Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 567

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Ням-Очир

хохирогч Ч.А

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:  

Б-д холбогдох 1805011030471 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Б 2018 оны 02 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын ачиж буулгах хашаанд Ч.Атэй маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: А бид хоёр хоорондоо маргалдаад би модоор цохисон чинь А гараараа хаах гэж байгаад гар нь хугарчихсан. Би өөрийн гэм буруу дээр маргахгүй. Хохиролыг нь төлнө. Яг одоо бол төлөх боломжгүй байна гэв.

Хохирогч  Ч.А  шүүхийн хэлэлцүүлэгт: Б надаас уучлалт гуйхгүй байгаад би гомдолтой байгаа юм. Би 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ачаа ачих гэж очсон юм. Би Бийг миний ачааг ачлаа гэж хэлээгүй. Б намайг модоор цохих гэхээр нь би гараараа хамгаалсан. Тэр үед миний гар хугарсан байсан. Миний эмчилгээний зардал 500.000 төгрөг болсон. Мөн ажилгүй байсан үеийн цалин орлогод 500.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ч.А мөрдөн байцаалтанд “2018 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын ачиж буулгах ангид өөрийн 20-95 УБВ улсын дугаартай шланж маркын машинтайгаа ачаа ачих гэж ажил дээрээ ирсэн. Намайг ирэхэд тэнд бас ачаа ачдаг Б агуулахаас ачаа ачаад зогсож байсан. Би очоод яасан эрт  ирсэн юм гэж хэлсэн чинь юу хуцаад байгаа юм яахаараа чи Мөнхийн үсэг ХХК-ны цаасыг ачдаг юм гээд ачаан дээрээ байсан модоор намайг цохихоор нь би гараараа хаасан чинь шуу хэсгээр эвгүй болсон тэгээд миний зүүн гар даагдахаа болиод гараа барьсан байх үед Б миний хөл, мөр хэсэг рүү 2-3 удаа цохиод намайг хужаа, хужаа нар яахаараа Мөнхийн үсэг ХХК-ны ачаа ачдаг юм гэж хэл амаар доромжилж байгаад ачаагаа ачиж дуусгаад явсан. Модоор цохих үед хааснаас болж миний зүүн гарын шуугаар хугарсан, мөн зүүн хөлний гуя хэсэг, зүүн мөр хэсэг рүү модоороо 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан” /хх-ийн 8-9/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2607 дугаартай “Ч.Аийн биед зүүн гарын богтос ясны хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-ийн 12/ гэсэн дүгнэлт,

 

Гэрч Ч.Түвшинтөр мөрдөн байцаалтанд” 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би ачиж буулгах цэг дээр байж байтал танай дүү Аагий хүнтэй муудалцаад хүнд цохиулчихлаа гэж сонссон. Тэгээд би яваад очтол ачаа ачуулах гэж байсан хүнтэйгээ цуг байсан. Тэгсэн Б надтай муудалцаад хэл амаар доромжлоод модоор миний гар руу цохичихлоо гэж хэлсэн...” /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Санжаа мөрдөн байцаалтанд”2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн ажлын байран дээрээ байж байхад манай ах Түвшинтөр залгаад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр байрлах ачиж буулгах цэг дээр жижиг тэрэгтэй яаралтай хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очтол ГССҮТ-рүү явъя гэхээр нь гайхаад асуусан чинь А хүнд модоор цохиулаад гараа хугалуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд ГССҮТ-рүү явцгааж очиж үзүүлсэн. Замаараа нэг хүн машинд сууж явсан тэгсэн тэр хүн гарыг нь хугалсан хүн байсныг сүүлд нь мэдсэн...миний мэдэж байгаа зүйл гэвэл машинаар ГССҮТ-рүү хүргэж өгсөн юм”  /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Ц.Б мөрдөн байцаалтанд ”2018 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчим Төмөр замын ачиж буулгах цэг дээр очиж контик ачуулъя гэж хүн залгахаар нь очоод ачих гэж машинаа байрлуулан тавьсан байсан чинь зүс таних  А миний өөдөөс машинтайгаа ухраад байсан. Би хараад сууж байтал А бууж ирээд чи яасан эрт ирдэг юм бэ хэзээ ингэж босдог байсан юм энэ миний ачдаг ачаа чи эндээс гар гэхээр нь би над руу өчигдөр ачаа ачуулна гэж захиалга өгсөн юм танай хоёр ах чинь хүртэл миний ачих  гэж байсан ачааг өчигдөр ачсан биз дээ гэж хэлээд машиных нь ачаан дээр байсан жижиг модны хугархайг аваад айлгах санаатай бөгс хэсэг рүү нь цохих үед А гараараа хаагаад гар руу цохисон юм” /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ц.Бийн иргэний үнэмлэхийн лавлага /хх-ийн 26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 34-35/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаар шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Б  2018 оны 02 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын ачиж буулгах хашаанд Ч.Атэй маргалдан модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Аийн”...чи яахаараа Мөнхийн үсэг ХХК-ны цаасыг ачдаг юм гээд ачаан дээрээ байсан модоор намайг цохихоор нь би гараараа хаасан чинь шуу хэсгээр эвгүй болсон...зүүн хөлний гуя хэсэг, зүүн мөр хэсэг рүү модоороо 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан” /хх-ийн 9/ гэрч Ч.Түвшинтөрийн”... Аагий хүнтэй муудалцаад хүнд цохиулчихлаа гэж сонссон...Б надтай муудалцаад хэл амаар доромжлоод модоор миний гар руу цохичихлоо гэж хэлсэн...” /хх-ийн 15/, гэрч Ч.Санжаагийн”...асуусан чинь А хүнд модоор цохиулаад гараа хугалуулчихлаа гэж хэлсэн...” /хх-ийн 17/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2607 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/, хохиролын баримтууд /хх-ийн 22, 24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...машиных нь ачаан дээр байсан жижиг модны хугархайг аваад айлгах санаатай бөгс хэсэг рүү нь цохих үед А гараараа хаагаад гар руу цохисон юм...” /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байна.

 

Прокуророос Ц.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

 

шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Ц.Бийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ч.Аийн гаргасан 287.150 төгрөгийн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 207.800 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй бөгөөд баримтын шаардлага хангахгүй 79.350 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Харин хохирогч Ч.А ажилгүй байсан хугацааны орлого 500.000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаархи нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ц.Бийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй. 

 

Ц.Бийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүх, шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Ц.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдаж байна.