Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2026/0637

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Э******,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ж****** нарын хооронд үүссэн учруулсан хохирлыг гаргуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******, Т.М******, С.Н******, Г.Н******, Э.Ж******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны хооронд Д.Э******-ийн шүүгчээр ажилласан 8 жил, 4 сар, 28 хоногийг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс одоог хүртэл багшаар ажилласан 4 жил, 6 сар, 18 хоногийг төрийн албанд ажилласан жилд оруулан тооцохоос татгалзсан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 15,346,325.28 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нөхөн гаргуулах” тухай

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Д.Э****** нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр буцаан томилогдсон байна.

2.2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Санхүүжилт шийдвэрлүүлэх тухай” 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02/120 тоот албан бичгээр “... Шүүгч Д.Э****** нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар чөлөөлөгдсөнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд шүүгчээр томилогдох хүртэл хугацааны 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг шүүгчээр ажиллаж байсан хугацаанд оруулан тооцож, 2023 онд эдлээгүй үлдсэн холбогдох нийгэм, эдийн засгийн баталгаагаар нөхөн хангахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны гомдлыг гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 510 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэснийг Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргаж, Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 454 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзжээ.

Шүүгч Д.Э****** нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатар районы 39 дүгээр дунд сургуульд багшаар 4 жил 6 сар 20 хоног ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9748 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн Тамгын газраас шүүгч Д.Э******-ийн ажилгүй байсан хугацааны 8 жил 4 сар 28 хоногийг мөн багшаар ажиллаж байсан 4 жил 6 сар 20 хоног, нийт 12 жил 11 сар 18 хоногийг шүүгчийн төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцож, шүүгчийн төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг шинэчлэн тогтоолгохоор хүргүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолоор төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг 25 хувиар шинэчлэн тогтоож ирүүлсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагатай шүүгчийн төрийн алба хаасан хугацаа болон шүүгчээр ажилласан жилийг дутуу тооцож олгож байсан цалингийн зөрүү болон шүүгчийн ээлжийн амралтын зөрүү 5,819,825.8, төрийн алба хаасан хугацааны зөрүү 9,526,500 нийт 15,346,325.28 төгрөгийг нөхөж олгох санхүүжилтийг шийдвэрлэж өгнө үү” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлд ханджээ.

2.3. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/482 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...шүүхийн шийдвэрт Д.Э******-д түүний 2022 оноос 2025 онд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийн зөрүүг тооцож нөхөн олгох талаар тусгагдаагүй байх тул төрийн алба хаасан хугацааны зөрүү 9,526,500 төгрөг, амралтын зөрүү 5,819,825 төгрөг, нийт 15,346,325 төгрөгийг нөхөж олгох боломжгүй байна” гэжээ.

2.4. Үүний дараа нэхэмжлэгч Д.Э******-ээс “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны хооронд Д.Э******-ийн шүүгчээр ажилласан 8 жил, 4 сар, 28 хоногийг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс одоог хүртэл багшаар ажилласан 4 жил, 11 сар, 18 хоногийг төрийн албанд ажилласан жилд оруулан тооцохоос татгалзсан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 15,346,325.28 төгрөг, уг хугацааны алданги 5,171,052 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3335 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.5. Нэхэмжлэгч нь 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 16 ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны хооронд Д.Э******-ийн шүүгчээр ажилласан 8 жил, 4 сар, 28 хоногийг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс одоог хүртэл багшаар ажилласан 4 жил, 6 сар, 18 хоногийг төрийн албанд ажилласан жилд оруулан тооцохоос татгалзсан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 15,346,325.28 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нөхөн гаргуулах” гэж тодруулж, “... уг хугацааны алданги 5,171,052 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...намайг шүүгчээр буцаан томилохоос татгалзсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүйг, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчиж, миний төрийн албан тушаалыг хуульд заасан журмын дагуу эрхлэх, албан тушаалыг эрхлэхдээ хуульд заасан баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн гэж үзэж 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн буруутай үйл ажиллагаа байгааг тогтоож, намайг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгаж" шийдвэрлэсэн болно.

3.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны тогтоолоор намайг шүүгчээр томилохоор өргөн мэдүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар зарлигаар Д.Э******-ийг шүүгчээр буцаан томилж, би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж эхэлсэн. Шүүгчээр ажиллаж эхэлсэн хугацаанаас эхлэн би, Шүүхийн ерөнхий зөвлөлд томилогдсон улс төрийн болон шүүгч гишүүд нийлсэн 10 хүний хууль бус үйл ажиллагааны улмаас 4 жилийн турш төрийн албанд ажилласан жилээ бүрэн тооцуулж чадахгүй, цалин хөлсөн бүтэн авч чадахгүй явж ирлээ. Энэхүү эрхээ эдлэх гэж энэ 4 жилийн хугацаанд 12 удаагийн шүүх хуралдаанд оролцож 9 шүүхийн шийдвэр гаргуулаад ч энэхүү эрхээ сэргээлгэж чадахгүй, шүүгч байх нэр төр, улмаар хараат бус байдлыг минь хөндсөөр байна.

3.3. Тодруулбал, би 2022 онд буцаан шүүгчээр томилогдон, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчим болоод Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүгчийн албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нөхөн авах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх эрх үүссэн байсан боловч Шүүхийн ерөнхий зөвлөл уг цалин хөлсийг нөхөн олгохоос татгалзсан учраас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0725 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасныг тус шүүхүүд хянаад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/000984 дүгээр магадлалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын засвар оруулж өөрчилж, шийдлийг хэвээр үлдээсэн, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаас танай гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан шийдвэрлэснээр дээрх шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон.

3.4. Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөл нь 3 шатны шүүхийн шийдвэртээ үл итгэж байна гэж хандаж дахин дахин гомдол гаргаж, 2 гаруй жилийн хугацаанд би эрхээ сэргээлгэх чадахгүй байсны эцэст шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, олон жилийн шүүхийн ажиллагааны дүнд “цалин хөлсөө нөхөн авах эрх”-ээ сэргээлгэсэн. Ингээд би хэвийн ажиллаж эхлэн, өөрийн цалин хөлсийг Шүүхийн тамгын газраар төрийн албанд ажилласан жилээ тооцуулах болоход "дахин шүүхээр тогтоолгочих, Сангийн яамнаас шалгаад байдаг юм. Шүүх шийдсэн гээд харуулах шүүхийн шийдвэртэй байх хэрэгтэй" гэсэн нь анхнаасаа хууль бус татгалзал ч би аргагүйн эрхэнд шүүхэд дахин хандсан.

3.5. Миний 1990 оноос Нийслэлийн 10 жилийн 39 дүгээр сургууль, 2000 оноос Хууль зүй, дотоод хэргийн яам, 2007 оноос Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж ирсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам нь миний багшаар ажилласан жилийг төрийн албанд ажиллаж ирсэн жилийг хэвийн тооцож, цалин хөлсийг олгосоор ирсэн. Ингээд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжин, шүүгчээр ажилласан жилүүдэд би “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг”-тээ багшаар ажилласан хугацааны Хөдөлмөрийн дэвтэр, бусад шаардсан баримтуудыг өгсөн учраас шүүхийн Тамгын газар нь миний Нийслэлийн 10 жилийн 39 дүгээр сургуульд багшаар ажилласан жилийг “төрийн албанд ажилласан жил”-д минь оруулан, цалин хөлсийг хэвийн тооцож, олгож байсан.

3.6. Гэтэл миний 2007 оноос 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байхдаа ажилласан жилдээ оруулж тооцуулж байсан Нийслэлийн 39 дүгээр дунд сургуульд багшаар ажилласан 4 жил, 11 сар 18 хоногийг "ямар шалтгаанаар нь үл ойлгогдон, төрийн албанд ажилласан жилд оруулан тооцохгүй, шүүхээр шийдвэрлүүл" гэж татгалзсан хариуг өгсөн учраас би араггүй байдалд орж, дахин 2025 оны 8 сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн тойргийн анхан шатны шүүхэд хандан, тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/09748 дугаар шийдвэрээр багшаар ажилласан 4 жил, 6 сар 18 хоногийг тогтоолгосон.

3.7. Мөн бас л шүүгчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдаж, ажиллаж чадаагүй 8 жил, 4 сар 28 хоногийг шүүгчээр ажилласан жилд оруулан тооцохгүй, дахин “шүүхээр шийдвэрлүүлэ” гэж хариу өгсөн тул би дахин 2023 оны 9 сараас иргэний хэргийн шүүх, захиргааны хэргийн шүүхүүдийг дамжин шийдвэрлүүлэхэд дахин 2 жил гаруйн хугацааг зарцуулсан. Ийнхүү энэ маргаандаа 4 жилийн хугацаанд шүүхээр 9 удаагийн шийдвэр гаргуулсан байхад Шүүхийн ерөнхий зөвлөл, түүнд ажилладаг 10 гишүүн нь намайг “шүүгчээр ажилласан жилд оруулан тооцох болон багшаар ажилласан жилээ 2025 онд анх тогтоолгосон учраас цалинг чинь нөхөж олгохгүй" гэж тохуурхах зорилготой ийнхүү “шүүхээр шийдвэрлүүлчих" гэж эелдэгээр татгалзсан болохыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга н.З******-ийн албан бичгээр өгсөн хариунаас ойлгож байна.

3.8. Угаасаа өөр арга замаар хандах, шүүгчийн хувиар шаардаад ч шүүхийн шийдвэргүйгээр эдгээр жилүүдийг ажилласан жилд оруулан тооцохгүй байсан гэдэг нь дээрх шүүхийн шийдвэрт Шүүхийн Ерөнхий зөвлөл “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт, шийдвэрүүдийг үл хүндэтгэн давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж 4 жил гаруйн хугацааг алдагдуулснаар нотлогдох юм. Ийнхүү шүүгчийг хамгаалах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн цалин хөлсний халдашгүй байдалд халдаж байгаа ба би хамгаалалтаа шаардаж байна.

3.9. Ингээд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үндэслэлгүйгээр миний ажилласан шүүгчээр ажилласан 8 жил 4 сар 25 хоногийг, багшаар ажилласан 4 жил, 6 сар 18 хоног, нийт 12 жил 11 сар, 25 хоногийг төрийн албанд ажилласан жилд оруулан тооцох, уг хугацаанд авах ёстой цалинг зөв тооцож олгохоос татгалзсан буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох цалин хөлсний зөрүүг авах хүсэлтээ гаргахад дахин Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/482 дугаар албан бичгээр уг хохирлыг нөхөн төлөхөөс татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

3.10. Нэмж тайлбарлахад Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 64, 65, 66 дугаар зарлигаар миний адил томилогдсон шүүгч н.Алтаннавч, шүүгч н.Мөнгөнцэцэг, шүүгч н.Аюушжав нарыг шүүгчээр ажиллаж ирсэн 2022 оны 05 дугаар сараас эхлэн “ажиллаагүй хугацаа болох 8 жил, 5 сарыг" нь ажилласан жилд нь нэмж тооцон, цалин хөлсийг бүрэн өгсөн атлаа дан ганц надад илтэд ялгавартай хандан, ийнхүү намайг 4 жилийн турш намайг шүүхэд хандуулж, шүүхээр шийдвэрлүүлсэн байхад одоо "шүүхийн шийдвэрээр ажилласан жилийг чинь 2025 онд тогтоосон тул нөхөж олгохгүй, шүүхийн тогтоосон хугацаанаас тооцож олгоно" гэж татгалзаж байгаа нь зориуд, санаатай ялгаварлан гадуурхсан, эсхүл шүүгчийг өөрсдийн өмнө арчаагүй, дорой байдлаар гуйлгах замаар шүүгчийн хараат бус байдлыг алгагдуулах зорилготой байна.

3.11. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2025/0510 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр “шүүгч Д.Э******-г хэд хэдэн удаа шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргаж, цаг хугацаа, сэтгэл санааны хувьд дахин хохирсон нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн дүгнэлтийг хийсэн байхад үл тоож, энэ шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн, хуулийг үл тоомсорлосон, хуулийн ил тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.12. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно” гэж заасан байна.

3.13. Хуулийн энэ заалтаас харвал шүүгчийг чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд Шүүхийн ерөнхий зөвлөл нь үл маргах журмаар цалин хөлсийг нөхөн олгох зохицуулалт гэж үзэж өөрийн ажиллаж байгаа Шүүхийн Тамгын газраар уламжлуулан 2025 онд удаа дараа Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан боловч эхлээд шүүхээр шийдүүл гэж, шүүхээр шийдвэрлүүлээд ирэхээр одоо шийдэх гэж байна гэж 2 удаа зориудаар ажилласан жилийг буруу тогтоосон, асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүйгээр цувуулж шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлэх гэж байна гэж удаа дараа хойшлуулсан, эцэст нь олгохгүй гэж хариу өгсөн нь “эрх зүйт ертөнцөд байж боломжгүй хүний эрхийн зөрчил, шүүгчийн хараат бус байдлын халдлага” болно.

3.14. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуулиар тогтоосон өөрийн чиг үүргээ үл тоомсорлон, зориуд санаатайгаар шүүгчийн цалингийн зөрүүг олгохоос татгалзсан татгалзал гаргаж байгаагаа “хамтын шийдвэр” гэдэг рүү чихэж аливаа хариуцлагаас мултардаг, шүүгчийг өөрийн захиргаанд байлгах сонирхлоо ийм байдлаар илэрхийлдэг нь тодорхой харагдаж байна ... Бусад үндэслэлүүдийг шүүх хуралдаан дээр нэмж тайлбарлах болно...” гэжээ.

3.15. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Алдангийн асуудлыг би энэ удаад дэмжээгүй, мөн татгалзаагүй болно. Татгалзвал би дахиж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ алдана гэж үзэж байгаа. Үндэслэлийн хувьд татгалзлын шалтгаан нь бичгээр өгсөн татгалзлын хүрээнд шүүхийн актыг хянаж өгөөч гэсэн хүсэлттэй гаргаж байна. Тухайн бичгээр өгсөн татгалзалд багшаар ажилласан жил, шүүгчээр ажилласан жилтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрээр он сар хугацааг тогтоосон тул нөхөн олгох боломжгүй гэж дурдсан байна. Харин би уг нөхөн олгохгүй гэж үзсэн шийдвэрийг хохирол гэж үзэж гаргуулах шаардлага тавьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, намайг 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүгчээр буцаан томилсноос хойших хугацаанд энэ хугацааг шууд тооцох ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл тухайн хугацааг тооцохгүйгээр “шүүхээр тогтоолгоод ир” гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу би шүүхээр тогтоолгож ирсэн боловч одоо “2025 оны 11 дүгээр сард тогтоолгосон байна” гэсэн үндэслэлээр нөхөн олгохоос татгалзаж байгаа. Тэгэхээр эд нар анхнаасаа энэ хугацаанд нь олгох ёстой байсан. Энэ хугацаанд олгох ёстой байсан зүйлээ олгоогүй. Анх эс үйлдэхүй байсан боловч дараа нь түүнийгээ татгалзал болгож шийдвэрлэсэн. Энэ хугацаанд олгох ёстой байсан зүйлээ олгоогүй учраас надад хохирол учирсан гэж үзэж байгаа. Иймээс надад учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Яагаад үүнийг хууль бус гэж үзэж байгаа вэ гэхээр миний багшаар ажилласан жилийн баримт хувийн хэрэгт байсан. Тэр баримт нь тухайн үед хариуцагчид хадгалагдаж байх ёстой байсан, одоо ч байж байх ёстой баримт юм. Тиймээс тухайн баримт байсаар байхад түүнийг үндэслэн шийдвэр гаргалгүй, хугацаанд нь олгох ёстой байсан эрхийг олгоогүй нь хууль бус гэж үзэж байна. Миний хувийн хэрэг дотор 2007 оноос 2013 он хүртэлх шүүгчээр ажилласан жилийн бүх баримт хувийн хэрэгт хадгалагдах ёстой юм. Гэтэл эд нар өөрсдөө устгасан. Энэ хэрэг дууссаны дараа би энэ асуудлыг тусад нь тавина. Төрийн албан хаагчийн хувийн хэргийг алга болгочхоод, дараа нь түүнийгээ үндэслэн тооцож өгөхгүй, өөрсдөө шүүхээр тогтоолго гэж явуулчхаад, шүүхээр тогтоолгоод ирэхээр “та энэ хугацааг сүүлд тогтоолгосон учраас нөхөж олгохгүй” гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр хувийн хэрэг гэдэг чинь тухайн байгууллагын хадгалж хамгаалах ёстой баримт бичиг. Намайг Хууль зүйн яамнаас шүүхэд шилжүүлэхэд хувийн хэргийг минь иргэнд өөрт нь “ав” гээд өгөөд явуулчихдаг зүйл биш. Хувийн хэрэг нь байгууллага хооронд албан ёсоор шилжиж, хадгалагдаж байх ёстой баримт юм. Яагаад гэвэл хувийн хэрэг нь тухайн байгууллагын хамгаалалтад байдаг баримт бичиг. Хувийн хэргийг тухайн төрийн байгууллага хадгалж, байнга баяжуулж байдаг. Тийм учраас хувийн хэрэг доторх баримт бичигт нэмэлт материал оруулах боломжтой байдаг учраас болгоомжлон зөвхөн албан бичгээр, байгууллага хооронд шилжүүлдэг журамтай. Энэ баримт миний гар дээр хэзээ ч ирж байгаагүй. Харин хувийн хэрэгт орсон баримт бичгүүдийг надад танилцуулдаг байсан. Тухайн өдөр ямар баримт нэмэгдсэн, ямар өөрчлөлт орсныг танилцуулж гарын үсэг зуруулдаг журамтай. Яг энэ журмын дагуу н.Энхбаатар дарга намайг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байх үед хувийн хэрэгтэй танилцуулж, “Таны хувийн хэрэг ийм байна, энэ баримтыг нэмж оруулж байна, таны цалин хөлсний баримт ийм байна” гэж танилцуулдаг байсан. Энэ бүхэн баримт бичгээр хөтлөгддөг. Дараа нь 2013 онд намайг чөлөөлөөд төрийн албанд ажиллаагүй. Миний хувийн хэрэгт ажилласан жил ийм байна гэж үзэхэд багшаар ажилласан жилийг байтугай, шүүгчээр ажилласан жилийг ч тооцоогүй. 2007 оноос 2013 он хүртэл шүүгчээр ажилласан 50 гарсан эмэгтэй хүнд 8-аас 9 жил төрийн албанд ажилласан жилийг тооцож нэмэгдэл олгож байсан. Тэгээд арай гэж шүүхээр тогтоолгоод ирэхээр одоо “үүнийг нөхөж олгох ёсгүй” гэж тайлбарлаад байгаа. Гэтэл энэ нь анхнаасаа өөрсдийнх нь буруутай үйл ажиллагааны үр дагавар юм. Уг нь өөрсдөө нөхөж олгох ёстой байсан. Хэрэв нөхөж олгохгүй гэж байгаа бол “надад учирсан хохирол” гэж үзээд хохирлоо нэхэмжилж байгаа юм. Миний нэхэмжлэлийн үндэслэл, бодит нөхцөл байдал нь ердөө энэ. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаа нь анхнаасаа миний хувийн хэрэгт байсан баримтуудыг үндэслэн төрийн албанд ажилласан жилийг тооцох ёстой байхад тооцоогүй явдал юм. Иймээс хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас надад учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байгаа юм.” гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1. “Нэхэмжлэгч Д.Э******-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын хугацааны 8 жил, 4 сар, 28 хоногийг төрийн албанд ажилласан жилд оруулан тооцох боломжгүй тухайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүгч Д. Э******-ийн төрийн албанд ажилласан хугацааг 2022 оны 05 дугаар сарын 16 ны өдрийн байдлаар 9 жил 7 сар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувиар тогтоосон.

4.2. Тухайн үед Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам" хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тус журмын 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт төрийн алба хаасан хугацааг тогтоох үндсэн баримт нь нийгмийн даатгалын дэвтэр гэж, мөн шүүгчийн ажилласан жилийг тухайн шүүхийн Тамгын газраас тодорхойлно гэж заасан. Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2/391 дүгээр албан бичгээр шүүгч Д.Э******-ийн төрийн албанд ажилласан хугацааг 9 жил 7 сар гэж тодорхойлон ирүүлж байсан. Хүчин төгөлдөр журмын дагуу шүүгч Д.Э******-ийн төрийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтад үндэслэн тооцоход 9 жил 7 сар байсан.

4.3. Үүнээс хойш Д.Э****** нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар чөлөөлөгдсөнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдох хүртэл хугацааны 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг шүүгчээр ажилласан жилд оруулан тооцох нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Тус шийдвэр Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 454 дүгээр хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзах тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсон юм.

4.4. Шүүгч Д.Э******-ийн төрийн алба хаасан хугацааг шинэчлэн тооцуулах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02/813 дугаар албан бичгээр холбогдох баримтыг ирүүлснийг судалж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолоор шүүгч Д.Э******-ийн төрийн алба хаасан хугацаанд дээрх хугацааг оруулан тооцож, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нэмэгдлийн хэмжээг 25 хувиар тогтоосон. Ийнхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шүүхээр тогтоолгосон хугацааг төрийн алба хаасан хугацаанд нэмж тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.5. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш багшаар ажилласан 4 жил 11 сар 18 хоногийг төрийн албанд ажилласан жилд оруулан тооцох шаардлагын тухайд, Нэхэмжлэгч Д.Э****** нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Д.Э****** би 1989 оны 6 сард Улсын Багшийн дээд сургуулийн Ерөнхий техникийн факультийг төгсөөд, 199 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс Нийслэл дэх Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд хөдөлмөрийн багшаар ажилласан. Ингээд 1994 оны 8 дугаар сарын 31 ний өдөр дахин суралцахаар шийдвэрлэж ажлаас гарах хүсэлтээ өгсөн юм. Ингээд суралцаж байгаад 2000 онд төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж ирсэн бөгөөд өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Нийслэлийн архиваас хувийн хэргийн материалаа шүүлгэхэд. намайг ажилд томилсон тушаал, хамгийн сүүлд ээлжийн амралт авсан тушаалаас бусад ажлаас чөлөөлсөн тушаал гэх баримт архивлагдаагүй, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна гэсэн лавлагааг бичгээр өгсөн болно. Миний 1990-1994 онд төрийн албанд ажилласан жилийг тогтоох боломжтой нотлох баримтууд намайг гадаад улсад сурч байхад устсан байх тул уг хугацааг аливаа эрх зүйн харилцаанд орохдоо нэмж тооцуулах боломжгүй байна” гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байна.

4.6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/09748 дугаар шийдвэрээр "1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы 39 дүгээр дунд сургуульд багшаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай" гэж шийдвэрлэжээ.

4.7. Уг шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02/813 дугаар албан бичгээр ирүүлснийг судлан үзэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолоор шүүгч Д.Э******-ийн төрийн алба хаасан хугацаанд дээрх хугацааг оруулан тооцож, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нэмэгдлийн хэмжээг 25 хувиар тогтоосон. Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн 39 дүгээр дунд сургуульд багшаар ажиллаж байсан хугацаа тодорхойгүй, нотлох баримтгүй тул төрийн албанд оруулан тооцох боломжгүй байсан.

4.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтоохоор заасан. Иймээс шүүхээс эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоогоогүй, үүнийг нотлох баримтгүй байхад төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээх боломжгүй юм.

4.9. Дээрх захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдэд шүүгч Д.Э******-ийн төрийн албанд ажилласан жил тогтоолгосон хугацаанд хамаарах төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийн зөрүүг нөхөн олгох талаар тусгаагүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлага болох төрийн алба хаасан хугацааны зөрүү нийт 15.346.325 төгрөг, алданги 5,171,052 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нөхөн өгөх боломжгүй.

4.10. Нэхэмжлэгчийн үндэслэл болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7 дахь заалт нь учирсан гэм хор нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болохыг шаардана. Гэтэл нэхэмжлэгч өөрөө болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас нэхэмжлэгчийг төрийн албанд ажиллаж байсан хугацааг нотлох баримтаа ирүүлээгүй асуудалд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус үйл ажиллагаа байсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн алданги нэхэмжилсэн байгаа нь нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого гэж үзэхгүй. Иймд Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэлт тайлбар хэлэхэд, нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь хэсэгт заасан учирсан гэм хор нь хариуцагчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Гэтэл 2022 онд шүүхийн журмын дагуу тухайн шүүхийн Тамгын газар болон нэхэмжлэгчийн зүгээс төрийн албанд ажилласан хугацааг нотлох баримтыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлээгүй. Харин тухайн үед ирүүлсэн баримтын хүрээнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухай бүр тогтоож, холбогдох тогтоолыг гаргасан байдаг. Тэгэхээр сүүлд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл тухайн үед нэмэгдлийг олгоогүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй юм. Алдангийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дүнг олох ёстой орлого гэж үзэх боломжгүй. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбараа дэмжиж байна.” гэв.

4.12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022-2026 онд хугацааг нөхөн тооцуулах асуудлыг хэрэгжүүлж байгаа. Шүүгчээр ажилласан 8 жил 4 сар, багшаар ажилласан 4 жил 11 сар болохыг тогтоосон. Тэгэхээр анх 2022 онд ямар үйл баримт байсан бэ гэдэг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. 2022 онд шүүгчээр ажилласан жилийг тогтоохдоо Улсын Их Хурлын тогтоолоор баталсан журамд заасны дагуу тухайн шүүхийн Тамгын газраас тодорхойлолт ирүүлж, түүнийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоодог зохицуулалттай байсан. Тухайн үед Шүүхийн Тамгын газраас 9 жил 7 сар гэсэн лавлагаа, мэдээллийг ирүүлсэн. Мөн нотлох баримтаар нийгмийн даатгалын дэвтрийг авсан бөгөөд нийгмийн даатгалын дэвтрийн шимтгэл төлсөн лавлагааны хамгийн арын бичилтэд 2007 онд Хууль зүйн яамнаас чөлөөлөгдсөн тухай тэмдэглэл байсан. Иймд 2007 оны Хууль зүйн яаманд ажилласан хугацааг нэмж тодруулж, Хууль зүйн яаманд ажилласан жил болон шүүгчээр ажилласан жилийг нэмж тооцсоноор тухайн үед 2022 онд 12 жил 7 сар буюу 10 хувийн нэмэгдэл олгохоор тогтоосон байдаг. 2022 онд багшаар ажилласан 4 жил 11 сартай холбоотой баримт, материал Шүүхийн ерөнхий зөвлөлд ирээгүй байсан. Тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлд энэ асуудалтай холбоотой баримт, материал байсан эсэхийг өнөөдөр шүүхийн журмаар шалгаж үзэхэд, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа, мэдээлэл хэрэгт авагдаагүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Тэгэхээр шаардлагатай нотлох баримтад үндэслээгүй ийм нөхцөлд маргаантай үйл баримтыг тогтоох чиг үүрэг нь захиргааны байгууллагад биш, гагцхүү шүүхэд хамаардаг. Иймээс багшаар ажилласан хугацаатай холбоотой энэхүү маргаантай үйл баримтыг тогтоосон шүүхийн шийдвэр 2025 онд хүчин төгөлдөр болсон. Улмаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа, 2026 оны 01 дүгээр сард шүүгчийн төрийн алба хаасан хугацаанд маргаан бүхий бүх хугацааг оруулан тооцож, 25 хувийн нэмэгдэл тооцож олгосон. Нэхэмжлэгч 2022 оноос эхлэн энэ хугацааг нөхөн тооцох ёстой байсан гэж үзэж байгаа. Иймд 2022 онд ямар баримт бичгийг үндэслэн төрийн алба хаасан хугацааг тооцох байсан бэ гэдэг асуудал үүсэж байна. Энэ баримт бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө эрж хайж олох бүрдүүлэх чиг үүрэггүй. Учир нь энэ нь тусгай журмаар зохицуулагдсан харилцаа бөгөөд тухайн шүүхийн Тамгын газар төрийн алба хаасан хугацааг тодорхойлж, холбогдох баримт, тодорхойлолтыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх чиг үүрэгтэй. Шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсны дараа эдгээр баримт, материалыг тухайн шүүхийн Тамгын газраас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл төрийн алба хаасан хугацааг тогтоож, нэмэгдлийг олгох эсэхийг шийдвэрлэдэг ийм зохицуулалт үйлчилж байгаа юм” гэв.

4.13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүгийн асуудлын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын сүүлд хүргүүлсэн албан бичигт энэ талаар тодорхой тусгасан байгаа. Тухайлбал, ажилласан жилийн тухайд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаар шийдвэрээр шүүгчээр ажиллаагүй байсан 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцож, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон нэмэгдлийн хувийг тогтоохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасан байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31 ний өдрийн магадлалаар дээрх 87 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд энэ талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байгаа. Анх Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 227 дугаар тогтоол гарсан боловч 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаар шийдвэр гарах хүртэл ажилласан жилийн асуудал тодорхой болоогүй байсан. Санхүүгийн баримт,  тооцооны хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг үндэслэн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тооцож олгодог тул 87 дугаар тогтоол нь 2025 оноос хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт олгох мөнгөн дүнг тусгайлан тогтоогоогүй байгаа. Тиймээс тухайн хугацааг яг хэдий үеэс хэрхэн тооцох ёстой вэ гэдгийг эхлээд тодорхой болгож, үүний үндсэн дээр мөнгөн дүнг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Төрийн алба хаасан хугацааг хэдий үеэс ямар байдлаар тооцох нь тодорхой болсны дараа санхүүгийн тооцооллыг хийж, холбогдох мөнгөн дүнг тогтоох боломжтой гэж үзэж байгаа юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Э******-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 16 ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны хооронд Д.Э******-ийн шүүгчээр ажилласан 8 жил, 4 сар, 28 хоногийг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс одоог хүртэл багшаар ажилласан 4 жил, 6 сар, 18 хоногийг төрийн албанд ажилласан жилд оруулан тооцохоос татгалзсан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 15,346,325.28 төгрөг, уг хугацааны алданги 5,171,052 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Шүүх хуралдааны явцад “...алданги 5,171,052 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр буцаан томилогдож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 227 дугаар тогтоолын хавсралтын 2-д зааснаар нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааг 12 жил, 7 сараар тогтоосон байна.

2.2. Улмаар нэхэмжлэгчээс 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг Монгол Улсад ажилласан болон шүүгчээр ажиллаж байсан жилд оруулан тооцож, нэмэгдлийг олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 510 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 454 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзжээ.

2.3. Мөн нэхэмжлэгч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатар районы 39 дүгээр дунд сургуульд багшаар 4 жил 6 сар 20 хоног ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9748 дугаар шийдвэрээр “... 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатар районы 39 дүгээр сургуульд багшаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож” шийдвэрлэсэн байна. 

2.4. Дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолоор шүүгч Д.Э******-ийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 25 хувь буюу төрийн алба хаасан хугацааг 29 жил 2 сараар тогтоожээ.

2.5. Үүний дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Санхүүжилт шийдвэрлүүлэх тухай” 02/120 дугаар албан бичгээр “... шүүгч Д.Э******-ийн 8 жил 4 сар 28 хоногийг мөн багшаар ажиллаж байсан 4 жил 6 сар 20 хоног, нийт 12 жил 11 сар 18 хоногийг шүүгчийн төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцож, шүүгчийн төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг шинэчлэн тогтоолгохоор хүргүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолоор төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг 25 хувиар шинэчлэн тогтоож ирүүлсэн байна. Иймд ... шүүгчийн төрийн алба хаасан хугацаа болон шүүгчээр ажилласан жилийг дутуу тооцон олгож байсан цалингийн зөрүү болон шүүгчийн ээлжийн амралтын зөрүү 5,819,825.8, төрийн алба хаасан хугацааны зөрүү 9,526,500 нийт 15,346,325.28 төгрөгийг нөхөж олгох санхүүжилтийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргажээ.

2.6. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/482 дугаар албан бичгээр “...шүүгчийн төрийн алба хаасан хугацаа нэмэгдлийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тогтоож, нэмэгдүүлсэн тул энэ үеэс эхлэн нэмэгдлийг олгох нөхцөл бүрдсэн. Шүүгч Д.Э****** 2007 оноос хойш шүүгчээр ажиллаж байхдаа багшаар ажилласан дээрх хугацааг тогтоолгоогүй, хожим нь 2025 онд шүүхээр тогтоолгожээ. Дээрх шүүхийн шийдвэрт түүний 2022 оноос 2025 онд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийн зөрүүг тооцож нөхөн олгох талаар тусгаагүй байх тул төрийн алба хаасан хугацааны зөрүү, нийт 15,346,325 төгрөгийг нөхөж олгох боломжгүй байна” гэх хариуг өгчээ. Улмаар нэхэмжлэгчээс тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.3-т “Шүүгчийн хараат бус байдлыг дараах баталгаагаар хангана”, 42.3.4-д “шүүгчийн эдийн засгийн болон нийгмийн хангамж, халамжийн тогтолцоог энэ хууль болон бусад хуулиар бүрдүүлэх, хангах”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ”, 46.3-т “Ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд тогтоож, нэмэгдэл олгох журмыг батална”, 70 дугаар зүйлийн 70.1-д “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн”, 70.2.3-д “шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 73 дугаар зүйлд “Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гээд 73 дугаар зүйлийн 73.1 т “Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 73.1.1-т “энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах”, 73.1.2-т “шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

2.8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй төдийгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг шүүгчийн хараат бус байдал болон шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд сэргээх арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх гэж хуульчилжээ.

2.9. Гэтэл хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь уг чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэлгүй “шүүгч Д.Э****** нь 2007 оноос хойш шүүгчээр ажиллаж байхдаа багшаар ажилласан дээрх хугацааг тогтоолголгүй, хожим нь 2025 онд шүүхээр тогтоолгосон. Дээрх шүүхийн шийдвэрт шүүгч Д.Э******-д түүний 2022 оноос 2025 онд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг хувийн зөрүүг тооцож нөхөн олгох талаар тусгаагүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шүүхээр тогтоолгосон хугацааг төрийн алба хаасан хугацаанд нэмж тооцсон” гэж төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийн зөрүүг тооцож олгоогүй нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа гэж үзэхээр байна.

2.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Э******-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0087 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31 ний өдрийн 0510 дугаар магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09748 дугаар шийдвэрээр тус тус тогтоогдсон байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй” гэж зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзлээ.

2.11. Түүнчлэн, нэхэмжлэгчээс өөрт учирсан хохирол болох 15,346,325.28 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нөхөн гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зааснаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.

2.12. Хэдийгээр хариуцагчаас “... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шүүхээр тогтоолгосон хугацааг төрийн алба хаасан хугацаанд нэмж тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэрүүдэд шүүгч Д.Э******-ийг төрийн албанд ажилласан жил тогтоолгосон хугацаанд хамаарах төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийн зөрүүг нөхөн олгох талаар тусгаагүй” гэж тайлбарлах боловч энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3-д тус тус заасанд нийцэхээргүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 16 ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны хооронд Д.Э******-ийн шүүгчээр ажилласан 8 жил, 4 сар, 28 хоногийг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс одоог хүртэл багшаар ажилласан 4 жил, 6 сар, 18 хоногийг төрийн албанд ажилласан жилд оруулан тооцохоос татгалзсан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 15,346,325.28 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “...алданги 5,171,052 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.7, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 70 дугаар зүйлийн 70.2.3, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э******-ээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны хооронд Д.Э******-ийн шүүгчээр ажилласан 8 жил, 4 сар, 28 хоногийг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс одоог хүртэл багшаар ажилласан 4 жил, 6 сар, 18 хоногийг төрийн албанд ажилласан жилд оруулан тооцохоос татгалзсан хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 15,346,325.28 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА