Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01547

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01547

 

 

Г.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01365 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Энхтуяагийн хариуцагч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Заяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэрэндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Энхтуяа нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх" төсөлд төслийн бүрэлдэхүүн хэсэг болон гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж хариуцлага хүлээж байгаагүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэдэг байсан. Гэтэл 2016 оны 12 сарын 22-ны өдөр мэдэгдэл ирүүлсэн бөгөөд ажил олгогч уг мэдэгдлийн хууль зүйн үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд тушаал гаргах ёстой байтал тушаал гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заасныг хэрэглээгүй нь үндэслэлгүй. Ажил олгогч нь анхнаасаа байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн, мөн хөдөлмөрийн гэрээнд яг ямар ажил үүрэг гүйцэтгэх талаар тусгаагүй нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохироогүй гэж үзэх үндэслэлтэй. Г.Энхтуяагийн ажлын байр байгаад нэмэлт төсөл хэрэгжиж байгаа тул хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгагдах боломжгүй болсон гэж үзэх үндэслэлгүй. Г.Энхтуяа нь ажил эрхлэлтийн гарын авлагатай танилцсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул гарын авлагатай танилцсан гэж үзэх боломжгүй байна. Иймд Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн явуулж буй үйл ажиллагаа нь тус бүр 3 жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээгээр тодорхойлогддог. Ийм учраас ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг бөгөөд нэхэмжлэгч Г.Энхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул энэ тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд заавал тушаал гаргах ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Манай байгууллагын зүгээс заавал дагаж мөрдөх баримт бичиг болох ажил эрхлэлтийн гарын авлагын 4 дэх хэсэгт зааснаар сул ажлын байранд ажилтан авахдаа нээлттэй ур чадварын өрсөлдөөн зарлаж сонгон шалгаруулсны үндсэн дээр ажилд авах заалттай. Үүний дагуу манайх сонгон шалгаруулалтад орох эрх нээлттэй гэдгийг Г.Энхтуяад хэлсэн, өөрөө ч үүнийг мэдэж байсан атлаа эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд сонгон шалгаруулалтанд ороогүй нь ажил эрхлэх боломжоо өөрөө алдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, талуудын тохирсон хугацаа дуусаж, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг мэдэгдсэн. Манай байгууллагад ажил эрхлэлтийн гарын авлага гэж байдаг түүнд хөдөлмөрийн гэрээнд заагдсан бүх зүйл тусгагдсан байдаг. Тус гарын авлагыг ажилтан бүрт танилцуулж, 4.1-д ажилтан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-T холбогдох, 2016 оны 12 сарын 22-ны өдрийн Г.Энхтуяаг ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Г.Энхтуяагийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхтуяа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч /ГОУХАН/ байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн "хугацаагүй" гэрээ байгуулах үүрэгтэй юм. Талууд тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор заасан. Ингэхдээ тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байхыг шаарддаг. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн ажлын байр нь байнгын ажлын байр болохыг дүгнэсэн ч, энэхүү ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах талаар дүгнээгүй байна. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-д "хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно", 369.3-д "хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ" гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэсэн нь "тусгай харилцааг тухайлан зохицуулсан хуулийг ерөнхий харилцааг зохицуулсан хуулиас түрүүлж хэрэглэнэ" гэсэн зарчмын илэрхийлэл бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэх ёсгүй. Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцааг иргэний эрх зүй /үүргийн эрх зүй/-н харилцаанаас ялгамжтай авч үзээгүй, тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглээгүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

ИХШХШТХ-ийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана гэжээ. Хариуцагч болох Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн эрх зүйн байдлыг тогтоох, түүнийг төлөөлж буй этгээдийг гэрчилсэн баримт, хуулийн дагуу үйлдэгдсэн итгэмжлэл зэргийг шалгах ажиллагаа хийгдээгүй нь ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг эрх бүхий этгээдэд гардуулсан эсэх, төлөөлөх эрх бүхий этгээд хариу тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх үндэслэлгүй. Тухайлбал, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан баримтаас үзвэл хариуцагч 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ГОУХАН-ийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын Захиргааны асуудал эрхэлсэн захирал Тилла Луиза Детер нь тус газрын хуулийн төслийн удирдагч Л.Заяад итгэмжлэл олгосон нь төлөөлөх эрхгүй этгээдэд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна. Учир нь хэргийн материалд авагдсан ГОУХАН-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Даниел Пассон нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Тилла Луиза Детерт "байгууллагатай холбогдох аливаа асуудлаар хуулийн болон шүүхийн байгууллагад байгууллагыг төлөөлөх эрхтэй болно" хэмээн "тодорхойлолт" олгосон баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн төлөөлөх бүрэн эрхийг шалгалгүйгээр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан, төлөөлөх эрхгүй этгээд, түүний өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан явдал нь процессын ноцтой зөрчил юм.

Г.Энхтуяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дах заалтын дагуу ажлаас чөлөөлсөн мэдэгдэл бүхэлдээ хуулийн шаардлага хангаагүй байдаг. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр /тушаал/-т ажлаас халах, ажил хүлээлцэх журам /ээлжийн амралтын хугацаа, ажил хүлээлцэх хоног гэх мэт/-ыг агуулаагүй болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Энхтуяа нь хариуцагч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл-ийн бүрэлдэхүүн хэсэг болон гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тус байгууллагын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлээр ажлаас чөлөөлөгдсөн ба шүүхэд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлээрээ нэхэмжлэгч Г.Энхтуяаг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэл болгосон байна.

 

Ажил олгогч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийг төлөөлж Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Ульрике Эбелинг нь ажилтан Г.Энхтуяатай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Энхтуяаг Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл-ийн бүрэлдэхүүн хэсэг болон гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулахаар харилцан тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Байнгын ажлын байранд төсөл дуусахаас өмнө нэг сарын өмнө сунгагдаагүй бол гэсэн нөхцөл зааж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж заасныг зөрчөөгүй байна.

Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан тул анхан шатны шүүх хариуцагч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөс нэхэмжлэгч Г.Энхтуяад ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үйл баримтыг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон гэж үзсэн нь зөв байна.

Мэдэгдэлд Гомбосүрэн овогтой Тулга гэж ажилтны нэр буруу бичигдсэн боловч мэдэгдэл авсан талаар болон мэдэгдлийн агуулгын талаар зохигчид маргаагүй байв. /хх-ийн 20/

Хариуцагч байгууллагын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрыг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд Даниел Пассон /хх-118-119/-оос тус газрын захиргааны асуудал эрхэлсэн захирал Тилла Луиза Детерт байгууллагыг хууль, шүүхийн байгууллагад бүрэн төлөөлөх, уг эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх эрх олгосон итгэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31, мөн оны 06 дугаар сарын 13-ны өдөр / хх-ийн 88, 60/ тус тус олгожээ. Улмаар Л.Заяад Тилла Луиза Детерээс /хх-30/, Даниел Пассоноос /хх 100-101/ тус тус Г.Энхтуяагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус байгууллагыг төлөөлж оролцуулахаар итгэмжлэл олгосноор нэхэмжлэгч Г.Энхтуяагийн эрх ашгийг хөндөөгүй, дараагийн итгэмжлэлээр зөвшөөрөгдсөн байх тул хариуцагчийг төлөөлөх бүрэн эрхийг шалгалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин шүүх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, ажил олгогчийн үүргийг тодорхойлсон нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан тусгайлсан хэм хэмжээ байгаа нөхцөлд, Иргэний хуульд заасан эрх зүйн хэм хэмжээнд хөдөлмөрийн эрх зүйн харилцааг хамааруулан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ