Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 56

 

Б.Б, Г.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 978 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1067 дугаар магадлалтай, Б.Б, Г.Л нарт холбогдох 1908004210322 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2017 оны 4 дүгээр сарын 17-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Б.Б;

2.Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, М овогт Г.Л нар нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Г.Л нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд /автомашин/ нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Л нарыг тус бүр 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэн гаргасан гомдолдоо: “Миний үйлчлүүлэгч Г.Л нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруу, хэргийн зүйлчлэл, хохирлын асуудлаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа боловч өмгөөлөгчийн зүгээс түүнд холбогдох хэрэгт дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Учир нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Орон байр” гэж зөвхөн хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор тайлбарласан бөгөөд “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;” гэснийг тайлбарлаагүй.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолд: “Орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно, орон байр нь хөдөлгөөнтэй, түр шинжтэй байж болно, “Агуулах сав" гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгоно.

Орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн" гэдгийг түлхүүр тааруулах, баг, хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно. Мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ." хэмээн тайлбарласан ба энэ тайлбар 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хүчингүй болсон. Ийнхүү хүчингүй болсон хуулийн тайлбарыг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоол, магадлалд дүгнэлт хийх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэг “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.” гэж заасан хууль ёсны зарчимтай зөрчилдсөн гэж үзэж байна.

Иймд дээрх байдлаас дүгнэвэл Д.Лын үйлдлийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу Г.Лын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б, Г.Л нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн Ц.Бийн эзэмшлийн Приус-20 маркийн 07-92 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалж, машин дотор байсан 840.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлахдаа тусгайлан хамгаалсан байр /автомашин/-нд нэвтэрч, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

Тээврийн хэрэгслийн цонхыг хагалж дотор нь байсан эд зүйлийг хулгайлж байгаа үйлдлийг зүйлчлэхэд эргэлзээтэй байх тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчлэх нь зөв эсэх талаар хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б, Г.Л нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б, Г.Л нар нь 2019 оны 1 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилчин хотхоны автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн Ц.Бийн эзэмшлийн 07-92 УБЯ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашины гурвалжин шилийг хагалж, хаалгыг онгойлгон уг автомашин дотроос 4 ширхэг хоолны халуун сав, 20 шил архи, 8 кг чихэр, эмэгтэй хүний туулайн арьсан малгай зэрэг 840.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлж, хагарсан шилний хамт нийт 885.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б, Г.Л нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд /автомашин/ нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Л нарт тус бүр 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд хохирогч Ц.Б нь тухайн өдөр Хархорин захаас 4 ширхэг хоолны халуун сав, 8 кг чихэр, 20 шил архи зэрэг эд зүйлс худалдан авч, улмаар худалдан авсан эд зүйлсээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үлдээж, гэрийнхээ гаднах зогсоолд автомашинаа түгжин орхиж явсан хойгуур шүүгдэгч Б.Б, Г.Л нар нь шунахай сэдэлтээр, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, уг автомашины гурвалжин шилийг зориуд хагалж, хаалгыг нь онгойлгон нэвтэрч, дотор нь байсан эд зүйлсийг хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзэв.

Тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч хохирогч Ц.Б үнэ цэнэ бүхий эд зүйлсээ түр хадгалах зориулалтаар тэдгээрийг өөрийн автомашинынхаа бүхээгт үлдээж, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн автомашиныхаа хаалгыг түгжиж, цонхыг хааж битүүмжлэн орхиж явснаас харахад тэрээр өөрийн автомашиныг тухайн үед эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.Б, Г.Л нар нь хохирогч Ц.Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор үнэ цэнэ бүхий эд зүйлс хадгалагдаж байгааг цонхоор нь харж мэдээд хулгайлж авахын тулд уг автомашины гурвалжин шилийг шөнийн цагаар, нууцаар хагалах замаар хаалгыг онгойлгон нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийг шүүхээс бусдын тээврийн хэрэгсэл буюу эд хөрөнгө түр хадгалагдаж буй тусгайлан хамгаалсан агуулах саванд хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Харин шүүгдэгч нарын санаатай хагалсан автомашины гурвалжин шил нь 45.000 төгрөгийн үнэтэй буюу хуульд заасан бага хэмжээнд хүрэхгүй байгаагаас гадна автомашины гурвалжин шил нь хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйлд хамаарахгүй тул энэхүү бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргээр давхар зүйлчлэх шаардлагагүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан “...Д.Лын үйлдлийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 978 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1067 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                    

                                           ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР