Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/64

 

  

    М.Ут холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Ө.Мөнхнавч /цахимаар зайнаас/,

Яллагдагчийн өмгөөлөгч О.Санчирбал /цахимаар зайнаас/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/518 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэлд үндэслэн яллагдагч М.Ут холбогдох 2319000480203 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Яллагдагчийн биеийн байцаалт:

1.1.*,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Яллагдагч М.У хууль сахиулагч буюу Дорноговь аймгийн * ажиллаж байхдаа, иргэн Б.Бс "Дорноговь аймгийн ц* болон өөрт нь холбогдуулан" гомдол гаргаж, улмаар Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэгт Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бүртгэлийн 265 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг цааш шалгуулахгүй, өөрөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх санаа зорилгоор хохирогч Б.Бг "...өөрөө хаалгаа хаах гэж байгаад хөлөө хавчиж хөлөө хугалсан...” гэсэн мэдүүлэг өгүүлж, зориуд худал мэдүүлгийг өгүүлэхээр ятгаж, улмаар Дорноговь аймгийн * тоотод буюу Б.Б гэрт 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд 7.000.000 төгрөг, Сайншанд сумын * дэлгүүрийн гадна 2022 оны 05 дугаар сард 500.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөгийн шан харамж өгсөн гэмт хэрэгт холбогджээ 

3.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч М.Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…2022 онд 265 дугаартай Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гомдол мэдээллийг шалгах явцад Дорноговь аймгийн * Б.Б хөл дээр гишгэх хүндэвтэр хохирол учруулж, яллагдагч М.У нь уг хэрэгт хамааралгүй гэх нөхцөл байдал тодорхой болсон байхад Б.Бд 7,500,000 төгрөгийг яг ямар зорилгоор өгч, түүнийг ятгасан талаар огт нарийвчлан шалгаж тогтоогоогүй байх бөгөөд өөрийнхөө хүслээр эсхүл удирдлагынхаа даалгавраар бусдад шан харамж өгсөн, мөн тухайн өгч буй 7,500,000 төгрөг нь хохирол, эсхүл шан харамж уу гэдгийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй,

М.У нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулаагүй атлаа өөрийн ямар эрх ашгийн төлөө, эсхүл тухайн үеийн удирдлагын даалгавраар бусдад хохирол, эсхүл худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгсөн эсэх, уг хэрэгт тухайн үеийн Дорноговь аймгийн * ажиллаж байсан Д.Д нь өөрт ашигтай нөхцөл байдлыг бий болгох зорилгоор доод шатны албан тушаалтанд үүрэг даалгавар өгч хамтран оролцсон эсэх асуудлыг шалгаж тогтоогоогүй,

2023.09.01-ний өдрийн 2023/ШЗ/408 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан бөгөөд хэрэг буцсанаас хойш Б.Бс гэрчээр 2 удаа, яллагдагч М.Ус 2 удаа мэдүүлэг авч, хэрэгт авагдсан байсан 265 дугаартай гомдлыг шалгасан материалыг бүхэлд нь дахин хуулбарласнаас өөрөөр ямар нэгэн ажиллагаа огт хийгдээгүй байх тул тус захирамжид заагдсан хийгдвэл зохих ажиллагаанууд огт хийгдээгүй .” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ут холбогдох эрүүгийн 2319000480203 дугаартай хэргийг прокурорт буцааж,

хэргийг прокурорт очтол яллагдагч М.Ут урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

хэргийг прокурор буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эртэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ө.Мөнхнавч эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Б.Б эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэрэг бүртгэлтийн 240200262 дугаартай хэргийг шалгах явцад мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн нөхцөл байдал буюу процесс ажиллагаа нь Б.Б хохирсон үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал биш юм. Өөрөөр хэлбэл мөрдөгчөөс хохирогчоор тогтоох тогтоол үйлдэлгүйгээр мэдүүлэг авсан нөхцөл байдал нь Б.Бг хохирсон үйл баримтыг үгүйсгэж түүний биед гэмтэл учруулаагүй гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Тухайн цаг хугацаанд Б.Б биед гэмтэл учирсан талаар шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0190 дугаартай дүгнэлт гарсан, яллагдагч М.У хохирогч Б.Бтэй биеэр очиж уулзаад хөл хугарсан нөхцөл байдлыг мэдсэний үндсэн дээр мэдүүлгийг өөрчлүүлэхээр мөнгө өгсөн байдаг. Түүний хийсэн дээрх үйлдэл нь өөрийн ашиг сонирхолд нийцэхүйцээр худал мэдүүлэг өгүүлэхээр хийсэн хууль бус үйлдэл бөгөөд, шан харамж өгснөөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Гэмт хэргийн шинжтэй 265 дугаартай гомдлыг шалгах явцад Б.Бс Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хохирогчоор, Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Б 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мөн хохирогчоор тус тус мэдүүлэг авсан болох нь хэрэг бүртгэлтийн 240200262 дугаартай хэргээс хуулбарлан уг хэрэгт тусгасан баримтаар тодорхой харагддаг. 

Мөн шүүгчийн захирамжид заасан "бусдын ятгалгаар худал мэдүүлэг өгч буй Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Худал мэдүүлэх” гэмт хэрэгт холбогдуулан шалгах" гэсэн ажиллагааг хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчихөөр байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.У 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “...Би Б.Бтэй уулзаад яваад байсан шалтгаан нь хэл ам гаргах болов уу гэж санаа зовоод уулзаад байсан юмаа. Б.Д даргын хувьд дээрх асуудлаар миний удирдах албан тушаалтны хувьд надад дарамт, шахалт үзүүлсэн асуудал байхгүй... Б.Д дарга надаар Б.Бг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгуулж, тухайн гэмт хэргийг үйлдүүлсэн асуудал байхгүй..." гэж (2хх-ийн 210 хуудас), мөн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр "...би өөрийгөө хөл хугалаагүй гэдгээ мэдсэн учраас Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ер нь хөл хугалсан асуудлаа шалгуулах хүсэлтийг өмгөөлөгчийн хамтаар илэрхийлсэн. Түүнээс гадна тухайн үед "Цагдаагийн алба хаагч иргэнийг зодсон" гэх мэдээлэл олон нийтэд гарах вий гэдгээс эмээж Б.Бг дуудсан үед нь очиж уулзаад яваад байсан юм аа.... Би Б.Б нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд чадахаараа хүмүүсээс зээлж цуглуулаад нийт 7,5 сая төгрөг өгсөн. Б.Д даргын хувьд намайг Б.Бтэй уулзахыг ямар нэгэн байдлаар шахсан, ятгасан зүйл огт байхгүй ээ. Би Б.Бтэй уулзаж, хоорондоо ярилцаж байгаад яаж мэдүүлэг өгөхөө шийдсэн..." (2хх-ийн 213-215 хуудас) гэж тус тус мэдүүлсэн, 

мөн яллагдагч М.У өөрийн найз нөхөд, төрөл садангийн хамаарал бүхий гэрч Б.М, гэрч Б.Ч, гэрч Ё.Н нараас мөнгө зээлсэн талаарх мэдүүлэг, гэрч Б.Дн “...Би Билгүүнд ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй ээ..." (1хх-ийн 22-23 хуудас) гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дн болон М.Ун арилжааны банканд эзэмшдэг дансны хуулга зэрэг баримтуудаас дүгнэхэд яллагдагч М.У тухайн цаг хугацаанд Б.Б биед өөрийн үйлдлийн улмаас гэмтэл учруулсан, энэ асуудал Цагдаагийн байгууллагаар шалгагдвал өөрөө ажилгүй болно, ял авна гэж ойлгож мэдсэний үндсэн дээр хохирогч Б.Бс өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирлын баримтыг гаргаж өгөөгүй байхад нь сайн дураараа 7,500,000 төгрөгийн шан харамж өгч, улмаар бүртгэлийн 265 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг цааш шалгуулахгүй, өөрөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх санаа зорилгоор "...өөрөө хаалгаа хаах гэж байгаад хөлөө хавчиж хөлөө хугалсан..." гэсэн худал мэдүүлгийг өгүүлэхээр ятгасан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Хэрэг бүртгэлтийн 240200262 дугаартай хэрэгт Б.Д нь Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон мөн Д.Д тухайн цаг хугацаанд Дорноговь аймгийн * ажиллаж байсан гэдгээр нь яллагдагч М.Ут заавал үүрэг чиглэл өгсөн байх ёстой мэтээр дүгнэн, гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоогоогүй гэж шүүхээс дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд яг ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулснаараа уг асуудлыг тодорхой болгохыг захирамжид зааж өгөөгүй, хэрэгт цугларсан дээрх баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн, эсхүл хэрхэн үнэлэх боломжгүй байгааг дурдаагүй, хэт ерөнхийлөн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Шүүгчийн захирамжид заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бүртгэлийн 265 дугаартай гомдлыг дээд шатны прокурорын газраас сэргээн, хэрэг бүртгэлтийн 240200262 дугаартай хэрэг нээн шалгасан. Уг хэрэг, үйл факт өөрөө тусдаа гэмт хэргийн шинжтэй асуудал тул тухайн хэрэгт шалгагдсан нөхцөл байдлыг хэрэгт бүхэлд нь хуулбарлан тусгасан нь 2 дугаар хавтаст хэргийн 226-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-250 хуудас, 4 дүгээр хавтаст хэргийг 1-45 хуудаст тус тус авагдсан байна. Яллагдагч М.Ус Б.Бд өгсөн мөнгөний хэмжээ, мөн ямар санаа зорилгоор мөнгө өгсөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн баримтуудад үндэслэн гэрч, яллагдагч нараас дахин мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр прокурорын зүгээс яллах дүгнэлтэд дээрх асуудлын талаар хууль зүйн дүгнэлт хийсэн байхад "захирамжид заагдсан хийгдвэл зохих ажиллагаанууд огт хийгдээгүй байна” гэж шүүхээс дүгнэсэн нь ойлгомжгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

6.Яллагдагч М.У өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлт нь тодорхой хэмжээний хуулийн шаардлага хангасан байх нөхцөл байдлын хүрээнд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн яллах дүгнэлт нь шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хийлгэсэн. Дээрх агуулгаар яллах дүгнэлтийн өгүүлэл нь 265 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахгүй, өөрөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх субьектив санаа зорилгыг яллах дүгнэлтдээ тусгаж өгсөн. Мөн хохирогч Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан үндсэн объектив талын шинжийг хохирогч гэдэг байдлаар тодорхойлжээ. Ингээд хэргийн материалтай танилцаад явж байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад 265 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгаж байхдаа хохирогч Билгүүнээс хоёр мэдүүлэг авсан. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 21-ний хооронд мөнгө өгч байгаа үйл баримтаар үгүйсгэх зорилгоор хохирогчид шан харамж өгсөн гэдэг үйл баримтыг дурдсан. Хуулийн шаардлагын тухайд энэ дээр нэг л зүйлийг ярина. Гэрч үү, хохирогч уу хохирогчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоож процессын ажиллагаа явуулдаг. Гэтэл хохирогч гэрч томьёолоод байгаа дээрх томьёоллоор хяналтын прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 онд хохирогчоор тогтоосон тогтоолыг хохирогч биш байна гээд өөрөө тодорхойлсон. Тэгсэн хэр нь прокурор эсэргүүцэлдээ тухайн хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан үүнийг ямар нэгэн байдлаар үгүйсгэх аргагүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч бид өнөөдөр хуулийг хэрэглэхдээ хуульд заасан арга хэрэгслээр нотлох баримтыг цуглуулж бэхжүүлж, дээрх ажиллагааг шүүхийн хэлэлцүүлэгт үнэлнэ. Тэгэхээр энэ процессын ажиллагаатай холбоотой шүүх хохирогч, гэрчээр тогтоохгүй. Тиймээс энэ ажиллагаагаа зөвтгөөд ир гэдэг. Хоёрдугаарт Д гээд Дорноговь аймгийн * ажиллаж байсан хүний үйлдэл оролцоог шалга гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан үйл баримтууд арай өөр байдаг. Яллах дүгнэлтдээ ч мөн энэ талаар дурддаг. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлыг шалгаж тогтоох нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно. Гуравдугаарт өмнөх шүүгчийн захирамжид заасан ажиллагаанууд огт хийгдээгүй. Тиймээс хохирогч гэдэг нэр томьёогоо сайн тодорхойлсны үндсэн дээр дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.  Миний зүгээс шүүгчийн захирамжийг уншаад ойлгож байгаа. Дээрх мөрдөн шалгах ажиллагаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод хэрхэн нийцэх, дээрх ажиллагааны үр дүнд  ийм үр дагавар үүсэх нь байна. Яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт буюу шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэх ёстой юм байна гэдгийг бүрэн дүүрэн ойлгож, ухамсарлаж байгаа. Прокурор арай өөр өнцгөөр уншаад байх шиг байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудалд хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, прокурорын эсэргүүцлийг хангахаар шийдвэрлэлээ.

            1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч М.Уг хууль сахиулагч буюу Дорноговь аймгийн * ажиллаж байхдаа иргэн Б.Бс "Дорноговь аймгийн * болон өөрт нь холбогдуулан" гомдол гаргаж, улмаар Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэгт Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бүртгэлийн 265 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг цааш шалгуулахгүй, өөрөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх санаа зорилгоор хохирогч Б.Бг "...өөрөө хаалгаа хаах гэж байгаад хөлөө хавчиж хөлөө хугалсан...” гэсэн мэдүүлэг өгүүлж, зориуд худал мэдүүлгийг өгүүлэхээр ятгаж, улмаар Дорноговь аймгийн * тоотод буюу Б.Б гэрт 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд 7,000,000 төгрөг, Сайншанд сумын * гадна 2022 оны 05 дугаар сард 500.000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийн шан харамж өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд яллагдагч М.Ут холбогдох эрүүгийн 2319000480203 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “...яллагдагч М.У, Б.Бд 7,500,000 төгрөгийг яг ямар зорилгоор өгч, түүнийг ятгасан талаар огт нарийвчлан шалгаж тогтоогоогүй, өөрийн хүслээр эсхүл удирдлагынхаа даалгавраар бусдад шан харамж өгсөн үү, өгсөн 7,500,000 төгрөг хохирол, эсхүл шан харамж уу, хэрэгт тухайн үеийн Дорноговь аймгийн* ажиллаж байсан Д.Д өөрт ашигтай нөхцөл байдлыг бий болгох зорилгоор доод шатны албан тушаалтанд үүрэг даалгавар өгч хамтран оролцсон эсэх асуудлыг болон өмнө нь хэргийг буцаасан шүүгчийн захирамжийн дагуу хийвэл зохих ажиллагааг огт хийгээгүй” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн

3.Шүүгчийн захирамжийг прокурор Ө.Мөнхнавч эс зөвшөөрч “...мөрдөгчөөс хохирогчоор тогтоох тогтоол үйлдэлгүйгээр мэдүүлэг авсан нөхцөл байдал нь Б.Бг хохирсон үйл баримтыг үгүйсгэж түүний биед гэмтэл учруулаагүй гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Шүүгчийн захирамжид заасан "бусдын ятгалгаар худал мэдүүлэг өгч буй Б.Биг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Худал мэдүүлэх” гэмт хэрэгт холбогдуулан шалгах" гэсэн ажиллагааг хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.12-т заасныг зөрчихөөр байна.  Яллагдагч М.У тухайн цаг хугацаанд Б.Б биед өөрийн үйлдлийн улмаас гэмтэл учруулсан асуудал Цагдаагийн байгууллагаар шалгагдвал өөрөө ажилгүй болно, ял авна гэж ойлгож мэдсэний үндсэн дээр хохирогч Б.Бс өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирлын баримтыг гаргаж өгөөгүй байхад нь сайн дураараа 7,500,000 төгрөгийн шан харамж өгч, бүртгэлийн 265 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг цааш шалгуулахгүй, өөрөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх санаа зорилгоор "...өөрөө хаалгаа хаах гэж байгаад хөлөө хавчиж хөлөө хугалсан..." гэсэн худал мэдүүлгийг өгүүлэхээр ятгасан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өмнөх шүүгчийн захирамжид “прокурорын яллах дүгнэлтэд “...замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, ...хүндэвтэр гэмтэл санаатай учруулж..." гэж үйл фактыг тодорхойлсонтой холбоотойгоор Б.Б эрүүл мэндэд хэн хохирол учруулсан асуудлыг шалгах, М.У нь мөнгийг ямар санаа зорилготой Б.Бд өгсөн болохыг шалгах, яллах дүгнэлтэд өгсөн мөнгөний хэмжээ зөрүүтэй байгааг зөвтгөх шаардлагатайг дурдсан, үүний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бүртгэлийн 265 дугаартай гомдлыг дээд шатны прокурорын газраас сэргээн, хэрэг бүртгэлтийн 240200262 дугаартай хэрэг нээн шалгасан. Уг хэрэг үйл факт нь өөрөө тусдаа гэмт хэргийн шинжтэй асуудал тул тухайн хэрэгт шалгагдсан нөхцөл байдлыг хэрэгт бүхэлд нь хуулбарлан тусгаж, хэрэгт авагдсан байна. Яллагдагч М.Ус Б.Бд өгсөн мөнгөний хэмжээ, мөн ямар санаа зорилгоор мөнгө өгсөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн баримтуудад үндэслэн гэрч, яллагдагч нараас дахин мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр прокурорын зүгээс яллах дүгнэлтэд дээрх асуудлын талаар хууль зүйн дүгнэлт хийсэн учир хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичсэн.

4.Дээр дурдсанд болон хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, яллагдагчийн холбогдсон хэргийн бүх ажиллагааг хянавал “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг энэ хэрэгт зайлшгүй шалгаж, тогтоолгох шаардлагатай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх ба тухайлбал яллагдагч М.Ут холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг анхаарч, дүгнэн хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд  шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулж,  яллагдагчийн гэм бурууг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Энэ нь Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журамд нийцэхийн зэрэгцээ гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

Мөн яллагдагчийн холбогдсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч үйлдсэн...” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан эсхүл хангаагүй эсэх талаар нотлох баримтад үндэслэн, дүгнэх нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ. 

Иймд прокурорын эсэргүүцлийг дээр дурдсан үндэслэлээр хүлээн авч, ханган шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхэд очтол яллагдагч М.Ут урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/518 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.3, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очтол яллагдагч М.Ут урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САЙНТӨГС

ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА