалах гэж ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тухайн үед 7.000.000 төгрөгийн үнэтэй камерыг эвдэх юм бол өндөр хэмжээний өрөнд орно гэж надад бодогдож байсан. О.Б камер булаах гэж оролдоод байхад нь би Нарантуяа даргын ширээ рүү тойрч зугатаасан. Тэгэх үед Ариунтуул “чи яагаад манай камерт халдаад байгаа юм бэ” гэхэд өөрийн үйлдлээ ойлгосон байх. Тэгээд зочид хүлээн авдаг ширээний тийшээ алхаж байгаад буцаж ирээд Ариунтуултай маргалдаж эхэлсэн. О.Бгийн биед хөнгөн хохирол учруулсан гэх улсын яллагчийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хохирогч  О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед 1 дүгээр сард сэтгүүлчид хаалтын гэрээ хийх зорилгоор төрийн өмчийн газар руу маш их хэмжээний мэдээлэл цацаж эхэлсэн юм. 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагт Нарантуяа дарга над руу залгаад “өрөөнд сэтгүүлч ороод ирлээ, чи ороод ирээч” гэж дуудсан юм. Өмнө нь Улаанбаатар төмөр замын талаар Туг.мн сайтынхан 5-6 удаа цахим хар мэдээ цацаж байсан. Би үүнийг хуулийн зөвлөхийн хувьд давхар хянаж байдаг юм. Би Нарантуяа даргын өрөө рүү орох гээд коридорт явж байх үед болон хаалгаар ороод хаалга хаах хүртэл Т.Т.А, Нарантуяа даргын өрөөний үүдэнд зогсож байхдаа намайг дагаж хөдлөөд бичлэг хийгээд байсан. Намайг Нарантуяа даргын өрөөнд ороход Ариунтуул байсан. Би Ариунтуулаас ямар хэргээр явж байна гэж асуухад Ариунтуул ярилцлага авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та зөвшөөрлөө авч байж ярилцлага авах хэрэгтэй. Манай дотоод журманд тэгж заасан байдаг юм” гэхэд Ариунтуул “танай дотоод журам гэж юу байдаг юм, танай хууль гэж ер нь юу юм” гэх маягтай хариулсан. Ариунтуул надтай нэг ширээний ард суугаад надтай ярилцаж байхдаа өөр төхөөрөмжинд зориулж яриад байгаа юм шиг, чанга дуугаар яриад байсан. Энэ үед чи ярилцлага авах зөвшөөрлөө авчих, бид хариулъя. Бид нар 56 хүнийг ажлаас хална гэж юу байхав, ийм асуудлал байж болохгүй гэж ярилцаж байсан. Улаанбаатар төмөр замын тасалбар бичдэг 56 хүнийг 54 болгох ур чадварын шалгалт аваад тэнцээгүй  хоёр хүнийг нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж орон тооны цомхотгол хийсэн юм. Би Ариунтуулд “ярилцлага авахдаа Замын дарга болон хэвлэлийн төлөөлөгчөөс зөвшөөрөл аваагүй тохиолдолд бидэнд сахилгын шийтгэл хүлээлгэдэг юм. Энэ тухай зөвшөөрөл ав” гэж шаардлага тавьсан. Яг энэ үед Ариунтуулын яриа микрофонд зориулсан байдлаар чанга яриад байгааг би ойлгосон. Т.Агаднаас орж ирэхдээ камераа асаасан байдалтай бичлэг хийж байсан. Тэгэхээр нь би “бичлэг хийхээ боль” гэсэн шаардлага тавьсан юм. Тэгэхэд Т.Аминий дунд хурууг мушгисан. Тухайн үед миний дунд хуруу жирс, жирс гээд өвдөөд байсан. Дараагаар нь дотоод албаны залуу, цэрэгжүүлсэн албаны залуу хоёр орж ирсэн. “Наадахаа боль”, ...“бичлэг хийнэ, хийхгүй,” ...“зөвшөөрөл авах ёстой, авах ёсгүй”... гэх мэт янз янзын маргаан болж байсан. Би төмөр замын цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн. Ариунтуул Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн байдаг. Намайг өдөр сууж байхад миний хуруу жирс жирс гээд өвдөөд байсан. Өдөр 15 цагийн үед цус хураад хүрэн болж эхэлсэн. Тэгээд би Төмөр замын цагдаагийн хэлтэс дээр очиж шүүх эмнэлэгийн тогтоол аваад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоо миний бичгийн хэв өөрчлөгдсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

 

Гэрч Б.Ариунтуул шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би зураглаач Т.А хамт Улаанбаатар Төмөр Замын Удирдах газарт 56 ажилтныг халах гэж байна гэсэн мэдээллийн дагуу ярилцлага авахаар очсон юм. Очоод Нарантуяа даргаас зөвшөөрөл авсанаар Улаанбаатар Төмөр Замын Удирдах газар руу нэвтэрч орсон. Нарантуяа даргын өрөөнд ороход Нарантуяа дарга хуулийн зөвлөх О.Б гэх хүнийг дуудаж оруулж ирсэн. О.Б орж ирээд миний гар утасыг шүүрч булааж аваад, миний үнэмлэхийг хуурамч гэх мэтээр ёс зүйгүй аашилж эхэлсэн. Тэгэхээр нь би Т.А дуудаж оруулж ирээд энэ хүн ёс зүйгүй аашилж байх тул  бичлэг хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Т.Адээр О.Б өөрөө очоод дайрч давшлаад эхэлсэн. Нарантуяа дарга хамгаалагчийг дууд гэж хэлсэн. Би өөрийн гар утсаараа бичлэг хийсэн. Т.Аманай хамаатны хүүхэд учир би сайн мэднэ. Янз бүрийн ааш зан гаргадаггүй хүүхэд байгаа юм. Гэтэл О.Б маш ёс зүйгүй аашилж байсан. Хамгаалагч миний гарыг мушгиад миний гар утасыг булааж авсан. Би энэ асуудлаар Төмөр замын цагдаагийн газарт гомдол гаргаж байсан боловч миний асуудлыг шийдэхгүй байна. О.Б маргааны төгсгөлд замын даргаас зөвшөөрөл ав гэж хэлсэн. Замын даргаас нь зөвшөөрөл авах гэхэд уулзуулахгүй байсан. Намайг Нарантуяа дарга, О.Б хоёр өрөөнөөсөө хөөсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Б мөрдөн байцаалтанд “2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн орчим Зорчигч тээврийн албаны дарга Нарантуяа намайг утсаар залгаж дуудсан учир түүний өрөөнд яваад ортол үл таних Туг.мн  веб сайтын захирал Ариунтуул гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй сууж байсан. Суугаад уулзтал Төмөр замын дарга нарыг Үндсэн хууль зөрчсөн хөдөлмөрийн гэрээтэй 56 хүнийг хууль бусаар халах гэж байна гэсэн зүйл ярьж байсан. Харин би түүнд ямар  нэгэн тийм зүйл байхгүй гэдгийг  тайлбарлан хэлж, өөрийг нь дандаа хар пиар нэвтрүүлэг хийж мэдээ цацдаг эмэгтэй байна би чамд ярилцлага өгөх боломжгүй гэдгийг хэлсэн юм...Тэр үед удалгүй Ариунтуул нь зөвшөөрөлгүй ярилцлага өг хэмээн тулгаж хар өнгийн төхөөрөмжөө миний урд ширээн дээр тавьж албадлагаар ярилцлага авах үйл ажиллагаа эхэлсэн юм. Мөн зураглаач яг одоо орж ирнэ гэж хэлтэл дотогшоо зураглаач гэх хүрэн куртиктэй залуу камераа бариад ороод ирсэн. Харин зураг авах гээд зэхэж эхлэхээр нь би түүнд зураг авахгүй гэдгийг ярилцлага өгөхгүй гэж хэлээд Ариунтуулын хар өнгийн жижиг төхөөрөмжийг булааж авах гэтэл өөрөө татаад авчихсан юм. Харин босоод зураглаач руу очоод камерийг болиулах хаах оролдлого хийж түүний камерны хүзүүнээс зүүсэн байсан оосорыг баруун гараараа бариад автал зураглаач миний гарыг тавиулах гэж мушгих үйлдэл хийх үед миний хуруу гэнэт жирс гээд сонин болчихсон. Мөн миний ард Ариунтуул намайг зураглаачийг зодлоо цохилоо гэсэн зүйл яриад эхэлсэн учир, миний дотор эд нар намайг гүтгэж камераа асааж бичлэг  хийж байгаа юм байна гэдгийг ойлгоод би болиод буцаад Ариунтуултай зогсоо байдлаас харьцаж эхэлсэн...зураглаач тухайн үедээ камераа хүзүүнээсээ оосороор дүүжилж зүүсэн байсан учир, бичлэг камерыг болиулах үүднээс түүний хүзүүндээ зүүж байсан камерны оосорноос баруун гараараа бариад автал зураглаач миний гарыг тавиулж болиулахдаа миний гар хурууг мушгих үйлдэл хийхэд миний хуруу гэнэт жирс хийгээд өвдсөн юм. Гэхдээ тухайн үедээ ямар нэгэн ил харагдах юм анзаарагдаагүй боловч, үдээс хойшхон 14-15 цагийн үед баруун гарын ядам хуруунд бага зэрэг цус хураад чинэрч хөхөрч өвдөж эхэлсэн...” /хх-ийн 26-27/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ариунтуул мөрдөн байцаалтанд “2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед би Төмөр Замын Удирдах газарт ирээд Зорчигч тээврийн албаны дарга Нарантуяа болон хуулийн хэлтсийн ажилтан Б нартай уулзахаар үүдний жижүүрт нь үнэмлэхээ үзүүлээд жижүүр нь Нарантуяа даргаасаа асуугаад зөвшөөрсний үндсэн дээр орсон, тэгээд тасалбар худалдааны төвийн 56 явуулын няравуудын эрх ашиг нь зөрчигдөөд байна, уг асуудлыг  бодитой хуульд нийцсэн эсэх, УБТЗ-ын дарга Жигжиднямаагийн тушаал гарсан байдаг юм уу, бид нар үйлдвэрчний эвлэлд хандсан боловч уг шалгалтанд үйлдвэрчний эвлэлийн гишүүн нь орсон байна...уг шалгалт нь адистатын шалгалтаас өөр шалгалт бид нарыг заавал гарын үсэг зур гэж байгаад авах гэж байгаа шалгалт 2017 оны 01 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд авах гэж байгаа. Уг шалгалт нь бид нарыг ажилгүй болгох зорилготой шалгалт гэж манай байгууллагад хандсан гэж хэлэхэд Нарантуяа “би энэ талаар тайлбар ярилцлага өгөхгүй, наад хүмүүс чинь асуудлаа ч ойлгохгүй тэнэг хүмүүс гээд” Б гэх хүнийг дуудсан. Б орж ирээд “үнэмлэх чинь ямар учиртай юм бэ, чи УИХ-аас өгсөн, парламентын сэтгүүлчийн үнэмлэх гэж наад пластик цаасыг чинь хэн ч хэвлэнэ, чи юугаа мэддэг юм би хэлж байна чамд ярилцлага өгөхгүй, чи өмнө ногоон зоорин дээр бичлэг хийгээд явж байсан хүүхэн байна, албан бичгээр ханд” гэж хэлэхээр нь би “та яагаад дуугаа өндөрсгөөд намайг доромжлоод байгаа юм бэ, би зураглаачаа дуудна нотлох баримттай ярья” гээд зураглаачаа дуудсан тэгээд зураглаач орж ирэхэд Б нь манай зураглаачийг заамдаж аваад камер булаах гэж оролдоод камер эвдэрсэн, тэгээд гаднаас нэг эрэгтэй орж ирээд тэр хоёр нийлж манай зураглаачийг нийлж буланд боогоод зодсон. Намайг ороход байсан жижүүр эрэгтэй орж ирээд миний зүүн гарыг мушгиад хоёр  гарыг хойд талд бариад Нарантуяа дарга нь миний гар утсыг гарнаас булааж аваад хоорондоо дамжуулсан. Би “та нар яаж байгаа юм бэ хуулийн хүн байж зураглаачийг зодохоо боль, сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад болж байна” гээд коридорт гарахад дотоод аудитын нэг ажилтан бас өөр нэг эрэгтэй ирээд “чи шантажны сэтгүүлч, чам шиг юмтай юу гэж Жигжиднямаа даргыг уулзуулах юм бэ, наадахаа хурдан зайлуулаач” гээд намайг хөөж гаргах гээд түлхээд байхаар нь би Жигжиднямаа даргатай уулзаж байж гарна. Танай байгууллагын хүн зодож нүддэг юм байна би уулзаж асуудлыг хэлнэ гэхэд бид хоёрыг гадуур хувцастай гудамжнаас хаалга өшиглөж дайрч орж ирчихээд гээд гар утсан дээрээ бичиж байсан...”/хх-ийн 16- 17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Нарантуяа мөрдөн байцаалтанд “Манай УБТЗ-ын тасалбар худалдаалах төвд 56 явуулын кассир 2017 онд ажилласан юм. 2018 онд Замын даргын тушаалаар 56 орон тоог 53 болгож баталсан. Учир нь  зорчигч тээвэр 2012 оноос өнөөг хүртэл 1.4 дахин буурсантай холбоотой.Ингээд 56 явуулын кассираас орон тоог гурваар хасахтай холбогдуулж 2018 оны 1 сард ур чадварын шалгалт авахаар болсон юм. Энэ талаараа миний бие 2018 оны 01 сарын 02-ны өдөр тус байгууллага дээр очиж шалгалт авах тухайгаа мэдэгдсэн юм. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 30 минутын орчим миний бие албан өрөөндөө сууж байхад үүдний харуулаас над руу нэг эмэгтэй залгаад Туг.мн сайтаас нэг эмэгтэй уулзахаар ирсэн байна оруулах уу гэж асуусан юм. Тэгэхлээр нь би оруулчих гэж хэлсэн. Удалгүй манай өрөөнд урьд өмнө нь харж байгаагүй үл таних өөрийгөө Туг.мн сайтын сурвалжлагч Ариунтуул гэх эмэгтэй болон камер барьсан эрэгтэйгийн хамтаар хоёулаа орж ирсэн. Үүний дагуу миний бие тухайн хүмүүсээс ямар асуудлаар явж байгаа талаар  асуухад, танайх 56 хүн халах гэж байгаа юм байна, энэ тухай ярилцлага авах гэсэн юм  гэж хариулахаар нь, би манайх 56 хүн халж байгаа зүйл огт байхгүй, энэ тухай бид ярилцлага огт өгөхгүй, мөн энэ камертай хүнээ гарга, мөн ийм камертай хүнтэй уулзана гэж яриагүй шүү дээ, би өөрийг чинь зөвхөн тээврийн талаар уулзах гэж байна гэж бодтол юун ярилцлага болоод явчихваа гэж хэлсэн. Харин Ариунтуул за за би камертай хүнээ гаргалаа  гэж хэлтэл нөгөө эрэгтэй нь камераа над руу харуулаад ширээн дээр үлдээгээд гарах гэхээр нь би наад камераа аваад гар гэсэн юм. Ингээд тэр зураглаач эрэгтэй нь камераа аваад гарсан юм. Би шууд дотуур утсаараа өөрийн ажилтан руу залгаж хуулийн зөвлөх Бг дуудуул гэсэн юм.  Удалгүй  манай өрөөнд хуулийн зөвлөх Б орж ирээд тухайн эмэгтэйг хаанаас явж байгааг асууж бичиг баримтаа үзүүл гэсэн. Ариунтуул энгэрээсээ зүүлттэй өөрийн үнэмлэхээ үзүүлсэн. Харин түүн дээр нь Засгийн газрын ордон руу нэвтрэх эрхийн үнэмлэх байсан юм шиг байна лээ. Ийм учраас Б, Ариунтуулд хандан та энэ үнэмлэхээ Төрийн ордонд орох үедээ л ашигла, харин таны өөрийн чинь биеийн байцаалт болон таныг сурвалжлагч гэдгийг батлах бичиг баримт байна уу гэсэн...үүнийх нь дагуу Ариунтуул, Бтай маргаад байсан. Б, Ариунтуулд “хэрвээ та мэдээлэл авах гэж байгаа бол манай байгууллагын дотоод журмын дагуу албан бичгээр хандаж зөвшөөрөл авсаны дагуу ярилцлага сурвалжлага авах ёстой” гэж хэлсэн. Ингээд Ариунтуул нь Б ширээний ард сууж байхад хар өнгийн төхөөрөмж урд нь тавихад, Б болиулж тэр төхөөрөмжийг нь авах гэтэл Ариунтуул нь өөрөө буцаагаад  татаад авчихсан. Энэ үед нь мөн зураглаач залуу камераа бариад Б руу камераа харуулж зураг аваад эхлэнгүүт нь Б камераа боль зогсоо, камераа хураалга гэж хэлээд босож очоод зураглаачийн камерийг нь хурааж авах үйлдэл хийхээр тэмүүлсэн юм. Харин би энэ үед нь яг өрөөнөөс гарч гүйгээд, харуулын ажилтанг дуудуулсан байсан учир ирж байгаа үгүйг нь харах гээд коридорт гарчихсан юм. Мөн үргэлжлүүлээд тусламж дуудах гээд аудитын хүмүүсийн өрөө рүү ороод өрөөндөө болж байгаа зүйлийн талаар хэлээд тусламж гуйхад Хасбаяр өрөөндөө сууж байсан учир намайг дагаад манай өрөө рүү орсон. Ингээд Хасбаяр ороод, мөн энэ үед харуул давхар ороод зураглаачийн камерийн бичлэгийг болиулах гэтэл Ариунтуул орилоод зураглаач руугаа ойртуулахгүй байсан. Б зураглаач залууг чи чинь архи уучихсан байна шүү дээ гэж хэлээд чамайг шалгуулна гэж хэлсэн. Харин зураглаач залуу эхлээд эсэргүүцэж байгаад сүүлдээ чимээгүй болчихсон. Миний бодлоор архи уусан эсэхийг шалгуулна гэсэн учир зураглаач залуу айгаад больчихсон гэж ойлгосон юм...Б босож очоод камерийг болиулах гэхэд зураглаач залуу болон Ариунтуул, Бгийн өөдөөс эсэргүүцэж түлхэлцэж байсан. Харин би шууд л тусламж дуудах гээд өрөөнөөс гарчихсан. Өрөөнд Б ганцаараа тэр хоёртой тэмцэлдээд үлдсэн.   ...Б байгууллагын үүдэнд аль нэг гарынхаа ядам хурууг хар юмаар чиг барьж байгаа бололтой боочихсон байхаар нь би түүнээс яасан талаар асуутал энэ хуруу өвдөөд л байх шиг байсан юм харин үдээс хойш хуруугаа үзүүлтэл гэмтсэн байна.  Нөгөө Ариунтуул зураглаач хоёртой маргалдах үедээ ингэсэн байна...”гэж хэлсэн /хх-ийн 39-40/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Хасбаяр мөрдөн байцаалтанд “2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ....Нарантуяа даргын хамт өрөө рүү нь яваад ортол нэг сурвалжлагч байрын эмэгтэй хуульч Бтай ширээний наад талд зогсоод маргалдаж байсан юм. Цаад талд нь нэг фото зургийн аппарат барьсан эрэгтэй бичлэг хийж байхаар нь би явж очоод албан тушаалтны өрөөнд зөвшөөрөлгүйгээр видео бичлэг хийхийг хориглодог юм. Наад бичлэгээ хийхээ боль гэж хэлсний дагуу тэр эрэгтэй бичлэгээ зогсоосон...Харин тухайн өдрөөс хойш 1-2 хоногийн дараа О.Б нь манай өрөөнд ажил хэргээр тааралдах үед түүний баруун гарын хуруунд боолт хийсэн учир сонирхож асуутал Б нь эртээд зураглаач миний хурууг ийм болгосон байна лээ гэж хэлсэн юм” /хх-ийн 43 / гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Чадраабал мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 8 цагаас ажил аваад удирдах газрын 1 дүгээр постонд суурин харуулын үүрэг гүйцэтгэж байсан юм. Ингээд тухайн өдөр цайны цагийн өмнөхөн 11 цаг өнгөрч байхад Зорчигч тээврийн албаны орос инженер Никитчук намайг дохио зангаагаар нааш ир гэж дуудсан юм. Ингээд яваад очтол Зорчигч тээврийн албаны даргын албан өрөөний үүдэнд Нарантуяа дарга болон Дотоод аудит хяналтын албаны дарга Болдсайхан нар зогсож байсан юм. Ингээд Нарантуяа дарга надаас юун хүн оруулчихваа гэж хэлэхээр нь та өөрөө оруул гэсэн шүү дээ гэж хэлээд өрөө рүү орсон юм. Өрөө рүү ороход  Нарантуяа даргын өрөөний голд байрлах ширээний наад талаар эхлээд сэтгүүлч эмэгтэй цаана нь Хасбаяр байцаагч, Б хуулийн зөвлөх хоёр зураглаачтай зууралдаад камерийг нь болиулах маягтай байцгааж байсан наана нь зогсож сэтгүүлч эмэгтэй янз янзын юм яриад орилоод байсан...намайг өрөөнд ороод харж байх үед зураглаач залуу болон Б хуульч бие биенийхээ биед халдсан үйлдэл огт хийж байгаа харагдаагүй. Харин Б хуульч зүгээр камерийг болиулах гээд камераа нааш цааш нь болгоод буцаацалдаад байх шиг байсан...” /хх-ийн 45/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр ЦЕГ-ын Төмөр зам дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Ш.Цолмонбаатар мөрдөн байцаалтанд“...анх өргөдөл гарган ирж мэдүүлэг өгөх үедээ өөрийгөө бэртэж гэмтсэн гэж огт яриагүй бөгөөд ямар гомдол саналтай байна вэ гэж асуухад зөвхөн Туг.мн сайтын сэтгүүлч Ариунтуул нь сэтгүүлчийн ёс зүй зөрчсөн үйлдэл болон удаа манай байгууллагын талаар сөрөг  мэдээлэл гаргасанд гомдолтой байна  гэж мэдүүлсэн...сүүлд 17 цагийн үед дахин ирж хуруу гэмтсэн талаараа ярих үед нь түүний хурууг харахад баруун гарын ядам хурууны эхний үед цус хурсан байдалтай байсан юм...” /хх-ийн 51/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хүлээн авахын яаралтай тусламжийн тасгийн эмч О.Бямбаа мөрдөн байцаалтанд”...Б  хэлэхдээ миний гарыг хүн мушгисан баруун гарын 4 дүгээр хуруугаа өвдөнө гэсэн зовиур хэлсэн юм. Үзлэг хийх үед илэрхий хугарлын шинжгүй, тэмтрэлтээр хуруунд хүрэхэд тухайн хурууны 1 дүгээр үе эргэн тойрондоо хүрхэд эмзэглэнэ гэж хэлж байсан мөн ясны рентген зураг авхулж шалгахад илэрхий яс хугарч салсан зүйл харагдаагүй тул чиг бэхэлгээ зүүлгэж зөөлөн эд шөрмөсний суналт няцрал гэсэн онош тавьж...эмчилгээнүүдийг бичиж өгсөн...хугаралын шинж байхгүй, ясны бэртэл байхгүй, мөн илэрхий хаван хавдар хөхрөл няцрал байхгүй байсан гэж санагдаж байна...” /хх-ийн 53/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч  эмч С.Сүхбаатар мөрдөн байцаалтанд”...Бгийн биед учирсан баруун сарвууны 4 дүгээр хуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа.  Харин зүүн сарвууны 1 дүгээр хурууд зулгаралт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтэл авсны дараагаас хүнд зовиур шаналгаа илэрч, хурууны үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж илрэх боломжтой гэмтэл юм. Хүн бүр адилгүй учраас гэмтээгч хүчин зүйлийн хурд хүч, тухайн хүний бие махбодийн онцлогоос шалтгаалж тухайн хүнд илрэх боломж нь харилцан адилгүй юм...хуруу болон бугуйнд учирсан зөөлөн няцрал нь гэмтлийн  шинжээрээ ижилхэн...”/хх-ийн 61/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1667 дугаартай ”“Бгийн биед баруун сарвууны 4 дүгээр хуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 1 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  /хх-ийн 68/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 264б дугаартай ”Шүүх эмнэлгийн 1667 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. О.Бгийн биед баруун сарвууны 4 дүгээр хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 1 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 90/ гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар Т.Амөрдөн байцаалтанд ”2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн орчим миний найруулагч зураглаачаар ажилладаг манай Туг.мн сайтын захирал сэтгүүлч Ариунтуулын хамтаар манай сайтад төмөр замын хэсэг хүлэг ажилчид хууль бусаар ажлаас халах гээд байгаа талаар мэдээлэл өгч тусламж авахаар хандсан учир энэ мэдээллийг үнэн бодитой эсэхийг тодруулах зорилгоор Улаанбаатар төмөр замын удирдах газарт тодруулга авахаар очсон юм.  Ерөнхийдөө бол тухайн хүмүүсийн өгсөн мэдээллийг шууд хэвлэл мэдээлэлд нийтэлж болохгүй учраас, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах журмын дагуу тодруулга авахаар очсон юм. Ингээд Улаанбаатар төмөр замын удирдах газрын төв хаалгаар дотогш нэвтрээд хүлээн авахын ресейпшн эмэгтэйд  төмөр замын дарга Жигжиднямаа болон зорчигч тээврийн албаны дарга Нарантуяа нартай уулзаж ярилцлага авах гэсэн юм гэдгийг хэлсэн чинь биднийг хаанаас явж байгааг тодруулж асуугаад биеийн байцаалтаа шалгуул гэсэн юм. Ингээд үүдний эмэгтэй шууд дотуур утсаараа Нарантуяа дарга руу яриад биднийг ямар учир шалтгаанаар ирснийг хэлтэл дотогш оруулчих гэж хэлсэн юм шиг байна лээ. Ингээд...Нарантуяа даргын өрөө рүү орсон. Ороход Нарантуяа дарга нь өрөөндөө ганцаараа байсан бөгөөд ямар нэгэн асуудлаар дүрс бичлэг хийлгэхгүй гэж хэлсэн...намайг ер нь гарч бай гэж Нарантуяа дарга хэлсэн би гарсан...Удалгүй Нарантуяа даргын өрөө рүү Б яваад орсон. Ингээд удалгүй өрөөн дотроос эрэгтэй хүний дуу чангараад хэрүүл маргаан болж байгаа нь илт сонсогдоод эхэлсэн. Удалгүй өрөөний хаалга онгойгоод Ариунтуул захирал намайг ороод ирээ гээд дуудсан юм...Ариунтуул нь дуу дамжуулагчийг гаргаж Бгийн өмнө ширээн дээр тавих гэхэд Б нь шууд уурлаж булааж авах гэж оролдсон...Б нь шууд босож ирээд ширээгээ тойроод над руу ойртож ирээд Ариунтуул захиралтай л үргэлжлүүлэн маргалдаж байгаад шууд над руу камер булаах гэж дайрсан юм.  Энэ үед нь камераа хоёр гараараа бариад автал Б нь над руу дайраад намайг цээж рүү түлхээд камерны оосорноос зуурсан юм. Ингээд камерийг авах гээд өөр рүүгээ татаад байсан бөгөөд би харин наадахаа тавь гэж хэлсэн юм...би Бг ахиад над руу дайрч магадгүй гэж бодоод ахин арагшаагаа 1-2 алхам хойшлоод ханандаа тулаад зогссон. Энэ үед Б миний урд Ариунтуул захиралтай үргэлжлүлэн маргалдаад л зогсож байсан энэ үед нь камераа дээш өргөөд тэр хоёрын маргааныг дүрсэндээ оруулан үргэлжлүүлэн бичсэн юм...Хасбаяр нь над руу ирээд наад камераа боль гэж эхлээд нэг удаа хэлсэн. Тэгснээ шууд над руу камер булаах гээд дайрсан юм. Мөн энэ үед Б бас над руу камерийг булааж авах гэж дайраад камерны барьж болох бүхий л газарт гараараа хүрч зулгааж татаж чангаагаад байсан. Харин энэ үед бичлэгийг зогсоох кноп дарагдаж камерийн бичлэг зогсчихсон юм. Ингээд Б, Хасбаяр нар нь миний хоёр талд гараад намайг хана руу шахаж камер булаах гэж оролдсоор байсан юм. Энэ үед Хасбаяр нь камерийн линзний хамгийн урд сүүдэрлэдэг тоноглолыг мулт татаж газар унагаачихаар нь би хөөё та нар камер эвдчихлээ гэж хэлсэн чинь Хасбаяр Б нар нь хоёулаа больчихсон юм...би ямар нэгэн байдлаар Бгийн биед халдаагүй” /хх-ийн 170/ гэх мэдүүлэг,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19, 97-98, 121/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 103, 106-107/,  Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэх Улаанбаатар төмөр замын даргын тушаалын хуулбар /хх-ийн 126/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Т.А ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 178/, зан байдлын тодорхойлолт /хх-ийн 180/, ажлын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 181/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 189/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар

Шүүгдэгч Т.А2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр Замын Удирдах газарт О.Бтай маргалдаж бие махбодид нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Бгийн “...түүний камерны хүзүүнээс зүүсэн байсан оосорыг баруун гараараа бариад автал зураглаач миний гарыг тавиулах гэж мушгих үйлдэл хийх үед миний хуруу гэнэт жирс гээд сонин болчихсон...” /хх-ийн 26-27/,

гэрч Д.Нарантуяагийн”...Б байгууллагын үүдэнд аль нэг гарынхаа ядам хурууг хар юмаар чиг барьж байгаа бололтой боочихсон байхаар нь би түүнээс яасан талаар асуутал энэ хуруу өвдөөд л байх шиг байсан юм харин үдээс хойш хуруугаа үзүүлтэл гэмтсэн байна.  Нөгөө Ариунтуул зураглаач хоёртой маргалдах үедээ ингэсэн байна...”гэж хэлсэн /хх-ийн 39-40/, гэрч Э.Хасбаярын”...тухайн өдрөөс хойш 1-2 хоногийн дараа О.Б нь манай өрөөнд ажил хэргээр тааралдах үед түүний баруун гарын хуруунд боолт хийсэн учир сонирхож асуутал Б нь эртээд зураглаач миний хурууг ийм болгосон байна лээ гэж хэлсэн юм” /хх-ийн 43 /, гэрч Ш.Цолмонбаатарын”...сүүлд 17 цагийн үед дахин ирж хуруу гэмтсэн талаараа ярих үед нь түүний хурууг харахад баруун гарын ядам хурууны эхний үед цус хурсан байдалтай байсан юм...”/хх-ийн 51/,  гэрчээр эмч О.Бямбаагийн”...Б  хэлэхдээ миний гарыг хүн мушгисан баруун гарын 4 дүгээр хуруугаа өвдөнө гэсэн зовиур хэлсэн юм. Үзлэг хийх үед илэрхий хугарлын шинжгүй, тэмтрэлтээр хуруунд хүрэхэд тухайн хурууны 1 дүгээр үе эргэн тойрондоо хүрхэд эмзэглэнэ гэж хэлж байсан...чиг бэхэлгээ зүүлгэж зөөлөн эд шөрмөсний суналт няцрал гэсэн онош тавьж...эмчилгээнүүдийг бичиж өгсөн...” /хх-ийн 53/, гэрчээр шинжээч эмч С.Сүхбаатарын”...баруун сарвууны 4 дүгээр хуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа...”/хх-ийн 61/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1667 дугаартай  дүгнэлт /хх-ийн 68/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 264б дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-ийн 90/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19, 97-98, 121/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 103, 106-107/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.  

 

Тээврийн прокурорын газраас Т.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл тохирч байна.

 

Т.А үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхийн гэм буруугийн хуралдаан дээр Т.А өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгээс”...Энэ хэрэгт яллах чиг үүргийг дэндүү барьсан, Б өөрөө өөртөө гэмтэл учруулсан уу үгүй юу гэдгийг прокурор шалгах ёстой байсан... Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар ашигтай байдлаар шийдвэрлэж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Т.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлт гаргав.

 

Мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, нарт хууль сануулж авсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар хоорондоо зөрүүгүй, тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар Т.Ань О.Бгийн хурууг мушгиснаас түүний биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл  үүссэн нь шүүгдэгч Т.А гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн Т.А“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдээгүй гэх байдал болон хохирогч О.Б өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул түүний өмгөөлөгчийн санал дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин улсын яллагчаас Т.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээж авав.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Т.А шүүхээс бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.А Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Т.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүгдэгч Т.А гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзан хүлээн авах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ хэрэгт Т.Ацагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж байна.