| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0188/э |
| Дугаар | 2018/ШЦТ/188 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Б.М-д холбогдох эрүүгийн 1821000000207 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ....... овогт Б.М, Монгол Улсын иргэн /........../, ....... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цахиур” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...... дугаар багийн .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 05 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ухаа арал” нэртэй амралтын газарт иргэн Э.Даваанямтай марган улмаар нүүрэн тус газарт цохиж иргэн Э.Даваанямын биед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, няцарсан шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин алдаа гаргахгүй гэв.
Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2018 оны 06 дугаар сарын 01-ний орой 22 цагийн орчимд эхнэр Наранчимэг, найз Мөнхбат, Ганбат, Цолмонбаатар, Намхай нар гэр бүлийнхэнтэйгээ хамт Булган сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ухаа арал” амралтын газарт очиж байшин авч хонохоор болсон. Бид хэд юм ярингаа архи, пиво тойруулж уусан...Үүрээр Ганбат босоод үүдэнд гараад бие зассан. Тэгэхэд тус амралтын газарт амарч байсан өөр нэг залуу Ганбатыг “бүдүүлэг мангар” гээд загнаад маргалдаж байгаад орж ирсэн. Удалгүй араас нь Давааням /өмнө нь нэрийг нь мэддэггүй байсан сүүлд нэрийг нь мэддэг болсон/ орж ирээд Ганбат руу “бүдүүлэг юм, жоохон соёлтой бай” гэж хэлснээс болж маргалдахад Ганбат, Намхайтай хамт Даваанямыг түлхээд гаргаж маргалдахад Ганбатыг хүн алгадахаар нь очоод Даваанямыг зодчихлоо гэж бодоод би Даваанямын нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохиход хөмсөгнөөс нь цус гараад цааш яваад өгсөн. Өөр цохиж зодоогүй.... Би энэ гэмт хэргийг үйлдсэн минь үнэн...” гэжээ. /хх 30/
Хохирогч Э.Давааням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө би өөрийн гэр бүл болон найзуудын хамт “Ухаа арал” амралтын газарт амарч байсан юм...05 цагийн орчимд бид нар өөрсдийн түрээслэж авсан байшиндаа унтаж байтал гаднаас намхан биетэй цээж нүцгэн залуу орж ирсэн. Тэгээд би тэр согтуу хүнд “Наана чинь шалдан нүцгэн эмэгтэй хүн унтаж байна, гараач дээ” гэж хөөсөн. Тэгээд тэр залуу явсны дараа манай эхнэр маань гадаа суухаар гарсан ба хажуу байрны хүмүүстэй маргалдаад байсан...эхнэрээсээ “юу болсон” талаар асуухад, “Согтуу залуу бид нарын байшингийн өөдөөс хараад шээгээд байна, бид нарыг хэл амаар доромжлоод байна” гэж хэлсэн...Тухайн үед байшингийн гадаа сүүдрэвчин дотор 4 согтуу залуу сууж байсан. Би тэд нарт “Та бие засах газраа бие зас, байшингийн гадуур хүүхдүүд мөлхөж алхана, та нарын хувийн эзэмшил биш шүү дээ” гэж хэлсэн. Тэр залуучууд намайг хараад “Чи хаанаас ирсэн баатар бэ” гээд надтай маргалдаж өөдөөс маань томроод байсан...Тэгж байгаад би өөрийнхөө байшингийн хажууд ирээд нэг хөх фудволкотой залууд цохиулж ойчсон ба тухайн үед миний ухаан балартсан... Миний хөмсөг сэтэрсэн, бас толгой маань хөндүүр байна...” гэжээ. /хх 11/
Гэрч Ж.Цолмонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны шөнө би эхнэр Туяаг хүүхдийнхээ хамт автомашиндаа оруулж унтуулчихаад өөрөө буцаж амралтын байшингийн үүдний саравчинд М, Ганбат, Намхай нартай хамт архи ууж юм яриад сууж байхад өглөө үүрээр Ганбатыг нэг эмэгтэй “шээлээ” гээд загнаад маргалдаад байсан. Удалгүй нэг танихгүй залуу саравчинд орж ирээд “та нар соёлтой бай, нойлдоо шээ” гээд маргаан үүсгэхэд Ганбат өөдөөс нь уучлалт гуйгаад “одоо яв” гэж хэлэхэд Намхай, Ганбат нар саравчнаас тэр залууг түлхээд гадаа гаргахад Ганбатыг нэг эмэгтэй нь алгадсан тэгэхэд М босч ирээд тэр залуутай маргалдаж нэг удаа гараараа нүүр рүү нь цохиход хөмсөг нь сэтэрч цус гараад цааш яваад өгсөн...” гэжээ. /хх 18/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 425 тоот дүгнэлтэд: "1.Э.Даваанямын биед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, няцарсан шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлийн баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, няцарсан шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод уруулын зөөлөн эдийн няцрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 25/
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримт болон Мөрдөн шалгах ажиллагаанд Гэрч Ц.Наранчимэг /хх 14/, Л.Наранчимэг /хх 15/, Э.Намхай /хх 19/, О.Мөнхбат /хх 16/, Л.Оргилмаа /хх 20/, Ж.Нандин-Эрдэнэ /хх 22/, хохирогч Э.Давааням /хх 10-11/, шүүгдэгч Б.М /хх 12-13/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Яаралтай тусламжийн хуудас /хх 12/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх 35-36/, Прокурорын ялын санал /хх 45/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуудас /хх 35/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 05 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ухаа арал” нэртэй амралтын газарт Э.Даваанямтай марган улмаар нүүрэн тус газарт цохиж хохирогч Э.Даваанямын эрүүл мэндэд “ баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, няцарсан шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч өөрөө үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Ж.Цолмонбаатарын “...М босч ирээд тэр залуутай маргалдаж нэг удаа гараараа нүүр рүү нь цохиход хөмсөг нь сэтэрч цус гараад цааш яваад өгсөн...” /хх 18/ гэх,
Гэрч Л.Наранчимэгийн “...Нэг танихгүй залууг манай найз М нэг удаа нүүр рүү нь гараараа цохиход тэр залуугийн хөмсөгнөөс цус гарсан...” /хх 15/ гэх,
Гэрч Э.Намхай /хх 19/, О.Мөнхбат /хх 16/, Л.Оргилмаа /хх 20/, Ж.Нандин-Эрдэнэ /хх 22/, хохирогч Э.Давааням /хх 10-11/, шүүгдэгч Б.М /хх 12-13/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Яаралтай тусламжийн хуудас /хх 12/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 425 тоот дүгнэлт зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хохирогч Э.Даваанямын эрүүл мэндэд учирсан “баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, няцарсан шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газар гараар цохисон шүүгдэгч Б.М-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Мөн Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангасан, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1821000000207 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт хохирогчид 500000 төгрөг төлсөн, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ....... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овогт Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-д анхааруулсугай.
4. Эрүүгийн 1821000000207 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.М-н /.........../ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ