| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2022/01483/И |
| Дугаар | 191/ШШ2025/09060 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/09060
2025 10 23 191/ШШ2025/09060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халсан, ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
/хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт ирүүлсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь ******* ******* ******* ******* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ажлаас үндэслэлгүй халсан, ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх болгож өөрчилсөн.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие 2017 оны 01 дүгээр сард ******* ******* ******* ******* ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа Төслийн Санхүүжилт, Зээлийн газрын санхүүжилт болон зээлийн тайлагналын хэлтсийн захирал, Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирлаар тус тус ажиллаж байсан.
2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-38 дугаартай Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай ******* ******* ******* банкны гүйцэтгэх захирлын тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн.
Гэтэл уг тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх заалтаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлжээ.
Энэ нь удирдах албан тушаалтан нь нийгмийн уур амьсгал, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан ор үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулж, түүндээ нийцүүлэн тушаал шийдвэр гаргаж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад Авлигатай тэмцэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/2503 тоот албан бичгийг үндэслэл болгосонд гомдолтой байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн танхимаас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ХШТ/138 дугаартай тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ДШМ/362 дугаартай магадлал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/704 дугаартай шийтгэх тогтоол тус тус гарч хуулийн хүчин төгөлдөр болсон.
Шүүхийн шийтгэх тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсон учир маргаан бүхий ажлын байранд эгүүлэн тогтоолгох боломжгүй болж, тухайн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, харин хууль бус тушаалаар ажлаас чөлөөлсөн нөхцөл байдлыг тогтоолгох, үр дагаврыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.
Намайг ажлаас чөлөөлөх тухай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 5/38 дугаартай захирал Н. тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, Хөдөлмөрийн дотоод журмыг болон Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн тушаал юм.
Энэхүү тушаал гарсан цаг хугацаанд намайг Хөдөлмөрийн гэрээний 6.3.9-д ажилтан нь гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэх үндэслэл бүрдээгүй, Хөдөлмөрийн дотоод журмын 11.2-т ажилтан нь журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэх нөхцөл үүсээгүй юм.
Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх тушаалын удирдлага болгосон Авлигатай тэмцэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/2503 тоот албан бичиг нь гэм буруутай эсэхийг тогтоосон шийдвэр биш, захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гэж гараагүй, надад танилцуулаагүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн этгээд нь мөрдөгч, прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч, 1 сарын дотор тэр тухай мөрдөгч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй гэж заасанд нийцэхгүй хууль зөрчсөн.
Хэрэв энэ албан бичгийн хүрээнд захирлуудын зөвлөл арга хэмжээ авсан юм бол хуульд заасан хугацаандаа, хөдөлмөрийн хуульд болон дүрэм, гэрээнд зааснаар намайг оролцуулах, ажлын 5 өдрийн дотор бичгээр хариу тайлбарыг гаргуулах, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэдгийг яаж тогтоож байгаа нь тодорхойгүй байдаг юм.
Хэрэв надад холбогдуулан эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай нөхцөл байдал байвал захирлуудын зөвлөл миний тайлбарыг авах, цаашлаад ажил үүргийн холбоотой гэж үзвэл ажлын байрнаас түр чөлөөлөх буюу түдгэлзүүлэх, тухайн шалгагдаж буй гэх эрүүгийн хэрэг нь гэм буруутай нь шүүхээр шийдвэрлэгдэж дууссан нөхцөлд ажлаас чөлөөлөх ёстой байсан.
Иймд ажлаас үндэслэлгүй халсан, ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч хариу тайлбартаа: ... Л.******* нь ******* ******* ******* ******* ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож, Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд тухайн тушаалын үндэслэлд маш их гомдолтой байдаг юм.
Хөдөлмөрийн гэрээгээр сарын үндсэн цалин нь 4,600,000 төгрөг байсан бөгөөд одоо ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах гэж нэмэгдүүлэн, ажилд эгүүлэн тогтоолгох үндсэн шаардлагатай хамтатган шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.
Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган ажилгүй байсан хугацааны цалинг сарын 4,600,000 төгрөгөөр тооцож, шүүх шийдвэр гаргах хугацаагаар тодорхойлж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. гэжээ.
6. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
7. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* ******* банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-38 дугаар Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
8. Хариуцагчаас ******* ******* ******* банкны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Захирлуудын зөвлөлийн ээлжит хурлын товч тэмдэглэл, ******* ******* ******* банкны 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, ******* ******* ******* банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А-21 дугаар Журам батлах тухай тушаалын хуулбар, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаар албан тоот, ******* ******* ******* банкны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Захирлуудын зөвлөлийн ээлжит хурлын товч тэмдэглэл зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
9. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газраас ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох дугаартай эрүүгийн хэргээс түүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг, Нийслэлийн Прокурорын газраас ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох дугаартай эрүүгийн хэргээс түүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: .. шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад Авлигатай тэмцэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тоот албан бичгийг үндэслэл болгосонд гомдолтой байна. Энэхүү тушаал гарсан цаг хугацаанд намайг Хөдөлмөрийн гэрээний 6.3.9-д ажилтан нь гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэх үндэслэл бүрдээгүй, Хөдөлмөрийн дотоод журмын 11.2-т ажилтан нь журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэх нөхцөл үүсээгүй юм. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх тушаалын удирдлага болгосон Авлигатай тэмцэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тоот албан бичиг нь гэм буруутай эсэхийг тогтоосон шийдвэр биш, захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гэж гараагүй, надад танилцуулаагүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн этгээд нь мөрдөгч, прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч, 1 сарын дотор тэр тухай мөрдөгч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй гэж заасанд нийцэхгүй хууль зөрчсөн гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Л.******* нь ******* ******* ******* ******* ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож, Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч Л.*******ыг хариуцагч компанийн Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирал албан тушаалд ажиллуулахаар харилцан тохиролцсон байна.
6. Авилагтай тэмцэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тоот албан бичгээр ******* ******* ******* банкны гүйцэтгэх захиралд №21 дугаартай Мөрдөгчийн мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд мэдэгдэлд: Л.******* нь Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа холбогдох хууль, журмыг зөрчиж ХХК-д нийт 4,881,220,652 төгрөгийн зээл олгуулж, хууль бус давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Л.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. ... Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх, албан тушаалтнуудын хариуцлага, сахилга, ёс зүйг дээшлүүлэх арга хэмжээ авч хариу ирүүлнэ үү гэжээ.
7. ******* ******* ******* банкны Захирлуудын зөвлөлийн ээлжит 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/№02 дугаар хурлын тэмдэглэлээр Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирал Л.*******тай холбоотой асуудлыг хэлэлцэн, Мөрдөгчийн №21 дугаар мэдэгдэлд дурдсан үндэслэлийг харгалзан түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
8. Улмаар, ******* ******* ******* банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-38 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6, 11.2, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тоот албан бичиг, Захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирал Л.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлжээ.
9. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/704 дугаартай шийтгэх тогтоолоор Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь Нийслэлийн Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/2434 тоот албан бичгээр тогтоогдсон.
10. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үндэслэлээ Шүүхийн шийтгэх тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсон учир маргаан бүхий ажлын байранд эгүүлэн тогтоолгох боломжгүй болж, тухайн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, харин хууль бус тушаалаар ажлаас чөлөөлсөн нөхцөл байдлыг тогтоолгох, үр дагаврыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэж тайлбарласан.
11. Өөрөөр хэлбэл, ажил олгогч Л.*******ыг Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа холбогдох хууль, журмыг зөрчиж ХХК-д нийт 4,881,220,652 төгрөгийн зээл олгуулж, хууль бус давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нөхцөл байдлыг харгалзан түүнийг ажлаас чөлөөлсөн ба Л.******* нь уг гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад талууд маргаагүй.
12. Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
13. Ажил олгогчоос Л.*******ыг гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 /ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан/, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6 /ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөнийг Захирлуудын зөвлөл тогтоосон/ дахь заалтыг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 6.3.4 дэх заалтад ажилтан ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.
14. Нэхэмжлэгч Л.******* нь ажил үүргээ гүйцэтгэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар татагдсан тухай Мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Захирлуудын зөвлөлийн хурлаар түүнийг ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрсөн гэж үзэж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.
15. Учир нь, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх цаг хугацаанд түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан хэдий ч ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасан хөдөлмөрийн харилцаанд баримтлах шударга бус үйлдлийг хориглох суурь зарчмыг, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасан ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх үндсэн үүргээ тус тус зөрчсөн болох нь хожим шүүхийн шийдвэрээр давхар тогтоогдсон, уг үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд Захирлуудын зөвлөлийн хурлаар түүнийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь Хөдөлмөрийн гэрээний 6.3.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад тус тус нийцжээ.
16. Иймд ажилтан байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан заасан сахилгын зөрчлийг гаргаж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж буй тохиолдолд тухайн ажилтны албан тушаалын байдал, эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байхыг шаардахгүй тул нэхэмжлэгчийн гаргасан гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн гэх тайлбар үндэслэлгүй.
17. Нэхэмжлэгч Л.******* нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Өөрөөр хэлбэл, түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн агуулгаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа бичгээр илэрхийлжээ.
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор зохицуулсан.
19. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч ажилтанд нөхөн олгох хууль зүйн үр дагавар үүсэхгүй юм.
20. Тодруулбал, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд эгүүлэн тогтоосон байх урьдач нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.
21. Иймд ажлаас үндэслэлгүй халсан, ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
22. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ******* ******* ******* банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-38 дугаар тушаал хууль зөрчсөн, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ