Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

            Улсын яллагч *******

            Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821000000182 дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: *******. овогт *******, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд *******оны .... сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******..../, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын *******. баг, *******..тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч *******... овогт ******* нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод 07 настай охин орондоо шээсэн гэх шалтгааны улмаас будаа агшаагчны залгуураар ороолгож зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй байна. Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн орчим дагавар охин орондоо хэвтэж байхад нь “удирдлага аваад өг” гээд зурагт руу заагаад гараараа удирдлага аваад өг гэж дохиж үзүүлэхэд, удирдлага авч өгсөн ба харахад өмдөндөө шээсэн байхаар нь миний уур хүрээд “яагаад орондоо шээж байгаа юм бэ” гээд босоод будаа агшаагчны нарийн залгуурыг авч нуруу, хөл рүү нь ороолгосон. Тухайн үед би уурандаа ороолгоод л байсан...Би урьд өдөр нь архи ууж ирээд унтсан байсан тул миний архи гараагүй байсан учир өөрийгөө барьж дийлээгүй зодсон...” гэжээ. /хх 43-46/

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед ажилдаа явахад нөхөр хүүхдүүд унтаж байсан. Тэгээд орой 17 цагийн үед ажлаасаа гэртээ ирэхэд гэрт хүн байхгүй байхаар нь хадам дүү *******өнхсарнайгийн гэрт очиход 3 хүүхэд маань тэнд байсан ба ******* 10 цагийн үед хүүхдүүдээ орхиод гарсан гэж хэлсэн. Тэгсэн дүү *******өнхсарнай манай охин нурууг нь надад харуулахад битүү хөх эрээн болчихсон байхаар нь дүүгээс асуухад “мэдэхгүй, өглөө ороход ах байхгүй байсан” гэсэн...Тухайн үед хөл гарыг нь анзаарч хараагүй гэртээ хариад харахад хөл гар нь битүү хөх эрээн болчихсон байхаар нь охиноосоо “яасан гэдгийг” дохиогоор асуухад охин маань хариу үйлдэл үзүүлэхгүй байсан...Тэгээд нөхрөөсөө “яагаад тийм болтол зодож байгаа юм бэ” гэхэд, “орондоо шээсэн” байхаар нь зодчихсон гэж хэлсэн...” гэжээ. /хх 25-26/

Гэрч *******өнхсарнай мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ах ******* миний хажууд нэг удаа 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байх манайд байж байхдаа дүүгийнхээ бөмбөг билүү, агаарын шаарыг булааж авснаас болж баруун гарынх нь шуу орчимд гараараа чанга цохихоор нь би, “боль” гэж болиулсан. Тэрнээс өөрөөр миний хажууд цохиж зодож байгаагүй...” гэжээ. /хх 31-33/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 358 тоот дүгнэлтэд: “1.Б. биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, зүүн чихний дэлбэн, баруун шанаа, завьж, цээжний ард болон урд тал, бүсэлхий, хүйсний орчмын, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун тохой, зүүн бугуй, баруун, зүүн гуя, зүүн өгзөг, баруун, зүүн шилбэ, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь 2018.05.09-ний өдөр үүссэн байх боломжтой. 4.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Дээрхи гэмтэл нь будаа агшаагчны цахилгааны залгуураар цохисны улмаас үүссэн байх боломжтой. 6.Б. охин хальс бүтэн, гэмтэлгүй байна” гэжээ. /хх 38/

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримт болон мөрдөн шалгах ажиллагаанд бага насны хохирогч /хх 23-24/, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /хх 27-28/, шүүгдэгч ******* /хх 29-30/ нарын болон гэрч /хх 34/, *******өнхбаяр /хх 35/ нарын өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Бага насны хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8, 10/, Цахилгаан хэрэгслийн залгуурыг эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол /хх 9/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/, Аюулгүй зэргийн үнэлгээ /хх 16-17/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 37/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 50/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47/ зэрэг болон хуулийн  дагуу цуглуулж, бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод дагавар 7 настай охин “орондоо шээсэн” гэх шалтгааны улмаас будаа агшаагчны залгуураар ороолгон зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 09-ний...орой 17 цагийн үед ажлаасаа гэртээ ирэхэд...манай охин нуруу битүү хөх эрээн болчихсон байхаар нь нөхрөөсөө “яагаад тийм болтол зодож байгаа юм бэ” гэхэд, “орондоо шээсэн байхаар нь зодчихсон” гэж хэлсэн...” /хх 25-26/ гэх,

Гэрч *******өнхсарнайгийн “...Манай ах М миний хажууд нэг удаа 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байх манайд байж байхдаа дүүгийнхээ бөмбөг билүү, агаарын шаарыг булааж авснаас болж баруун гарынх нь шуу орчимд гараараа чанга цохихоор нь би, “боль” гэж болиулсан. Тэрнээс өөрөөр миний хажууд цохиж зодож байгаагүй...”  /хх 33/ гэх,

Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт /хх 38/, Гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Тухайн үед болсон үйл баримтыг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 27/, Аюулгүй зэргийн үнэлгээ /хх 16-17/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.24, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус зааснаар бага насны хохирогч нь шүүгдэгч *******-тай гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Бага насны хохирогч Б. эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шаанааны цус хуралт, зүүн чихний дэлбэн, баруун шанаа, завьж, цээжний ард болон урд тал, бүсэлхий, хүйсний орчмын, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун тохой, зүүн бугуй, баруун, зүүн гуя, зүүн өгзөг, баруун, зүүн шилбэ, баруун өвдөгний цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүнийг будаа агшаагчны залгуураар удаа дараа цохисон шүүгдэгч *******-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэстэй байна.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч *******-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт шүүгдэгч *******-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******-г хохирогчид төлөх төлбөргүйд тооцох ба энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан будаа агшаагчны залгуурыг устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн *********************. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************.. овогт *******-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******-г 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн 1821000000182 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д анхааруулсугай.

5. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 40 см урттай, хар өнгийн цахилгаан будаа агшаагчны залгуурыг устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн *********************.... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ