Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/01995

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/01995

 

 

 

ЭСПСЖА-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01531 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ЭСПСЖА-ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ҮХГ-т холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 252 400 109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Должинсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Хөрөнгө оруулалтын газар /хуучин нэр/-тай 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хэнтий аймаг, Биндэр сумын Онон гол дээр баригдах гүүрийн хайгуул, зураг төслийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Энэхүү гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 252 400 109 төгрөг, ажил гүйцэтгэх ерөнхий хугацааг 3 сар, гүйцэтгэгчид замыг барих концесс олгогдохгүй тохиолдолд уг төсөлд концесс авсан концесс эзэмшигчээс зураг төслийн үнийг гаргуулах, хэрэв концесс эзэмшигч нэг жилийн дотор тодроогүй тохиолдолд дээрх үнийг улсын төсөвт суулгуулж, олгуулах гэж гол нөхцөлүүдийг тодорхойлсон бөгөөд манай компани гэрээний хугацаанд буюу 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зураг төсөл хүлээлцсэн актаар Хэнтий аймгийн Биндэр суманд Онон гол дээр баригдах 201.08 у/м төмөр битон гүүрийн нарийвчилсан зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэж, хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэж өгсөн. Энэ ажил нь Засгийн газрын тогтоолд зураг төсөл барих, шилжүүлэх гэсэн хэлбэрээр тусгагдсан байдаг. Уг зураг төслийн ажилд тухайн үеийн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас концесс зарлаж байсан байх боловч концесс эзэмшигч шалгараагүй, хүчингүй болж байсан, энэ ажиллагаанд манай байгууллага оролцож байсан байна. Хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/05 тоот Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал гарсан байх бөгөөд уг тушаалд бидний хийсэн ажилтай холбоотойгоор шууд гэрээ байгуулах эрх бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү тушаалын хүрээнд бид Хөрөнгө оруулалтын газартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь Концессын тухай хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна. Бид гэрээний дагуу хийсэн ажлынхаа хөлсийг авах гэж хариуцагчтай удаа дараа ярилцаж, албан бичиг хүргүүлж байсан, хариуцагч байгууллагаас ажлын хөлсийг улсын төсөвт суулгуулах арга хэмжээ авна гэсэн хариу өгдөг. Иймд Иргэний хуулий 343 дугаар зүйлд зааснаар хариуцагч Үндэсний хөгжлийн газраас ажлын хөлс болох 252 400 109 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тухайн үеийн Хөрөнгө оруулалтын газар нь нэхэмжлэгч ЭСПСЖА-ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хэнтийн аймгийн Биндэр Сумын Онон гол дээр баригдах гүүрийн хайгуул зураг төсөл хийх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр талууд ажил гүйцэтгэх хугацааг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд буюу 3 сараар тогтож гэрээний үнийн дүнг 252 400 109 төгрөг байхаар тохиролцсон байна. Түүнчлэн уг гэрээний 3 дугаар зүйлд ажлын хөлсийг дараах байдлаар төлөхөөр тохирчээ. Үүнд гэрээний 3.2 дахь хэсэгт ажлыг гүйцэтгэгч нь ажлыг өөрийн хөрөнгөөр хийх бөгөөд зураг төслөөр баталгаажсан ажлын тоо хэмжээнд тулгуурлан уг замыг концессоор хэрэгжүүлэх хэлэлцээрт зураг төслийг хүлээлгэн өгсний дараа Концессын гэрээний хэлэлцээг холбогдох хууль тогтоомжийн дагуу эхлүүлнэ. 3.3 дахь хэсэгт гүйцэтгэгчид замыг концессоор олгох эрх олгогдсон тохиолдолд захиалагч нь зураг төслийн үнийг тусгайлан төлөхгүй бөгөөд энэ хүү үнэ нь концессоор гүйцэтгэх ажлын үнэд тусгагдана. Харин гүйцэтгэгчид замыг барих концесс олгогдохгүй тохиолдолд уг төсөлд концесс авсан концесс эзэмшигчээс зураг төслийн үнийг гаргуулах бөгөөд хэрэв концесс эзэмшигч 1 жилийн дотор тодроогүй тохиолдолд дээрх үнийг улсын төсөвт суулгаж олгуулна гэжээ. Дээр дурдсан Хэнтий аймгийн Биндэр сумын ононгийн гүүрийг шинэчлэх төсөл нь Монгол улсын засгийн газрын 2015 оны 87 дугаар тогтоолоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлтээр орсон байдаг. Ингэхдээ тус төслийг уралдаант шалгаруулалт явуулж концессын зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр заасан боловч концесс эзэмшигч шалгараагүй байна. 2015 онд Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал гарч энэ концесстой холбоотойгоор шууд гэрээ байгуулах эрхтэй ажлын хэсэг байгуулж, үүний дагуу ЭСПСЖА-ХХК-тай гэрээ байгуулагдсан гэж харагдаж байна. Ер нь Концессын тухай хуулиар зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх ажлыг нэг л байгууллага шалгарч хийх ёстой цогц асуудал байдаг боловч үүнийг салгаж болохгүй гэсэн хориглосон зүйл байхгүй. Гэхдээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу зарлагдсан концесс байхгүй. Манай байгууллага нэхэмжлэгчийн хийсэн ажлыг хүлээн авсан талаар, мөн ажлын хөлсний талаар маргахгүй байгаа. Гагцхүү улсын төсөвт суулгуулах арга хэмжээ авахуулахаар Сангийн яаманд уламжилдаг боловч Сангийн яам шийдвэрлэхгүй байгаа учир бидэнд өөр боломж байхгүй, энэ талаар ч нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч Үндэсний хөгжлийн газраас 252 400 109 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭСПСЖА-ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЭСПСЖА-ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 419 951 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Үндэсний хөгжлийн газраас 1 419 951 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭСПСЖА-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ҮХГ- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Концессийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар зураг төсөл боловсруулах, барих, санхүүжүүлэх, ашиглах концессын төрөл нь бүхэлдээ цогц ойлголт байх боловч зохигчдын хооронд байгуулгадсан ажил гүйцэтгэх гэрээгээр зөвхөн зураг төсөл боловсруулах ажлыг салган гүйцэтгэхээр тохиролцсон нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, энэ талаар хуульд хориглосон хэм хэмжээ зохицуулагдаагүй байна гэж дүгнэсэн нь дараах байдлаар шүүх хууль буруу хэрэглэсэн байна гэж үзэхээр байна.

1. Уг дүгнэлтийн өгүүлбэр логик зөрчилтэй буюу хуулиар бүхэлд нь хэрэгжүүлэхээр заасан боловч салган хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна гэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

2. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан Хэнтий аймгийн, Биндэр сумын Ононгийн гүүрийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхэд чиглэсэн харилцааг тухайн гэрээгээр зохицуулсан байхад нийтийн эрх зүйн хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориглогдоно гэсэн үндсэн зарчмын эсрэг хориглосон хэм хэмжээ зохицуулагдаагүй байна гэж хориглогдоогүй бүхэн зөвшөөрөгдөх мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр бүхэлдээ буруу гарах үндэслэл болсон байна. Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нэг концесс эзэмшигч эдгээр үйл ажиллагааг бүхэлд нь гүйцэтгэхээр заасан байгаагаас концессын төрлийг дотор нь задалж хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй байна гэж үзэхээр байгаа юм. Түүнчлэн Концессын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т концессын зүйлийн жагсаалтад ороогүй төрийн эсхүл орон нутгийн өмчийн зүйлийг концессоор олгохыг хориглосон. Дээр дурдсан төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан Хэнтий аймгийн, Биндэр сумын Ононгийн гүүрийг шинэчлэх төслийг концессын зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлнэ гэж зааснаас бус зураг төсөл боловсруулах гэдэг арга хэмжээ байхгүй байгааг анхаарах нь зүйтэй. Нэгэнт Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан төрөл, арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байгаа бол Концессын тухай хуулийг баримтлах нь зүйн хэрэг билээ.

3. Дээрх байдлаар хуулийг буруу хэрэглэснээр маргаан бүхий гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөхгүй байх нөхцлийг бүрдүүлж, уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан Концессын тухай хууль, түүнийг дагалдах концесс олгох уралдаанд шалгаруулалтын тухай журам зөрчсөн, 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу Концессын тухай хуулийн 6.1.2-т заасны дагуу Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулагдсан байдлуудыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч ЭСПСЖА-ХХК нь хариуцагч ҮХГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 252 400 109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал, шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлдэг бөгөөд хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгч буй бичгийн нотлох баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан буюу эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байхыг шаарддаг.

Хариуцагч талаас тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2019/05188 дугаар захирамжийн дагуу нотлох баримтыг шүүхэд цуглуулж өгөхдөө өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж өгчээ. /хх139-155, 158,159/ Шүүх уг алдааг залруулж, нотлох баримтыг хуулийн шаардлагад нийцүүлэн авалгүйгээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01531 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ч.ЦЭНД