2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/06160

 

 

 

 

 

 

 

 

 

               2025         07         23

            191/ШШ2025/06160

 

 

 

                                     Зохигчийн эвлэрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоотод байрлах,  дугаар регистртэй, “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

               

Хариуцагч: тоотод байрлах,  дугаар регистртэй, “А” ХХК-д холбогдох

             

Гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөр 1.273.902.869 төгрөг, хохирол 126.000.000 төгрөг, 1.399.902.869 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А” ХХК нь чиглэлийн 416,2 километр төмөр замын төслийн ПК38+810 дээр байрлах 22 метр урттай төмөр бетон гүүр, ПК54+210 дээр байрлах 76,1 метр урттай төмөр бетон гүүрнүүдийн ажлыг гүйцэтгэхээр захиалагч “МТЗ” ТӨХК-тай гэрээ байгуулсан байсан. Уг ажлыг гүйцэтгэхдээ “А” ХХК нь “Р” ХХК нь хамтран ажиллах санал тавьсан бөгөөд уг саналын хүрээнд талууд харилцан тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр №1 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан бөгөөд гэрээний дагуу хоёр гүүрний ажлыг хийж гүйцэтгэн дуусган хүлээлгэн өгсөн.

Хамтран ажиллах гэрээнд зааснаар “Р” ХХК-ийн ПК54+210 дээр байрлах 76,1 метр урттай төмөр бетон гүүрийг 3.151.426.638 төгрөгөөр, ПК38+810 дээр байрлах 22 метр урттай төмөр бетон гүүрийг 2.299.077.784 төгрөгөөр буюу нийт  5.450.504.422 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. “А” ХХК нь гэрээ байгуулснаар 2020-2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2.840.359.553 төгрөгийн бараа, материал, бэлэн мөнгийг “Р” ХХК-д хүлээлгэн өгсөн. “А” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 1.755.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр хүлээлгэн өгсөн. 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 855.144.869 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. “А” ХХК нь 2019 онд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”-ын авто замын ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд уг ажилд “Р” ХХК-аас бетон зуурмагийн үйлдвэр түрээсэлж бетон зуурмаг зууруулсан. Уг ажлын үлдэгдэл төлбөр болох 396.000.000 төгрөгийг “А” ХХК нь өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн 2020 оны 04-р сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот дахь төслүүд дээрээ “З” ХХК-иас бетон зуурмаг зууруул гаргуулсан бөгөөд нийт бетон зуурмагийн төлбөр 12.758.000 төгрөг, “А” ХХК-ийн авто замын индүү эвдэрсэн байсныг засварын газар хүргэж өгч засуулсан ба нийт ажлын хөлс 10.000.000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл Хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 854.144.869 төгрөг бетон зуурмагийн үйлдвэр түрээсэлж бетон зуурмаг зууруулсны үлдэгдэл төлбөр 396.000.000 төгрөг, Улаанбаатар хотод бетон зуурмаг нийлүүлсэн болон индүү засварын төлбөр 22.758.000 төгрөг, нийт 1.273.902.869 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эртэй” гэж заасан. “Р” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гарахдаа өмгөөлөгчтэй 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр и/05 дугаартай “Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулж ажлын хөлсөнд 126.000.000 төгрөгийг төлсөн болно. “А” XХК тооцооны үлдэгдлийн баталгаанд заасан үүргээ биелүүлсэн бол манай компаниас энэ зардал гарахгүй байх байсан. Иймд хариуцагч “А” ХХК-иас гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөр 1.273.902.869 төгрөг, хохирол 126.000.000 төгрөг, нийт 1.399.902.869 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь 1.399.902.869 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрт БНХАУ-д үйлдвэрлэсэн Zoomlion брэндийн YNZS60 зөөврийн бетон зуурмагийн үйлдвэрийг 499.902.869 төгрөгт тооцон өгсөн. Үлдэгдэл төлбөр болох 900.000.000 төгрөгөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны дотор 400.000.000 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сарын 31-нд 500.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохирч бид эвлэрсэн тул бидний  эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид дараах байдлаар эвлэрэв. “Р” ХХК-д 1.399.902.869 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрт БНХАУ-д үйлдвэрлэсэн Zoomlion брэндийн YNZS60 зөөврийн бетон зуурмагийн үйлдвэрийг 499.902.869 төгрөгт тооцон өгсөн. Үлдэгдэл төлбөр болох 900.000.000 төгрөгөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400.000.000 төгрөгийг, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 500.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг  шинжлэн хэлэлцээд  

 

ҮНДЭСЛЭХ нь:

                    

Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөр 1.273.902.869 төгрөг, хохирол 126.000.000 төгрөг, 1.399.902.869 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд дараах нөхцөлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, хариуцагч “А” ХХК нь “Р” ХХК-д 1.399.902.869 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрт БНХАУ-д үйлдвэрлэсэн Zoomlion брэндийн YNZS60 зөөврийн бетон зуурмагийн үйлдвэрийг 499.902.869 төгрөгт тооцон өгсөн. Үлдэгдэл төлбөр болох 900.000.000 төгрөгөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400.000.000 төгрөгийг, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 500.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.

 

Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх  үзэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                              

                                                                                

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А” ХХК-д холбогдох хэргийн хариуцагч “А” ХХК нь “Р” ХХК-д 1.399.902.869 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрт БНХАУ-д үйлдвэрлэсэн Zoomlion брэндийн YNZS60 зөөврийн бетон зуурмагийн үйлдвэрийг 499.902.869 төгрөгт тооцон өгсөн. Үлдэгдэл төлбөр болох 900.000.000 төгрөгөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400.000.000 төгрөгийг, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 500.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7.157.465 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 7.157.465 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Р” ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.   

 

4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ДАВААСҮРЭН