Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 467

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,  

улсын яллагч А.Намдаг

хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч А.Дулмаа

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Э.Мт холбогдох эрүүгийн 1805002960098 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.М 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн авто зогсоолд иргэн Б.Дтай машинаа холдуулсангүй гэж маргалдан татаж унаган бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                             

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт” 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 9 цагийн үед би машинаа гаргах гэхэд зарна гэсэн бичигтэй, утасны дугаараа үлдээгээгүй машин миний машиныг хаагаад тавьчихсан байсан. Би  цаг гаруй хүлээсэн. Тэгээд хүлээгээд байж байхад 3 орчим насны хүүхэд дагуулсан нэг эгч гарч ирсэн. Тэгээд би машинаа хөдөлгө удаан хүлээлээ гэж хэлээд машиндаа суугаад хөдлөх гэхэд гарахгүй байсан. Тэгэхээр нь би машинаа гаргаач би гармаар байна гэхэд ард машин зогсчихсон байна гэж хэлэхээр нь би ард нь байсан машины жолоочтой нь уулзаад тэр машиныг гаргасан. Тэгэхэд машинаа хөдөлгөхгүй байсан болохоор нь дахин очиж цонхыг нь тогшсон. Тэгэхэд Д эгч чи нисээд гар гэх мэтээр хараагаад  намайг машиныхаа хаалгаар цохиж унагаасан. Би босохдоо дэмжлэг авах зорилгоор Д эгчийг татаж босоход Д эгч хөл эвгүй болчихлоо гэж байсан. Би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст очиж өөрөө хүсэлт өгсөн. Би санаатай татаж унагаагаагүй.  Би Б.Д эгчийг хальтирч унасан гэж бодож байгаа” гэв.

        

Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт” Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 3 настай хүүхэдтэйгээ шинжилгээ хийлгэх гэж очсон юм. Манай хүүхэд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт 3 сар сэхээнд байсан. Би эмнэлэгээс гарч ирээд зогсоход манай машины урд ямар ч машин байгаагүй. Би  гараад “яасан бэ” гэж асуухад Э.М “яасан их хүлээлгэдэг авгай вэ, зайлаач” гэж хэлсэн. Би машинаа асаасан чигтээ машин дотроо сууж байхад Э.М хуруугаараа чичлээд байсан. Тэгэхээр нь би ард байгаа машины жолооч байхгүй байна гэхэд “ардах машиныг чинь зайлуулчихлаа одоо зайл” гэж хэлсэн. Гарч болохгүй байна гэж хэлэхэд зайлаач ээ гээд байсан. Тэгэхээр нь би “тэгвэл чи өөрөө зайлаач” гэж хэлээд машиныхаа хаалгыг хаахад Э.М цаашаа уначихсан. Би очиж туслахаар босгох гээд очиход намайг заамдаж аваад доош нь дарж унагаасан. Би “миний хөл эвгүй болчихлоо” гээд харахад миний хөл шагайгаараа эргэчихсэн байсан. Тэгэхэд энэ залуу кармандаа гараа хийчихээд машинд нь өргөөд оруулчихъя гэж хэлээд байсан. Тэнд байсан хүмүүс хөдөлгөж болохгүй гэж хэлсэн. Э.М надад хэлэхдээ “миний өөрийн уурын мунхагаасаа болж ийм байдалд орчихлоо, та намайг уучлаач” гээд миний хувцасыг засаад, миний нулимсыг гараараа арчаад байсан. Эмч “таны хөлийг буцааж хэвэнд нь оруулна. Асар их өвдөнө шүү” гэж хэлээд  Э.Мыг гаргаж байгаад намайг орилуулаад миний хөлийг гипсдэж өгсөн. Тэгээд намайг хагалгаанд ор гэхэд би жирэмсэн байсан тул жирэмсэн хүн энэ хагалгаанд орох журам манайд байхгүй гэж хэлсэн. Та хүүхдийнхээ асуудлыг шийд гэж  хэлсэн. Үдээс хойш миний хөл маш их өвдсөн. Тэгэхэд хүүхдэд чинь нөлөөлнө гэж хэлээд өвчин намдаах эм, тариа хийгээгүй. Э.Мын ах, эгч хоёр гэх хүмүүс ирээд битгий худлаа яриад байгаарай гээд байсан. Намайг Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад өвчин намдаах эм тариа үйлчлэхээ болиод даралт ихсээд би үр хөндүүлсэн. Тэгээд миний хөл арав хоногийн дараа харлаад, үхжилт явагдаж эхэлсэн. Эмч эдгэрэлт явагдахгүй байгаа тул гэмтсэн хэсгээр нь миний хөлийг тайрна гэж хэлж байсан. Би таван удаа эмнэлэгт хэвтсэн. Би дөрвөн сар байнгын хэвтэрт байгаа. Энэ хугацаанд Э.М надтай нэг ч удаа утсаар яриагүй. Нэг удаа ярихдаа “манай гэр хол байдаг, надад таны утасны дугаар байхгүй” гэж хэлж байсан. Би маш их гомдолтой байна. Би нийт 10.412.862 төгрөг  нэхэмжилж байна. Үүнд хоёр хагалгааны мөнгө орсон. Даатгалын мөнгө ороогүй байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчоор Б.Д мөрдөн байцаалтанд: 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 9 цаг 30 минутын  үед Эх нялхасын эмнэлэгт хүү Мөнх-Очирын шинжилгээ хийлгэчихээд гарч ирэхэд манай 22-45 УБЕ машины урд хар өнгийн Приус машин хажуугийн эгнээнээс шилжиж манай машины урд зогссон байсан. Би машин дээрээ очиход нэг залуу манай машины хажууд зогсож байсан. Тэгээд би машинаа онгойлгоод орох гэтэл тэр залуу авгай минь хурдан зайлаач гэсэн. Тэгэхэд нь би за одоохон гээд хүү Мөнх-Очирыг суулгаад би машинаа асаагаад хөдлөх гэтэл 3 талд машин байхаар нь би буугаад арын машин дээр очиход жолооч нь бууж ирээд авгай минь цонхоо онгойлго гээд гараараа зангаад байсан. Тэгэхээр нь би цонхоо буулгасан чинь хар машины жолооч залуу авгай минь хурдан зайлаач гэсэн. Тэгэхээр нь манай хүүхэд айгаад уйлаад орилохоор нь би цонхоо хаахад хар машины жолооч гараа атгаж байгаад миний машины цонхыг цохичихоод хальтраад унахад би машинаасаа буух гээд хаалгаа онгойлгоход хаалга хашилганд тээглээд би буухад хар машины жолооч намайг 2 гараараа заамдаж аваад сэгсэрэхэд нь би тэр залуугийн куртикнээс бариад автал тэр залуу намайг хэд хэд угзарч байгаад хоошоо дарахад хөл сонин болоод би ёооё хөл болохоо байлаа гээд орилоход  тэр залуу намайг дээшээ босгох гээд татахад өндийгөөд хөлөө харахад зүүн хөл шагайгаараа гуталтайгаа гадагш эргэсэн байсан...би бөгсөөрөө газар унаад босож ирээд цагдаа эмч дуудаад өг гэхэд 103 эмч нар ирээд намайг авч явсан “/хх-ийн 43/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч Л.Пагмадулам мөрдөн байцаалтанд” Тухайн үед би жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад...дугаартай утаснаас Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхасын хойно хашаанд хүн хөлөө гэмтээсэн байна гэх дуудлагын дагуу 9 цаг 53 минутанд хэрэг учрал болсон газар дуудлагаар очиход хайсны хажууд хагас суугаа байдалтай 40 орчим насны эмэгтэй зүүн тал шагай хэсгээрээ эргэсэн байдалтай байсныг очиж үзэхэд ил харагдах гэмтэл шарх байхгүй байхаар нь гэмтлийн эмнэлэг авч явах шаардлагатай байсан тул дамнуурга дээр хэвтүүлэн машинд оруулан үзлэг хийн юу болсон тухай асуухад өвчтөн эмэгтэй асуусан асуултад хариулахгүй харин 20 орчим насны намхан машинд хамт суусан залуу би гэмтээсэн миний буруу гэж хэлсэн. Яаж гэмтээсэн талаар асуухад юу болсон тухайгаа хэлэхгүй байсан. /хх-ийн 56/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Б.Алтансүх мөрдөн байцаалтанд” 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 9-10 цагийн орчим миний...дугаартай утас руу эгч Дгийн...дугаартай утаснаас дуудлага ирэхээр нь би авсан чинь эмэгтэй хүн маш чанга дуугаар уйлаад байсан чинь нэг эрэгтэй хүн утсыг нь аван энэ хүн утсаар ярьж чадахгүй байна хөл нь хугарсан юм шиг байна. Босгох боломжгүй байна хурдан ирж хүнээ аваач гэж хэлэхээр нь би гурван настай хүүхдийг нь асуусан чинь нөгөө эрэгтэй хүн хүүхэд нь байна уу гэж цаашаа хашгирсан...Би гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын тасаг дээр насилкан дээр хэвтэж байсан маш их ёолж байсан тэгтэл хажууд нь 20 гаруй насны бор залуу эгчээ намайг уучилаарай уурынхаа мунхагаас болж түлхсэн чинь ийм асуудал болчихлоо гээд уйлаад байсан...” /хх-ийн 58/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Д.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд” 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 11 цагийн орчим үеэл дүү Э.М над руу эгчээ гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир хүнтэй машины зогсоолоос болон маргалдсаны улмаас жолооч эмэгтэй намайг машиныхаа хаалгаар саваад би арагш хашлага даван унаад газраас босохдоо нөгөө эмэгтэйгээс зуурснаас болж нөгөө эмэгтэй мөсөн дээр хальтирч унаад хөлөө хугалчихлаа гэж хэлсэн...” /хх-ийн 63/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр М.Баярсайхан мөрдөн байцаалтанд”...Э.Маас юу болсон талаар асуухад Эх нялхасын эмнэлэг дээр дүүгээ үзүүлчихээд машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь нэг машин гарц хаагаад машинаа тавьсан мөртлөө утасныхаа дугаарыг цонхон дээр үлдээгээгүй байсан. Хэсэг хугацааны дараа жолооч эмэгтэй машиныхаа хаалгаар саваад би арагш хашлага даван унаад газраас босохдоо нөгөө эмэгтэйгээс зуурснаас болж нөгөө эмэгтэй мөсөн дээр хальтирч унаад хөлөө гэмтээчихсэн гэж хэлсэн...” /хх-ийн 66/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Д.Өлзийсайхан мөрдөн байцаалтанд” Манай хүү Эрдэнэбатын Э.М нь 1996 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, бага насаа эцэг, эхийн гар дээр тус аймагт өсч өнгөрөөсөн. Манайх 2001 онд Улаанбаатар хот орж ирээд суралцаад 12 ангийг бүрэн дунд боловсролтойгоор 2013 онд төгсөөд Монголын Үндэсний Их Сургуульд элсэн ороод 2017 оны 6 дугаар сард барилгын инженер мэргэжилтэйгээр төгссөн, түүнээс хойш ажил хийгээгүй гэртээ эцэг Эрдэнэбатыг асарч байгаа. Манай хүү Э.М нь зан байдлын хувьд эелдэг зөөлөн зантай, багаасаа аливаа зүйлийг болгоно бүтээнэ гэж биеэ даасан хүүхэд байгаа юм. Манай хүү их л сайхан сэтгэлтэй, хүнтэй зөв боловсон харьцдаг, хүний үгийг даах чадвартай, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг, хүнд тусархаг, найз нөхдийнхөө нэр хүнд сайтай, урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Тухайн үед тэр эмэгтэй машин таглаж байрлуулчихаад манай хүү 2-3 удаа очиж гарах гэсэн юм та машин дээрээ гар утасныхаа дугаарыг байрлуулчихгүй зөндөө их удлаа гээд хэлэхэд өөдөөс нь хэрүүл хийгээд байсан ба тухайн эмэгтэй ард талын машиныг гаргаад хүлээгээд байхад тухайн машины эмэгтэй гарахгүй байсан ба манай хүүхэд машинаасаа буухад тухайн эмэгтэй бас машинаасаа бууж ирээд манай хүүг түлхэж хайс, жижиг явган хүний замын хашлага давтал цохиж унагаагаад манай хүү босож ирэхэд дахиж цохих гэж байгаад өөрөө хальтираад унасан байсан. Тухайн үед байсан эмэгтэй өөрөө их муухай энерги, стресстэй байсан тухайн үед манай хүү машинаа гаргачих л даа гэж хэлэх гээд дахин очоод машиных нь цонхыг тогшоод хэлэх гэхэд тухайн эмэгтэй машинаасаа бууж ирээд манай хүүг цохиж түлхэж унагаагаад өөрөө хальтарч унасан” /хх-ийн 34/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Э.М мөрдөн байцаалтанд ”2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаан дотор баруун талаар ороод хойшоо явдаг зам дээр нэг машин гарц хаагаад зогсож байсан. Тэгээд тэр машины ард 2 утасны дугаар байсан тэр 2 дугаар руу залгахад ашиглалтад байхгүй байсан. Тэгээд 19001034 дугаар руу залгаад эзнийг нь олоод гар утас руу нь залгахад гараад ирсэн. Тэгээд би машин дээрээ утасныхаа дугаарыг үлдээгээч нэг цаг орчим хүлээлээ гэхэд нэг эмэгтэй шууд урдаас загнаад чи өөрөө чаддаг юм бол тойроод гар гэсэн. Тэгээд би машиндаа суугаад хүлээгээд байсан чинь тэр эмэгтэй хөдлөхгүй байхаар нь эргэж буугаад очиход дахиад нэг машин байсан.  Тэгээд арын машин дээр очоод гарах гэсэн юм гэхэд тэр машин нь ухраад гарсан. Тэгэхээр нь эргээд машиндаа суусан. Тэгтэл тэр эмэгтэй дахиад хөдлөхгүй байхаар нь бууж очоод цонхыг нь тогшсон. Тэгсэн чинь тэр эмэгтэй машины  цонх хагаллаа гээд загнаад бид хоёр маргалдсан. Тэгээд тэр эмэгтэй машиныхаа хаалгыг онгойлгоод хаалгаараа цохисон. Би яг тэр зогсож байсан газрын хажуугийн сааданд нь гишгэл алдаад унах гээд сарвагнаж байтал тэр эмэгтэй бууж ирээд нэмээд түлхсэн. Тэгээд босохдоо тэр эмэгтэйгээс татаад боссон. Тэгтэл тэр эмэгтэй зөрөөд хальтраад унасан” /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 339 дугаартай: Б.Дгийн биед зүүн шаант ясны доод булууны гадна дотно хавчаар ясны далд хугарал, тахилзуур ясны доод булууны далд хугарал, зүүн шагайн үений мултрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт,

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа мөрдөн байцаалтанд” зүүн шагайны үеэр эвгүй гишгэж унасны улмаас үүсэх боломжтой. Учир нь зүүн хөлөөрөө гадагш болон дотогш ташуу гишгэх явцад үүсэх боломжтой гэмтэл. Харин цээжинд үүссэн цус хуралт цохих цохигдох базах тохиолдолд үүсэх боломжтой”  /хх-ийн 72/ гэх мэдүүлэг,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 73/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32/, хохиролын баримтууд,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Э.Мын оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 122/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 123/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 124/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 125/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 130/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134/, түүний эцгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 132/, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 133/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.М 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн авто зогсоолд Б.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Дгийн”...тэр залуу намайг хэд хэд угзарч байгаад хойшоо дарахад хөл сонин болоход би ёооё хөл болохоо байлаа гээд орилоход  тэр залуу намайг дээшээ босгох гээд татахад өндийгөөд хөлөө харахад зүүн хөл шагайгаараа гуталтайгаа гадагш эргэсэн байсан...”/хх-ийн 43/, гэрч Л.Пагмадуламын”...20 орчим насны намхан машинд хамт суусан залуу би гэмтээсэн миний буруу гэж хэлсэн...” /хх-ийн 56/,  гэрч Б.Алтансүхийн”...20 гаруй насны бор залуу эгчээ намайг уучилаарай уурынхаа мунхагаас болж түлхсэн чинь ийм асуудал болчихлоо гээд уйлаад байсан...” /хх-ийн 58/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 339 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, гэрэл зураг /хх-ийн 31/, яаралтай тусламж үйлчилгээний хуудасны хуулбар /хх-ийн 99-103/, эмчлүүлсэн картын хуулбар /хх-ийн 104/, оношлогооны хуулбар /хх-ийн 112/, хохирогчоос гаргаж өгсөн зургийн үзүүлэлт /хх-ийн 115-120/, хохиролын баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Прокуророос Э.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Э.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Э.Мыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй  байна.

 

Хохирол төлбөрийн талаар хавтаст хэргийн 76-98 дугаар талууд дахь нийт 4.274.720 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувиар авагдсан байх бөгөөд эдгээрийн эх баримтуудыг хохирогч шүүх хуралдаан дээр гаргаж нотлох баримтаар хэлэлцүүлснийг шүүх үнэлж хохирол төлбөртэй холбогдох нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэв.

 

Хохирогчийн эмчилгээтэй холбогдох зарим баримтууд давхардсаныг хасаж тооцон нийт 3.393.734 төгрөгийн баримтыг шүүх үнэлж шүүгдэгч Э.Маас гаргуулж хохирогч Б.Дд олгох, харин цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Мыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.М тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.

 

Шүүх, шүүгдэгч Э.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.