Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2018/0250

 

Н.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээд А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Ц.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0105 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.У-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0105 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1,4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.У-ийннэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, "Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-тхолбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжийн "К" ХХК, А.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрлах 1494 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “К” ХХК болон иргэн А.Б нарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгч гомдол гаргах эрхтэй захирамж гаргасан атлаа гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, захирамжийг уншиж сонсгомогц шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлэн явуулж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно. Хэргийн оролцогч захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргана гэж байгаа тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах ёстой. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн үндэслэл нь нотлох баримттай холбоотой байсан учир хэргийг хянан шийдвэрлэхэд шууд нөлөөтэй байж болохыг шүүх хийсвэрээр үгүйсгэж байгаа нь талуудын эрх тэгш байх, мэтгэлцэх боломжийг шүүх хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 240м2, 100м2, 25,000м2 талбай бүхий газрын эзэмшил, 1494 м2 талбай бүхий объекттэй холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгохдоо төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх мэдэл, хуульд нийцсэн болон зөрчсөн үйл баримтуудыг шүүх нягтлан дүгнэж байж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0105 тоот шийдвэрийн бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байна. Шийдвэрт дурдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7686 дугаар захирамж нь БНХАУ-ын "Х" олон улсын худалдааны компанийн нэхэмжлэлтэй “Т Ф” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гарсан шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар гарсан захирамж байна. Тухайн хэрэгт нэхэмжлэгч Н.У нь ямар нэгэн байдлаар оролцоогүй бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дутаар сарын 02-ны өдрийн 101/Ш32016/09149 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор дуусгавар болсон болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 -д "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасан. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх шаардлагыг хуулиар тавьсан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7686 дугаар захирамжийн дагуу эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан нь нэхэмжлэгчид хамааралгүй бөгөед үүний улмаас бий болж буй үр дагавар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү байдлыг харгалзан үзэлгүйгээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7686 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн санд түдгэлзүүлж шийдвэрлэсэн тохиолдолд шилжилт ходөлгоөн хийх боломжгүй болдог талаар хариуцагч тайлбарладаг. Гэтэл гуравдагч этгээд А.Б-ыг газрыг шилжүүлэн авах үед уг газрын мэдээллийн санд түдгэлзүүлсэн талаар бүртгэл хийгдээгүй байсан талаар Нийслэлийн өмчийн харилцааны газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудаас ирсэн тайлбар, нотлох баримтыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан баримтуудыг үндэслэн уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Н.У-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.У нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжийн “К” ХХК болон иргэн А.Б нарт холбогдох, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-т холбогдох, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Б-т холбогдох, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоот хаягт байршилтай 1494 м.кв  талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “К” ХХК болон иргэн А.Б нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгүйгээр  шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал,

          Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 574 дүгээр захирамжаар Н.У, Э.С нарын нэхэмжлэлтэй Б.Э-т холбогдох “хамтын амьдралтай байснаа тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талаас гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулахыг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг  тус шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж Б.Э-ийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгө, хувьцаа, түүгээр олгогдсон бусад эрхийнхээ хүрээнд /худалдах, бэлэглэх г.м/ тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалган, энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэж шийдвэрлэсэн,

 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7188 дугаар захирамжаар Н.У, Э.С нарын нэхэмжлэлтэй, Б.Э-т холбогдох “үл хөдлөх эд хөрөнгө болон компанийн хувьцаа, тусгай зөвшөөрөл хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгож тэдгээр хөрөнгийг хууль бус эзэмшлээс бүхэлд нь болон зарим хэсгийг чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж “Т Ф” ХХК-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0065374 дугаар гэрчилгээтэй, 830 м.кв газар, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, худалдаа үйлчилгээний зориулалттай, 0231922 дугаар гэрчилгээтэй, 25000 м.кв газар, иргэн Б.Э-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 03522966 дугаар гэрчилгээтэй, 100 м.кв газар, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0237596 дугаар гэрчилгээтэй, 240 м.кв газруудыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих хэлбэрээр эзэмшил болон өмчлөлийг өөрчлөхийг хориглосон арга хэмжээ авсан,

         Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 9583 дугаар захирамжаар БНХАУ-ын "Х" олон улсын худалдааны компанийн нэхэмжлэлтэй “Т Ф” ХХК, Б.Э, Н.У нарт холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж “Т Ф” ХХК,  Б.Э нарын нэр дээрх эзэмшил газруудыг тус тус нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр захиран зарцуулахыг хориглосон арга хэмжээ авсан,

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 624 дүгээр захирамжаар Н.У-ийн нэхэмжлэлтэй Б.Э,  “Т Ф” ХХК нарт холбогдох “дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай”  иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж хариуцагч  Б.Э, “Т Ф” ХХК нарт тус тусын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөнд ямар нэгэн тодорхой ажиллагаа /худалдах, барьцаалах, бэлэглэх зэрэг/ гүйцэтгэхгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

          Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 32.2-т “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 32.3-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж Монгол Улсын шүүхийн шийдвэрийн /шүүхийн тогтоол, захирамж ижил ойлголт/ хүчин төгөлдөр байдал, заавал биелэгдэх шинжийг тунхаглан хуульчилж өгсөн бөгөөд дээр дурдсан шүүгчийн захирамжууд хэрхэн, ямар аргаар биелэгдсэн эсэх нь маргаан бүхий энэ тохиолдолд чухал ач холбогдолтой байжээ.

         Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.У нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “цагдаа болон шүүхийн байгууллагаас битүүмжилсэн, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхүүдийг хориглосон байхад эзэмших болон өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн, бусдад шилжүүлсэн үйлдлийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус” гэж маргасан, тэрээр хамтран амьдрагч Б.Э-тэй дундын эд хөрөнгөний маргаантайн улмаас 2012 оноос хуулийн байгууллагад хандан гомдол, хүсэлт, нэхэмжлэл гаргаж байсан, тухайн маргаан өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэж дуусаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүх тогтоовол зохих ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй атлаа “захирамжуудыг холбогдох байгууллагад хүргүүлж, шаардлагатай тэмдэглэгээг хийлгээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1/8390 дугаар албан бичигт “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 9583 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн “Т Ф” ХХК-ийн эзэмшил газруудын захиран зарцуулах эрхийг сэргээхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт” мэдэгдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2/666 дугаар албан бичигт “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7188, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 9583 дугаар захирамжууд мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэж тодорхойлсоноос өөрөөр  бусад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжууд хэрхэн биелэгдсэн, биелэгдсэн бол эрх нь сэргээгдсэн эсэх талаар шалгаж тогтоогоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн өөр баримтгүй.

         Зүй нь дээр дурдагдсан шүүгчийн захирамжууд шүүхээс эрх бүхий байгууллагад хүргэгдсэн эсэх, тухайн захирамжуудыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн үйл баримтыг нарийн шалгаж, шаардлагатай бол үзлэг хийх байдлаар тогтоох боломжтой байжээ.

         Түүнчлэн, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/317 дугаар албан бичигт “Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө, захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадалгын бусад арга хэмжээ авах тухай” 326 дугаар тогтоолоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэсэн атлаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны 7/2790 дүгээр албан бичгээр дээрх 326 дугаартай тогтоолыг цахим системээс шүүж үзэхэд бүртгэгдээгүй гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, энэхүү эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулж шалгаагүй нь буруу байна.

Дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, хэрэгт авагдсан баримтаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг  буцаан олгож, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                           

 

                       ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

                       ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН     

                       ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН