| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2319002220155 |
| Дугаар | 2024/ДШМ/65 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/65
Г.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Дашням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Шинэбаяр,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Г.Гт холбогдох 2319002220155 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.1.*,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.Г 2023 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутын орчим Дорноговь аймгийн *багийн нутаг дэвсгэрт авто зам дээр Норд Бенз загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй.... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 9.4 "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”, мөн дүрмийн 9.5 "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна", мөн дүрмийн 14.10 "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж ослын зогсолтын тэмдгийг зохих зайд байрлуулаагүйн улмаас Тоёота приус 41 загварын 86-57 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь * улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Б.Гн эрүүл мэндэд эрүү ясны хугарал, доод зүүн 1, 2, баруун шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дух, дээд уруул, зүүн шуунд шарх, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуя, шилбэ, зүүн өвдөг, зүүн тавхайнд цус хуралт, дух, дээд уруул, зүүн хацар, ооч, баруун, зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн тавхайнд зулгаралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Гн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Улаанбаатар хот *тоотод оршин суух *-ээс нэхэмжилсэн 30,008,500 төгрөгөөс 28,430,700 төгрөг хэлэлцэхгүй орхиж, 827,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгож, хохирогч Б.Н нэхэмжилсэн 1,650,104 төгрөгөөс 1,151,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот * тоотод оршин суух *-ийн нэхэмжилсэн 9,975,000 төгрөгийг иргэний хариуцагч Л.Гс тус тус гаргуулан олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Гс 750,000 төгрөгийг гаргуулан “Ц” НҮТББайгууллагад олгож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдааны явцад хохирогч Б.Г 750.000 төгрөг, хохирогч Б.Н 499.004 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.От 200.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Б.Н, иргэний нэхэмжлэгч Н.О нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогч Б.Г нь хэлэлцэхгүй орхисон зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эртэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч М.Рн мэдүүлэг зэргээр Г.Гн норд бенз буюу *улсын дугаартай автомашины ослын гэрэл дохио ажиллаж байсан, машины чиргүүл улаан цагаан өнгийн цацруулагчтай байсан нь хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Рн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул ослын зогсолтын тэмдгийг заавал байрлуулах заалтад хамаарахгүй учир Гг энэ заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Шүүгдэгч хориглосон газарт зайлшгүй зогсолт хийгээгүй нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс тодорхой харин ЗХД-ийн и/, к/-д тус тус заасныг хэргийн газрын хэмжилттэй харьцуулан шалгахад, нийт 2 эгнээтэй, хоёр урсгалтай, 6,40м өргөнтэй зам байсан бөгөөд зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн урд хэсэг 1,70м, хойд хэсэг 1,50см / хэмжээтэй зорчих хэсэг рүү орж зайлшгүй зогсолт хийсэн байгаа нь и/ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт хамаарахгүй, мөн том оврын тээврийн хэрэгслийн урд хэсгээс замын эсрэг талын зах хүртэл 4,70м, хойд хэсгээс 4.90м байх тул к/-д заасан хориглосон газарт хамаарахгүй, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад зайлшгүй зогсолт хийсэн том оврын тээврийн хэрэгслээс хоёр тийш үзэгдэх орчин 100м-ээс дээш зайд саадгүй байх тул м/-д заасан хориглосон газарт мөн адил хамаарахгүй байна.
Осол болсон шалтгаан нөхцөлийг тогтоохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023.06.04-ны өдрийн 2657 дугаартай дүгнэлт, 2023.08.18-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа, Техникийн шинжээчийн 2023.10.06-ны өдрийн 06/58 дугаар дүгнэлт, Ц ТББ-ын шинжээчийн 2024.02.05-ны өдрийн 24/16 дугаар дүгнэлт гэсэн 1 мөрдөгчийн магадалгаа, 3 шинжээчийн дүгнэлт гарсан. Эдгээрээс Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023.06.04-ны өдрийн 2657 дугаартай дүгнэлт, 2023.08.18-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа нь осол болсон шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй, Н.Н жолоодож явсан * улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй.
Иймд миний үйлчлүүлэгч Г.Гт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул Г.Гг цагаатгаж өгнө үү.” гэв.
6.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гг Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөнөөс болж энэ осол гарсан байна гэж үндэслэлтэй дүгнэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
7.Прокурор Б.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтээ: “...Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно гэж заасан. Энэ зүйлийн е/ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт гэж заасан байдаг. Түр зогсохыг хориглосон газарт удаан зогсохыг мөн хориглодог. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр Гн жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь замын зорчих хэсэг дээр зогссон, түүнийг бүрэн чөлөөлөөгүй байх тул түүний араас ирж байгаа тээврийн хэрэгсэл зайлшгүй эсрэг урсгалд орж тойрон гарах нөхцөл байдлыг бий болгосон байгаа нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт хамаарна гэж үзэж байгаа. Иймээс бусад тээврийн хэрэгсэлд анхааруулах дохио өгөхөөр ослын тэмдгийг байрлуулах үүргийг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүлээх ёстой. Г нь тухайн машиныг жолоодож Улаанбаатар хот явж байгаа нь тогтоогддог. Иймээс түүнийг жолооч биш гэж үзэх үндэслэл байхгүй байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй гэж заасан. Гэтэл шүүгдэгч нь ослын дохиог асаан машиндаа сууснаас өөрөөр ямар нэг арга хэмжээ аваагүй. Мөн дүрмийн 9.1, 14.1-т зааснаас үзэх юм бол тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь аюул саад учрах газарт зайлшгүй зогсолт хийсэн бол Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээс чөлөөлөгдөхгүй байх тул түүний үйлдлийг тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэх боломжтой. Мөн хохирогч Гн урдаас машин ирж байх шиг байсан. Н гэрлээ ойр дээр нь тавьчихаад буцаагаад холын гэрэл рүү шилжүүлэх хооронд урд том оврын ачааны машин зогсож байх шиг байсан. Тэгээд хурдаа хасаж байгаад гүйцэж түрүүлэх гэсэн урдаас нь машин гарч ирээд том оврын машин мөргөсөн гэсэн байгаа. Энэ мэдүүлгээс дүгнэхэд хэрэг үйлдэгдэх үед ослын дохионы гэрлийг харах боломжгүй гялбаанд орсон. Эсрэг урсгал руу явж гүйцэж түрүүлэх гэхээр урд нь машин байсан учраас энэ осол гарсан үйл баримт тогтоогдож байгаа. Шүүгдэгч үүргээ гүйцэтгээд ослын дохионы тэмдгийг зохих зайд нь байрлуулсан бол араас ирж айгаа тээврийн хэрэгсэл өөрийнхөө хурдыг хасах, зогсоох болгоомжтой явах зэрэг арга хэмжээг авах боломжтой. Энэ үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас энэ хэрэг гарсан гэж үзэж байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудалд хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан, нотолгооны зүйлд хамаарах “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан” зэрэг нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
Харин энэ хэрэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоогоогүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байх ба прокуророос зөвхөн шүүгдэгч Г.Гг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7, 9.4, б/, 9.5, 14.10-ийг зөрчиж, Тоёота приус 41 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь * улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Б.Гн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, зөрүүтэйн зэрэгцээ хэргийг шийдвэрлэхэд хамааралтай байж болох бусад нөхцөл байдлын талаар шалгаж, шийдвэрлээгүй байна.
2.Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаагүй, нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг анхаарч, дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Н, Б.Г, гэрч Н.О, Г.Г, М.Р, Л.Гн мэдүүлэг, техникийн эвдрэлийн дүгнэлт 2023.07.19-ний өдрийн No23, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023.06.04-ны өдрийн 2657 дугаартай дүгнэлт, 2023.08.18-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа, Техникийн шинжээчийн 2023.10.06-ны өдрийн 06/58 дугаар дүгнэлт, шинжээч И.Бн мэдүүлэг, Ц ТББ-ын шинжээчийн 2024.02.05-ны өдрийн 24/16 дугаар дүгнэлт зэргээр шүүгдэгч Г.Гг "хориглосон газарт" зайлшгүй зогсолт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Харин хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, дээр дурдсан нотлох баримтаар жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т заасан “зайлшгүй зогсолт” хийсэн байх буюу автомашины кардан голны чагтан холбоос тасарсны улмаас зогссон, уг тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл ажиллаж байсан/1хх87/, чиргүүлийн ирмэг хэсгээр улаан цагаан өнгийн гэрэл ойлгогч, цацруулагч наалттай байсан/1хх87/, ослын зогсолтын тэмдэг байсан/1хх87/, тэмдгийг чиргүүлээс хойш 8 алхсан зайд тавьсан байсан” зэрэг үйл баримт тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт болон жолооч Г.Гн жолоодож явсан тээврийн хэрэгслийн кардан гол эвдэрч, чагтан холбоос тасарснаас зам дээр зайлшгүй зогсолт хийж, зогссон байх үед жолооч Б.Н * улсын дугаартай тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам дээр зогссон Nort Benz маркийн тээврийн хэрэгслийн эсрэг урсгалын аюулгүй байдлыг ханган тойрч гараагүй, тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авалгүй чиргүүлийн араас мөргөж зам тээврийн осол гаргасан байж болзошгүй нөхцөл байдлын талаар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх5-12/, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч Б.Нн “....цагаан шугам харагдаж байсан, машин харагдахгүй байсан өөдөөс ирсэн машиныг өнгөрүүлээд ойрын гэрлийг хол руу шилжүүлэхэд гэнэт машин гараад ирсэн” гэсэн мэдүүлэг/1хх26-28/,
хохирогч Б.Г “Дорноговь аймгийн * дээр 22 цаг өнгөрч байх үед ирэхэд цагдаа зогсоогоод үеэл эгч Б.Нн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шалгуулаад явуулсан. Цааш явж бие засахаар зогсож бид 2 бие засаад үеэл эгч Б.Н тамхи татаад цааш хөдөлсөн. Тэгээд цааш явсан тэгтэл гэнэт бид 2-ын урд дөрвөлжин цагаан өнгийн зүйл байсан” гэсэн мэдүүлэг/1хх40-41/,
гэрч М.Рн “....улаан цагаан өнгийн гэр.л ойлгогч наалттай байсан, ....ослын жижиг гурвалжин тэмдгийг лааз түшүүлэн 8-10 метр зайд тавьсан байсныг том тээврийн хэрэгслийн жолоочид тухайн тэмдгийг Айраг сум явах зүгт * улсын дугаартай nord benz маркийн тээврийн хэрэгсэлд тоормосны мөр байсан, харин хар саарал өнгийн * дугаартай тээврийн хэрэгсэлд тоормосны мөр байхгүй байсан.../1хх86-88/ гэсэн мэдүүлэг,
шүүгдэгчийн “....ослын тэмдэг болон тосны сав тавьсан”/1хх66-68/ гэсэн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлогдож, тогтоогдсон байна.
Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд * улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон, зайлшгүй зогсолт хийсэн, ингэж зогсохдоо ослын зогсолтын тэмдэг/мөн цагаан өнгийн сав/-ийг байрлуулсан гэхдээ зохих зайд байрлуулаагүй харин жолооч Б.Н Тоёота приус 41 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зайлшгүй зогсолт хийж зогссон тээврийн хэрэгслийг буюу саадыг тойрон гарах эсхүл хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдлыг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгаж тогтоосны эцэст шүүхээс гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эдгээр дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарна.
Иймд давж заалдах гомдлыг хангаж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдсан гомдлыг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА