Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2026/0766

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа даргалж, шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б******” ХХК /РД:******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э******,

Хариуцагч: “М******” ТӨХК,

Хариуцагч: “М******” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М******, О.Б******,

Гуравдагч этгээд: “М******” ХХК /РД:*******/,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Б.Б******,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Н.О****** /ШТҮД:****/ нарын хоорондын тендер сонгон шалгаруулалттай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М******, О.Б******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Анар-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр “Аяллын иж бүрдэл багц №2-ийн ****** дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “М******” ХХК-ийг шалгаруулж, “Б******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Аяллын иж бүрдэл багц №2-ийн ****** дугаартай тендерийг дахин үнэлэхийг даалгах, захиалагч “М******” ТӨХК-ийн “М******” ХХК тай байгуулсан 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай “Энгийн аяллын багц нийлүүлэх ******” гэрээг хүчингүй болгуулах”

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “Б******” ХХК нь “М******” ТӨХК-иас зарласан ****** дугаартай “Аяллын иж бүрдэл нийлүүлэх тендер шалгаруулалтын 2 дугаар багц” /Энгийн ангиллын аяллын багц/-д оролцсон байна.

2.2. Уг тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Б******” ХХК, гуравдагч этгээд “М******” ХХК тус тус оролцож, материалаа хүргүүлжээ.

2.3. “М******” ТӨХК-иас нэхэмжлэгч “Б******” ХХК-д хандан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/833 дугаар албан бичгээрээ “****** дугаартай “Аяллын иж бүрдэл нийлүүлэх тендер шалгаруулалтын 2 дугаар багц” /Энгийн ангиллын аяллын багц/”-д гуравдагч этгээд “М******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон талаараа мэдэгдсэн байна.

2.4. Нэхэмжлэгчээс дээрх компанийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/2619 дугаар албан бичгээр тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

2.5. Үүний дараа хариуцагч “М******” ТӨХК-иас дахин тендер сонгон шалгаруулалтыг үнэлээд 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/1212 дугаар албан бичгээрээ “...Тус тендер шалгаруулалтад хамгийн сайн тендер ирүүлсэн “М******” ХХК-д дараах нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон” гэж мэдэгдсэн байна.

2.6. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай хуралдааны шийдвэрээр “Аяллын иж бүрдэл” багц№2-ын ****** дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “М******” ХХК-ийг шалгаруулж, “Б******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, “Аяллын иж бүрдэл” багц№2-ын ****** дугаартай тендерийг дахин үнэлэхийг даалгах, захиалагч М****** төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэгч “М******” ХХК-тай байгуулсан 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай “Энгийн аяллын багц нийлүүлэх ****** гэрээг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Б******" ХХК нь Монголын Иргэний Агаарын Тээвэр ТӨХК-аас зарласан "Аяллын иж бүрдэл" ****** дугаартай тендер шалгаруулалтын Багц №2 "Энгийн ангиллын аяллын багц" тендерт оролцсон. Энэхүү тендерээр М****** ТӨХК нь зорчигч нарт нислэгийн үед өгөх аяллын багц буюу нүдний хаалт, чихний бөглөө, оймсыг зип түгжээтэй уутанд савласан байх багц юм. Уг тендерт "М******" ХХК болон “Б******” ХХК оролцсон бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 01/833 тоот албан бичгээр "М******" ХХК шалгарсан талаар мэдэгдлийг манайд ирүүлсэн.

3.2. Уг мэдэгдэлд "... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй тул татгалзаж..." буй тухай тусгасан байна. Үүний дагуу дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар бусад оролцогч нарт ил болгосон "М******" ХХК-ний тендерт илгээсэн материалтай танилцсан, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу М****** ТӨХК-Д албан хүсэлтээ гаргаж үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлтэй танилцсан.

3.3. Тендерийн ялагч "М******" ХХК-ийн ирүүлсэн тендерийн дээжид техникийн тодорхойлолтод нийцээгүй бараа өгсөн ба 2026 оны 04 сарын 16-ний өдрийн 26/0416-03 тоот албан бичгээр хүргүүлсэн тендерийн саналдаа "... Гаднах уут нь техникийн тодорхойлолт болон загварыг эцэслэн баталсны дараа эцсийн байдлаар үйлдвэрлэх болно. Загвар нь зөвхөн материалын хувьд танилцуулж байгаа болно. Мөн "Нүдний хаалт нь техникийн тодорхойлолтын дагуу гадна талын давхарга болон дотор тал нь хар өнгийн материалаар хийгдэх болно..." гэх тайлбар албан бичиг хавсаргасан байсан. Мөн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл №2 той танилцахад "М******" ХХК-ний дээжид чихний бөглөө ирүүлсэн үгүй нь тодорхой бус 1 дүгээр багцад ирүүлсэн чихний бөглөөг 2 дугаар багцын үнэлгээнд хамруулан үнэлсэн, нүдний хаалт нь өөр өнгийн нүдний хаалт ирүүлсэн байсан. Дээрх үндэслэлээр үнэлгээний хороо нэг гишүүн "М******" ХХК-ний ирүүлсэн тендерээс татгалзсан санал гаргасан байдаг. Иймд манай компани 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 26/182 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан.

3.4. Сангийн яамнаас гомдлыг хянаад "М******" ХХК-ний ирүүлсэн тендер нь "Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 17.4-д заасан Тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар, дээж ирүүлсэн байх шаардлагыг хангаагүй, тодруулбал “М******” ХХК-ийн ирүүлсэн загвар, дээж нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод шаардлагад нийцэх эсэхэд үнэлгээ хийгээгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн шийдвэрлэсэн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь хэсэгт зааснаар тендерийг дахин үнэлэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгасан байдаг. Гэтэл тендерийн үнэлгээний хороо 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дахин хуралдаж Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 17.4-д заасан шаардлага хангаагүй тендер болох "М******" ХХК-ний ирүүлсэн тендерийг шалгаруулж, захиалагчтай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т “Санал болгосон бараа, ажил, үйлчилгээ нь техникийн тодорхойлолтод нийцсэн байх" гэж заасныг зөрчсөн шийдвэр гаргасан мөн хурлын тэмдэглэл дээр дурдагдсан байгаагаар “М******” ХХК нь багц №2 тендерт чихэвчний дээжээ өгөөгүйг үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл №2, хавтаст хэргийн 52 дугаар хуудас дээр үнэлгээний хорооны гишүүн З. А******: "За тийм байлаа байлаа гэхэд чихэвчээ бичээгүй байна", үнэлгээний хорооны гишүүн Д. У******: "Багц№1 дээр чихэвч байсан ш дээ" гэж тэмдэглэгдсэн, мөн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл №3 дээр үнэлгээний хорооны гишүүн О.Б******: "Чихний бөглөө нь Бизнес ангиллын багц дээрээ шаардлага хангаж байсан учир шаардлага хангасан гэж үзсэн" гэж тэмдэглэлдсэн байгаа тул үнэлгээний хорооны гишүүд уг өгөөгүй дээжийг нь Багц№1 Бизнес ангиллын тендер шалгаруултад өгсөн байсан гэж 2 өөр багцыг хамтад үнэлсэн байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-т “Багцтай тендер шалгаруулалтын багц тус бүрд үнэлгээ хийх ба оролцогч хоёр ба түүнээс дээш багцад хамгийн сайн тендер ирүүлсэн бол оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадална" гэж заасныг зөрчсөн тул бид “Аяллын иж бүрдэл" багц№2-ийн ****** дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “М******" ХХК-нийг шалгаруулсан, манай компанийн тендерээс татгалзсан тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, “Аяллын иж бүрдэл" багц№2-ийн ****** дугаартай тендерт “М******” компанийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохын тогтоолгож, тендер дахин үнэлэхийг даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

3.5. Нэхэмжлэлийн шаардлагын "М******” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох шаардлагын тухайд: Нэгэнт дээр дурдсан үндэслэлээр тендерийн үнэлгээний хорооны “М******” ХХК-нийг шалгаруулж, манай компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай шийдвэр хууль бус захиалагч М****** ХК болон гүйцэтгэгч “М******” ХХК-ийн хооронд байгуулсан 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай "Энгийн аяллын багц нийлүүлэх ******" гэрээ нь хууль бус гэж үзэж байна. Энэхүү гэрээ байгуулснаар манай компани шалгарч гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг тендерийн үнэлгээний хорооны хууль бус шийдвэрээр гэрээ байгуулах эрхтэй болсон “М******” ХХК гүйцэтгэснээр манай компани олох ёстой байсан орлогоо алдаж байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа юм. Өөрөөр  хэлбэл гэрээ хүчингүй болсноор бидний эдийн засгийн хувьд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм. Иймд бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт тус тус зааснаар М****** ТӨХК болон гүйцэтгэгч “М******” ХХК-ийн хооронд байгуулсан 2026 оны 6 дугаар аяллын багц нийлүүлэх сарын 25-ны өдрийн ****** дугаартай “Энгийн ******” гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно” гэжээ.

3.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““М******” ТӨХК-аас үр ашигтай, хэмнэлттэй байх гэж тайлбарлаж байна. Гэхдээ уг зарчмыг хангахын тулд өөр зарчмыг зөрчих ёсгүй гэж үзэж байна. ТШЗ-ын 17.4-т дээжийг ирүүлэх ёстой, ирүүлэхдээ багц тус бүрд ирүүлэх ёстой гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т санал болгосон бараа, үйлчилгээ, техникийн тодорхойлолтод нийцсэн байх гэж заасан. Хууль зөрчиж гаргасан шийдвэр учраас энийг өөр зарчимд хангах зорилгоор ингэж шийдсэн гэж үзэхгүй байна. Мөн “М******” ХХК-аас чихний бөглөөний дээж ирүүлсэн эсэх дээр тодорхой тайлбар өгөөгүй” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Үнэлгээний хороо нь Худалдан авах ажиллагааны тухай хуульд заасан зарчим, шаардлагад нийцүүлэн шийдвэр гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж, мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т "хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, арга хэмжээ нь хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнг хангахад чиглэсэн байх зарчмыг тус тус баримтална гэж заасан. Тендерийн нээлт болон Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №2 дугаартай хурлын тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч “Б******” ХХК нь 564,720,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Шалгарагч “М******” ХХК нь 477,840,000 төгрөгийн үнийг санал ирүүлсэн.

4.1. “М******” ХХК-ийн ирүүлсэн үнэ нь нэхэмжлэгчийн саналаас 86,880,000 төгрөгөөр хямд бөгөөд төрийн өмчит компанийн төсөвт асар их хэмнэлт авчрахаар байна. Хуулийн дагуу Үнэлгээний хороо шаардлага хангасан тендерүүдээс хамгийн бага үнэ, хамгийн сайн шалгууртайг сонгох журамтай тул хамгийн бага үнийн санал ирүүлсэн “М******” ХХК-ийг шалгаруулсан. Мөн нэхэмжлэгч нь “М******” ХХК-ийн загвар дээжийг техникийн тодорхойлолт зөрчсөн гэж маргадаг. Гэвч Үнэлгээний хорооны №2 болон №3 дугаартай хурлын тэмдэглэлүүдэд тусгагдсанаар, “М******” ХХК нь 2026 оны 04 дүгээр сарын 16 ны өдрийн 26/0416-03 тоот албан бичгээрээ “гаднах уут болон загварыг эцэслэн баталсны дагуу үйлдвэрлэх ба нүдний хаалтыг техникийн тодорхойлолтын дагуу гадна болон дотор талыг хар өнгийн материалаар хийж нийлүүлнэ" гэж албан ёсны баталгааг тендерийн материалдаа хавсаргаж ирүүлсэн.

4.2. Загвар дээж нь зөвхөн материалын чанар, хийцийг үзүүлэх зорилготой тул гэрээ байгуулахдаа өнгө болон зарим нарийн хийцийг засаж, техникийн тодорхойлолтод 100% нийцүүлэн нийлүүлэх боломжтой гэж Үнэлгээний хорооны гишүүдийн олонх дүгнэсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйл болон 26 дугаар зүйлийн 26.7, 26.8-д заасан шаардлагад бүрэн нийцэж байна. Тус компани нь загвар дээжээр материалын чанар, стандартыг нотолж ирүүлсэн бөгөөд өнгөний хувьд албан бичгээр Техникийн тодорхойлолтын дагуу нийлүүлэлт хийхээ баталгаажуулсан. Уг баталгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7.1-д зааснаар "барааны чанар, гүйцэтгэлд" ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд Захиалагчийн 86.8 сая төгрөгийн төсөв хэмнэх үндсэн зорилгод дээрх хуулийн 26.7.3-т зааснаар "захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод бүрэн нийцэж” байгаа тул Үнэлгээний хорооны олонхын саналаар шалгаруулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.3. Сангийн яамны албан бичгийн дагуу Үнэлгээний хороо хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийсэн тухайд: Нэхэмжлэгч нь "Сангийн яам тендерийг дахин үнэлэхийг даалгасан байхад захиалагч дахин үнэлээгүй" гэж бодит байдлыг мушгин тайлбарлажээ. Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6219 тоот "Гомдол хянасан тухай" бичгээр тендер шалгаруулалтын загвар дээжийг дахин хянаж, үнэлгээг хуульд нийцүүлэн хийхийг “М******” ТӨХК-д мэдэгдсэн. “М******” ТӨХК-ийн Үнэлгээний хороо нь уг албан бичгийг хүлээн авч, 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр /№3 тоот хурлын тэмдэглэл/ болон 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрүүдэд дахин хуралдаж, ирүүлсэн загвар дээжийг гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр дахин нэг бүрчлэн нягтлан үзсэн.

4.4. Хурлаар Сангийн яамнаас ирүүлсэн бичигтэй танилцан, загвар дээжийг дахин тулгаж хянаад, “М******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь ТШЗ болон техникийн тодорхойлолтын шаардлагад бүрэн нийцсэн, хамгийн сайн үнийн санал бүхий тендер мөн гэж Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар шийдвэрээ баталгаажуулсан. Иймд “Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийгээгүй буюу эс үйлдэхүй гаргасан" гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй бөгөөд Үнэлгээний хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрээ гаргасан. Захиалагчийн гэрээ байгуулсан ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу Захиалагч "М******” ТӨХК нь Үнэлгээний хорооны эцсийн шийдвэр, зөвлөмжийг үндэслэн "М******" ХХК-д 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/1213 тоот албан бичгээр "Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлж, хуулийн хугацаанд гэрээ байгуулж, бараагаа нийлүүлж байна. Захиалагч “М******” ТӨХК нь Үнэлгээний хорооны хуулийн дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулсан тул захиалагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх, байгуулсан гэрээг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

4.5. Хариуцагч Үнэлгээний хороо болон “М******” ТӨХК нь худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон холбогдох журмыг чанд баримталсан. Нэхэмжлэгч “Б******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн болон баримтын үндэслэлгүй, ижил төрлийн барааг 86,8 сая төгрөгөөр илүү өндөр үнээр нийлүүлэх гэсэн сонирхолтой байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг үндэслэн "Б******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М******” ТӨХК-ийн байгуулсан гэрээ болон тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд Үнэлгээний хорооны шийдвэр нийцэж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн маргаж буй техникийн тодорхойлолтод зааснаар ирүүлээгүй гэж байгаа нь хуулиар зөвшөөрөгдсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7.1-д бараа, ажил үйлчилгээ хамрах хүрээнд чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр гэж заасан. Өнгө бол асуудал биш юм. Нийлүүлэхдээ техникийн тодорхойлолтод зааснаар нийлүүлнэ гэсэн. Нийлүүлж байгаа. Энэ бол Үнэлгээний хорооны эрх хэмжээний асуудал юм. Уг эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэж “М******” ТӨХК-ийн байгуулсан гэрээ нь хуульд нийцэж байна гэж үзэж байна. Мөн ижил барааг 86,880,000 төгрөгийн илүү дүнгээр борлуулах гэсэн нэхэмжлэгчийн сонирхол илт харагдаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэг. Хэргийн үйл баримт: “М******” ТӨХК нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Аяллын иж бүрдэл" худалдан авах ****** дугаартай тендерийг хоёр багцтайгаар зарлаж, тендерийн нээлтийг 2026 оны 04 дүгээр сарын 17 ны өдөр хийсэн. М****** ХХК нь Багц 1. Бизнес ангиллын аяллын багц болон Багц 2: Энгийн ангиллын аяллын багцад тус тус оролцсон. Багц 2-т “М******” ХХК болон нэхэмжлэгч “Б******” ХХК тендер ирүүлсэн бөгөөд М****** ХХК нь 597,300,000 төгрөгийн үндсэн саналд 20 хувийн хөнгөлөлт санал болгож, хөнгөлөлт тооцсон дүн 477,840,000 төгрөг болсон. “Б******” ХХК нь 564,720,000 төгрөгийн санал ирүүлсэн. Захиалагч 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/832 дугаар албан бичгээр “М******” ХХК-ийг шалгарсан тухай мэдэгдсэн хэдий ч бусад оролцогч Сангийн яаманд гомдол гаргасантай холбоотойгоор гэрээ байгуулах ажиллагаа хүлээгдсэн. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны дараа захиалагч 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/1213 дугаар албан бичгээр “М******” ХХК-ийг шалгарсан тухай мэдэгдлийг дахин хүргүүлсэн. Гуравдагч этгээд уг мэдэгдэлд үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Худалдаа, хөгжлийн банкинд 14,335,200 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа байршуулж, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр М****** ТӨХК-тай ****** дугаартай “Энгийн аяллын багц нийлүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 3 удаагийн нийлүүлэлт бүрэн хийгдэж, дараагийн 2 удаагийн захиалгын бараа үйлдвэрлэгдэн тээвэрлэлтийн шатанд явж байна.

5.1. Хоёр, Техникийн шаардлагыг хангасан тендер ирүүлсэн тухай: Нэхэмжлэгч “Б******” ХХК нь “М******” ХХК-ийн тендерийн хамт ирүүлсэн загвар, дээж техникийн тодорхойлолтод нийцээгүй, өмнөх үнэлгээг хүчингүй болгосны дараа тус компанийг дахин шалгаруулсан шийдвэр хууль бус, улмаар байгуулсан гэрээг хүчингүй болгох ёстой гэсэн агуулгаар маргаж байна. Нэхэмжлэгчийн энэхүү дүгнэлт нь гуравдагч этгээдийн ирүүлсэн техникийн санал болон түүнийг нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан үнэлээгүй тул үндэслэлгүй юм.

5.2. “М******” ХХК нь тендерийн баримт бичигт заасан техникийн шаардлагыг хангаж байгааг нотлох зорилгоор бүтээгдэхүүний харьцуулсан техникийн тодорхойлолт, лабораторийн шинжилгээний дүгнэлт, бүтээгдэхүүний төрөл тус бүрийн загвар, дээж болон 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 26/0416-03 дугаар тайлбар, баталгаажуулалтын албан бичгийг тендерийн бүрэлдэхүүнд хавсарган ирүүлсэн. Харьцуулсан техникийн тодорхойлолтод оймс, нүдний хаалт, чихний бөглөө болон гаднах уутны материал, хэмжээ, өнгө, хийц, зориулалт болон бусад техникийн үзүүлэлтийг захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан шаардлага бүртэй нэг бүрчлэн тулган тусгасан. Мөн ТШЗ 17.3-т заасан шаардлагын дагуу бүтээгдэхүүнтэй холбоотой лабораторийн шинжилгээний дүгнэлтүүдийг тендерийн хамт ирүүлсэн.

5.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.1-д техникийн тодорхойлолтоор барааны шаардлагатай шинж чанар, зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлагыг тодорхойлохоор, 12.2-т барааны түүхий эд, материал болон бусад шалгуур үзүүлэлтийг тусгахаар заасан. Мөн хуулийн 13.1-д захиалагч техникийн тодорхойлолтод нийцэхийг нотлох шалгалт, туршилтын баримт болон холбогдох мэдээллийг оролцогчоос шаардаж болохоор, 13.2-т шаардлагатай гэж үзвэл захиалагч шалгалт, туршилтыг өөрөө зохион байгуулж болохоор, 13.3-т уг ажиллагааг зохион байгуулах журмыг тендерийн баримт бичигт урьдчилан зааж, оролцогчийг оролцох боломжоор хангахаар, 13.4-т хүлээн авсан загвар, дээжийг шалгах, турших үйл явцыг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулахаар тус тус зохицуулсан. Дээрх зохицуулалтаас үзэхэд оролцогчийн санал болгосон бүтээгдэхүүн техникийн тодорхойлолтод нийцсэн эсэхийг зөвхөн загвар, дээжийн гаднах нэг шинжээр таслан дүгнэх боломжгүй. Харин техникийн санал, харьцуулсан техникийн тодорхойлолт, лабораторийн шинжилгээний дүгнэлт, тайлбар, баталгаажуулалтын албан бичиг, загвар, дээж болон тэдгээрт хийсэн шалгалт, туршилтын үр дүнг харилцан хамааралтайгаар бүхэлд нь үнэлэх шаардлагатай.

5.4. “М******” ХХК-ийн техникийн саналд нийлүүлэх бүтээгдэхүүний үзүүлэлтийг захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцүүлэн тусгаж, уг саналыг нотлох харьцуулсан тодорхойлолт, лабораторийн дүгнэлт, загвар, дээж болон тайлбар, баталгаажуулалтын албан бичгийг хамтад нь ирүүлсэн. Иймд нэхэмжлэгч зөвхөн материал танилцуулах зориулалттай зарим загвар, дээжийн гаднах шинжийг салган авч, гуравдагч этгээдийн техникийн санал бүхэлдээ шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь хууль болон тендерийн баримт бичигт заасан нотлох баримтыг цогцоор нь үнэлэх шаардлагад нийцэхгүй байна.

5.5. Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцаах тухай: Нэхэмжлэгч нь “М******” ХХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 26/0416-03 дугаар албан бичгийг техникийн шаардлага хангаагүйгээ хүлээн зөвшөөрсөн баримт мэт тайлбарласан нь уг албан бичгийн бодит агуулгад нийцэхгүй байна. Уг албан бичигт гаднах уутыг техникийн тодорхойлолт болон загварыг эцэслэн баталсны дараа эцсийн байдлаар үйлдвэрлэх бөгөөд тендерийн хамт хүргүүлсэн загвар нь зөвхөн уутны материалыг танилцуулах зориулалттай болохыг урьдчилан тайлбарласан. ТШЗ 17.4-т санал болгож буй бүтээгдэхүүний төрөл тус бүрд загвар, дээж ирүүлэхээр заасны зэрэгцээ загвар, дээж нь логогүй байж болох бөгөөд шалгарсан тохиолдолд логог техникийн тодорхойлолтын дагуу нийлүүлэхээр тусгайлан зөвшөөрсөн байна.

5.6. Иймд тендерийн хамт хүргүүлсэн гаднах уутны загвар нь эцсийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бус, санал болгож буй материалыг танилцуулах зориулалттай байсан бөгөөд эцсийн уутыг техникийн тодорхойлолт болон захиалагчийн эцэслэн баталсан загварын дагуу үйлдвэрлэхээр албан бичигт тодорхой тусгасан. Тиймээс тухайн загварт эцсийн лого, хэвлэл бүрэн тусгагдаагүй нөхцөлийг дангаар нь үндэслэн “М******” ХХК-ийн техникийн санал бүхэлдээ шаардлага хангаагүй гэж дүгнэх боломжгүй.

5.7. Чихний бөглөөний загвар дээжийн тухайд: ТШЗ 17.4-т оролцогч нь санал болгож буй “бараа бүтээгдэхүүний төрөл тус бүрд" загвар, дээж ирүүлэхээр заасан. Харин хоёр буюу түүнээс дээш багцад ижил төрлийн, ижил техникийн үзүүлэлттэй бүтээгдэхүүн санал болгосон тохиолдолд тухайн бүтээгдэхүүний загвар, дээжийг багц тус бүрээр давхардуулан ирүүлэх талаар тусгай шаардлага тавиагүй байна. “М******” ХХК нь Багц 1 болон Багц 2-т материал, хэмжээ, савлагаа, өнгө болон дуу бууруулах үзүүлэлтийн хувьд ижил шаардлагатай чихний бөглөө санал болгож, уг бүтээгдэхүүний загвар, дээжийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө бусад бүтээгдэхүүний загвар, дээжийн хамт битүүмжлэн захиалагчид хүргүүлсэн болно. Иймд ижил төрлийн бүтээгдэхүүний нэг загвар, дээжийг хоёр багцын техникийн саналтай харьцуулан үзсэн нөхцөл нь өөрөө ТШЗ 17.4-ийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй. 

5.8. Нэхэмжлэгч үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл №2-т “чихний бөглөө ирүүлсэн эсэх нь тодорхой бус”, “1 дүгээр багцад ирүүлсэн чихний бөглөөг 2 дугаар багцын үнэлгээнд хамруулсан” гэх агуулга туссан гэж иш татжээ. Гэвч уг тэмдэглэл дэх "тодорхой бус" гэх хэллэг нь гуравдагч этгээд чихний бөглөөний загвар, дээж огт ирүүлээгүйг тогтоосон эцсийн дүгнэлт гэж үзэхээргүй байна.

5.9. Нүдний хаалтын дээжийн тухайд: Захиалагчийн техникийн тодорхойлолтод нүдний хаалтыг хоёр давхар, заасан материалын найрлагатай, гэрэл нэвтрүүлэхгүй, гадна болон дотор тал нь хар өнгөтэй байхаар шаардсан. “М******” ХХК-ийн техникийн саналд нийлүүлэх бүтээгдэхүүнийг 50 хувь хөвөн даавуу, 50 хувь полиэстерийн холимог материалтай, гэрэл нэвтрүүлэхгүй, гадна болон дотор тал нь хар өнгөтэй байхаар тусгасан. Тендерийн хамт хүргүүлсэн нүдний хаалтын загварын гадна тал хар хөх, дотор тал хар өнгөтэй байсан боловч уг загвар нь нийлүүлэх эцсийн бүтээгдэхүүн бус, зөвхөн санал болгож буй материалыг танилцуулах зориулалттай байсан. Энэ талаар “М******” ХХК 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 26/0416-03 дугаар албан бичигт нүдний хаалтын гадна талын давхарга болон дотор талыг техникийн тодорхойлолтын дагуу хар өнгийн материалаар хийх бөгөөд хүргүүлсэн загвар нь зөвхөн материалыг танилцуулж байгааг тодорхой мэдэгдсэн. Иймд загвар, дээжийн гадна тал хар хөх байсан нөхцөлийг нийлүүлэх эцсийн бүтээгдэхүүний өнгөтэй шууд адилтгах боломжгүй. Гуравдагч этгээдийн техникийн санал болон тендертэй хамт ирүүлсэн албан бичигт нийлүүлэх нүдний хаалтын гадна, дотор талыг хар өнгийн материалаар хийхээр нэг мөр тусгасан байна.

5.10. Түүнчлэн нүдний хаалтын техникийн шаардлага нь өнгөнөөс гадна материалын найрлага, давхар хийц болон гэрэл нэвтрүүлэхгүй ажиллагааны үзүүлэлтийг агуулдаг. Иймээс материал танилцуулах зориулалттай загварын гадна өнгөнд дангаар нь тулгуурлан эцсийн байдлаар санал болгосон бүтээгдэхүүний өнгө, материал, хийц болон ажиллагааны бүх үзүүлэлт шаардлага хангаагүй гэж дүгнэх нь үндэслэлгүй. ****** дугаар гэрээний дагуу бодитоор нийлүүлж буй нүдний хаалтын гадна болон дотор тал нь хар өнгийн материалаар хийгдсэн болох нь хавсаргасан бүтээгдэхүүний гэрэл зураг болон нийлүүлэлтийн баримтаар нотлогдоно.

5.11. Дахин үнэлгээ болон гэрээг хүчингүй болгох шаардлагын тухайд: Сангийн яам өмнөх үнэлгээг хүчингүй болгож, тендерүүдийг дахин үнэлүүлэхээр шийдвэрлэсэн нь “М******” ХХК-ийг дахин шалгаруулахыг хориглосон агуулгагүй байна. Уг шийдвэрийн дагуу захиалагч тендерүүдийг дахин үнэлж, 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/1213 дугаар албан бичгээр “М******” ХХК д гэрээ байгуулах эрх олгосон шинэ мэдэгдэл хүргүүлсэн. Ийнхүү 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гарсан шийдвэр нь өмнөх хүчингүй болсон үнэлгээний шийдвэрийг хэвээр үлдээсэн бус, дахин үнэлгээний үр дүнд гарсан шинэ шийдвэр болно. Дахин үнэлгээний үр дүнд өмнөхтэй ижил оролцогч шалгарсан нөхцөл нь өөрөө дахин үнэлгээ хийгдээгүй, Сангийн яамны шийдвэр биелээгүй, эсхүл шинэ шийдвэр хууль бус болохыг нотлохгүй. Дахин үнэлгээ зохих журмын дагуу хийгдсэн эсэхийг Сангийн яамны шийдвэрийн бүрэн агуулга, дахин үнэлгээний хурлын тэмдэглэл, үнэлгээний хүснэгт, үнэлгээний хорооны гишүүдийн санал болон 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн үндэслэлийг харилцан хамааралтайгаар судалж тогтоох шаардлагатай. Иймд өмнөх үнэлгээ хүчингүй болсон гэх нөхцөлд дангаар нь тулгуурлан дахин үнэлгээний үр дүнд гарсан шинэ шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй.

5.12. Гэрээг байгуулах үед гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр байсан тухай: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.3.2-т гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон тохиолдолд захиалагч шалгарсан оролцогчтой гэрээ байгуулахгүй байхаар заасан. Энэ хэрэгт захиалагч дахин үнэлгээний үр дүнд 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/1213 дугаар албан бичгээр “М******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. Гэрээ байгуулах үед уг шийдвэрийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон эрх бүхий байгууллага, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаагүй.

5.13. Иймээс “М******” ХХК хүчин төгөлдөр байсан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 14,335,200 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа байршуулж, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр захиалагчтай ****** дугаар “Энгийн аяллын багц нийлүүлэх гэрээ"-г байгуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах үед хуулийн 30.3.2-т заасан гэрээ байгуулахыг хориглосон нөхцөл үүсээгүй бөгөөд захиалагч болон гуравдагч этгээд тухайн үед хүчин төгөлдөр байсан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт үндэслэн гэрээг байгуулсан байна.

5.14. Дахин үнэлгээний шийдвэрийг маргасан нь байгуулсан гэрээг автоматаар хүчингүй болгохгүй тухай: Нэхэмжлэгч дахин үнэлгээний шийдвэрийг хууль бус гэж маргасан нь түүнд үндэслэн байгуулсан ****** дугаар гэрээг ямар нэгэн нэмэлт үндэслэл, эрх зүйн үнэлгээгүйгээр автоматаар хүчингүй болгох үр дагавар үүсгэхгүй. Гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан этгээд нь тендерийн үнэлгээтэй холбоотой үндэслэлээс гадна тухайн гэрээний ямар нөхцөл аль хуулийн ямар зохицуулалтыг зөрчсөн, гэрээг хүчингүй болгох ямар материаллаг үндэслэл бүрдсэн, уг гэрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн болон нэгэнт хэрэгжсэн гэрээний гүйцэтгэлийн үр дагаврыг хэрхэн шийдвэрлэхийг тодорхойлж, үндэслэх шаардлагатай. Энэ хэрэгт ****** дугаар гэрээ нь гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр байсан шийдвэрт үндэслэн байгуулагдаж, гуравдагч этгээд гүйцэтгэлийн баталгаа байршуулан, гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлж, захиалагч барааг хүлээн авч, төлбөрийн харилцаа бодитоор хэрэгжиж эхэлсэн байна. Иймд нэхэмжлэгч зөвхөн тендерийн үнэлгээтэй холбоотой маргаанд тулгуурлан гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь гэрээг хүчингүй болгох бие даасан материаллаг үндэслэл болон нэгэнт хэрэгжсэн гүйцэтгэлийн эрх зүйн үр дагаврыг хангалттай тодорхойлоогүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Б******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

5.15. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “маргаан бүхий шийдвэрийг бол хуульд нийцсэн. Үнэлгээний хороо чиг үүрэг, хуралдааны журам, санал хураалтыг хуульд заасан журмын дагуу явуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3-д Үнэлгээний хороонд тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагчид шийдвэр гаргах, зөвлөмж, хүргэх, хүргүүлэх чиг үүргийг олгосон. Мөн хуулийн 51.1, 51.3, 51.7-д зааснаар хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэрийг хуралдаан байхаар, хүчинтэй ирцийг нийт гишүүний 4-ний 3-аас багагүй байхаар, асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр тус тус зохицуулсан. Маргаан бүхий №3 дугаартай хуралдаан бол 88%-ийн ирцтэй болж, тухайн хуралдааны тэмдэглэлд хэлэлцсэн асуудал, гишүүн тус бүрийн дэвшүүлсэн саналыг нэг бүрчлэн тусгасны үндсэн дээр олонхын саналаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч талаас н.А****** гишүүн “М******” ХХК-ийг дээж ирүүлээгүй гээд татгалзсан санал гаргасныг дурдаад байдаг. Хуульд заасны дагуу Тендерийн Үнэлгээний хороо олонхын саналаар шийдвэрлэх, хуульд заасны дагуу татгалзсан шийдвэрийг тусгах үүрэгтэй. Энэ чиг үүргээ бол Үнэлгээний хороо бол хэрэгжүүлсэн. Тендерийн Үнэлгээний хорооны хурал хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын гол 2 үндэслэлийг дээж ирүүлээгүй, дээжийн өнгө техникийн тодорхойлолт дээр хар гэсэн боловч хөх байсан гэж тайлбарладаг. Бодит нотлох баримтыг дурдаагүй. “М******” ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлагад заасны дагуу дээжийн өнгө өөр байсантай холбогдуулан тайлбар хүргүүлсэн. Сангийн сайдын баталсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар баталсан тендер үнэлэх давуу эрх олгох аргачлал, зааврын 1.3-д тендерийг хянан үзэхдээ түүний иж бүрдэл, холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаарх тайлбар, тодруулга, нийлүүлэх барааны загвар, дээжийг үндэслэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын баталсан зааврын агуулгаас харахад оролцогчийн ирүүлсэн тайлбар нь хууль ёсны үнэлгээнд харгалзах баримт бичиг болохыг тодорхой дурдсан байна. Тендерийн Үнэлгээний ордны гишүүд энэ зааврын дагуу “М******” ХХК-ийн ирүүлсэн тайлбар, загвар дээж, техникийн тодорхойлолт зэргийг үндэслэн шалгаруулсан нь үндэслэлтэй байна. Мөн хуулийн 25.3-д зааснаар тухайн техникийн тодорхойлолтод нийцэхгүй байгааг заавал нийцүүлэх зорилгоор тодруулга тайлбар авах замаар үнэлсэн бол хуульд нийцэхгүй болно. Гэвч маргаан бүхий албан бичгийг тендерийн баримт бичигт бол хавсарган хүргүүлсэн. Загвар дээжийн хар болон хөх өнгөний тухай асуудал яригдаж байна. Тендерийг техникийн шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-ыг мөн хуулийн 26.7-той уялдуулан хэрэглэнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасан зохицуулалтаар тухайн зөрүүг хүлээн зөвшөөрөхөд барааны хамрах хүрээ, чанар, гүйцэтгэл сөрөг нөлөөтэй эсэх, гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх, худалдан авах зорилгод нийцсэн эсэх болон өрсөлдөөнд үзүүлэх нөлөөг харгалзан үзэхээр заасан. Иймд өнгийн зөрүүгээр шууд татгалзах үр дагавар үүснэ гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч загвар дээж хөх, хар өнгө байх нь гүйцэтгэлд сөргөөр нөлөө үзүүлэхгүй гэж хариулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-ыг мөн хуулийн 26.7-той уялдуулан хэрэглэснээрээ Тендерийн Үнэлгээний хороо шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Нүдний хаалтын тухайд өнгө, техникийн тодорхойлолтын дагуу яригдсан талаар №2 болон №3 дугаар хурлын тэмдэглэлд тусгагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д нийцүүлэн шийдвэрлэсэн тайлбарыг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа өнгөний зөрүүтэй байдал нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч багц тус бүрд үнэлгээ хийх ёстой, багц тус бүр дээр чихний бөглөө ирүүлэх ёстой гэж тайлбарладаг. Нотлох баримтыг шинжлэх судлах явцад тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.4-д санал болгосон бараа тус бүр дээж ирүүлэхийг шаардсан. Багц тус бүр дээр гэх шаардлага байхгүй байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д багц тус бүрд үнэлгээ хийх зааврыг хууль зүйн үндэслэлээ болгож нэхэмжлэгч тал тайлбарласан. Энэ нь өөр агуулгатай юм. Тухайн багцад ирүүлсэн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д зааснаар багц тус бүрд хянан үзэх үүрэгтэй боловч ирүүлж байгаа дээжийг багц тус бүрд хянан үзэх агуулга байхгүй байна. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд Үнэлгээний хорооны гишүүд чихний бөглөө байсан гэдгийг дурдсан байдаг. Зөвхөн н.А****** гишүүн чихний бөглөө ирүүлээгүй гэж тайлбарлаад байгаа боловч огт ирүүлээгүй эсвэл багц нэг дээр ирүүлсэн дээжийг багц 2 дээр тооцохгүй гээд байгаа эсэх талаар тодорхой тусгаагүй байна. Иймд олонхын шийдвэрээр гарсан шийдвэр учир хүчин төгөлдөр, хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн багц тус бүрд гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч андуурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд үүнийг андуурсны үндсэн дээр хэлсэн тайлбар гэж ойлгож байна. Энэ нь хариуцагч гуравдагч этгээдийг тендерт шалгаруулсныг буруутгах үндэслэл болохгүй. Хуульд зааснаар тендерийг хянан үзсэний дараа хамгийн сайн оролцогчдод мэдэгдэл хүргүүлдэг. “Б******” ХХК-ийг шаардлагад нийцээгүй гэж ямар нэгэн байдлаар үнэлээгүй, шаардлагад нийцсэн боловч хамгийн бага үнийн санал ирүүлээгүй гэх агуулгаар татгалзсан. Гуравдагч этгээд хуульд заасан шаардлага, загвар, дээжийн шаардлагыг бүхэлд нь хангасан учраас Үнэлгээний хорооны гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан нэхэмжлэгчийн шаардлага, хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдөж байгаа талаараа бол нэхэмжлэгч тал бол хангалттай илэрхийлээгүй. Үнэлгээний хорооны шийдвэртэй маргаж байгаа учраас Үнэлгээний хорооны шийдвэр нь хууль бус байснаар тендерт шударгаар шалгах эрх нь зөрчигдсөн гэх агуулгаар тайлбараа гаргаж байна. Гуравдагч этгээд ямар нэгэн байдлаар зөрчилтэй материал ирүүлсэн, загвар дээж дутуу ирүүлсэн бол “Б******” ХХК шалгараагүй бол нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөгдсөн, зөрчигдсөн гэж үзэх боломжтой. Гэвч ийм үндэслэл тогтоогдохгүй байна. Шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэдэг үндэслэлээр эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар үндэслэлгүй. Дараагийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т хууль бус татгалзал эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрччихсөн байх нөхцөл хамаардаг. Энэ эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Сангийн яамны дагуу эс үйлдэхүй гаргасан гэдгээсээ татгалзаад хууль бус шийдвэр буюу хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж даалгах шаардлага гаргасан гэж ойлгож байгаа. “М******” ХХК хууль ёсны дагуу тендерээ ирүүлсэн. Үүнийг тендерийн Үнэлгээний хороо хууль ёсны дагуу хянаж үзсэн байна. Иймд хууль бус гэдэг нөхцөл тогтоогдохгүй, хууль бус шийдвэр гаргасан гэдэг нөхцөл тогтоогдохгүй байгаа учраас даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Гуравдагч этгээд болон захиалагч нарын хооронд байгуулсан гэрээг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж нэхэмжлэл гаргах ёстой. Шүүгчийн даалгасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн боловч гэрээг хүчингүй болгох хангалттай үндэслэл тодорхойлогдоогүй гэж үзэж байна. Иймд гэрээ хууль ёсны дагуу байгуулагдсан, хуульд заасан гэрээ байгуулах хугацааг хангасан, гүйцэтгэлийн баталгаа байрлуулсан, ямар нэгэн байдлаар гэрээ байгуулахгүй байх шалтгаан, нөхцөл байдал тогтоогдохгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хангахгүй байх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Анх нэхэмжлэгч “Б******” ХХК-иас “М******” ТӨХК, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Захиалагч “М******” ТӨХК-ийн гүйцэтгэгч “М******” ХХК-тай байгуулсан Аяллын иж бүрдэл багц №2-ийн ****** дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Аяллын иж бүрдэл багц №2-ийн ****** дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “М******” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Аяллын иж бүрдэл багц №2-ийн ****** дугаартай тендерийг дахин үнэлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тендер дахин үнэлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр “Аяллын иж бүрдэл багц №2-ийн ****** дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “М******” ХХК-ийг шалгаруулж, “Б****** ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Аяллын иж бүрдэл багц №2-ийн ****** дугаартай тендерийг дахин үнэлэхийг даалгах, захиалагч “М******” ТӨХК-ийн “М******” ХХК-тай байгуулсан 2026 оны 06 дугаар сарын 25 ны өдрийн ****** дугаартай “Энгийн аяллын багц нийлүүлэх ******” гэрээг хүчингүй болгуулах” гэж өөрчилж тодруулсан.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, аяллын иж бүрдэл багц-2 энгийн аяллын багц нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж 02 дугаар тэмдэглэлээр “... М****** ХХК-ийн ирүүлсэн тендер нь бүх шаардлагыг хангаж хамгийн сайн тендер ирүүлсэн тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг үндэслэн үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар гэрээ байгуулах эрх олгож, “Б******” ХХК нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасныг үндэслэн татгалзаж” шийдвэрлэжээ.

2.3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянаад 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6219 дүгээр албан бичгээр “...Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд “М******” ХХК-ийн ирүүлсэн загвар, дээж нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод шаардлагад нийцэх эсэхэд үнэлгээ хийгээгүй байх тул хянан үзэх нь зүйтэй байна ... Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэх хариуг өгчээ.

2.4. Улмаар Аяллын иж бүрдэл багц-2 энгийн аяллын багц нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо 2026 оны 06 дугаар сарын 04 ний өдөр дахин хуралдаж 03 дугаар тэмдэглэлээр “... “М******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь бүх шаардлагыг хангаж хамгийн сайн тендер ирүүлсэн тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг үндэслэн үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар гэрээ байгуулах эрх олгож, “Б******” ХХК нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасныг үндэслэн татгалзан” шийдвэрлэж, захиалагч “М******” ТӨХК-ийн 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/1212 дугаар албан бичгээр ... хамгийн сайн тендер ирүүлээгүй тул татгалзаж буйг нэхэмжлэгч компанид мэдэгдэж, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр энгийн ангиллын аяллын багц нийлүүлэх гэрээг “М******” ХХК-тай байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

2.5. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “М******” ХХК-ийн дээжид чихний бөглөө ирүүлсэн үгүй нь тодорхой бус 1 дүгээр багцад ирүүлсэн чихний бөглөөг 2 дугаар багцад хамруулан үнэлсэн, өөр өнгийн нүдний хаалт ирүүлсэн ... Үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 04 ний өдрийн 03 дугаартай шийдвэр хууль бус тул захиалагч болон гүйцэтгэгч нарын хороонд байгуулсан гэрээ нь мөн хууль бус” гэж, Хариуцагчаас“...... Шалгарагч “М******” ХХК нь хамгийн бага үнийг санал ирүүлсэн. “М******” ХХК нь 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 26/0416-03 тоот албан бичгээр “гаднах уут болон загварыг эцэслэн баталсны дагуу үйлдвэрлэх ба нүдний хаалтыг техникийн тодорхойлолтын дагуу гадна болон дотор талыг хар өнгийн материалаар хийж нийлүүлнэ" гэж албан ёсны баталгааг тендерийн материалдаа хавсаргаж ирүүлсэн. Загвар дээж нь зөвхөн материалын чанар, хийцийг үзүүлэх зорилготой тул гэрээ байгуулахдаа өнгө болон зарим нарийн хийцийг засаж, техникийн тодорхойлолтод 100 хувь нийцүүлэн нийлүүлэх боломжтой гэж Үнэлгээний хорооны гишүүдийн олонх дүгнэсэн ... дахин хуралдаж, ирүүлсэн загвар дээжийг гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр дахин нэг бүрчлэн нягтлан үзсэн” гэж, Гуравдагч этгээдээс “... “М******” ХХК нь тендерийн баримт бичигт заасан техникийн шаардлагыг хангаж байгааг нотлох зорилгоор бүтээгдэхүүний харьцуулсан техникийн тодорхойлолт, лабораторийн шинжилгээний дүгнэлт, бүтээгдэхүүний төрөл тус бүрийн загвар, дээж болон 2026 оны 04 дүгээр сарын 16 ны өдрийн 26/0416-03 дугаар тайлбар, баталгаажуулалтын албан бичгийг тендерийн материалд хавсаргасан. Харьцуулсан техникийн тодорхойлолтод оймс, нүдний хаалт, чихний бөглөө болон гаднах уутны материал, хэмжээ, өнгө, хийц, зориулалт болон бусад техникийн үзүүлэлтийг захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан шаардлага бүртэй нэг бүрчлэн тулган тусгасан. Мөн ТШЗ 17.3-т заасан шаардлагын дагуу бүтээгдэхүүнтэй холбоотой лабораторийн шинжилгээний дүгнэлтүүдийг тендерийн хамт ирүүлсэн ... гаднах уутны загвар нь эцсийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бус, санал болгож буй материалыг танилцуулах зориулалттай байсан бөгөөд эцсийн уутыг техникийн тодорхойлолт болон захиалагчийн эцэслэн баталсан загварын дагуу үйлдвэрлэхээр албан бичигт тодорхой тусгасан ... хоёр буюу түүнээс дээш багцад ижил төрлийн, ижил техникийн үзүүлэлттэй бүтээгдэхүүн санал болгосон тохиолдолд тухайн бүтээгдэхүүний загвар, дээжийг багц тус бүрээр давхардуулан ирүүлэх талаар шаардлага тавиагүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчимтай.

2.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д “Техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”,13 дугаар зүйлийн 13.1-д “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно”, 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-т “Санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-т “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-д “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж тус тус заасан.

2.8. Тодруулбал, үнэлгээний хорооноос оролцогчийн санал болгосон барааг техникийн тодорхойлолтод нийцсэн, тендерийн баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн гэж үзэн үнэлж гэрээ байгуулах эрх олгох, бусад тохиолдолд шаардлага хангаагүй гэж татгалзах шийдвэр гаргах тухай зөвлөмжийг захиалагчид уламжилж, захиалагч холбогдох шийдвэрийн аль тохирохыг гаргахаар хуульчилсан.

2.9. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.3-д “Оролцогчийн санал болгож буй бараа нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримтыг өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт ирүүлнэ”, Өгөгдлийн хүснэгтийн 17.4-д Тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар, дээж ирүүлэх эсэх: “Тийм” - Санал болгож буй бараа бүтээгдэхүүний төрөл тус бүр дээр загвар дээж ирүүлнэ. /Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө захиалагчийн хаягаар битүүмжлэн авчрах шаардлагатай/ - Логогүй байж болох бөгөөд шалгарсан тохиолдолд логог техникийн тодорхойлолтод зааснаар нийлүүлнэ. “М******” ТӨХК-ийн үйлчилгээнд хэрэглэж буй бараа бүтээгдэхүүнийг загвар, дээжээр ирүүлсэн тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэж, III бүлэгт техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагыг заажээ.

2.10. Гуравдагч этгээд компанийн тендерт ирүүлсэн материалаас үзэхэд “Нүдний хаалт - Өнгө: Гадна тал, дотор тал хар өнгөтэй - Материал: 50% даавуу, 50% полиeстер материалаар хийгдсэн, зүүсэн үед гэрэл нэвтрэхгүй. - Оёдол:180мм*80мм-ийн хэмжээтэй, 31 см-ийн урт болон 0,6см-ийн өргөн бүхий 2 ширхэг сунадаг зөөлөн резинэн оосортой. Үйлдвэрийн аргаар цэвэрхэн оёж бэлтгэсэн” гэж ирүүлсэн төдийгүй 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 26/0416 03 дугаар “... тус тендерийн техникийн тодорхойлолтод заасны дагуу дараах байдлаар нийлүүлэхээ мэдэгдэж байна. 1. Гаднах уут нь техникийн тодорхойлолт болон загварыг эцэслэн баталсны дараа эцсийн байдлаар үйлдвэрлэх болно. Загвар нь зөвхөн материалын хувьд танилцуулж байгаа болно. 2. Нүдний хаалт нь техникийн тодорхойлолтын дагуу гадна талын давхарга болон дотор тал нь хар өнгийн материалаар хийгдэх болно. Загвар нь зөвхөн материалын хувьд танилцуулж байгаа болно” гэх албан бичгийг хавсаргасан энэ тохиолдолд өөр өнгийн нүдний хаалт ирүүлсэн, техникийн тодорхойлолтод нийцээгүй гэж үзэхээргүй байна.

2.11. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Захиалагч тендерийг энэ хуулийн 26.4.2, 26.4.3 т зааснаар хянан үзэхэд дараах зөрүүг хүлээн зөвшөөрөх нь өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг харгалзан үзнэ”, 26.7.1-д “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй”, 26.7.3-д “захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх” гэж тус тус зааснаар барааны чанар, гүйцэтгэлд нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.

2.12. Түүнчлэн, Тендер шалгаруулалтын зааварчилгааны Өгөгдлийн хүснэгтийн 17.4-д “Тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар, дээж ирүүлэх эсэх: “Тийм” - Санал болгож буй бараа бүтээгдэхүүний төрөл тус бүр дээр загвар дээж ирүүлнэ. /Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө захиалагчийн хаягаар битүүмжлэн авчрах шаардлагатай/ - Логогүй байж болох бөгөөд шалгарсан тохиолдолд логог техникийн тодорхойлолтод зааснаар нийлүүлнэ. “М******” ТӨХК ийн үйлчилгээнд хэрэглэж буй бараа бүтээгдэхүүнийг загвар, дээжээр ирүүлсэн тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэж зааснаас үзэхэд тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар дээжийг ирүүлэхээр, ийнхүү ирүүлэхдээ санал болгож буй бүтээгдэхүүн тус бүрээр загвар дээж ирүүлэхээр заасан боловч тухайн бүтээгдэхүүнийг багц тус бүрээр давхардуулан ирүүлэх шаардлага тавигдаагүй байх тул уг үндэслэлээр хариуцагчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д “Багцтай тендер шалгаруулалтын багц тус бүрд үнэлгээ хийх ба оролцогч хоёр ба түүнээс дээш багцад хамгийн сайн тендер ирүүлсэн бол оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадална” гэж заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй төдийгүй маргаан бүхий энэ тохиолдолд дээрх хуулийн заалт хэрэглэгдэхгүй.

2.13. Хэдийгээр нэхэмжлэгчээс “...“М******” ХХК-ийн дээжид чихний бөглөө ирүүлсэн үгүй нь тодорхой бус” гэж дурдах боловч хамтын шийдвэр гаргадаг Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд “... чихний бөглөө нь бизнес ангилалын багц дээрээ шаардлага хангаж байсан учир шаардлага хангасан гэж үзсэн” талаар тодорхой тусгагджээ.

2.14. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.22-д "харьцуулах үнэ" гэж энэ хуульд заасны дагуу шаардлагад нийцсэн тендерийг эрэмбэлэх зорилготой тоон утгыг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж тус тус заасан.

2.15. Тендер шалгаруулалтын үнэлгээний хороо нь хамгийн бага үнийн санал гаргасан “М******” ХХК-ийг шалгаруулсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн төдийгүй захиалагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.2, 30 дугаар зүйлийн 30.1-д тус тус заасан ажиллагааг хэрэгжүүлсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “Б******” ХХК-иас “М******” ТӨХК, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр “Аяллын иж бүрдэл багц №2-ийн ****** дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “М******” ХХК-ийг шалгаруулж, “Б******” ХХК ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Аяллын иж бүрдэл багц №2-ийн ****** дугаартай тендерийг дахин үнэлэхийг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.16. Нэгэнт дээрх байдлаар Тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр “Аяллын иж бүрдэл багц №2- ийн ****** дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “М******” ХХК ийг шалгаруулж, “Б******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул уг шийдвэрийг үндэслэн гарсан захиалагч “М******” ТӨХК-ийн гүйцэтгэгч “М******” ХХК-тай байгуулсан 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай “Энгийн аяллын багц нийлүүлэх ******” гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.2, 26.9, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.2, 30 дугаар зүйлийн 30.1-д тус тус заасныг баримтлан “Б******” ХХК-иас гаргасан “Тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр “Аяллын иж бүрдэл багц №2-ийн ****** дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “М******” ХХК-ийг шалгаруулж, “Б******” ХХК ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Аяллын иж бүрдэл багц №2-ийн ****** дугаартай тендерийг дахин үнэлэхийг даалгах, захиалагч “М******” ТӨХК-ийн гүйцэтгэгч “М******” ХХК-тай байгуулсан 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай “Энгийн аяллын багц нийлүүлэх ******” гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА