2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/06068

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         07         21                                              191/ШШ2025/06068

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  байр,  дугаар регистртэй, “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: тоотод,  дугаар регистртэй, “Б” НҮТББ-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага:

“Л” болон “Б” НҮТББ-ын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 26.038.000 төгрөг, алданги 13.019.000 төгрөг, нийт 39.057.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь шүүх хуралдааны товыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.         

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч “Б” НҮТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч “Б” НҮТББ нь 2021 оноос эхлэн нэхэмжлэгчийн Л төвийн түрээсийн талбайн тодорхой хэсгийг “Ажлын байрны талбай түрээслэх гэрээ” байгуулан дараах гэрээний гол нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, түрээсэлсэн. Үүнд: 2021 оны 05 дугаар дугаар сарын 01-ний өдрийн 2020 тоот “Ажлын байрны талбай түрээслэх гэрээний 2.1-д зааснаар түрээсийн 1 м.кв талбайг 30.000 төгрөгөөр, 1 сарын түрээсийн төлбөр нийт 132 м.кв 3.960.000 төгрөгөөр, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар түрээсэлсэн, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарыг дуустал нийт 9 сарын төлбөр 35.640.000 төгрөг төлөхөөр талууд тус тус харилцан тохиролцсон. 2022 оны 10 дугаар дугаар сарын 01-ний өдрийн 2022/19 тоот “Ажлын байрны талбай түрээслэх гэрээний 2.1-д зааснаар түрээсийн 1 м.кв талбайг 33.000 төгрөгөөр, 1 сарын түрээсийн төлбөр нийт 132 м.кв 4.356.000 төгрөгөөр, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар түрээслэх гэрээ хийсэн ч 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал 3 сарын хугацаанд 1 сарын 4.356.000 төгрөгөөр түрээсэлсэн, нийт төлөх төлбөр нь 13.068.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2023 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 2023/21 тоот “Ажлын байрны талбай түрээслэх гэрээний 2.1-д зааснаар түрээсийн 1 м.кв 40.000 төгрөгөөр, 1 сарын түрээсийн төлбөр нийт 64 м.кв 2.560.000 төгрөгөөр, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээ хийсэн ч 2023 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал нийт 9 сарын хугацаатайгаар түрээсэлсэн, нийт төлөх төлбөр нь 23.040.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал 15 м.кв талбайтай өрөөг 1м.кв 45.000 төгрөгөөр нийт 675.000 төгрөгөөр 6 сарын хугацаатайгаар түрээсэлсэн ба нийт төлөх төлбөр нь 4.050.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч “Б” НҮТББ нь тухайн сарын түрээсийн төлбөрийг гэрээний 2.2-т заасанчлан сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн ба 2022, 2023, 2024 оны түрээсийн төлбөрт нийт 75.798.000 төгрөг төлөхөөс 49.760.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 26.038.000 төгрөг төлөгдөөгүй байгаа болно. Манай зүгээс гэрээний дагуух хамтын ажиллагаандаа хүндэтгэлтэй хандаж, хариуцагчийн 2022, 2023, 2024 оны түрээсийн төлбөрөө төлж барагдуулах хангалттай боломжит хугацаанд хүлээцтэй хандаж түрээсийн төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардлага тавьж, хандсан боловч хариуцагч санаатайгаар утсаа авахгүй зугтаж, төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй зөрчиж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2020/., 2022/19, 2023/21 тоот гэрээний 1.3, 6.5.2-т заасан үндэслэлээр 2024 оны 04 дүгээр дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон болно. Хариуцагч түрээсийн төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулах тухай баталгаа өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй, сүүлдээ утсаа авахгүй зугтааж байгаа. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Б” НҮТББ-с түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 26.038.000 төгрөгийг 2020/, 2022/19, 2023/21 тоот гэрээний 2.1, 2.2, 3.1.1, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319.1-д зааснаар нэхэмжилж байна. Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйгээс алданги 13.019.000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн үндэслэл хариуцагч “Б” НҮТББ-н хувьд 2022, 2023, 2024 онуудын түрээсийн гэрээ байгуулсан цагаас хойш гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж байгаагүй, дандаа хугацаа хэтрүүлж түрээсийн төлбөрийг төлөхөөс гадна түрээсийн төлбөрийг хэзээ ч бүрэн төлж байгаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2020/, 2022/19, 2023/21 тоот гэрээний 2.2-т зааснаар хариуцагч буюу түрээслэгч түрээсийн төлбөрийг сар бүрийн 5-ны дотор сар бүрийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч хугацаандаа төлөөгүй учир гэрээний 2020/, 2022/19, 2023/21 тоот гэрээний 7.6-д заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцохоор тохиролцсоны дагуу алданги тухайд бүрд нь тооцож үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” заасны дагуу төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл 26.038.000 төгрөгийн 50 хувь болох 13.019.000 төгрөгийн алдангийг гэрээний 2.2, 7.6, Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар нэхэмжилж байна. Б” НҮТББ-аас Ажлын байрны талбай түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 26.038.000 төгрөг, алданги 13.019.000 төгрөг, нийт 39.057.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус холбоо нь 2021 оноос Л төвийн 7 дугаар давхрын 132 м.2 талбайг ашиглан байрны зориулалтаар түрээслэж эхэлсэн. Тухайн үед ковид-19 цар тахал гарсан хөл хорионы үед бид ямар нэгэн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэлгүй түрээсээ төлж байсан. 4 өрөөний 1 өрөө нь тагтны хэсгээс маш хүйтэн хүн ашиглах боломжгүй. 1 өрөө нь ариун цэврийн өрөөний суултуур нь ажиллахгүй, сууж ажиллах өрөөний шалнаас 30-40 см салж шохой хөгцөрч нурсан байдалтай байсан. Энэ талаар удаа дараа засвар хийж өгөхийг С.Г болон менежер нарт хэлсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй Иймд 15 м,2 нэг өрөөнд орж бусад өрөөг өгсөн. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй улмаас үйл ажиллагаа доголдсон. Манай талаас өөрийн хэрэглэсэн өрөөний тооцоо болох 15.000.000 төгрөгийг төлөхөд бэлэн байсан ч Нийгмийн даатгалын сангаас царцаасан гүйлгээ хийх боломжгүй болсон. Хэрэглэсэн төлбөр 15.000.000 төгрөгийг төлөх боломжтой. Хүү алдангийг төлөх боломжгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2022/19 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 2023/21 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ, “Б” ТББ төлбөр төлөлт, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Б” ТББ Баталгаа гаргах баримт, “Б” ТББ төлбөр төлөлт, оффис хүлээлцэх акт, 3 ширхэг фото зураг,

Хариуцагчаас 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020 тоот “Ажлын байрны талбай” түрээслэх гэрээнд 1 м.кв талбайг 30.000 төгрөгөөр, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2022/19 тоот “Ажлын байрны талбай” түрээслэх гэрээнд 1 м.кв талбайг 33.000 төгрөгөөр, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/21 тоот Ажлын байрны талбай түрээслэх гэрээнд 21 м.кв 40.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.Б” НҮТББ түрээсийн төлбөрийг 2024 оны 06 сарын дотор бүрэн төлж барагдуулах тухай баталгаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй учир 39.057.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: 15.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2022/19 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/21 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ, “Б” ТББ төлбөр төлөлт, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Б” ТББ Баталгаа гаргах баримт, “Б” ТББ төлбөр төлөлт, оффис хүлээлцэх акт, 3 ширхэг фото зураг, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020 дугаартай “Л” ХХК, “Б” ТББ нарын хооронд “Ажлын байрны талбай түрээслэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр “Л” ХХК-ийн өмчлөлийн Л оффис цогцолбор барилгын 7 давхарт байршилтай 132 м.кв талбайг түрээслүүлэх, 1 м.кв талбайг 30.000 төгрөгөөр, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарыг дуустал нийт 9 сарын төлбөр 35.640.000 төгрөг төлөхөөр, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2022/19 дугаартай “Л” ХХК, “Б” ТББ нарын хооронд “Ажлын байрны талбай түрээслэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр “Л” ХХК-ийн өмчлөлийн Л оффис цогцолбор барилгын 7 давхарт байршилтай 132 м.кв талбайг түрээслүүлэх, 1 м.кв талбайг 33.000 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарыг дуустал 3 сарын хугацаанд 1 сарын 4.356.000 төгрөгөөр, нийт 13.068.000 төгрөгөөр, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/21 дугаартай “Л” ХХК, “Б” ТББ нарын хооронд “Ажлын байрны талбай түрээслэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр “Л” ХХК-ийн өмчлөлийн Л оффис цогцолбор барилгын 7 давхарт байршилтай 64 м.кв талбайг түрээслүүлэх, 21 м.кв 40.000, 2023 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал нийт 9 сарын хугацаатайгаар түрээсэлсэн, нийт төлөх төлбөр нь 23.040.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал 15 м.кв талбайтай өрөөг 1м.кв 45.000 төгрөгөөр нийт 675.000 төгрөгөөр 6 сарын хугацаатайгаар түрээсэлсэн ба нийт төлөх төлбөр нь 4.050.000 төгрөгөөр түрээслүүлсэн байх бөгөөд түрээслэгч “Л” ХХК нь түрээсийн хөлсийг сар бүрийн 5-ны өдөр төлөх үүргийг хүлээжээ.

 

Дээрх 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020 дугаартай “Ажлын байрны талбай түрээслэх гэрээ”, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2022/19 дугаартай “Ажлын байрны талбай түрээслэх гэрээ”, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/21 дугаартай “Ажлын байрны талбай түрээслэх гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон харилцан солилцох үүргийн харилцаа үүссэн, гэрээний гол нөхцөл болох түрээслүүлэгч талбайг шилжүүлэх, түрээслэгч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тодорхойлсон, мөн гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд түрээслэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд энэхүү гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэв.

 

2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Баталгаа гаргах нь” гэх баримтад 2024 оны 06 дугаар сарын 25-нд 5.000.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-нд 5.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-нд 5.000.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-нд 5.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-нд 5.000.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-нд 5.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-нд 2,437,000 төгрөг төлж дуусгахаар тооцоо нийлэв гэж харилцан тохиролцсон байна. /хавтаст хэргийн 31 дугаар тал/

  

Иймд хариуцагч “Б” ТББ-иас 26.038.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Алданги 13.019.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.6-д “Түрээсийн төлбөр болон нэмэлт ашиглалтын тооцоог гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлсэн бол хэтэрсэн хоног тутамд нийт дүнгийн 0,5 хувийн алданги тооцно” гэж заажээ. Иймд алданги 13.019.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 353.235 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч “Б” НҮТББ-иас 353.235 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Л” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар  зүйлийн 115.2.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” НҮТББ-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 26.038.000 төгрөг, алданги 13.019.000 төгрөг, нийт 39.057.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Л” ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 353.235 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч “Б” НҮТББ-иас 353.235 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Л” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ДАВААСҮРЭН