2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/09724

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 11 191/ШШ2025/09724

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* ******* (),

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* компани нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр нийт 2,699,856,223.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Т.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ******* ******* компани нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт 2,699,856,223.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...  ******* ******* компани (цаашид ******* ******* гэх) болон  ******* ******* нар нь ******* ХХК (цаашид Хариуцагч гэх)-ийн хэрэгжүүлж буй суманд хэрэгжих  Салхин цахилгаан станцын төсөл (цаашид "Төсөл эсхүл "Салхин станцын төсөл гэх)-ийн хөрөнгө оруулалт буюу санхүүжилт, бүтээн байгуулалтад ажиллахаар болсон. Үүний хүрээнд нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон байдаг.

Нэхэмжлэгч нь ******* ХХК-д шууд мөнгө шилжүүлэх байдлаар нийт 400,000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээгээр ямарваа нэг үүрэг хүлээгээгүй боловч ******* ХХК-д өөрсдийн хувийн хөрөнгөөр нэмэлт санхүүжилт гаргаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг хувиараа санхүүжүүлсээр ирсэн байдаг. Тухайлбал, Салхин станцын төслийн хөгжүүлэлтийн үе шатанд мэргэжлийн зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гаргуулах, хууль, аудитын дүгнэлт гаргуулах, төрийн байгууллагуудтай харилцах, хөрөнгө оруулагч нартай уулзах, Төслийн байршил дээр биечлэн үзлэг хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах зэрэг бүхий л ажил, үйл ажиллагааны зардлыг нэхэмжлэгч нар нь ******* ХХК-ийн өмнөөс гаргаж төлсөн. Тодруулбал:

1. Техникийн зөвлөгөө.

Нэхэмжлэгч нар нь уг салхин цахилгаан станцын төслийг бодитой хэрэгжүүлэх цаашлаад санхүүжилт татахын тулд хөрөнгө оруулагч нарт төслийн талаарх дэлгэрэнгүй тайлан, мэдээлэл өгөх шаардлагатай болсон. Иймд төслийн зураг төсөл болон ТЭЗҮ зэргийг дараах мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлсэн. Үүнд:

1.1.  Компани: Тус компани нь цахилгаан эрчим хүчний технологийн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн компани юм. Уг төсөлд 2016 онд оролцож,  уг салхин цахилгаан станц барихаас өмнөх цахилгаан эрчим хүч, түүний тооцоо хийх, техникийн зөвлөгөө өгөх, дотоод сүлжээ болон дэд станцтай холбох зураг төсөл, хэмжилт хийх, уулзалт хийх, бичиг баримтыг хянах, тооцоо гаргах гэх мэт ажлуудыг хийсэн байдаг. Түүнчлэн  компанитай EPC/DCC гэрээ (Дизайн болон барилгын ажлын гэрээ) байгуулахад холбогдуулан техникийн уулзалтуудад хамтран оролцож зөвлөгөө өгсөн. Үүний дагуу ажлын хөлс нь нийт 343,750 швед крон болсон нь 2016 оны 12-р сарын 06-ны өдрийн 201608, 201609 тоот нэхэмжлэхээс харагддаг.

1.2.  компани: Тус компани нь салхин цахилгаан станцыг хөгжүүлэх чиглэлээр хамгийн туршлагатай менежмент болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм.  нь ханган нийлүүлэгч, түншүүдийн уулзалтад оролцож, жишиг үнэлгээ гаргахад зөвлөгөө үзүүлсэн. Түүнчлэн  гэрээний талаар туршлагатай мэргэжилтнүүд бөгөөд энэ нь  компанитай DCC/EPC гэрээ байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Ажлын хөлс нийт 542,187 швед крон болсон нь 2016 оны 12-р сарын 08-ны өдрийн 001, 002 тоот нэхэмжлэхээс харагддаг.

1.3.  Компани: Тус инженерингийн компани нь уг төсөлд 2012 оноос 2016 он хүртэл ажиллаж, зураг төслийн үнэлгээ, ТЭЗҮ болон техникийн үнэлгээ хийх, урьдчилсан зураг төсөл гаргах, төслийн байршил дээр үзлэг, үнэлгээ хийх,  болон  хотод уулзалтуудад оролцох, барилгын ажлын зураг төслийн зөвлөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн тэд 2013 онд "******* ХХК болон  компанийн ажилтнуудтай хамтран хийсэн талбайн үзлэгт техникийн хэсгийг удирдаж ажилласан. Уг ажлын төлбөр нь 2015 оны 12-р сарын 30-ны өдөр, 2016 оны 11-р сарын 30-ны өдрийн тус тус нэхэмжлэхээр нийт 1,174,063 швед крон болсон байдаг.

Ийнхүү Төсөлд техникийн зөвлөгөө авахад нийт 2,060,000 швед кроны зардал гарсан буюу нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Монголбанкны ханшны дагуу 612,149,600 төгрөг байна.

2. Хуулийн зөвлөгөө ба даатгал.

Төслийг аливаа хууль эрх зүйн эрсдэл, асуудалгүй хэрэгжүүлэх, санхүүжилтийн болон бусад гэрээ, хэлэлцээрийг амжилттай байгуулахын тулд зайлшгүй мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай. Үүний дагуу төсөл болон ******* ХХК-д хууль зүйн дүн шинжилгээ хийлгэх, хөрөнгө оруулалтын гэрээнд зөвлөх үйлчилгээ авах цаашлаад уг төслийг даатгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлсэн. Үүнд:

2.1. : Тус хуулийн фирм нь төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой буюу  дахь эрчим хүчний хууль эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл, компанийн удирдлага гэх мэт асуудлаар ******* ХХК-д хууль зүйн дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэсэн. Тодруулбал, төслийн орон нутгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж, тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооны асуудал зэрэг орон нутгийн хууль эрх зүйн асуудлуудыг нарийвчлан судалж, судалгаа явуулсан. 2013 оны 5-р сарын 23-ны өдрийн болон 10-р сарын 23-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу нийт 40,531.5 ам.долларын төлбөр бий болсон. (Уг төлбөр нь энэхүү нэхэмжлэлийн IV-д заасан төлбөрт багтсан болно.)

2.2.  ГХОХХК: Тус компаниас санхүү болон татварын дүн шинжилгээ хийх, боломжит хөрөнгө оруулагч нартай уулзалт хийхэд хамтрах зэрэг үйлчилгээг авсан. Энэ нь 2013 оны 5-р сарын 31-ний өдрийн нэхэмжлэхийн дагуу 15,000 ам.доллар болсон. (Уг төлбөр нь энэхүү нэхэмжлэлийн IV-d заасан төлбөрт багтсан болно.)

2.3. :  нь татварын зөвлөгөө өгөх, ******* ХХК болон төслийн санхүүжилтийг зохион байгуулах ажлыг хийсэн байдаг. буюу "Цэнхэр тэнгэр" гэсэн төслийн танилцуулга гаргаж, төслийг хэрхэн зохион байгуулах талаар татварын зөвлөгөөг холбогдох компаниудад өгсөн. 2016 оны 4-р сарын 27-ны өдрийн харилцан ойлголцлын бичгийн дагуу 60,000,000 швед кроны төлбөр бий болсон. (Уг төлбөр нь энэхүү нэхэмжлэлийн IV-d заасан төлбөрт багтсан болно.)

2.4. :  нь төслийн нийт эрсдэлийг бууруулж, олон улсын санхүүжилтийг татахын тулд төслийн даатгалын компаниар ажилласан. *******дний харилцан тохиролцож, ашиглахаар шийдсэн бүтээгдэхүүн бол "Low wind hedge" болон Mar-wind ба Sinosure-тэй хамтран ажиллах улс төрийн эрсдэл байсан. Ийнхүү нийт 15,000 евро даатгалын төлбөрт төлсөн.

2.5. : Tyc хуулийн фирмээс төсөлд хамгийн их ач холбогдол бүхий  корпораци лимитед-тэй байгуулсан Дизайн болон барилгын ажлын гэрээ, байгуулсан 80 сая ам.долларын Хөрөнгө оруулалтын болон Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-д тус тус хууль зүйн зөвлөх үйлчилгээ авсан. Тус мэргэжлийн зөвлөх үйлчилгээний төлбөр нийт 718,498.8 швед крон болсон.

Уг төслийн хэрэгжүүлэхтэй холбоотой хууль эрх зүй, даатгал, санхүүгийн үйлчилгээний зардал нийт 55,531 ам.доллар, 718,499 швед крон, 15,000 евро болсон бөгөөд дээр дурдсанчлан  ГХОХХН-ийн төлбөр болон  ГХОХХК-ийн төлбөрийг энэхүү нэхэмжлэлийн IV-д заасны дагуу банкнаас зээл авч төлж барагдуулсан байдаг. Иймд төсөлд хуулийн зөвлөгөө, даатгалын үйлчилгээ авахад нийт 15,000 евро болон 718,499 швед кронын зардал гарсан. Энэ нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 15,000 евро буюу 48,961,500 төгрөг, 718,499 швед крон буюу 213,509,162.84 төгрөг, эдгээр нь нийт 262,470,662.84 төгрөг байна.

3. Замын зардал.

******* ******* нь "*******" ХХК-ийн төслийг хэрэгжүүлэхээр дээр дурдсан байгууллагуудтай уулзалт хийхээс гадна төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, эрсдэлийг даатгуулахаар бололцоо бүхий хөрөнгө оруулагч, Банк, Санхүүгийн байгууллага, Даатгалын компани зэрэг байгууллагуудтай олон удаагийн уулзалт, хэлэлцээрийг  болон  улсуудад зохион байгуулж, оролцсон.

Жишээ татвал, ******* ******* нь Төслийн хөрөнгө оруулалтыг татах асуудлаар  банк (),  (),  (),  (),  (),  (),  (),  (),  (),  (),  (),  (),  ()-тай уулзалт хийж, уулзалтын үндсэн дээр  банк () болон  ()-тай хамтран ажиллах хүсэлт, гэрээний нөхцөл зэргийг албан ёсоор баталгаажуулсан байдаг.  банк ()-ны хувьд 2013 оны 5 сард талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн албан ёсны саналыг хэлэлцэж, саналд гарын үсэг зурж баталгаажуулсан, 2013 оны 8 сараас гэрээний нөхцөлийн талаар дахин хэлэлцэж, 2014 оны 7 сард гэрээний нөхцөлийг шинэчлэн, саналд өөрчлөлт оруулсан.

Ийнхүү  ()-тай хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцэхэд ******* ******* нь тухай бүр  улсад очиж байсан бөгөөд агаарын тээврийн зардал,  улсад байрласан зочид буудлын төлбөр, хөрөнгө оруулагчтай уулзахад гарсан бусад холбогдох зардлыг хувиасаа гаргаж байсан.

Мөн төслийг даатгуулж болох Монголын болон гадаадын улс орны даатгалын олон компанитай холбогдсоны үндсэн дээр 2012 оны 6 сард JLT даатгалын  төлөөлөгчийн газартай холбогдож, 2012 оны 9 сард  дахь даатгалд ******* ХХК-ийн төслийг танилцуулсан. ******* ******* нь 2012 оноос 2017 оны хооронд зөвхөн төслийг амжилттай хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  зэрэг хотуудад нийт 450 орчим уулзалт хийсэн. Үүнээс  улсын бусад хотуудад нийт 48 орчим уулзалт хийхдээ 350-400 хүмүүстэй уулзаж, төслийн танилцуулга, хамтарч ажиллах хэлэлцээрийг хийсэн бөгөөд  улсад ажилласан өдрийг тооцож үзвэл 2012 онд нийт 138 өдрийг , 2013 онд нийт 118 өдрийг улсад өнгөрүүлсэн байна.

Эдгээр бусад хөрөнгө оруулагч, банк, санхүүгийн байгууллага, компаниудтай хөрөнгө оруулалт, даатгал, хуулийн асуудлаар уулзалт зохион байгуулсан, уулзалтад оролцсон зардал болон бусад холбогдон гарсан бүхий л зардлыг ******* ******* хувиасаа төлсөн байдаг. Эдгээр зардал нь ******* *******ы хувийн кредит картын нэхэмжлэхийн хуулгаар нотлогддог бөгөөд  болон бусад улсуудад очиж ажилласан нь мөн кредит картын нэхэмжлэхийн хуулганы гүйлгээний утга, валютын төрлөөс харагдана.

Ийнхүү кредит картын нэхэмжлэхийн хуулганаас холбогдон гарсан зардлыг тооцоолоход замын зардалд нийт 1,630,427.57 швед крон буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 484,497,856.704 төгрөг байна.

IV. Банкны зээлийн төлбөр

******* ******* болон ******* ******* нарын бүхий л үйл ажиллагаа нь хариуцагч ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй Төслийн төлөө байсан.  байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд нэхэмжлэгч нь Шведийн хуульчаас зөвлөгөө авах, хөрөнгө оруулагч нартай уулзахаар  хот, хотод очих шаардлагатай болж, үүнтэй холбоотой гарах бүхий л үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зорилгоор нэхэмжлэгч нь банкнаас 4,500,000 швед крон зээлсэн байдаг. Үүний дараа  //-aac хувийн зээл авч уг банкны зээлийг хүүгийн хамт бүрэн төлсөн. Өөрөөр хэлбэл 80 сая ам.долларын Хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай байгуулахын тулд нийт 4,511,839.09 швед кроны зардал гарсан.

Иймд уг зардал нь шууд нэхэмжлэгчээс гарсан тул хариуцагч нь нийт 4,511,839.09 швед крон буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 1,340,738,103.98 төгрөгийг төлөхөөр байна.

Дүгнэвэл, дээр дурдсан маш олон ажил хийж гүйцэтгэн, холбогдох зардлуудыг гаргасны үр дүнд 2013 оны 10-р сарын 11-ний өдөр салхин станцын төсөлтэй холбоотойгоор  болон ******* ******* нарын хооронд Дизайн болон барилгын ажлын гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр 102 МВт-ын хүчин чадалтай 41 салхин сэнс (турбин)-нээс бүрдсэн, бүрэн ажиллагаатай салхин цахилгаан станцын зураг төслийг боловсруулах, барих, үйл ажиллагаа явуулахад бэлтгэгдсэн байдлаар хүлээлгэн өгөх болон төслийг гүйцэтгэхэд шаардлагатай бүх барилгын, суурилуулалтын, цахилгааны, газар шорооны, замын ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Синохидро корпораци лимитед нь олон жилийн арвин туршлагатай,  барилга, бүтээн байгуулалтын салбарт тэргүүлдэг компани бөгөөд нэхэмжлэгч нар нь маш олон удаагийн уулзалт, судалгаа хийн төслийн баримт бичгийг бүрдүүлснээр уг компанитай гэрээ байгуулж чадсан байдаг.

Мөн 2015 оны 05-р сарын 05-ны өдөр ******* ХХК-д хөрөнгө оруулахтай холбоотойгоор  хотод бүртгэлтэй  болон ******* ******* компани нарын хооронд Хөрөнгө оруулалтын болон Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр төсөлд 80,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцож чадсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хувьд маш том амжилт болсон.

Хариуцагчийн эзэмшдэг салхин станцын бүтээн байгуулалтад нэхэмжлэгч нарын оруулсан дээрх зардлуудыг нэгтгэн үзвэл техникийн зөвлөгөөнд нийт 612,149,600 төгрөг, хуулийн зөвлөгөө ба даатгалд нийт 262,470,662.84 төгрөг, замын зардалд нийт 484,497,856.70 төгрөг, банкны зээлийн төлбөр нийт 1,340,738,103.98 төгрөг буюу нийт 2,699,856,223.526 төгрөг болж байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж мөн 496 дугаар зүйлийн 496.2-т Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч ******* ХХК-иас нийт 2,699,856,223.52 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2008 онд үүсгэн байгуулагдсанаас хойш үүсгэн байгуулагч нь сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр зорьж, үйл ажиллагаандаа хөрөнгө оруулагч хайж байсан. 2012 оны 05-р сарын 09-ний өдөр  нь  /Нэхэмжлэгч-2/ тай Хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулж, компанийн 10 хувийг 100,000 ам.доллароор авахаар болсон. Уг гэрээг байгуулах болсон шалтгаан нь 2012 оны 01-р сарын 28-ны өдөр заавал үл биелүүлэх Опцион байгуулсан ба 18,2 сая доллароор компанийн тодорхой хувийг ирээдүйд худалдан авахаар тохирсон. Хувьцааны 30 хувийг шилжүүлэн авч 300,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болж үүнийхээ эхний алхам болгож 10 хувийг 100,000 ам.доллароор авахаар болсон байдаг. Үүний үр дүнд Нэхэмжлэгч-1 нь 2012 оны 5 дугаар сараас Хариуцагчийн 10 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Ийнхүү хөрөнгө оруулж хувьцаа эзэмшигч болохоор өмнө нь хэлэлцэх явцдаа Нэхэмжлэгч-1 нь бусдаас хуулийн болон санхүүгийн үйлчилгээг өөртөө авч Хариуцагчийн үйл ажиллагаа, сэргээгдэх эрчим хүчний төслийн талаар хуулийн дүгнэлт, санхүүгийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд Хариуцагч нь ямар нэгэн гэрээний үйлчилгээ, үр шимийг аваагүй.

Нэхэмжлэгч-2 нь анх сэргээгдэх эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулалт хийх томоохон хөрөнгө оруулагчдыг хайж олох, хөрөнгө оруулалтыг татахад туслалцаа үзүүлэхээр амлалт өгсөн боловч ямар нэгэн үр дүн гаргаагүй болно. 2014 оны 05-р сарын 06 өдрийн хурлын протоколоос харахад төсөл удааширсан ба Нэхэмжлэгч-2-н талаар ярилцдаг бөгөөд түүнээс хариу үр дүн гарахыг хүлээн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаж, биднийг гаднын ямар нэг хөрөнгө оруулагчтай уулзуулахгүй, би болгож байгаа хэрэггүй гэж хэлдэг байсан нь түүнчлэн нийт компанийн 40 хувийн хувьцааг өөрийн нэр дээрээ шилүүлэх хүсэлтэй гэж удаа дараа биеэр болон мэйлээр гуйж бичиг хийлгэж авсан гэх мэт тухайн үеийн үйл явцын талаар ярилцсан байдаг.

Гэвч дээрх байдлаар нэмэлт хөрөнгө оруулалт хийх, томоохон хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтыг татах зэрэг амлалтаа биелээгүй тул нэхэмжлэгчид, хариуцагч нарын хооронд үүссэн аливаа маргаан, өр төлбөр, гомдол шаардлагаа эцэслэн эвийн замаар шийдвэрлэхээр харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ба эвлэрлийн гэрээнд заасан хэлцлүүдэд нийцүүлэн нэхэмжлэгч нар нь хууль зүйн үндэслэлээс нь үл хамааран хариуцагчид холбогдуулан цаашид аливаа гомдлын шаардлага гаргах эсхүл тийм болзошгүй гомдлын шаардлага гаргах асуудал тэрхүү Эвлэрлийн гэрээг байгуулах өдрийн байдлаар үүсээгүй болохыг хүлээн зөвшөөрч, хариуцагч болон  нарын эсрэг бүхий л гомдлын шаардлага, боломжит нэхэмжлэл (мэдэгдэж буй эсхүл үл мэдэгдэх) гаргах эрхээсээ түүгээр татгалзсан байдаг. Гэрээний гол зүйл нь зохигчид төлөгдөөгүй өр төлбөр төлж дууссаны дараа талуудын аль нь ч нөгөө талтай холбоотойгоор ямар нэг байдлаар ямар ч шүүхийн маргаан үүсгэхгүй байхыг зөвшөөрсөн нь юм.

Улмаар 2020 оны 05-р сарын 14-ны өдөр нэхэмжлэгч-2 болон Д.Оюунбат нар нь Хувьцаа худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулж,  нь цор ганц хувьцаа эзэмшигч болсон.

1. Техникийн зөвлөгөө гэх зардлын талаар.

Төслийн зураг төсөл, техникийн зөвлөгөө авахад нийт 612,149,600 төгрөгийн задал гаргасан гэсэн байна. Нэхэмжлэлд дурдагдсан этгээдүүдтэй хариуцагч нь ямар нэгэн гэрээний болон үүргийн харилцаа үүсгээгүй бөгөөд гэрээний гүйцэтгэл, ажлын үр шим, хөрөнгө зэргийг хүлээн аваагүй болно.

2. Хуулийн зөвлөгөө ба даатгалын гэх зардлын талаар.

Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль эрх зүй, даатгал, санхүүгийн үйлчилгээний зардалд 262,470,662.84 төгрөгийг нэхэмжлэгч гаргасан гэсэн байна. Аливаа гаднын хөрөнгө оруулагчид нь ямар нэгэн хуулийн этгээд, төсөлд хөрөнгө оруулахаас өмнө өөрийн хөрөнгө оруулалтын эрсдэлийг дүгнэхийн тулд тухайн хуулийн этгээд, төсөлд хуулийн нийцлийн болон санхүүгийн хяналт шалгалт хийлгэж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хөрөнгө оруулах эсэх талаар шийдвэрээ гаргадаг. Дээр дурдсанчлан нэхэмжлэлд дурдагдсан этгээдүүдтэй хариуцагч нь ямар нэгэн гэрээний болон үүргийн харилцаа үүсгээгүй бөгөөд гэрээний гүйцэтгэл, ажлын үр шим, хөрөнгө зэргийг хүлээн аваагүй болно.

3. Замын зардал гэх зардлын талаар.

Нэхэмжлэгч нь замын зардалд нийт 484,497,856.70 төгрөгийн зардал гаргасан гэсэн байна. Хариуцагчийн бусад хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлага нь нэхэмжлэлд дурдагдсан замын зардал гэх уулзалт аяллын тухай огт мэдээгүй, хариуцагчийг төлөөлөн аялах шийдвэр томилолт олгож байгаагүй. Нэхэмжлэлд дурдагдсан замын зардал нь хариуцагчийн бусдад хүлээсэн үүргийг биелүүлэх, тухайн хэмжээгээр үр шимийг нь олж авсан гэх үйл баримт үгүй тул дээрх зардлын хэмжээгээр хариуцагчийг хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй юм.

4. Банкны зээлийн төлбөр гэх зардлын талаар.

Нэхэмжлэлд нэхэмжлэгч нь хуульчдаас зөвлөгөө авах, хөрөнгө оруулагчидтай уулзахаар аялахтай холбоотой зардлыг санхүүжүүлэхээр бусдаас зээл авч 1,340,378,103.98 төгрөгийн зардал гаргасан гэсэн байна. Нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгчид нь дээрх зөвлөгөө, замын зардлаа бусдаас зээлсэн хэмээн давхардуулан нэхэмжилж байна гэж ойлгогдож байна. Нэхэмжлэгчид бусдаас зээл авсан хэмжээгээр Хариуцагч хөрөнгөжсөн гэх хуулийн болон үйл баримтын ямар нэгэн үндэслэлгүй юм.

Дүгнэн хэлэхэд, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагдах нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үндсэн зарчим юм. Түүнчлэн хувьцаа эзэмшигчийн өрийг компани хариуцахгүй байх, компанийн хувьцаа эзэмшигчид төлөх өрийг хувьцаагаар солих зэрэг компани хувьцаа эзэмшигчийн хоорондын харилцааны үндсэн зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж байгаа туйлын эргэлзээтэй. Санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө, зээл, авлага, хуулийн этгээдийн өмнөөс гаргасан зардал зэрэг нь нэг бүрчлэн санхүүгийн тайлан, баланст бүртгэгдэж явдаг болохыг анхааралдаа авах шаардлагатай. Хариуцагчид оруулсан хөрөнгө оруулалт, аливаа өр төлбөрийн асуудал, маргааныг өмнөх хувьцаа эзэмшигчид эвийн замаар эцэслэн шийдвэрлэж, эвлэрлийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулснаар  нь Хариуцагчийн цорын ганц хувьцаа эзэмшигч болсон. Улмаар одоогийн хувьцаа эзэмшигч болох  ХХК нь  Хариуцагчийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэн авсан байна. Дээрх эвлэрлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар гэрээний талууд маргаагүй байна. Нэхэмжлэгчид нь Хариуцагчтай хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчийн буюу үүргийн харилцаатай байсан тул тэдгээрийн хооронд үндэслэлгүй хөрөнгөжих талаар эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.*******, Ц.******* нарыг томилсон 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэл орчуулгын хамт,  ******* ******* ******* ******* компанийн бүртгэлийн цахим гэрчилгээ орчуулгын хамт,  ******* ******* ******* ******* компанийн дүрэм орчуулгын хамт, ******* ХХК-ийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/46 тоот бүрэн эрх олгох тухай орчуулгын хамт, ******* ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл орчуулгын хамт, ******* ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл орчуулгын хамт, Дизайн болон Бүтээн байгуулалтын гэрээ орчуулгын хамт, Хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээ орчуулгын хамт,  компанийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201608 дугаар нэхэмжлэх орчуулгын хамт,  компанийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201609 дугаар нэхэмжлэх орчуулгын хамт, компанийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 001 дугаар нэхэмжлэх орчуулгын хамт,  компанийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 002 дугаар нэхэмжлэх орчуулгын хамт,  компанийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэх орчуулгын хамт,  компанийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэх орчуулгын хамт, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэх орчуулгын хамт,  ГХОХХН-ийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэх орчуулгын хамт,  2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэх орчуулгын хамт,  ГХОХХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэх,  2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Харилцан ойлголцлын бичиг орчуулгын хамт,  ХХН-ийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэх орчуулгын хамт,  банкны баримт орчуулгын хамт, зардлын задаргаа,  валютын ханшийн тодорхойлолт, ******* *******ы дансны хуулга орчуулгын хамт, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн  компанийн харилцан тохиролцооны бичиг орчуулгын хамт, төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө орчуулгын хамт, компанийн дүгнэлт орчуулгын хамт,  компанийн санамж орчуулгын хамт,  компанийн бичиг орчуулгын хамт,  компанийн бичиг орчуулгын хамт, Салхин тайлангийн хураангуй орчуулгын хамт, ******* ХХК-иас  олгосон итгэмжлэл орчуулгын хамт,  компанийн нэхэмжлэх орчуулгын хамт, ******* ******* ******* ******* компанийн  эзэмшдэг дансны хуулга орчуулгын хамт, 2013 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  компанийн хурлын тэмдэглэл орчуулгын хамт, 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* ХХК-ийн албан бичиг орчуулгын хамт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т. томилсон 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн итгэмжлэл орчуулгын хамт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/00157 дугаар шийдвэрийн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эвлэрлийн гэрээний хуулбар орчуулгын хамт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон тус компанийн хувийн хэргийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/00157 дугаар шүүхийн шийдвэртэй хавтаст хэрэг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаас эрх олгосон албан бичгийг үндэслэн компанийн хэрэгжүүлж буй Салхин цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэлд дурдсан этгээдүүдээс техникийн болон хууль зүйн зөвлөгөө авч, дүгнэлт гаргуулахад зардал гарсан, уг зардлыг санхүүжүүлэхэд нэхэмжлэгч нар бусдаас зээл авсан, тухайн зардлаа компаниас эргүүлээд нэхэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Уг нэхэмжлэлд дурдсан ажлуудын зардлыг хариуцагч мэдэж байсан болох нь талуудын байгуулсан Эвлэрлийн гэрээний Ерөнхий зүйл хэсэгт дурдсан агуулгаас нотлогдоно. Өөрөөр хэлбэл, Эвлэрлийн гэрээг байгуулахад энэхүү зардлыг нэхэмжлэгч шаардаж байсан ба уг зардлуудыг хариуцагч зөвшөөрөөгүй. Эвлэрлийн гэрээгээр буцааж өгөхөөр тохиролцсон зураг төслийг хариуцагч ашиглаж төслөө ашиглалтад оруулсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй Салхин цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулагч олж өгөхөөр амласан боловч хөрөнгө оруулагч олж өгч чадаагүй, нэхэмжлэгчийн бусдаар гүйцэтгүүлсэн гэх төсөлтэй холбоотой зураг төслийг хариуцагч компани цаашид ашиглахгүй буюу нэхэмжлэгчид буцаан өгөх, Ханнс ******* компанийн хувьцааг буцаан өгөх, талуудын хооронд үүссэн өр төлбөр зэрэг бүх асуудлыг Эвлэрлийн гэрээгээр эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд гэрээнд заасан үүргээ хариуцагч бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Ханнс ******* болон хариуцагч ******* ХХК нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Опционы гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр компанийн нийт хувьцааны 80-100 хувийг худалдан авах эргэлт буцалтгүй онцгой опционы эрхийг худалдан авагч буюу Ханнс *******д олгохоор тохиролцсон байна. /6-р хх 183/

 

6. Дээрх гэрээг үндэслэн талуудын хооронд 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулагдаж, Гэрээний Б-д: Хувьцаа шилжүүлэн авагч нь Хувьцаа шилжүүлэгчтэй 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан заавал үл биелүүлэх Опционы саналын дагуу ******* ХХК-ийн хувьцааны 91%-ийг 18,2 сая ам.доллароор худалдан авахаар тохиролцсон, В-д: Хувьцаа шилжүүлэн авагч нь Опционыг хэрэгжүүлэхийн тулд компанийн 30 хувийг барьцаа болгон шилжүүлэн авч 300,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болов, Г-д: Эхний алхам болгож компанийн 10 хувийг 100,000 ам.доллароор авахаар болов гэжээ. /4-р хх 154/

 

7. Улмаар, Ханнс *******д эхний ээлжинд компанийн энгийн хувьцааны 10 хувийг 100,000 ам.доллароор шилжүүлэхээр тохиролцсоны дагуу Ханнс ******* 100,000 ам.долларыг төлж ******* ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч болсон нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон. /2-р хх 72/

 

8. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №1 тогтоолоор компанийн хувьцааны нэрлэсэн үнийг 28,47 төгрөгөөр тогтоож, компанийн хувьцааг 1,955,200,000 ширхэг болгосноор Ханнс Свеннсоны эзэмшлийн хувьцаа 0,1 хувь болжээ.

 

9. Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр хариуцагч нь салхин паркийн концепцийн загварыг нэхэмжлэгчид буцаан өгөх, урьдчилсан загварын ажлууд, зураг төсөл, бүх холбогдох техникийн суурь ажил, шийдэл болон талбай дээр гүйцэтгэсэн ажил, техникийн туслалцаа, төслийн нэмэлт зардлын нэхэмжлэхээр нэхэмжилсэн бөгөөд хариуцагч тухайн төлбөр, зардлыг хүлээн зөвшөөрөөгүй, үүнийг үл харгалзан төлөгдөөгүй өр төлбөрт 201,719 ам.долларыг төлөх, нэхэмжлэгч Ханнс ******* өөрийн эзэмшиж буй компанийн энгийн хувьцааны 0,1 хувийг 215,281 ам.доллароор ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч  худалдах, нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан цаашид аливаа хэлбэрээр гомдлын шаардлага гаргахгүй байхаар харилцан тохиролцсон байна.

 

10. Эвлэрлийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Ханнс ******* болон хувьцаа эзэмшигч нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хувьцаа худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, Ханнс ******* нь өөрийн эзэмшлийн 1,955,200 ширхэг энгийн хувьцааг 215,281 ам.доллароор худалдсанаар  нь ******* ХХК-ийн нийт гаргасан, эргэлтэд байгаа энгийн хувьцааны 100 хувийн хувьцаа эзэмшигч болжээ.

 

11. Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний үүрэг биелэгдэж, дуусгавар болсон үйл баримтад маргаагүй.

 

12. Талуудын маргааны зүйл нь хариуцагчийн хэрэгжүүлж буй салхин цахилгааны станцын төслийн үйл ажиллагаанд нэхэмжлэгч нараас зардал гаргасан бөгөөд гаргасан зардлын хэмжээгээр хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх байна.

 

13. ******* ХХК-иас нэхэмжлэгч Ханнс Свеннсонд 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/46 дугаар итгэмжлэлээр компанийн хэрэгжүүлж буй төслийн нийлүүлэгчийн нөхцөл болон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх бүрэн эрхийг олгож, мөн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Мэдэгдэл гэсэн баримтад Хэппи Винд *******  компанийн ерөнхий захирал Ханнс *******д ирээдүйд хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нартай хэлэлцээр хийх бүрэн эрхийг олгосон, Хэппи Винд компанийн зүгээс сүүлийн 2,5 жилийн хугацаанд уг төсөлд их ажил хийж гүйцэтгэсэн болохыг тус тус дурджээ. /1-р хх 20, 26/

 

14. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* ХХК-иас олгосон итгэмжлэлийг үндэслэн Ханнс Свеннсон нь компанийн хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай холбоотой буюу хөрөнгө оруулалт олох зорилгоор бусадтай уулзаж, гэрээ, хэлцэл хийж байсан гэсэн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан Хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэлээр давхар нотлогдсон /3-р хх 177/. Хариуцагч энэхүү үйл баримтыг үгүйсгэж, маргаагүй.

 

15. Талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүсжээ.

 

16. Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

17. Талуудын хооронд байгуулагдсан даалгаврын гэрээгээр нэхэмжлэгч Ханнс ******* нь ******* ХХК-ийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс компанийн хэрэгжүүлж буй төслийн нийлүүлэгчийн нөхцөл болон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх, хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нартай хэлэлцээр хийхээр тохиролцсон байх бөгөөд харин уг гэрээгээр хөлс төлөхөөр тохиролцсон болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсонгүй.

 

18. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хэрэгжүүлж буй Салхин цахилгаан станцын төсөлд хувиасаа зардал гаргасан бөгөөд, уг зардлын хэмжээгээр хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлсон.

19. Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1-д Даалгавар өгөгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах, гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй гэж заасан.

 

20. Даалгаврыг гүйцэтгэхэд гарсан зардлыг хариуцагчаас шаардсан боловч зөвшөөрөөгүй, энэхүү үйл баримт Эвлэрлийн гэрээнд туссан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

 

21. Эвлэрлийн гэрээнээс үзвэл, нэхэмжлэгч нар нь салхин паркийн концепцийн урьдчилсан загварын ажлууд, зураг төсөл, бүх холбогдох техникийн суурь ажил, шийдэл болон талбай дээр гүйцэтгэсэн ажил, техникийн туслалцаа, төслийн нэмэлт зардлыг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд хариуцагч зөвшөөрөөгүй, улмаар талууд эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нь концепцийн загварыг цаашид ашиглахгүй буюу нэхэмжлэгчид буцаан өгч, төлөгдөөгүй өр төлбөрийн хэмжээг 201,719 ам.доллароор харилцан тогтоож, Ханнс ******* өөрийн эзэмшиж буй 0,1 хувийн хувьцааг 215,281 ам.доллароор хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч худалдах, нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан цаашид аливаа хэлбэрээр гомдлын шаардлага гаргахгүй байх нөхцөлөөр харилцан тохиролцсон байна.

 

22. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд нэхэмжлэлээр шаардаж буй төлбөртэй холбоотой маргаан үүссэн боловч уг маргаанаа Эвлэрлийн гэрээгээр харилцан тохиролцож шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагчийн гаргасан нэхэмжлэлээр шаардаж буй зардал, төлбөрийг Эвлэрлийн гэрээний дагуу төлж барагдуулсан гэх татгалзал үндэслэлтэй байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

 

23. Иймд даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлын хэмжээг талууд 201,719 ам.доллароор тогтоож, уг төлбөрийг хариуцагчаас төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

24. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ******* компани нараас хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нийт 2,699,856,223.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ХХК-иас нийт 2,699,856,233.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ******* ******* компани нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ******* ******* компани нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,657,231.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ