Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/03

 

 

 

Б.Б, Ж.Г

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;  

прокурор Б.Дашням,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаяр,

шүүгдэгч Ж.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатын шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолтыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч Ж.Гны гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн холбогдох эрүүгийн 2419002850319 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.1.*,

1.2.М*,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.Г, Б.Б нар бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн * тоотод оршин суугч болох Ч.Гн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэнд нь халдаж хүч хэрэглэн, оршин суугчийг орон байрнаас нь хөөж гарган дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.Б, Ж.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

4.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч * нарыг мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Б.Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ж.Г, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 5.Шүүгдэгч Ж.Г давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би, миний нагац дүү Б нар энэ байранд өмнө нь ч гэсэн орж гардаг байсны дагуу тэр өдөр хүүхэд хоолгүй олон хонолоо гэж яриад аав Г нь согтуу байсан тул хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовж гэрт очсон. Гэрт очиход гэрийн хаалга онгорхой байсан. Би охин Ан аюулгүй байдалд санаа зовж, охиныг хамгаалахын тулд гаргасан үйлдэл болохоос түүний орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах санаа зорилго надад байгаагүй. Гн амьдарч байгаа гэрт орох үедээ түлхүүрээр ороогүй, гэрийн хаалга нээлттэй Г тухайн үед гэртээ согтуу байхад гэрт орсон, ажил явдлын үеэр Г надад түлхүүрийнхээ 1 хувийг өгч намайг гэртээ орж гарч байгаарай гэсэн. Би ажил явдлаас хойш нэлээн хэдэн удаа гэрээр нь очиж гэр орныг нь цэвэрлэж, хоол ундыг нь хийж өгч байсан. 

Бн хувьд хохирогч Гн дагавар хүүхэд талийгаач Гн төрсөн хүү, А, Б нарын төрсөн ах бөгөөд уг байранд хамт амьдарч байсан гэр бүлийн харилцаатай хүмүүс бөгөөд Б нь дүү А аав архи уугаад би өлсөөд байна гэж үеэлдээ хэлсний дагуу дүүдээ санаа зовоод очсон. Энэ байр нь нас барсан ээж Гн өөрийнх нь эд хөрөнгө, байрны өв залгамжлалын асуудлыг Гг нас барснаас 1 жилийн дараа буюу 2025.04.12-ны өдрөөс хойш хэн энэ байрыг өв залгамжлан авах вэ гэдэг асуудал яригдана. Өв залгамжилж авах өв нээгдэх үед хууль ёсны өвлөгч болох Б.Б, Ч.Г, Г.А, Г.Б нар адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэдгийг мэдэж байгаа. Харин одоогоор энэ байранд Гн нэгэн адил Б амьдрах, чөлөөтэй орж гарах эрхтэй гэж би бодож байна. Б ямар нэгэн байдлаар түлхүүр тааруулж, цоожийг нь эвдлэн сүйтгэх байдлаар гэрт ороогүй, гэрийн хаалга онгорхой байхад дүүдээ санаа зовоод өөрийн өсөж торнисон, амьдарч байсан гэртээ орсон байдаг. Иймд шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй, Ж.Г, Б.Б бидний үйлдэлд анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, биднийг үндэслэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа тул биднийг цагаатгаж өгнө үү.” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гн давж заалдсан гомдлыг дэмжиж оролцож байгаа, энэ хүмүүс тухайн орон байранд нэвтэрч, дураараа авирлах санаа зорилго агуулаагүй. Тухайн үед 9 настай А охин хоолгүй 2, 3 хоносон би өлсөөд байна, аав согтуу байна гэж хэлсний улмаас хүүхдийн аюулгүй байдалд санаа зовж, хүүхдийн эрх ашгийг хамгаалах гэж тухайн айлд орсон. Түүнээс Гн амгалан тайван байдлыг алдагдуулан түүний эд зүйлд нь хүрэх гэж очоогүй, тухайн гэрт ороход хаалга нь онгорхой тухайн хүн өөрөө согтуу байсан нь Гн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогддог. Б өөрөө Гн дагавар хүүхэд, талийгаачийн төрсөн хүүхэд байгаа. Тухайн байр нь талийгаачийн хуваарьт өмч буюу ээж аавынхаа байрыг авсан байдаг. Үнэхээр тухайн байрны өмчлөгч, эзэмшигч, өвийн асуудал 2025 оны 04 сараас яригдах байх. Тэгэхээр Б ч гэсэн тухайн гэрт орох эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Бн хувьд ээжийгээ амьд байх хугацаанд байнга очдог байсан, түүнийг нас барснаас хойш ч мөн орж гаран дүүгээ эргэж очдог байсан. Гн хувьд мөн ажил явдлаас хойш Г түлхүүрээ өгөөд хоол ундыг нь хийгээд, хувцсыг нь угаагаад явдаг л байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Г, Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, Г энэ хэдийн дунд өрнөөд байгаа маргаан нь хууль зөрчсөн үйлдэл мөн, гэхдээ зөрчлийн шинжтэй үйлдэл байж болзошгүй учраас өмгөөлөгчийн хувьд тэдгээрийг цагаатгаж өгнө үү.” гэв.

7.Хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт цөсний хагалгаанд ороод хэвтэж байгаа учраас өнөөдрийн хуралдаанд оролцож чадаагүй. 2008 оноос хойш Г, Г нар гэр бүл болж хамтран амьдраад тухайн байранд оршин сууж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. А, Б нартай хохирогчийн өмгөөлөгчийн хувьд удаа дараа уулзсан. Аав нь архи уудаг ч гэсэн арчаагаа алдталаа уудаг хүн биш, миний сургалтын төлбөрийг бүрэн төлж, ажлаа хийж энэ амьдралыг залгуулдаг гэж хоёр охин хэлдэг. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Монгол улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж заасан байдаг. Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй буюу тухайн орон байранд хууль ёсоор амьдарч байгаа хүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орсноор гэмт хэргийн бүрдэл төгсдөг. Мөн тухайн гэмт хэрэг гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй учир хэвээр үлдээж өгнө үү. Мөн эдгээр хүмүүс  хохирогчийн гэрт орж гадаад паспорт, байрны ордер, бичиг баримтуудыг нь авч явсан байдаг. Бт энэ талаар анхан шатны шүүх хуралдааны дараа хэлэхэд аавтайгаа уулзаад өгнө гэсэн ч одоо болтол уулзаж, уучлалт гуйж, бичиг баримтыг өгөөгүй байгаа юм.” гэв.

8.Прокурор Б.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд өмчлөгч эзэмшигч биш зөвхөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр тухайн орон байранд нэвтэрч, дураараа авирлаж, оршин суугчийн халдашгүй чөлөөтэй байдалд халдсанаар энэ гэмт хэрэг төгсөнө. Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн орон байрны оршин суугч нь Г гэдэг нь тогтоогддог. Харин Г, Б нар нь тухайн байранд оршин суудаг хүмүүс биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Тухайн Г гэдэг хүний зөвшөөрөлгүйгээр тухайн байранд нэвтрэн орсон нь тогтоогдож байгаа. Хүүхдийг авах гэж очсон гэдэг ч тухайн хэрэгт авагдсан баримтуудаар А нь Гн нөхөр гэх хүнтэй гадаа сууж байсан нь тогтоогддог. Шүүгдэгч нарын хувьд үйлдлээрээ нэвтэрч тухайн орон байранд нэвтрэн орж, Гн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, орон байрнаас нь гаргасан үйлдэл гаргаснаараа гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байгаа. Анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд  дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан, эх сурвалжийг магадлан үзвэл:

           1.Прокуророос шүүгдэгч Ж.Г, Б.Б нарыг бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн *тоотод,  оршин суугч Ч.Гн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд  халдаж, оршин суугчийг орон байрнаас нь хөөж гарган дураараа авирласан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

2.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн,  шүүгдэгч Ж.Г, Б.Б нарыг хамтран “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон  нь хэргийн бодит байдалд нийцсэн, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгайн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэнд нийцсэн байна.

3.Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах болон хэргийг шүүхээс хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Энэ нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ч.Г /хх10-12, 51/, гэрч Ч.А /хх95-96/, Д.М/хх54-55/, Э.У/хх-58-59/ нарын мэдүүлэг,

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02/283 дугаар шинжээчийн дүгнэлт/хх14/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн албан тоот/хх42/ зэрэг  нотлох баримтаар шүүгдэгч  Ж.Г, Б.Б нар  хохирогчийн зөвшөөрөлгүйгээр  хохирогчийн орон байранд  нэвтэрч түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж,  орон байрнаас нь хөөж гарган дураараа авирласан үйл баримт нотлогдон, тогтоогдсон байх ба хохирогч, гэрчүүдээс мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх тул мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх бөгөөд энэ талаарх Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

4.Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэний зэрэгцээ  анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Г, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан  тус бүрд 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцжээ.

Тиймээс эдгээр дурдсан үндэслэлээр “... байранд өмнө нь ч гэсэн орж гардаг байсны дагуу охин Ан аюулгүй байдалд санаа зовж, охиныг хамгаалахын тулд гаргасан үйлдэл болохоос түүний орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах санаа зорилго байгаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий шүүгдэгч Ж.Гны давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧ Г.БОЛОРМАА

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА