Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт *******-д холбогдох 1821002820173 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: *******... овогт *******, Дорнод аймгийн ********************* суманд *******..... оны *******..... сарын *******....-ний өдөр төрсөн, ************** настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *********************/, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Дорнод аймгийн **************.... сумын *********************.... .ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн **************************** сумын **************. дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл /жирэмсэн/.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн орчим Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 9 дүгээр тасагт насанд хүрээгүй хохирогч *******, ******* нарыг “тасагтаа муухай суусан” гэх шалтгааны улмаас зодож *******ын биед “хуйханд баруун зулайн няцарсан шарх” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч *******гийн биед “зүүн шуу, зүүн ташааны цус хуралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, зүүн шилбэний зулгаралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би сургуульд дотуур байрны багшаар 2006 оноос хойш ажиллаж байна. 2018 оны 04 сарын 16-ны өдөр 13 цагийн орчим дотуур байрны тасаг руу ороход сурагч *******, ******* хоёр байж байсан ба...юм нуугаад байхаар нь харахад утас цэнэглээтэй, интернетэд орчихсон байхаар нь уг утсыг нь салгаад авсан. Манай дотуур байранд // ухаалаг гар утас барихыг хориглосон дүрэмтэй юм...Ингээд гар утас байдаг гэдэг мэдээллээр тасгийн өрөөнд жижүүр ******* хамт шалгалт явуулсан...Нийт хүүхдүүдэд хандаж “утсаа гаргаад ир” гэж хэлэхэд, хүүхдүүд юу ч хариулаагүй ба тасгийн хүүхдүүдийн хувцас хунар, ор дэр, гудасны завсраар нил шороо, тоос, хог болсон байсан ба “бохир заваан суулаа, хогоо цэвэрлэ” гэсэн шаардлагыг багшийн зүгээс тавьсан. Тэгтэл хөдлөх хүн байхгүй, буруугаа ойлгохгүй үл хайхарсан шинжтэй байхаар нь би их бачимдаж уурлаад шкафных нь хувцас хунарыг гаргах явцад жижигхэн мод харагдахаар нь тэр модоор тус тасгийн бүх хүүхдүүдийг цохисон. Хэнийг хэдэн удаа цохисноо санахгүй байна. Гэмтээж биед нь хохирол учруулъя гэсэн санаа бодолтой цохиогүй.

...Би тухайн үед нилээд ихээр уурласан байсан болохоор жижиг модоор гарынх нь булчин хэсэг рүү нь цохисон байх.../хх 98-100/, ...*******г болон бусдыг  нь адилхан цохисон...Тэвчээр барагдсан учраас модоор цохисон нь үнэн...” гэжээ. /хх 101-102/

Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн орчим хичээл тараад дөнгөж дотуур байрандаа орж ирэхэд байрны багш *******гаас ахыг нь асууж орж ирэх үед ******* утсаа цэнэглэж байсан. Гэтэл байрны багш орж ирээд “би ямар энд хулгайч нарыг тэжээгээд байгаа юм уу” гэж уурлаад орны ширдэг гудас нураачихсан. Тэгээд багшийг гарсны дараа ширдэг, гудсаа цэвэрлэж татаж эмхлэж байсан чинь багш гаднаас мод авчирснаа бид нарыг цохисон...Тухайн үед намайг модоор зүүн гарын бугалга дээр нэг удаа, толгой руу нэг удаа цохисон...” гэжээ. /хх 26-27/

Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн хичээл тарж ирээд ******* эгчтэй хамт утсаа цэнэглээд байж байхад байрны багш Ц орж ирээд ахыг асуусан ба миний утас цэнэглэж байхыг хараад хураагаад авсан. Тэгээд байж байтал гаднаас , , , нар орж ирсэн. Тэгсэн байрны багш “бүгдийг нь нэгжинэ” гээд үзэхэд, шкаф доторхи эмх цэгцгүй байдлыг хараад уурлаад бүгдийг нь модоор зодсон...” гэжээ. /хх-ийн 34-35/

Насанд хүрээгүй гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...*******тай 9 дүгээр тасагт утсаа цэнэглэж байсан чинь Ц багш орж ирээд *******гийн ахыг асуухдаа бид хоёрыг утсаа цэнэглэж байсныг хараад уурлаад утас гаргаж авангаа хөнжил гудас нэгжсэн. “Та нар ямар хүний хайр даадаггүй юм, хулгайч нар шиг, би хулгайч тэжээгээгүй шүү” гээд гараад эргэж орж ирэхдээ мод барьж ирээд тус тасагт байсан 6 хүүхдийг бүгдийг нь зодсон. Намайг модоороо зүүн хөл рүү 3-4 удаа, зүүн гар руу 2-3 удаа цохисон. Мөн суугаад номын сангаа цэгцэлж байхад баруун хөл рүү 4-5 удаа өшиглөсөн...Ц багш хурал хийхээрээ уурлаад загнаж, хааяа хүүхдүүдийг доромжлоод байдаг...” гэжээ. /хх 38-39/

Насанд хүрээгүй гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...******* эгчийг утсаа цэнэглэж байхыг нь хараад Ц багш уурлаад бид нарыг бүгдийг нь зодож эхэлсэн. Миний зүүн гар руу нилээд олон удаа цохисон. Би тухайн үед их айсан болохоор яг хэдэн удаа цохисныг санахгүй байна. Гэтэл эгчийн толгойноос цус гарсан чинь жижүүр “эмнэлэг явж үзүүлнэ” гэсэн чинь Ц “би өөрөө эмчилнэ” гээд явуулаагүй өөрөө толгойг нь боож өгч байсан Тэгээд би сургуулийн нийгмийн ажилтан рүү очиж гар утсыг нь аваад зодуулсан талаараа аавдаа хэлсэн...” гэжээ. /хх 40-41/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ц багш 9 дүгээр тасагт орж ирээд *******гийн утсыг хараад “утас барьж болохгүйг мэдсээр байж яагаад утас бариад байгаа юм бэ” гээд уурлаад “та нарт бүгдэд нь утас байгаа биз дээ” гээд манай тасгийг нэгжсэн. Тэгээд *******гийн хацар дээр алгадаад ...бид нарын цүнх болон эд зүйлийг нэгжээд уурлаад “би хулгайч тэжээгээгүй шүү” гээд гараад эргэж орж ирэхдээ мод барьж орж ирээд ...бид нарыг зодож эхэлсэн...” гэжээ. /хх 42-43/

Насанд хүрээгүй гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ц багш манай 9 дүгээр тасагт орж ирчихсэн манай тасгийн хүүхдүүдийн эд зүйлийг нэгжиж байсан. “Би хулгайч нар тэжээгээд байгаа юм байна” гээд уурлаад гарч яваад эргэж орж ирэхдээ мод барьж орж ирээд шууд зодож эхэлсэн. Миний хоёр гар дээр модоороо олон удаа цохисон. Тэгээд зодож байхад толгойноос цус гарсан чинь Ц багш бид нарыг зодохоо больсон...” гэжээ. /хх 44-45/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 309 тоот дүгнэлтэд: “1. *******ын  биед хуйханд баруун зулайн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 78/ гэжээ.

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 311 тоот дүгнэлтэд: “1. *******гийн биед зүүн шуу, зүүн ташааны цус хуралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3.Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх 82/ гэжээ.

Мөн хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан дараах: Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 12/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх 14/, Насанд хүрээгүй хохирогч нарын нас тоолсон тэмдэглэл /хх 22-23, 31/, Гэрч ******* /хх 52-53/, насанд хүрээгүй хохирогч ******* /хх 36-37/, ******* /хх 46-47/, насанд хүрээгүй гэрч М. /хх 56-57/, С.******* /хх 59-60/, Т. /хх 62-63/ нарын болон шүүгдэгч ******* /хх 47-48/-ын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 314, 313, 312, 310 тоот дүгнэлтүүд, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 110/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 111/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

*******-д холбогдох хэргийг шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор буюу яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд хянан үзэхэд, шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн орчимд тус дотуур байрны 9 дүгээр тасагт насанд хүрээгүй хохирогч *******, ******* нарыг “тасагтаа муухай суусан, ухаалаг утас хэрэглэж сургуулийн дүрэм зөрчсөн” гэх шалтгаанаар зодож насанд хүрээгүй хохирогч *******ын эрүүл мэндэд “хуйханд баруун зулайн няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол, мөн насанд хүрээгүй хохирогч *******гийн эрүүл мэндэд “зүүн шуу, зүүн ташааны цус хуралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, зүүн шилбэний зулгаралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгснийг давхар нотолсон дараах;

Насанд хүрээгүй хохирогч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд эх сурвалжаа зааж, *******-д зодуулсан шалтгааныг тогтвортойгоор “...Тасаг муухай байсан, мөн утас барьж болохгүй гэсэн дотоод журам зөрчсөн” гэх шалтгаанаар модоор толгой руу нь, *******гийн зүүн хөлний шилбэ, зүүн гарын шуу хавьцаа цохисон...” талаар хохирогч, гэрчээр өгсөн /хх 26-27, 34-40/,

Мөн тус дотуур байрны 9 дүгээр тасгийн хэсэг сурагчид тухайн цаг хугацаанд эрүүл мэндэд нь хохирол учрах, учрахгүйгээр *******-ын үйлдэлд өртсөн болох, тухайн болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгааны талаар мэдүүлсэн гэрч *******ийн “...Би сургуулийн дотуур байранд жижүүртэй байсан...9 дүгээр тасгийн хүүхдүүдийн хувцас, байр өрөө нь бохир заваан гэж багш уурлаад хүүхдүүдийг зодсон гэсэн...Намайг эргээд тасаг руу очиход хүүхдүүд “ толгойноос цус гарчихлаа” гэж хэлэхэд, би тэр хүүхдийг “эмнэлэгт үзүүлье” гэсэн чинь багш хараад “гайгүй юм шиг байна, цусыг нь тогтоое” гээд өрөөндөө оруулаад цэвэрлээд боосон...Тасагт ороход модны хугархай байсан...” /хх 52-53/ гэх, насанд хүрээгүй гэрч С.*******, М., , Т. нарын мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараагийн зөрүүгүйгээр өгсөн “...Ц багш манай тасгийн өрөөнд үзлэг хийгээд утас хайгаад байсан...Тэгээд удалгүй мод бариад орж ирээд бид нарыг цохисон... толгойноос цус гарсан... жижүүр орж “ирээд эмнэлэг явах уу” гэхэд, байрны багш “хэрэггүй, би өөрөө эмчилнэ” гээд больсон...” гэх /хх 38-63/ мэдүүлгүүд,

Насанд хүрээгүй *******, ******* нарын эрүүл мэндэд тухайн цаг хугацаанд, шинээр хөнгөн хохирол учирсан талаар дүгнэсэн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 309, 311 тоот дүгнэлтүүд /хх 78,82/, Гэмт хэрэг үйлдэгдсэн даруйд гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн модыг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн прокурорын яллах дүгнэлт зөв байна.

Насанд хүрээгүй хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд учирсан “хөнгөн хохирол” нь тэдгээрийг модоор цохиж зодсон шүүгдэгч *******-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Мөн энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэвч ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал /жирэмсэн/-ыг харгалзах нь зүйтэй юм.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр хэсэг болж хугарсан 30 см урттай модыг устгаж, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлээс Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн Нарлаг хороололд байршилтай 750 м2 Г-0609000125 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч ************** овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь эрүүгийн 1821002820173 дугаартай хэрэгт цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулж “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр хэсэг хугарсан 30 см урттай хугархай мод 1 /нэг/ ширхэгийг устгаж, түүний эзэмшлээс Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн Нарлаг хороололд байршилтай 750 м2 Г-0609000125 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 05 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр  ирсэн шүүгдэгч *******-ын *********************.... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиролдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ