Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/02

 

 

 

 

         А.Гт холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                    Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;  

прокурор Б.Дашням,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

шүүгдэгч А.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатын шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолтыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч А.Ганпүрэвийн гаргасан гомдолд үндэслэн холбогдох эрүүгийн 2419000000281 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1.1 *,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Г нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн * тоот хашаанаас кросс загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүй, гэмт хэргийн шинжгүйгээр өмчлөгч М.Ан зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

4.Анхан шатны шүүх: “...шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцон 01 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 06 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гн цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч А.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 5.Шүүгдэгч А.Г давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би ямар ч үед хүргэнийхээ мотоциклийг зөвшөөрөлтэй ч, зөвшөөрөлгүй ч унадаг байсан. Би хулгай хийх сэдэлтээр унаж яваагүй. Би ямар ч үед малыг нь малладаг учраас хөдөө байхдаа мотоциклийг нь сумаас аймгийн төв рүү унаад явдаг байсан. Түүн шиг бодоод л хүргэн байгаагүй болохоор ээжид хэлээд явсан.” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Гн хувьд хүргэнийхээ мотоциклийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Хэрэгт авагдсан ээж А, гэрч Г мэдүүлэг зэргээр тухайн үед мотоциклийн өмчлөгч байхгүй байсан учраас ээждээ мотоцикл авч явах тухайгаа хэлээд ээжийнхээ зөвшөөрлийн дагуу унаж явсан. Гол зүйл нь тухай мотоциклийг унаж яваад алдсан талаар гомдол гаргаад Цагдаагийн байгууллагад гомдол мэдээллээр шалгагдаад явж байгаа. Энэ нь А.Гн мэдүүлгээр тодорхойлогддог. Хэдийгээр өмчлөгч эзэмшигчийн тээврийн хэрэгслийг авч явах гэдэг нь үйлдлээрээ тогтоогдож байгаа боловч Монгол аж ахуй соёлоосоо шалтгаалаад тухайн нэг гэрт амьдардаг байхдаа өмнө нь олон удаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байдлаар машин болон мотоциклийг нь зөвшөөрөл авахгүйгээр мал ахуйг нь харахдаа хэрэглэдэг талаар ээжийнх нь болон шүүгдэгчийн мэдүүлэгт дурдагдсан байдаг. Тухайн үед юу болсон бэ гэхээр хүргэн нь уг мотоциклийг зарж үрчихлээ гэж бодож цагдаад хандсан байдаг. Гэтэл энэ нь давхар хүнд алдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

7.Прокурор Б.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгч тээврийн хэрэгслийг алдаагүй байсан бол буцааж өгөх байсан гэх үндэслэлийг гаргаж байна. Үүнээс үзэхэд тухайн тээврийн хэрэгсэл өөрийнх нь биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна. Тухайн алдагдсан А.Гн авч явсан тээврийн хэрэгсэл түүний болон ээж Анхмаа нарын нь өмчлөлийн эд хөрөнгө биш юм. Энэ бол хүргэнийх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Тэгэхээр бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгөд зөвшөөрөл өгөх эрх хэмжээ байхгүй гэж үзэж байна. Хүргэн болон А.Г нар нь нэг гэрт хамт амьдардаг гэх баримт байхгүй. Өрхийн хүн амын бүртгэлд хамт байдаггүй, нэг газарт оршин суудаггүй, гэр бүлийн гишүүд биш, тээврийн хэрэгсэл гэр бүлийн эзэмшлийн хуваарьт өмчлөлд орохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүгдэгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч А.Гн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан, эх сурвалжийг магадлан үзвэл:

1.Прокуророос шүүгдэгч А.Гг 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн * тоот хашаанаас кросс загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч М.Ан зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

            2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журамд заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Гг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Тодруулбал шүүгдэгч А.Г 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн *тоот хашаанаас кросс загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол,  хохирогч М.А/хх6/, гэрч М.Г/хх22-23/ нарын мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу  хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тус  тус нотлогдон тогтоогдсон байна. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Гт 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  энэ ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцон 01 сар 10 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 20 хоногийн хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 06 сар хорих ял гэж тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны шударга ёсны зарчимд нийцжээ. 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож улмаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үздэг бөгөөд шүүгдэгч А.Гт оногдуулсан хорих ял эдгээр дурдсан нөхцөл байдалд тохирсон байна. 

3.Хэргийг мөрдөн шалгах явцад шүүгдэгчийн холбогдсон хэргийн бодит байдлыг  нотлох баримтад үндэслэн шалгаж, тогтоосон,  тэдгээр нотлох баримтууд хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэний зэрэгцээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй болно. 

4.Шүүгдэгч А.Гн “...уг мотоциклийг хэн хэн нь унадаг байсан учир зөвшөөрөлгүй авч явсан гэж үзэхгүй, унаж яваад хулгайд алдсаны улмаас ийм асуудал үүссэн, хэргийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй ба шүүгдэгч А.Гн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл мөн.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж зааснаар шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш шүүгдэгч А.Гн цагдан хоригдсон 89 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 89 /наян ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧ Г.БОЛОРМАА

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА