Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 985

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн даргаа М.Баасанцэцэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа, гуравдагч этгээд Ц.Ган-Эрдэнэ, гуравдагч этгээд А.Мөнх-Амгалан, Э.Түвшин нарын өмгөөлөгч Г.Цагаанбаяр нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар М.Мөнхтүшиг, Д.Энхтүвшин, Ж.Баярсайхан, Н.Гансүх нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: “Миний бие М.Мөнхтүшиг, Д.Энхтүвшин, Ж.Баярсайхан, Н.Гансүх нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэхүү захиргааны хэрэгтэй хамааралтай Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох маргаан Улсын Дээд шүүхээр хянан хэлэлцэгдэж, нэхэмжлэгчийн гомдлыг хангалгүй шийдвэрлэсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн М.Мөнхтүшиг, Д.Энхтүвшин, Ж.Баярсайхан, Н.Гансүх нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох хэрэгт нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

М.Мөнхтүшиг, Д.Энхтүвшин, Ж.Баярсайхан, Н.Гансүх нар нь Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 7, 9, 10, 12 дугаар тойргийн сонгуулийн хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолын 7, 9, 10, 12 дугаар тойргийн сонгуулийн хэсэгт явуулсан санал хураалтын дүнд холбогдох заалтыг тус тус хүчингүй болгуулах”-ыг шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтээ шүүх хуралдааны явцад бичгээр гаргасан бөгөөд нэхэмжлэгч М.Мөнхтүшиг, Д.Энхтүвшин, Ж.Баярсайхан, Н.Гансүх нар нь Б.Дагиймаад олгосон 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэлд “...нэхэмжлэлийн шаардлагыг ... татгалзах ... нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг эдлэх ...” эрхийг олгосон байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаад тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Мөнхтүшиг, Д.Энхтүвшин, Ж.Баярсайхан, Н.Гансүх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа нь  “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 7, 9, 10, 12 дугаар тойргийн сонгуулийн хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолын 7, 9, 10, 12 дугаар тойргийн сонгуулийн хэсэгт явуулсан санал хураалтын дүнд холбогдох заалтыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      М.ЦЭЦЭГМАА