Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/04

 

  

    Б.Цд холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Ганзориг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Г.Ганцэцэг /зайнаас цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

шүүгдэгч Б.Ц,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Цд холбогдох 2420002210158 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.1.*,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан, Zaya Zayaanaa гэх нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягт "лудо тоглох уу" гэх стори хийж, уг хаягийн дагуу холбогдсон хохирогч Э.Бтой фейсбүүкээр лудо гэх нэртэй тоглоом тоглож, улмаар түүнтэй чат, мессежээр харилцан, өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дэлгэрхишиг Чанцалбадам гэх нэртэй Хаан банкны * Дугаарын дансаар 10,000 төгрөгийг, 

мөн мөнгө өгөхийг шаардаж, Замын-Үүд зар группэд "Энэ бол цэвэр гаж донтон шүү бүсгүйчүүдээ, охидоо хүчиндэгч энийг түмэнд түгээ, би бэлгийн дарамтад өртсөн байдаг, бүх групптээ түгээ" гэх баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэн, хохирогч Э.Бс 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ыг хүртэлх хугацаанд өөрийн Хаан банкны *, Голомт банкны * дугаарын дансаар 5,100,000 төгрөг, нийт 5,110,000 төгрөгийг 21 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авч залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг авахаар эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Цс 5,110,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бд олгож,

шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрөө төлсөн, хохирогчийн зүгээс гомдол санал байхгүй, хохирлоо авсан гэж мэдэгдсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байдаг. Хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, сард 3,000,000 төгрөгийн цалинтай,  насны байдлын хувьд 27 настай анх удаа гэмт хэрэг үйлдсэн залуу хүн байгаа.

Тухайн үйлдсэн хэрэг нь хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой хэрэг байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгөөч. 2 сарын хугацаагаар хоригдсон учраас энэ талаар сайн ойлгож мэдсэн байх. Эдгээр байдлыг харгалзан хорих ялыг өөрчлөн торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

6.Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч, гэр бүлийнхнээсээ уучлалт гуйж байна. Хохирогчтой уулзаж эв зүйгээ олж ярилцаж, уучлалт гуйн ойлголцсон, хийсэн хэрэгтээ маргахгүй, маш их гэмшиж харамсаж байна. Энэ хугацаанд маш их зүйлийг ойлгож байна. Эрх чөлөөг юугаар ч сольж болохгүй гэдгийг ойлголоо. Хорих ялыг торгох ялаар солиулах хүсэлтэй байна. Торгох ялыг төлөх боломжтой.” гэв.

7.Прокурор Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэл байхгүй. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаас хойш үүссэн байна. Шүүгдэгчид машин механизмын засварчин ажилтай гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Гэсэн хэдий ч тодорхой оршин суух хаяггүй, Улаанбаатар хотод түр оршин суух хаягтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч  цалин орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр төлсөн зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал хуулиар тогтоогдож байгаа. Прокурорын зүгээс хорих ялыг хэвээр үлдээх юм уу, хөнгөрүүлэх тал дээр ямар нэгэн санал гаргахгүй. Шүүгдэгчийн хувьд хэргийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч С.Шинэбаярын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

1.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Цг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан, Zaya Zayaanaa гэх нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаар хохирогч Э.Бтой холбогдон “лудо” гэх тоглоом тоглон түүнтэй чат, мессежээр харилцан, өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дэлгэрхишиг Чанцалбадам гэх нэртэй Хаан банкны * Дугаарын дансаар 10,000 төгрөгийг шилжүүлэн авсан мөн мөнгө өгөхийг шаардаж, Замын-Үүд зар группэд "Энэ бол цэвэр гаж донтон шүү бүсгүйчүүдээ, охидоо хүчиндэгч энийг түмэнд түгээ, би бэлгийн дарамтад өртсөн байдаг, бүх групптээ түгээ гэх баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэн, хохирогч Э.Бс 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ыг хүртэлх хугацаанд өөрийн Хаан банкны *, Голомт банкны * дугаарын дансаар 5,100,000 төгрөг нийт 5,110,000 төгрөгийг 21 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

2.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах, өмгөөлөх талуудыг оролцуулан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Цг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авч залилсан мөн үргэлжилсэн үйлдлээр, бусдыг эд хөрөнгийг авахаар эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Д.Ч, Б.Ц нарын Хаан болон Голомт банкны гүйлгээ хийсэнтэй холбоотой дипозит дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг  нотлох баримтаар шүүгдэгч Б.Ц цахим хэрэгсэл ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг авч залилсан,  бусдыг эд хөрөнгөө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

3.Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж, тогтоосон байх ба мөрдөн шалгах болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй болно.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр “...шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй, хохирлыг нөхөн төлж барагдуулсан, ажил эрхэлдэг орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргаж, гомдлыг хохирол төлсөн баримтын хамт шүүхэд ирүүлжээ.  

Давж заалдах шатны шүүхээс “...5,110,000 төгрөгийг ”2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Э.Бд төлсөн” тухай баримт болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, ажил эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг “Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр мөн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,00,000 төгрөгөөр тус тус торгох гэж  өөрчлөн, торгох ялын төлөх хугацааг 3 жил гэж тогтоож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 69 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож  буюу 1,035,000 төгрөгийг торгох ялаас хасаж тооцон, торгох ялын хэмжээг нийт 9,415,000 төгрөг гэж тогтоон энэ  үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “...17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,

4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “ шүүгдэгч Б.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилж,

7 дугаар заалтыг хасаж, 8 дугаар заалтыг 7 гэж дугаарлан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангасугай.

2.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Цыг нийт 69 /жаран ёс/ хоногийг эдлэх ялд оруулан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,035,000 төгрөгөөр тооцож торгох ялаас хасч, шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг 9,415,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, сулласугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА