Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ20176/00220

 

Л.Мөнбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00290 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 2000 дугаар магадлалтай,

Л.Мөнбатын нэхэмжлэлтэй,

“Олд констракшн” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 321.637.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Мөнбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Олд констракшн" ХХК, түүнийг төлөөлөх  захирал  Б.Өнөр-Утаст 150.000.000 төгрөг болон 25.000 ам.долларыг 3  сарын  хугацаатай,  сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.  Мөн  улсын  бүртгэлийн Ү-2206036557 дугаартай,  гэрчилгээний  000353351  дугаартай  Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 202/4 тоот хаяг байршилтай  330 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний зүйл болох мөнгийг "Олд констракшн" ХХК, түүнийг захирал Б.Өнөр-Утаст  2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 24.775.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 150.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 25.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. “Олд констракшн”  ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэхэд үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх ёстой байсан боловч одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй, зөвхөн гэрээт хугацааны хүүг төлөөд байгаа билээ. Иймд 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл болох 199.775.000 төгрөг, 1 болон 2 дугаар сарын хүү 19.977.500 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаа хэтэрсэний 57 хоногийн алданги 56.935.875 төгрөг, нийт 276.688.375 төгрөгийг “Олд констракшн” ХХК болон Б.Өнөр-Утас нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Өнөр-Утаст холбогдох шаардлагаа татан авч, нэхэмжлэлийн шаардлагаа 44.949.375 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч “Олд констракшн” ХХК-иас 321.637.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Олд конштракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нийт үнэлгээгээр 200.000.000 төгрөгийг зээлсэн үндсэн зээлийн хэмжээнд ямар нэгэн маргаан байхгүй ба төлөх үүргийг хариуцагч хүлээж байгаа нь үнэн юм. Зээлийн гэрээний 2.2-т зээлийн гэрээний хугацааг 3 cap байхаар талууд харилцан тохирсон бөгөөд хариуцагч “Олд констракшн” ХХК-ийн зүгээс гэрээний хугацаанд буюу 3 сарын турш нийт 30.000.000 төгрөгийг хүүнд төлсөн. Дээрх 30.000.000 төгрөгийн үндсэн зээлийн хүүгийн төлөлттэй нэхэмжлэгч мөн маргаагүй байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 1 ба 2 дугаар сарын хүү 19.977.500 төгрөгийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гэрээний хугацаа 3 cap тул энэ хүү төлөх үүрэг хүлээсэн. Иймд илүү нэхэмжилсэн 19.977.500 төгрөгийг хариуцагч төлөх үүрэггүй.  Зээлийн гэрээг “Олд констракшн” ХХК болон иргэн Мөнбат  гэсэн талуудын хооронд байгуулсан ба иргэн Б.Өнөр-Утас гэсэн зээлдэгч зээлийн гэрээний аль нэг тал болж оролцоогүй тул манай компани зээлийн үүргийг дангаар хариуцаж 200.000.000 төгрөгийг хуваарь гарган төлөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 76.688.375 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Л.Мөнбат нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх тул хуульд заасан хугацаагаар хариу тайлбар гаргах хугацаа олгож хуралдааныг хойшлуулж өгнө үү. Хариуцагчийн зүгээс 235.000.000 төгрөгөөр эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00290 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “Олд констракшн” ХХК-иас 299.662.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Мөнбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.924.092 төгрөгийн 1.766.138 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157.954 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “Олд констракшн” ХХК-аас 1.656.262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Мөнбатад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 2000 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00290 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...үлдэх...” гэсний дараа “...21.975.250 төгрөгт холбогдох...” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүх, талуудын хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр шүүх хуралдааныг явуулж хариуцагчийн эрх ашгийг хохироосон талаар үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шүүх гомдлыг тал бүрээс нь бодитой дүгнээгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногоор хуралдааныг хойшлуулсан атлаа хариуцагчид мэдэгдэлгүй шүүх хуралдааныг зарлаж ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэхь хэсгийг ноцтой зөрчиж мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан.

ИХШХШТХ-ийн 35, 36-р зүйлд заасан хэлбэрийг хангаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны товыг албан ёсоор хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдээгүй нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3-дахь хэсгүүдэд заасан эрхийг анхан болон давж заалдах шатны шүүх зөрчиж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн шүүхийн үйл ажиллагааны дараалал, процессыг ноцтой зөрчсөн үйлдлийг зөвтгөх ёстой гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт анхан шатны шүүхээс ИХШХШТХ-ийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасанчлан хэргийн оролцогч нарт мэдэгдэх хуудсаар хуралдааны товыг мэдэгдэх хуульд заасан үүргээ шүүх анхнаасаа хангаагүй. Ингэж шүүх хуралдаан хойшилсоноос хойш шүүхээс шүүх хуралдааны талаар мэдэгдэх хуудас ирүүлээгүй нь хавтас хэрэг дэх шүүх ажиллагаанаас тодорхой нотлогдсоор байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль зөрчсөн шийдвэрийг зөвтгөж хууль ёсны шийдвэр гаргаагүй нь ИХШХШТХ-ийн 6, 25, 77-р зүйлүүдийг ноцтой зөрчиж байх тул мэтгэлцэх зарчмыг хангах, шүүхийн процессыг хуульд зааснаар хийж дарааллыг зөвтгөж анхан шатны шүүх хуралдааныг явуулах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/00290 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2000 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсэгт заасан 299.662.500 төгрөг гаргах шийдвэрээс 12.662.500 төгрөгийг хасаж тооцож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Л.Мөнбат нь хариуцагч “Олд констракшн” ХХК-д холбогдуулан 321.637.750 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 202/4 тоотод байршилтай 330 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Л.Мөнбатаас 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 150.000.000 төгрөг, 25.000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогджээ /хавтаст хэргийн 4-8 дугаар тал/.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-г зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо дүнг шийдвэрт тодорхой заагаагүйг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Хэргийн 66 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагчийн төлөөлөгч Б.Өнөр-Утаст шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 2000 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 217.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ