| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2026/0558/З |
| Дугаар | 128/ШШ2026/0770 |
| Огноо | 2026-09-02 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2026/0770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Хариуцагч: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/20260103002 дугаартай Тендерийн үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: ******* НҮТББ /РД:/
Маргааны төрөл: Тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд
1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/20260103002 дугаартай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Багц-12 Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэх тендерийн хорооны 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах,
2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон ******* НҮТББ-ын хооронд байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх №ХБХХЕГ/20260103002, 04/18 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах,
3.Р******* ХХК-ийг тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаж, хамгийн сайн үнэлэгдэх ёстой байсан болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн гэж дүгнэж, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг захиалагчид даалгах,
4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/309 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг сүүлийн байдлаар тодруулан маргасан.
1.1.Нэхэмжлэгч Р******* ХХК нь анх хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхээс 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2026/4198 дугаартай шүүгчийн захирамжаар 1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Багц-12 Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэх тендерийн хорооны үнэлгээг хүчингүй болгуулах, 2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/20260103002 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Багц-12 тендерт шалгарсан ******* НҮТББ-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, 3.Р******* ХХК-ийн тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаж, хамгийн сайн үнэлэгдэх ёстой байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн гэж дүгнэж, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг захиалагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/309 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг нэмэгдүүлснийг шүүх хүлээн авсан.
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан ХБХХЕГ/20260103002 дугаартай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Багц-12-Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ тендерт Р******* ХХК оролцжээ.
2.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/134 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...ХБХХЕГ/20260103002 дугаартай тендерийн Багц-12-д хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэхэд ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10 дах хэсэгт заасан чадавхын шаардлага хангах багцуудаас гэрээний үнэ хамгийн өндөр байх нэг, эсхүл түүнээс дээш тооны багцад гэрээ байгуулах эрх олгохоор болсон. Багц-12-д шалгараагүй гэж Р******* ХХК-д мэдэгдсэн байна.
2.2. Нэхэмжлэгч Р******* ХХК-аас үүнийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамны 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 03/1758 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр ... 4.******* хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын болон үйл ажиллагааны хөтөлбөрийг ирүүлсэн, мөн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тушаалын хавсралтаар баталсан удирдамжийг хавсарган ирүүлсэн байх боловч гомдолд хөдөлмөр заслын хөтөлбөрийг тусгай хэрэгцээт боловсролын нийгэм ахуйн баримжаа хөтөлбөрөөр боловсруулсан нь хүүхдийн хөдөлмөр заслын үйлчилгээний чиглэл, агуулгын нийцлийг тодорхойлох шаардлагатай байна гэж дурдсаны дагуу уг хөтөлбөр нь хүүхдийн онцлогт нийцэх эсэхийг дахин хянан үзэх нь зүйтэй. 5.*******-ийн тендерт Эрдмийн өргөө сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бодит байдлын үнэлгээ хийж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэл засал, хөдөлгөөн заслын сургалт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тухай 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ ирүүлсэн боловч гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй байх тул дээрх шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд захиалагчийн тус тендер шалгаруулалтын 12 дугаар багцад холбогдуулан гаргасан 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/159 тоот шийдвэрийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, дахин хийхийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт мэдэгдсэн.
2.3. Үүний дагуу Тендерийн үнэлгээний хороо 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дахин хуралдаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/320 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...Хуульд заасны дагуу дахин үзэж, үнэлсний дагуу хуулийн 27 дугаар зүйлийн 27.10 дахь хэсэгт заасан чадавхын шаардлага хангах багцуудаас гэрээний үнэ хамгийн өндөр байх нэг, эсхүл түүнээс дээш тооны багцад гэрээ байгуулах эрх олгохоор болсон тул Багц-12-д оролцсон танай тендер шалгараагүй болно... гэж мэдэгдсэн.
2.4. Нэхэмжлэгч Р******* ХХК-аас үүнийг дахин эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамны 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/3057 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр ...захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй байх тул гомдлыг буцааж байна гэж нэхэмжлэгчийг гомдлыг буцааж, мэдэгджээ.
2.5. Захиалагчийн сүүлийн шийдвэрийг эс зөвшөөрч Р******* ХХК нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч Р******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:
Манай компани 2023 онд үүсгэн байгуулагдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж, тэднийг сургуульд хамрагдах бэлтгэлтэй болгох, хөгжлийг нь дэмжих, эцэг эх, гэр бүлд нь бодит дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр бүх талын хэрэгцээнд нийцсэн дэмжих төвийг байгуулан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зарласан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Багц-12 Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэх тендерт оролцож, тендерийн материалаа зохих журмын дагуу хүргүүлсэн. Бидний зүгээс захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг хянаад Сангийн сайдын 2023 оны А/253 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Тендер сонгон шалгаруулалтын гомдолд хавсаргаагүй үндэслэлээр гомдлыг буцаасан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.1. Багц-12 Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэх" тендерт шалгарсан ******* НҮТТБ-ын санал болгосон үнийн санал нь манай санал болгосон үнийн саналаас 15,500,000 төгрөгөөр илүү, үйлчилгээ явуулах талбайд тавигдах шаардлагад нэг хүүхдэд 4 м.кв-аас багагүй байхаар тусгасан боловч дээрх ТББ нь санал болгосон талбай нэг хүүхдэд 3.7 м.кв, тендерт ирүүлсэн хүний нөөцийн материалд байгаа сэргээн засах эмчилгээний нийт 5 эмч ажилчид нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн одоогоор бүтэн ажиллаж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд танхимаар өдрийн турш үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж тендерт шалгаруулсан, тоног төхөөрөмжийн хувьд учир дутагдалтай, баримтаар ирүүлээгүй зүйлийг байгаа хэмээн үзсэн, оролцогчийн туршлагыг нотолсон баримт байхгүй байхад үүнийг байгаа мэтээр үнэлж, Хөдөлмөр заслын хөтөлбөрийн үйлчилгээний чиглэл, агуулгын нийцэл зэргийг тус тус харгалзан үзэж тодорхойлохгүйгээр тендерт хамгийн сайн үнэлгээ өгч шалгаруулсан нь өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хариуцагч зөрчсөн бөгөөд хуулийн 12, 15, 17, 26, 27 дугаар зүйлүүдийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэж байна.
3.2. Р******* ХХК-ийн "Шинэ дэлхий" нэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн хөгжлийн төв нь 1 давхрын 150 м.кв талбайд 8 мэргэжлийн боловсон хүчинтэй сургуулийн насны 25 хүүхдэд, 2 давхрын 200 м.кв талбайд 10 мэргэжлийн боловсон хүчинтэй цэцэрлэгийн насны 25 хүүхдэд танхимын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ 15 хүүхдэд явуулын үйлчилгээ хүргэж нийт 65 хүүхдэд хамрагдсан, дэмжих төвийн стандартыг хангасан бүтэн цагийн үйлчилгээ явуулж байна. Манай байгууллага 2025 онд нийт 50 хүүхдэд танхимын өдрийн үйлчилгээ болон 15 хүүхдэд явуулын үйлчилгээ амжилттай үзүүлсэн бөгөөд уг туршлагыг нотлох 2025 оны гэрээ болон гэрээ дүгнэсэн акт зэргийг тендерийн баримт бичигт хавсаргаж, 350 м.кв талбай бүхий зориулалтын танхим, хүүхэд ба багшийн 4:1 харьцааг хангасан хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл яриа авиа засалч, сэтгэл зүйч зэрэг 18 мэргэшсэн боловсон хүчинтэй баг, шаардлагад нийцсэн иж бүрэн тоног төхөөрөмжтэй тул 25 хүүхдэд танхимын өдрийн үйлчилгээ үзүүлэх тендерийн бүх шаардлагыг бүрэн хангаж, чанартай үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэн үзүүлэх бүрэн чадавхтай тухайгаа тендерийн баримт бичигт илгээсэн нь тухайн тендерт хамгийн сайн үнэлгээг авах нь бодит байдалт нийцнэ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороо шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний үндэслэлдээ:
4.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/283 дугаар тушаалаар байгуулагдсан "Үнэлгээний хороо" нь 2026 оны 02 дугаар сарын 03, 04, 05, 06, 16, 24-ний өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар баталсан Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар-ын дагуу тендерийн баримт бичгийг хянан үзэж, үнэлэх ажиллагааг зохион байгуулсан. Тендерийн үнэлгээний үр дүн гарч 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар хурлын тэмдэглэл /Зөвлөмж/-ийг захиалагчид танилцуулан, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Худалдан авах ажиллагааны цахим системд үр дүнг нийтэлсэн. Тус тендерт 21 багцтай тендер шалгаруулалтад нийт 31 байгууллага материалаа ирүүлсэн. Нийт 73 гаруй шалгуур үзүүлэлтээр үнэлж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Тухайлбал: Ерөнхий шаардлага 9, санхүүгийн чадавх 4, хүний нөөцийн чадавх 11, техникийн чадавх 9, шаардлагатай хэрэглэгдэхүүнийг 40 үзүүлэлтээр үнэлж, шалгаруулсан. Багц 12 Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ 425,000,000 төгрөг бүхий төсөвт өртөгтэй багцын хувьд нийт 3 байгууллага тендер ирүүлсэн ба Захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/159 дугаар албан бичгээр ******* НҮТББ-д гэрээ байгуулах эрх олгогдсон.
Сангийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/1317 дугаар албан бичгээр Багц 12-тай холбогдуулан гомдол гарсан тул Захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлж, гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг хүргүүлэн авсан. Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1758 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дах заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн ба Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдан хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийж, Зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/309 дугаар албан бичгээр ******* НҮТББ-д дахин гэрээ байгуулах эрх олгосон. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/309 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь үйлчилгээ хүргэж буй байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулах, зогсоох үр дагавартай юм. ******* НҮТББ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа доголдох, зогссон нөхцөлд үйлчилгээ авч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд ноцтой хор хохирол учрахаар байна. Үүнд:
1. Эрүүл мэндийн хувьд: Тус үйлчилгээнд хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулах үйлчилгээнүүд хамаарагддаг бөгөөд үйлчилгээ зогссоноор эрүүл мэндэд үүсэх сөрөг нөлөөг тооцоолох боломжгүй юм.
2. Эдийн засгийн хувьд: Тус үйлчилгээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэдний гэр бүлийн эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлж байгаа ба улсаас тус үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэж байгаа. Тиймээс үйлчилгээг зогсоовол гэр бүлийн эдийн засгийн нөхцөлд сөрөг нөлөөтэй юм.
3. Сэтгэл зүйн хувьд: Тус үйлчилгээг авч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэр бүл, эцэг эхийн амьдралын нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлж, хөдөлмөр эрхлэх, хувийн болон эдийн засгийн нөхцөл байдалдаа анхаарах зэрэг боломжийг олгож байгаа. Тус үйлчилгээг гэнэт зогсоох нь тухайн иргэдийн нөхцөл байдлыг дордуулах, стресс, бухимдал болон нийгэм, сэтгэл зүйн сөрөг үр нөлөөтэй юм. Тиймээс тус үйлчилгээтэй холбоотой албан бичиг, гэрээ, бусад баримт бичгийг цуцлах, үйл ажиллагаа зогсоох нөхцөлд эрсдэлийг сайтар тооцож үзэх шаардлагатай. Иймд тус үйлчилгээтэй холбоотой Р******* ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дэмжих боломжгүй юм.
4.2. Нэхэмжлэл гаргасан 12 дугаар багц дээр Р******* ХХК нь үйлчилгээ үзүүлэх үндсэн шаардлагыг бүрэн хангаагүй. Тус шаардлага хангаагүй нөхцөл байдал нь Сангийн яамны гомдлыг хянан үзсэн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1756 дугаар албан бичгээр нотлогддог. Үнэлгээний хороо нь 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдан хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийж, Р******* ХХК болон ******* НҮТББ-ын үйлчилгээ үзүүлэх эсэх талаарх чадавхыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.9-т заасны дагуу гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадалсан. Р******* ХХК нь тус ХБХХЕГ/20260103002 дугаартай "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах" тендерт нийт 5 багцад оролцсоноос 2 багцад (5, 13-р багц) шалгарсан. Иймд гомдол гарсан 12 дугаар багцад Үнэлгээний хороо" дахин үнэлгээ хийж, тус байгууллага чадавхын хувьд үйлчилгээ үзүүлэхэд шаардлага хангаагүй гэж үзсэн. Үүнд:
Дээрх нөхцөл байдал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлнө гэж үзэн тус байгууллагын 12 дугаар багцад ирүүлсэн тендерийг шалгаруулахгүй байх үндэслэл болсон.
4.3. ******* НҮТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын болон үйл ажиллагааны хөтөлбөрийг ирүүлсэн, мөн 2026 оны 01 дүгээр 05-ны өдрийн 02 дугаар тушаалын хавсралтаар баталсан удирдамжийг хавсарган ирүүлсний дагуу хөтөлбөр нь хүүхдийн онцлогт нийцэх эсэхийг дахин хянан үзэж, шаардлага хангасан гэж үзсэн.
4.4. *******ийн тендерт Эрдмийн өргөө сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бодит байдлын үнэлгээ хийж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэл засал, хөдөлгөөн заслын сургалт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тухай 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ ирүүлсэн боловч гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй байх тул дахин хянан үзэхэд тус байгууллагын гэрээний хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2027 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсныг тогтоосон. Гэрээ үргэлжилж байгаатай холбогдуулан гэрээ дүгнэсэн шаардлагагүй, гэрээ дүгнэх хугацаа дуусаагүй учир ирүүлэх шаардлагагүй гэж үзсэн.
4.5. "******* ТББ нь 12 дугаар багцад ТШ-ын баримт бичгийн шаардлагыг бүрэн хангаагүй боловч нийт 70 шалгуур үзүүлэлтийн дагуу шаардлага хангасан материал боловсруулан ирүүлсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг үнэлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжид сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэн 12 дугаар багцад тэнцүүлсэн.
Ийнхүү тендер шалгаруулалтын явцад Үнэлгээний хорооны хувьд Сангийн сайдын 2023 оны А/254 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам"-ын 3.6-д заасны дагуу үнэлгээний хорооны хэвийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Үнэлгээний хорооны гишүүд хуулийн 52-д зааснаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад цаг тухайд оролцох үүргээ биелүүлж ажилласан ба үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэн ажиллаж байсан. Үнэлгээний хорооны дарга, гишүүд, хөндлөнгийн гишүүдээс албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсээгүй болно.
Үнэлгээний хороо нь Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1758 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээг хийж, үр дүнг худалдаан авах ажиллагааны цахим системд ил тод байршуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.2 дахь хэсэгт Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ., 28.3. дахь хэсэгт Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно" гэж заасны дагуу гаргасан бүх шийдвэрийг нийтэд ил тод мэдэгдсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Гуравдагч этгээд ******* НҮТББ нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний үндэслэлдээ:
5.1.Манай төрийн бус байгууллага нь 2013 онд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж, 13 дахь жилдээ өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 70 тоот хаягт байрлах 150 м.кв талбай бүхий сургалтын зориулалтаар баригдсан үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байна. Манай *******-ийн хамт олон бага насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгохын зэрэгцээ 2013 оноос хойш жил бүр хөгжлийн бэрхшээлтэй 3-5 хүүхдийг сургуульд бэлтгэн, тэгш хамруулан сургаж ирсэн ажлын туршлагатай. Тус байгууллагын удирдлага болон багш, мэргэжилтнүүд нь хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр мэргэшсэн, салбартаа олон жил ажилласан тасралтгүй ажилласан туршлагатай, мэргэжлийн тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй болон залуу мэргэжилтнүүд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн ажилладаг. Бидний хувьд захиалагчтай гэрээ байгуулан, 2026 оны 04 сараас үйл ажиллагаа явуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлж байна. Ажил хэрхэн гүйцэтгэсэн талаарх үйл ажиллагааны тайланг захиалагч талд сар бүр өгч явцаа дүгнүүлэн, санхүүжилтээ аваад явж байна. Захиалагчийн зүгээс ажлын явц болон нөхцөл байдлыг шалгаж, бидний үйл ажиллагааг хэвийн, сайн гэж дүгнэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ажлын нэг онцлог нь хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хэрэгцээ, хөгжих, сурах боломжид суурилсан сургалт, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэх явдал бөгөөд манай байгууллага нь 25 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээгээ энэ хүрээнд чанартай, тасралтгүй үзүүлж байна. Мөн манай цэцэрлэгт дэмжих төвд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхдийн ээжийг ажлын байраар хангаж тэдний орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
5.2. Захиалагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулахаар нийт 21 багц тендер зарласан байсан. Нэхэмжлэгч компани нь 21 багцын 6 багцад өрсөлдсөн байсан бөгөөд захиалагчтай тус тендерийн Багц 13 "Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ", Багц 5 Хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдэд танхимаар үзүүлэх цагийн үйлчилгээ" үзүүлэх ажлууд дээр гэрээ байгуулсан байсан. Гэтэл 3 дахь ажлыг авна гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан байна. Энэхүү тендерийн олон багцад оролцсон тус компанийн гэрээ хэрэгжүүлэх чадавх, үйлчилгээ үзүүлэх, хэрэгжүүлэх үр дүнг харгалзаж үнэлгээний хороо шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Нэхэмжлэгч нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн дэмжлэг үзүүлэх энэхүү маш нарийн онцлог үйл ажиллагааг зөвхөн ашиг олох хэрэгсэл бизнес болгон харж хэрхэвч болохгүй. Манай байгууллага өнөөг хүртэл явуулж ирсэн үйл ажиллагаа, түүнийгээ тогтвортой явуулах нөхцөл, удирдлага болон багш, мэргэжилтнүүдийн ажлын туршлага, чадвар, мэргэжлийн ёс зүйн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж үзээд 21 багц тендерийн зөвхөн нэг багцад оролцож шалгарсан. Гэтэл нэхэмжлэгч манай шалгарсан Багц 12 тендерийг барилга, хүний нөөц, тоног төхөөрөмж, туршлага, хөтөлбөр, үнийн санал зэрэг нь шаардлага хангаагүй хамгийн муу байсан мэтээр бичиж, бидний өнөөдрийг хүртэл явуулж ирсэн үйл ажиллагааг ямар ч баримт нотолгоогүй үгүйсгэж, үнэлгээний хорооны бүрэн эрх, хараат бус байдалд халдаж буйд харамсаж байна.
5.3. Нэхэмжлэгчээс маргаж буй нэхэмжлэлийн үндэслэлд дараах тайлбарыг гаргаж байна.
5.3.1. ТШЗ 19.1-д заасан үйлчилгээ явуулах талбайд тавигдах шаардлагад нэг хүүхдэд 4 м.кв-аас багагүй байна гэж тусгасан бөгөөд нэхэмжлэгч манай байгууллагыг 3.7 м. Кв талбай нэг хүүхдэд ногдож байна гэх нэхэмжлэлийн үндэслэлд: Манай байгууллагын үүсгэн байгуулагч Ц.Цэ******* Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 70 тоотод байрлах сургалтын зориулалттай 150 м.кв үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд энэхүү өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
Манай цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд энэ төрлийн үйлчилгээ үзүүлж ажилладаг бусад байгууллагуудаас давуу тал нь цэцэрлэгийн гадна талбайд хүүхдэд зориулсан тохижилт, тоглоомын талбай бүрдүүлсэн. Үүнд Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 193 дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх боловсролын барилгын төлөвлөлт, Монгол Улсын барилгын норм, дүрмийн 4.1.1. Цэцэрлэгийн эдэлбэр газар, барилгыг төлөвлөхдөө БНбД 30-01-04-ийн дагуу төлөвлөх бөгөөд эрүүл ахуй хамгаалалтын бүсийн шаардлагыг хангасан байна. Хөгжлийн бэрхшээлтэй түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан орон зайн хүртээмжийг БНбД 31-23-22, барилга байгууламжийн аюулгүй байдал, галын аюулгүй байдлын шаардлагыг БНбД 21-01-02, БД 21-103-22-ын холбогдох заалтуудыг баримтална., Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага MNS 6558:2015-ийн 5.1.1-д Цэцэрлэгийн эзэмшил газрыг хамгаалж тусгаарласан хараатай байх бөгөөд хашааны өндөр 1,6 м-ээс багагүй байна" гэсэн холбогдох заалтуудыг баримтлан орчны аюулгүй байдлыг бүрэн хангасан цөөхөн газруудын нэг юм.
5.3.2. Хөдөлмөр заслын хөтөлбөр-ийн эмчилгээний чиглэл, агуулгын нийцлийг харгалзан үзээгүй гэх зүйлийг нэхэмжлэлийн үндэслэл болгосон тухайд: Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын тавигдах шаардлагын 1-д заасан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт нийцсэн сургалтын болон үйл ажиллагааны хөтөлбөртэй байна" гэж заасны дагуу сургалтын болон үйл ажиллагааны хөтөлбөр, удирдамжийг илгээсэн. Нэхэмжлэгч нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тушаалын хавсралтаар баталсан удирдамжийг ирүүлсэн" гэж ямар байгууллага, албан тушаалтны баталсан удирдамж болох албан ёсны эх сурвалжийг огт дурдаагүй, худал ташаа зүйлийг бичсэн байна. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн дэмжлэг үзүүлэх "Дэмжих төв"-ийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх албан ёсны батлагдсан Хөдөлмөр засал-ын хөтөлбөр байхгүй. Хөтөлбөрийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт нийцсэн сургалтын болон үйл ажиллагааны хөтөлбөрийг манай хамт олон болон мэргэжилтний багийн хүрээнд боловсруулсан. Үүнд Ц.Цэ******* миний бие хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын хөтөлбөр судлалын чиглэлээр сурч хуримтлуулсан мэдлэг, чадвар, олон жил ажилласан туршлага, мэргэжлийн эксперт хийж байсан маань давуу тал болсон.
Манай ******* НҮТББ-аас тендерт явуулсан хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нас, сэтгэхүй, бие махбодын онцлог, амьдралын суурь хэрэгцээ, хүүхдийн сурах, хөгжих арга барилын ялгаатай байдал, хөдөлмөр заслын сургалт үйлчилгээний агуулга, нийцлийг тодорхой тусгасан, бодит амьдрал дээр ганцаарчилсан сургалтын болон хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрөөр хэрэгжих бүрэн боломжтой жишиг хөтөлбөр юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэхдээ багш мэргэжилтнүүд, эцэг эх, асран хамгаалагчид хамтран сургалтын хөтөлбөрт тохируулга хийх, ганцаарчилсан сургалтын болон дэмжлэгийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж хөтөлбөрт тохируулга хийх, хэрэгжүүлэх нь маш чухал байдаг. Иймээс багш, мэргэжилтнүүдийн хамтын үйл ажиллагааны уялдааг хүүхдийн хөгжлийг үнэлэх, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах түвшинд хангаж, үйлчилгээ үзүүлэх нь сайн үр дүнтэй болохыг өөрийн орны болон олон улсын холбогдох эрх зүйн баримт бичиг, сайн туршлагууд харуулж байна.
Р******* ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүхий л талын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг зөвхөн "Хөдөлмөр засал"-ын хөтөлбөр, хөдөлмөр засалч гэсэн байр суурийг илүүтэй мэтээр өөрийн мэргэжлийн явцуу хүрээнд, давуу тал болгон харж, асуудалд хандаж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх орчин үеийн чиг хандлагыг сайтар ойлгоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын салбарт ажилласан ажлын бодит туршлага багатай нь 2025 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа, хөтөлбөрийн талаар ойлголт, мэдлэг муутай нь өөрийнх нь нэхэмжлэлд дурдсан зүйлээс тодорхой харагдаж байгаа учраас ийнхүү бичсэн байна. Нэхэмжлэгч тал Монгол Улсын эрх зүйн орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүүдийн дэмжих төвд хэрэгжүүлэх албан ёсоор батлагдсан хөтөлбөр байхгүй байхад байгаа мэтээр шаардаж, манай байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан хөтөлбөрийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Үнэлгээний хороо манай байгууллагын хөтөлбөрийн агуулгыг бодитоор үнэлж шалгаруулсан нь хууль ёсны шийдвэр болно.
5.3.3. Тоног төхөөрөмжийн хувьд учир дутагдалтай байсан гэх үндэслэлийн тухайд: Манай цэцэрлэг нь бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэгш хамруулах боловсролыг 13 жил олгож ирсэн туршлагатай, сургалтын материаллаг бааз сайтай, энэ хугацаандаа Хүүхдэд ээлтэй цэцэрлэг өргөмжлөл, бусад шагнал урамшууллаар шагнагдаж байсан хамт олон юм. Бид тендерт оролцохдоо тендерийн материалд тусгагдсан техник хэрэгслийн жагсаалтад байгаа 40 хэрэглэгдэхүүнийг бэлтгэж, өрөө тасалгаагаа тохижуулж, шаардлагатай засвар, тохируулгыг хийсэн болно. Тендерт тусгасан үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий бүх л тоног төхөөрөмжтэй ба нэхэмжлэгч нь эх сурвалжид үндэслэн тоног төхөөрөмжийн дутагдалгүй. Манай байгууллага шаардсан тоног төхөөрөмж, тусгай хэрэглэгдэхүүн, сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт, тэдгээрийн зураг, баримтуудыг тендерийн материалд бүрэн гүйцэд хавсаргаж илгээсэн, үзэж танилцсаныг үнэлгээний хороо дүгнэсэн гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Тус шүүхэд нэхэмжлэгч Р******* ХХК-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан
1.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/20260103002 дугаартай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Багц-12 Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэх тендерийн хорооны үнэлгээг хүчингүй болгуулах,
1.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон ******* НҮТББ-ын хооронд байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх №ХБХХЕГ/20260103002, 04/18 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах,
1.3.Р******* ХХК-ийг тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаж, хамгийн сайн үнэлэгдэх ёстой байсан болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн гэж дүгнэж, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг захиалагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/309 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж,
1.5.Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/20260103002 дугаартай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Багц-12 Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэх тендерийн хорооны 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах гэж тодруулан маргасан.
2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/283 дугаар тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр хуралдаанаар тендерийн баримт бичгийг боловсруулж, тендерийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нээхээр тогтоосон байна.
3. Дээрх тогтоосон хугацаанд тендерийг нээж, нэхэмжлэгч Р******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/134 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийг Багц-12 Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэх-д шалгараагүй талаар мэдэгдсэнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргажээ.
4. Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1758 дугаар албан бичгээр ******* хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын болон үйл ажиллагааны хөтөлбөрийг ирүүлсэн, мөн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тушаалын хавсралтаар баталсан удирдамжийг хавсарган ирүүлсэн байх боловч гомдолд хөдөлмөр заслын хөтөлбөрийг тусгай хэрэгцээт боловсролын нийгэм ахуйн баримжаа хөтөлбөрөөр боловсруулсан нь хүүхдийн хөдөлмөр заслын үйлчилгээний чиглэл, агуулгын нийцлийг тодорхойлох шаардлагатай байна гэж дурдсаны дагуу уг хөтөлбөр нь хүүхдийн онцлогт нийцэх эсэхийг дахин хянан үзэх нь зүйтэй байна, *******-ийн тендерт Эрдмийн өргөө сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бодит байдлын үнэлгээ хийж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэл засал, хөдөлгөөн заслын сургалт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тухай 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ ирүүлсэн боловч гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй байх тул дээрх шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд захиалагчийн тус тендер шалгаруулалтын 12 дугаар багцад холбогдуулан гаргасан 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/159 тоот шийдвэрийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д заасны дагуу хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийхийг мэдэгдье гэжээ.
5. Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр хуралдаанаар Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийг хэлэлцэж, тендерийн материалыг дахин хянан үзсэний дагуу тус багцад *******-ийг Үнэлгээний хорооны гишүүдийн 100% саналаар шалгаруулж, Захиалагчид шалгарсан тухай зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэснийг Захиалагчаас 12 дугаар багц дээр үнэлгээг дахин хийх гэж тэмдэглэсэн байна.
6. Улмаар Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар хуралдаанаар Багц 12-д гаргасан гомдолтой холбогдуулан тендерийн материалыг дахин хянан үзсэний дагуу тус багцад ******* НҮТББ-ыг Үнэлгээний хорооны гишүүдийн 80% саналаар шалгаруулж, Захиалагчид шалгарсан тухай зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
7. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/309 дүгээр албан бичгээр гуравдагч этгээд ******* НҮТББ-д гэрээ байгуулах эрх олгож, 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх №ХБХХЕГ/20260103002, 04/18 дугаар гэрээг байгуулсан.
8. Харин тус газрын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/320 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгч Р******* ХХК-нд ...хуулийн 27 дугаар зүйлийн 27.10 дахь хэсэгт заасан чадавхын шаардлага хангах багцуудаас гэрээний үнэ хамгийн өндөр байх нэг, эсхүл түүнээс дээш тооны багцад гэрээ байгуулах эрх олгохоор болсон тул Багц 12-т оролцсон танай тендер шалгараагүй болно гэж мэдэгдсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс маргасан.
9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид Тендерийн хууль гэх/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална, 11.2-т Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана гэж зааснаар хариуцагч Тендерийн үнэлгээний хорооноос Тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулжээ.
10. Нэхэмжлэгч Р******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараах үндэслэлийг дурдаж маргасан. Үүнд:
10.1. ... үйлчилгээ явуулах талбайд тавигдах шаардлагад нэг хүүхдэд 4 м.кв-аас багагүй байхаар тусгасан боловч дээрх ТББ нь санал болгосон талбай нэг хүүхдэд 3.7 м.кв гэх тухайд:
Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг зааж, Үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана гээд, Асаргаа үйлчилгээний нэг хүүхдэд ногдох талбай 4 м2-аас багагүй хэмжээтэй байх /танхим болон цагаар үзүүлэх үйлчилгээ/ гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ******* НҮТББ-ын тендерт 25 хүүхдэд сургалтын үйлчилгээ үзүүлэхэд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, 70 тоотод байрлах, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000431211 дугаартай, Ү-2204021094 дугаартай, сургалтын зориулалттай 150 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ирүүлсэн байх тул нэг хүүхдэд ногдох талбай 4 м2-аас багагүй хэмжээтэй байх шаардлагыг хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
10.2. ... тендерт ирүүлсэн хүний нөөцийн материалд байгаа сэргээн засах эмчилгээний нийт 5 эмч ажилчид нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн одоогоор бүтэн ажиллаж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд танхимаар өдрийн турш үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж, мөн оролцогчийн туршлагыг нотолсон баримт байхгүй байхад үүнийг байгаа мэтээр үнэлж, тендерт шалгаруулсан гэх тухайд:
Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Эрүүл мэндийн үйлчилгээ /Бие бялдрын үйлчилгээ/, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх, Сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх, Сэргээн засах тусламж, үйлчилгээг сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч болон сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн байх, Сэргээн засах чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх гэж заасан.
******* НҮТББ-ын тендерт сэргээн засалчид санал болгосон Д.Г*******, Л.М******* нарын ажлын туршлагын мэдээлэлд 2023 оноос одоог хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж байна гэж дурдсан, тендер шалгаруулалтын баримт бичигт санал болгосон ажилтан нь оролцогч байгууллагын үндсэн ажилтан байх тухай шаардлага тавигдаагүй тул татгалзах үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан ... өөр байгууллагад ажилладаг ажилтан танхим болон цагаар үйлчилгээ үзүүлэхэд хүрэлцэхгүй байх магадлалтай гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн үйлчилгээг үзүүлэхэд мэргэжилтний нөөц дутагдалтай, давхар ажилладаггүй хүн ажиллуулах боломж дутмаг, нэхэмжлэгчийн хувьд ч бусад шалгарсан тендерт давхар ажил эрхэлдэг хүний нөөцийг санал болгосон гэж тайлбарласан нь үндэслэлтэй.
10.3. ... тоног төхөөрөмжийн хувьд учир дутагдалтай, баримтаар ирүүлээгүй зүйлийг байгаа хэмээн үзсэн гэх тухайд:
Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т Үйлчилгээ үзүүлэхэд ашиглахаар заасан ... үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийн жагсаалтыг фото зургийн хамт ирүүлэх, V бүлгийн 11 дүгээр маягтыг ... ирүүлэх гэж заасан.
Тус тендерт ******* НҮТББ-аас Тендерийн баримт бичгийн 11 дүгээр маягтын дагуу 40 ширхэг үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалтыг хүснэгтээр гаргаж, фото зураг тус бүрд холбогдох тайлбарын хамт ирүүлсэн байх тул дээрх шаардлагыг хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... тухайн тоног төхөөрөмжийн бодит биш интернэтээс татсан зураг, зарим төхөөрөмжийг худалдаж авна гэсэн байхад шалгаруулсан гэж маргах боловч, ******* НҮТББ-ын хувьд бүх шаардлагатай хэрэглэгдэх тоног, төхөөрөмжийн зургийг жагсаалтаар гарган тайлбарлаж, шаардлагатай зарим төхөөрөмжийг худалдаж авах талаар дурдсан, нөгөө талаас нэхэмжлэгчийн зүгээс мөн дээрх шаардлагыг бүрэн хангаагүй, тухайлбал, жагсаалтыг гаргаж нэг бүрчлэн тайлбарлаагүй, зарим тоног төхөөрөмжүүд дутуу, холбогдох фото зураг ирүүлээгүй байгаа нь тогтоогдож байх тул захиалагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.
10.4. Хариуцагч Үнэлгээний хорооноос Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1758 дугаар Гомдол хянасан тухай албан бичигт дурдсаны дагуу тендерийн баримт бичгийг дахин хянаад, ******* НҮТББ-аас Тендер шалгаруулалтын баримт бичгийн тодорхойлолтын 1-д Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт нийцсэн сургалтын болон үйл ажиллагааны хөтөлбөр, удирдамж-ийг хавсарган ирүүлснийг хүүхдийн онцлогт нийцсэн тул шаардлага хангасан гэж үзсэн байна.
Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд,
хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвийн үйл ажиллагаанд баримтлах Хөдөлмөр заслын хөтөлбөр батлагдаагүй байх тул гуравдагч этгээдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нас, сэтгэхүй, бие махбодын онцлог, амьдралын суурь хэрэгцээ, хүүхдийн сурах хөгжих арга барилын ялгаатай байдал, хөдөлмөр заслын сургалт үйлчилгээний агуулга, нийцлийг тодорхой тусгасан хөтөлбөрийг боловсруулан хүргүүлснийг дахин хянаад шалгаруулсан нь үндэслэлтэй.
10.5. Мөн Сангийн яамны гомдолд дурдсан ... *******-ийн тендерт Эрдмийн өргөө сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бодит байдлын үнэлгээ хийж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэл засал, хөдөлгөөн заслын сургалт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тухай 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ ирүүлсэн боловч гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй байх тул дээрх шаардлагыг хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэх тухайд:
******* НҮТББ-ын тендерт Эрдмийн өргөө сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бодит байдлын үнэлгээ хийж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэл засал, хөдөлгөөн заслын сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тухай 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ ирүүлсэн боловч гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй байсныг хариуцагч Үнэлгээний хорооноос дахин хянан үзэхэд, тус гэрээ нь 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2027 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсан нь тогтоогдсон тул гэрээний хугацаа дуусаагүй, үргэлжилж байгаатай холбогдуулан гэрээ дүгнэсэн акт шаардлагагүй, гэрээ дүгнэх хугацаа дуусаагүй учир ирүүлэх шаардлагагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
11. Дээрх байдлаар гуравдагч этгээд ******* НҮТББ-ын хувьд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн чадавх болон туршлагын шалгуур, үзүүлэлт, шаардлагыг нийт 70 шалгуур үзүүлэлтийн дагуу дээр дурдсан байдлаар хангасан болох нь хэрэгт цахимаар авагдсан тендерийн баримт бичгээр нотлогдож байна.
12. Нэхэмжлэгч Р******* ХХК-ийн хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах тендерийн нийт 5 багцад оролцсоноос 2 багцад (5, 13 дугаар) шалгарсан.
13. Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-д Техникийн чадавх болон туршлагын шаардлага: Шаардана, Үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана, Галын аюулгүй байдлын самбар, гал унтраах хэрэгсэлтэй /танхим болон цагаар үзүүлэх үйлчилгээ/, Хүснэгтэд заасан тоног төхөөрөмж, техниктэй байна. Дараах хүснэгтийн дагуу техник хэрэгслийн жагсаалтын тоог, бодит зургийн хамт тодорхой ирүүлэх гэж заажээ.
14. Р******* ХХК-иас тендерт ирүүлсэн баримт бичигт дээр дурдсан Үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн дагуу ирүүлэх жагсаалтыг гаргаж тайлбарлаагүй, зарим тоног төхөөрөмжүүд дутуу, Галын аюулгүй байдлын самбар, гал унтраах хэрэгслийн фото зураг, танилцуулгыг ирүүлээгүй байсан.
15. Иймд Үнэлгээний хорооноос Р******* ХХК-ийн гомдол гаргасан 12 дугаар багцад шалгаруулалт хийж, хүний нөөцийн чадавхыг магадалж үзээд үйлчилгээ үзүүлэхэд шаардлага хангахгүй гэж үзэн шалгаруулаагүй хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй
16. Дээрхээс дүгнэхэд Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт
Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 26.10 дахь хэсэгт Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн тендер нь тендерийн баримт бичгийн зарим шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна.
17. Харин гуравдагч этгээдийн тухайд дээр дурдсанаар тендерийн баримт бичгийн шаардлагыг хангана гэж үзэж, хариуцагчаас Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ, 28.1.1 дэх хэсэгт хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэж зааснаар гэрээ байгуулах эрх олгосон нь үндэслэл бүхий болжээ.
18. Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.1.1 дэх хэсэгт хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэж тус тус заажээ.
19. Дээрх үндэслэлүүдээр захиалагч нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шаардлагад нийцсэн тендер болох ******* НҮТББ-ын тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул шүүхээс маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
20.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/20260103002 дугаартай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Багц-12 Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэх тендерийн хорооны 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тэмдэглэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/309 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон ******* НҮТББ-ын хооронд байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх №ХБХХЕГ/20260103002, 04/18 дугаар гэрээг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул Р******* ХХК-ийг тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаж, хамгийн сайн үнэлэгдэх ёстой байсан болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн гэж дүгнэж, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг захиалагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
21. Нөгөөтээгүүр, шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд дээр дурдсан даалгах шаардлагын тухайд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хорооны эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх Р******* ХХК-ийг тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаж, хамгийн сайн үнэлэгдэх ёстой байсан болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн гэж дүгнэж, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг захиалагчид даалгахыг шүүх хэрэгжүүлж, шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
22. Энэхүү тендерийн зорилго нь зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн тул тендерийн үйл ажиллагаа зогссоноор тэдгээр хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх, мөн Захиалагч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа удахгүй дуусгавар болж, бодит байдалд дахин тендер явуулах боломжгүй үр дагавар үүсэхээр байгааг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р******* ХХК-иас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/20260103002 дугаартай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Багц-12 Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд танхимаар өдрийн үйлчилгээ үзүүлэх тендерийн хорооны 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/309 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон ******* НҮТББ-ын хооронд байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх №ХБХХЕГ/20260103002, 04/18 дугаар гэрээг тус тус хүчингүй болгож, Р******* ХХК-ийг тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаж, хамгийн сайн үнэлэгдэх ёстой байсан болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн гэж дүгнэж, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг захиалагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР