Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанааг суулган,

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт А.Д-т холбогдох 1821002140137 дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ................ овогт А.Д, Улаанбаатар хотод ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ........../, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2,  эмэг эхийн хамт амьдрах, Дархан-Уул аймгийн Өргөө багийн ....... дугаар хорооллын ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч А.Д нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 05 цагийн орчим “Приус” маркийн 96-55 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр баг “Өндөр хошуу” гэх газарт төв зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөний оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.7/а/-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож “Шивилам” ХХК-ний эзэмшлийн 96-55 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буфер хагарч бутарсан, зүүн урд крыло чихэгдсэн, хоёр ширхэг дугуй хагарсан, урд шил хагарсан, 2 толь хагарч бутарсан, баруун 2 хаалга нугарсан, урд 2 гурвалжин шил хагарсан, зүүн урд өсгөгчтэй гэрэл хагарсан, купт нугарсан, борооны хаалт, 3 ширхэг хагарсан, баруун хойд гурвалжин шил хагарсан, калпак, баруун хойд гэрэл хагарсан, кузов орой болон баруун багана крыло хэсгээрээ чихэгдсэн, баруун урд крыло нугарсан гэмтлүүд гарч 3,811,000 төгрөгийн хохирол, 1,270,000 төгрөгийн шууд бус зардалд нийт 5,081,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ү.Эрдэнэбатын биед “...хуйханд баруун зулайн няцарсан шарх, духны зулгарал, бүсэлхийн зулгаралт болон цус хуралт, ууцны зураасан зулгаралт, баруун шилбэний цус хуралт болон зулгаралт, баруун долоовор хурууны зөөлөн эдийн няцрал болон зулгаралт, баруун сарвууны зулгаралт, баруун чихний дэлбэнгийн цус хуралт, эрүүний цус хуралт, баруун шууны цус хуралт” гэмтэл буюу хөнгөн гэмтэл учруулсан. Мөн зорчигч Б.Оюун-Эрдэнэ нь “...гавлын ясны дух, зулай, баруун чамархай яс олон тооны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугаралтай, баруун чамархайн хугарал баруун чулуулаг ясаар доош дагзны баруун төвгөр хүрсэн хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн зулай, духны дэлбэнгийн урд хэсэгт, бага тархи нэлэнхүйдээ аалзан хальсны доорх цус харвалт, бага тархины баруун зүүн тал бөмбөлгийн няцрал гэмтлүүдийн улмаас нас барж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна гэв.

Шүүгдэгч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найз охин Анхзаяагийн хамтаар Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд гарсан. Манай найз охин Анхзаяа фэсбүүкт “Дорнод аймаг руу хүн аваад гарна” гэсэн зар тавьсан байсан ба нас бардаг эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/, мөн нэг ах жоохон хүүхэдтэй явна гэж Анхзаяа руу утсаар холбогдсон...Анхзаяа Улаанбаатар хотоос гараад машинаа барьж явсаар байгаад Дорнод аймгийн Булган сумын баруун талд явж байхад нь би Анхзаяад хандаж “чиний нойр хүрээд байна уу, хэрэв нойр чинь хүрч байвал би машиныг чинь бариад явъя” гэхэд, Анхзаяа “нойр хүрээд байна” гэхээр нь би машиныг нь бариад 20 гаруй километр яваад Булган сумын урд ирээд явж байхад урдуур нэг амьтан гүйгээд ороод ирэхээр нь би цочиж машиныхаа хүрдийг дарсан чинь машин яах ийхийн зуургүй замын урд тал руу гарч онхолдсон...Ингээд харахад машин дотор жолоочийн хажуу талын суудалд Анхзаяа, ар талын суудал дээр нөгөө ах ганцаараа сууж байсан. Харин машины гадна баруун талд хүүхэд, машины зүүн талд нөгөө охин хэвтэж байсан. Ингээд машинаас буугаад зам руу гараад байж байхад хоёр орчим минутын дараа баруун талаас цагаан өнгийн жийп маркийн машин ирэхээр нь би гараа өргөж зогсоож “тусламж” гуйхад тэр машины жолооч ах надтай хамт байсан хүүхдийг түүний ахын хамт аваад явсан...Төвөөс эмч нар ирж тэр хүүхнийг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн...” гэжээ. /хх 84-85/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд манай охин Оюун-Эрдэнэ над руу “Замд гараад явж байна” гэсэн захидал явуулсан...Тэгээд өглөө 07 цагийн орчим охин Оюун-Эрдэнийн утас руу залгахад авахгүй байсан. Ингээд хэсэг байж байгаад дахин залгахад танихгүй эмэгтэй хүн аваад “энэ утасны эзний юу нь вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “ээж нь байна” гэхэд, “танай охин авто осолд ороод нас барсан” гэж хэлсэн...” гэжээ. /хх 21-22/

Иргэний нэхэмжлэгч П.Гунгаадорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компани машины худалдаа эрхэлдэг. Би 96-55 УНЧ улсын дугаартай “Приус-20” машин осолд орсон талаар сүүлд нь утсаар сонссон. Дээрх машиныг Дорнод аймгийн иргэн Анхзаяа 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай компаниас 13.500.000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаа 4.000.000 төгрөг бэлнээр өгч үлдэгдэл 9.500.000 төгрөгийг хугацаатай төлөхөөр зээлдэж авсан. Анхзаяа машин худалдан авсан өдрөөс хойш 5 сарын төлөлт хийсэн байсан бөгөөд үлдэгдэл зээлээ төлөөгүй байгаа. Зээлийн хугацаа дуусаагүй байхад машин осолдож гэмтсэн байна. Дээрх 96-55 УНЧ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашин манай компанийн нэр дээр байгаа...” гэжээ. /хх 25-26/

Иргэний нэхэмжлэгч Ү.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Норовням ахын хамт замын унаанд суугаад Улаанбаатараас Дорнод аймаг руу явсан. Тэгээд замдаа Хэнтий аймагт хоол идээд цаашаа явж байхдаа унтчихсан, нэг сэрэхэд би сумын эмнэлэгт хэвтэж байсан. Тэндээс Дорнод аймгийн эмнэлэгт ирж хэвтсэн. Норовням ах надад машин онхолдсон гэж хэлсэн...” гэжээ. /хх 31-32/

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Норовням Эрдэнэбатыг аваад Дорнод аймаг руу явна гээд явсан. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн орчим Норовням залгаад “ах аа, баларсан шүү, бид хоёр Дорнод аймаг руу явж байгаад машин осолдсон. Эрдэнэбат эмнэлэгт хэвтэж байгаа” гэж хэлсэн. Норовням, Эрдэнэбат хоёр хэд хоног Дорнод аймагт эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн. Эрдэнэбат осолд ороод байхдаа нүд ам нь солийгоод байсан. Улмаар эмчилгээ хийлгээд гайгүй болсон...Манай хүү Дорнод аймгаас Улаанбаатарт очоод байхдаа “толгой, нуруу өвдөөд байна” гэдэг байсан, одоо гайгүй болсон гээд яваад байгаа. Миний хувьд хүүхдийн биеийг харна, цаашид ямар нэгэн гэмтэл гараад ирэх юм бол эмчилгээ хийлгэх зардлыг нэхэмжлэх болно. ...Надад ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй.  Норовням эмчлүүлж байсан түүнд материал байгаа байх...” гэжээ. /хх 28-29/

Гэрч Б.Анхзаяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг өнгөрөөгөөд найз Оргилоор “Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу 2-3 хүн авч явна” гэсэн зар тавиулсан. Тэгээд найз Д-ын хамт өөрийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн “Приус-20” маркийн 96-55 УНЧ улсын дугаартай машинтай Баянзүрхийн авто вокзал руу явах замд хүүхэдтэй залуу явна гэж утсаар холбогдсон...Товчоон дээр байж байхад талийгаач  миний утас руу залгаад 19 цаг 15 минутын орчим ирсэн...Ингээд бид нар 20 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Би хотоос гараад өөрөө машинаа барьж явсан. ...Булган сум дөхөж байх үед манай найз Д “чи нойрмоглох гээд байгаа юм уу, хэрэв нойрмоглоод байгаа бол би машиныг чинь барья” гэхээр нь би Д-т машинаа өгөөд өөрөө жолоочийн хажуу талд суусан...Нэг их удалгүй машин нэг сонин доош уруудах шиг болохоор нь харахад машин замын урд талын далан руу орж байхаар нь би Д-т “юу болоод байна Р гэсэн товчлуураа дараач” гэхэд, Д бүр сандарчихсан машины рулийг бүр дараад байх шиг байхаар нь би “Р” товчлуурыг дарах гэхэд нэг мэдсэн машин онхолдчихсон...Би энэ машиныг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Урьдчилгаа 4.000.000 төгрөг өгөөд “Шивилам” ХХК-нд машин барьцаалан зээлдэх хувийн компаниар дамжуулан авсан юм. Машин маань “Шивилам” ХХК-ийн нэр дээр байдаг. Би машины төлбөр гэж сар бүр 1.000.000 төгрөг төлдөг. Миний зээл 2018 оны 10 дугаар сард дуусна...” гэжээ. /хх 33-35/

Гэрч Э.Норовням мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Танил дүү Эрдэнэбатыг аваад 19 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн товчоон дээр ирж “Приус-20” маркийн машинд суусан. Намайг очиход Анхзаяа гэх хүүхэн жолооны ард сууж байсан. Жолоочийн хажуу талд Д, арын суудал дээр нэг эмэгтэй сууж байсан. Улмаар бид хоёр зардлаа өгөөд машинд суусан...Шөнө Хөлөнбуйр сум өнгөрөөд Анхзаяа нөхөр Д-т жолоогоо шилжүүлж өгч байсан. Бид нар унтаж байхад машин тажигнаад нэг мэдсэн чинь замын урд руу онхолдсон. Машин онхолдсоны дараа харахад машин дотор Анхзаяа, Д хоёр суудал дээрээ сууж байсан. Харин би ганцаараа арын суудал дээр сууж байсан. Нөгөө хүүхэн, Эрдэнэбат хоёр байхгүй байхаар нь машинаас буухад нөгөө эмэгтэй машины баруун зүгт нэлээд зайтай хэвтэж байсан. Харин Эрдэнэбат машины зүүн талд хойд дугуйны хажууд ухаангүй хэвтэж байсан...Би Эрдэнэбатын эмчилгээний зардлыг төлж эмчилгээ хийлгэсэн. Мөн өөрөө эмчилгээ хийлгэсэн энэ бүгд нийлээд 1.052.340 төгрөг болсон тул Д-с нэхэмжилнэ...” гэжээ. /хх 38-41/

 Гэрч О.Оюунзул мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө дөнгөж гэгээ орж байх үеэр Булган сумын урд замаар явж байхад ...замын урд мөнгөлөг саарал өнгийн “Приус-20” маркийн машин онхолдсон, хойд зүгт харсан байдалтай зогсож байсан...Би хэргийн газарт очоод харахад тэр эмэгтэйгээс маш их хэмжээний цус гарсан байсан. Мөн тэнд байсан эмэгтэй “би машин бариад явж байсан, нойрмоглоод байхаар нь нөгөө залуудаа машинаа өгөөд бариулсан чинь ийм асуудал болчихлоо. Би хэрэггүй машинаа шилжүүллээ” гэж байсан...” гэжээ. /хх 45/

Гэрч Б.Мөнхчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хэргийн газарт очоод газар хэвтэж байсан эмэгтэйн биед үзлэг хийхэд зүрх судас зогссон байсан...Хүүхдийн толгойн баруун хажуу хэсгийн хуйх урагдсан, мөн нуруу нь зулгарсан байсан. “Хүүхний зүүн гар нь эвгүй байна” гэсэн гэхдээ цус алдсан зүйл байгаагүй. Машин барьж явсан гэх залуугийн толгойн баруун талын хуйх урагдсан, дух урагдалтай, баруун гарын шууны доод хэсгээр 10 орчим см хэмжээтэй урагдаж цус гарсан байдалтай байсан...” гэжээ. /хх 36-37/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 253 тоот дүгнэлтэд: “1.Талийгаачийн Б.Оюун-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын ясны дух, зулай, баруун чамархай яс олон тооны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугаралтай, баруун чамархайн хугарал баруун чулуулаг ясаар доош дагзны баруун төвгөр хүрсэн хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн зулай, духны дэлбэнгийн урд хэсэг, бага тархи нилэнхүйдээ аалзан хальсны доорх цус харвалт, бага тархины баруун зүүн тал бөмбөлгийн няцрал, дух, зулай, баруун чамархайн хуйхны цус хуралт, баруун атгаал, баруун шилбэ ясны ил хугарал, дух, зүүн дээд зовхи, эрүү, цээж хэвлий, зүүн шилбэ, зүүн тавхайн зулгаралт, зүүн бугалга, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гавал тархины битүү гэмтлүүд, 3.1-20-д зааснаар баруун атгаал, баруун шилбэ ясны ил хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар дух, зүүн дээд зовхи, эрүү, цээж хэвлий, зүүн шилбэ, зүүн тавхайн зулгаралт, зүүн бугалга,баруун нүдний доод зовхи, цээжний цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Талийгаачид хийсэн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь гавлын ясны дух, зулай, баруун чамархай яс олон тооны сэтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугаралтай, баруун чамархайн хугарал баруун чулуулаг ясаар доош дагзны баруун төвгөр хүрсэн хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн зулай, духны дэлбэнгийн урд хэсэг, бага тархи нилэнхүйдээ аалзан хальсны доорх цус харвалт, бага тархины баруун зүүн тал бөмбөлгийн няцрал гэмтлүүдийн улмаас нас баржээ. 6.Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд спирт илэрсэнгүй” гэжээ. /хх 50-53/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 7 тоот дүгнэлтэд: “1.Ү.Эрдэнэбатын биед тархины баруун талын зулайн дэлбэнд цус хуралт, баруун зулайн хуйханд няцарсан шарх, дух, баруун, сарвуу, ууцны зулгаралт, бүсэлхий нуруу, баруун шилбэний зулгаралт болон цус хуралт, баруун сарвууны 2-р хурууны зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, эрүү, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 68-69/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 03 сарын 29-ний өдрийн 19 тоот дүгнэлтэд: “1.ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /............../ регистрийн дугаартай А овогтой Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ВС ангилалын 1082965 тоот үнэмлэхтэй байна. 2.Тоёота Приус-20 маркийн 96-55 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Жолооч А.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7.а. “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Тоёота Приус-20 маркийн 96-55 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ. 4.Жолооч А.Д нь замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг тохируулж яваагүйн улмаас осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ” гэжээ. /хх 58/

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Наранцацрал /хх 36/, Р.Уранчимэг /хх 44/, З.Сарантуяа /хх 47/, шүүгдэгч А.Д /хх 42-43/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд,  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, Цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-16/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх 17, 19/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Тоёота Prius-20” маркийн 96-55 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 244, 245, 252 тоот дүгнэлтүүд /хх 60,64, 73/, Яаралтай тусламжийн хуудас /хх 62, 66/, Автомашин техникийн эвдрэл, үнэлгээ /хх 69/, Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх 97/, Хохирогчийн төлөөлөгч Г.Батсүрэнгийн хохиролтой холбогдох баримтууд /хх 104-124/, Иргэний нэхэмжлэгч Ү.Эрдэнэбатад холбогдох хохирлын баримтууд /хх 126/, иргэн Норовнямын хохирол нэхэмжилсэн баримт /хх 125/, Хохирол төлсөн баримт /хх 139-142, задгай 10х/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх задгай/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 93/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 86/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч А.Д нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 05 цагийн орчим “Prius-20” маркийн 96-55 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн “Өндөр хошуу” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7/а/-д заасан заалтуудыг тус тус зөрчиж  төв зам дээр онхолдсоны улмаас зорчигч Б.Оюун-Эрдэнийн амь нас хохирч, зорчигч Ү.Эрдэнэбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, ослын улмаас “Шивилам” ХХК-ийн эзэмшлийн “Prius-20” маркийн 96-55 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдэрч 3811000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Б.Анхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 18-ны 20 цаг өнгөрөөгөөд... найз Дарханбаатарын хамт өөрийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн “Prius-20” маркийн 96-55 УНЧ улсын дугаартай машинтай Улаанбаатар хотоос гарсан. Би хотоос гараад өөрөө машинаа барьж явсан. ...Булган сум дөхөж байх үед манай найз Д “чи нойрмоглох гээд байгаа юм уу, хэрэв нойрмоглоод байгаа бол би машиныг чинь баръя” гэхээр нь би Д-т машинаа өгөөд өөрөө жолоочийн хажуу талд суусан... Би “Р” товчлуурыг дарах гэхэд нэг мэдсэн машин онхолдчихсон ...Би энэ машиныг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Урьдчилгаа 4.000.000 төгрөг өгөөд “Шивилан” ХХК-нд машин барьцаалан зээлдэх хувийн компаниар дамжуулан авсан юм. Машин маань “Шивилам” ХХК-ийн нэр дээр байдаг би машины төлбөр гэж сар бүр 1.000.000 төгрөг төлдөг. Миний зээл 2018 оны 10 дугаар сард дуусна...” /хх 33-34/ гэх,

Гэрч Э.Норовнямын “...Танил дүү Эрдэнэбатыг аваад 19 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн товчоон дээр ирж “Prius-20” маркийн машинд суусан. Намайг очиход Анхзаяа гэх хүүхэн жолооны ард сууж байсан, жолоочийн хажуу талд Д, арын суудал дээр нэг эмэгтэй сууж байсан...Шөнө Хөлөнбуйр сум өнгөрөөд  Анхзаяа нөхөр Д-т жолоогоо шилжүүлж өгч байсан. Бид нар унтаж байхад машин тажигнаад нэг мэдсэн замын урд руу онхолдсон...” /хх 40-41/ гэх болон гэрч Б.Мөнхчимэг /хх 36-37/, О.Оюунзул /хх 45/, Т.Наранцацрал /хх 36/ нарын болон амь хохирогч Б.Оюун-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Г.Батсүрэн /хх 21-22/, Хохирогч Н.Эрдэнэбатын хууль ёсны төлөөлөгч М.Түвшинжаргал /хх 25-26/, Иргэний нэхэмжлэгч П.Гунгаадорж /хх 25-26/ нарын мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 253 /хх 50-53/, 07 /хх 68-69/, 244, 245, 252 /хх 60, 64, 73/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 19 тоот /хх 58/ дүгнэлтүүд, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, Цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-16/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх 17, 19/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Prius-20” маркийн 96-55 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/, Яаралтай тусламжийн хуудас /хх 62, 66/ зэрэг хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Жолооч А.Д-ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаар А.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а/-д заасан “...Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас мөн дүрмийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд саад, осолтой байдлыг бий болгосон” гэм буруутай үйлдэл нь зам тээврийн осол болох шууд шалтгаан болсон гэж үзэх үндэстэй байна.

Харин техникийн шинжээчийн 19 тоот дүгнэлтийн хариулт 4-д “Жолооч А.Д нь замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг тохируулж яваагүйн улмаас осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ” гэж дүгнэсэн нь /хх 57/ хавтаст хэрэгт тогтоогдохгүй байх ба дүгнэлтийн хариулт 2-т замын нөхцөлд хурдыг тохируулж яваагүй талаар дурдаагүй байхад жолоочийг энэ үндэслэлээр буруутгах боломжгүй гэж үзнэ.

Энэ талаар дүгнэсэн техникийн шинжээчийн хариулт 4-өөс бусад, хүний амь нас хохирсон болон эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан xохирлын талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Өөрөөр хэлбэл, Б.Оюун-Эрдэнийн амь хохирсон, Ү.Эрдэнэбатын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч А.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7/а/ дахь заалтыг зөрчсөнөөс онхолдсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч А.Д-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт иргэний нэхэмжлэгч “Шивилам” ХХК 5081000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ү.Эрдэнэбат 510000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батсүрэн 9887200 төгрөг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч нь “Шивилам” ХХК, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батсүрэн нарын хохирлыг бүрэн барагдуулж, иргэний нэхэмжлэгч Ү.Эрдэнэбатад 208000 төгрөгийг төлж, үлдэх 302000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн хариу /хх задгай/, хохирол төлсөн баримтууд /хх 139-142, задгай 10х/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Харин зорчигч Э.Норовням нь энэ хэргийн оролцогч бус тул онгоцны зардлын 259300 төгрөг төлснийг тогтоолд дурдаж, түүний нэхэмжлэлд дүгнэлт хийхгүйгээр орхих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг боломжит байдлаар төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батсүрэн, иргэний нэхэмжлэгч “Шивилам” ХХК  хэн аль нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ........ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, 1082965 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлж, №01705489 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч “Шивилам” ХХК-нд  буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........ овогт А.Д-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.Д-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн 1821002140137 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч “Шивилам” ХХК  “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.Д-с 302000 /гурван зуун хоёр мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо 1-88 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Батхаан овогт М.Т /НФ 79020311/-д олгосугай.

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, 1082965 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлж, №01705489 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч “Шивилам” ХХК-нд олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2018 оны 06 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ