Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02364

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02364

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02491 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Милена майлд ХХК, Л.Жавзандулам, Н.Мөнхбаяр нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 106 569 996 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, батлан даагчаар хариуцлага хүлээлгэх тухай,

Голомт банк ХХК болон Н.Мөнхбаяр нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаар ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаа хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай хариуцагч Н.Мөнхбаярын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Милена майлд ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Б.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банк нь Милена майлд ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ1410013482 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 150 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Энэ зээлийн эх үүсвэр нь Чингис бондын мөнгө бөгөөд тусгай зориулалтын дагуу арилжааны банкуудаар дамжуулан олгогддог. Зээлдэгч Милена майлд ХХК нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, үүргийн зөрчил гаргасан, зээлээ төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул манай банк 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээг цуцалж, зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шүүхэд хандсан. Манай банк Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу Милена майлд ХХК-ийн зээлийн эх үүсвэрийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр буцаан төлсөн тул уг өдрөөс хойшоо Милена майлд ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар 22.8 хувийн хүү тооцогдох ёстой. Иймд зээлийн гэрээг цуцалж, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн төлбөрт нийт 106 569 996 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Мөнхбаяртай байгуулсан барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-51 тоот хаягт байрлах Ү-2204046340 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулах, Л.Жавзандуламтай байгуулсан барьцааны гэрээний дагуу 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машиныг худалдан борлуулах эрхтэй болохыг тогтоолгох, мөн Л.Жавзандуламтай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу Милена майлд ХХК үүргээ гүйцэтгээгүй бол түүнд нөхөх хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Милена майлд ХХК болон Л.Жавзандулам нараас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Милена майлд ХХК нь Голомт банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, Шима сэйки /Shima Seiki/ маркийн бүрэн автомат нэхмэлийн машин худалдан авах зорилгоор 150 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Эдийн засгийн хямралаас болоод хавсралтад заасан хуваарийн дагуу төлж чадаагүй. Гэвч өөрсдийн боломжоороо төлсөөр байгаа. Манай компанийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 77 161 123 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлийн төлбөр 79 084 563 төгрөгийг зөвшөөрч байна.

Банк дээрх зээлийн төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгээс хасах дарааллаар авч байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2, 216.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Түүнчлэн зээл олгохдоо 750 000 төгрөгийн шимтгэл авсныг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани нь Голомт банктай жилийн 8 хувийн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан байхад Голомт банк ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс жилийн 22.8 хувиар хүүг тооцон нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Голомт банк ХХК нь зээлийн батлан даалтын сантай мөн батлан даалтын гэрээ байгуулсан тул зээлийн батлан даалтын санг хариуцагчаар татаж, түүнд гэрээний дагуу хариуцлага хүлээлгэх ёстой гэжээ.

 

Хариуцагч Н.Мөнхбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцааны гэрээнд Н.Мөнхбаяр гарын үсэг зураагүйгээс гадна Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 51 тоот үл хөдлөх хөрөнгө Н.Мөнхбаярын нэр дээр бүртгэлтэй боловч Ч.Нямдорж, Л.Янжиндулам нарын мөнгөөр авсан тэдний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө юм. Эдгээр хүмүүсээс зөвшөөрөл аваагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Мөнхбаярын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00251 дугаар шийдвэрээр Ч.Нямдорж, Л.Янжиндулам нарыг Голомт банкны барьцаалсан гэх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200-51 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гаргасан. Голомт банк ХХК нь үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчид болох эдгээр хүмүүсээс зөвшөөрөл аваагүй байхдаа барьцааны гэрээг байгуулсан тул Н.Мөнхбаяр болон Голомт банк ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаар ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Н.Мөнхбаяр бүртгэгдсэн байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Милена майлд ХХК-иас 100 348 103 төгрөгийг гаргуулан Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6 221 893 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан Голомт банк ХХК нь, Шима сэйки /Shima seiki/ маркийн тус бүр нь 20 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий, №7620, №6075 дугаартай 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машинуудын үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046340 дугаарт бүртгэгдсэн, 42.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан Милена майлд ХХК нь үүргээ эс биелүүлбэл биелүүлээгүй үнийн дүнг батлан даагч Л.Жавзандуламаас нөхөн гаргуулж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н.Мөнхбаяр болон Голомт банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ИГ1410013482 дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай Голомт банк ХХК-д холбогдох Н.Мөнхбаярын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 974 933 төгрөгийг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 667 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Милена майлд ХХК, Л.Жавзандулам, Н.Мөнхбаяр нараас 659 690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Милена майлд ХХК-ийн төлөөлөгч Л.Жавзандулам давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэгт 94 904 892 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа 12 714 025 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хүүг 22,8 хувиар тооцсон. Дээрх нэмэгдүүлсэн шаардлагыг 8 хувийн хүүгээр тооцвол үндсэн хүүнд 2 839 686 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 567 937 төгрөг байх ба нийт 3 407 623 төгрөг байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 12 714 025 төгрөгөөс хасагдах учиртай 9 874 339 төгрөгийг буруу тооцоолж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Компаниас төлсөн зээлийн эргэн төлөлтийг банк нь өөрийн дураар компанийн хүсэл зоригийг харгалзалгүй хамгийн түрүүнд нэмэгдүүлсэн хүү, дараа нь үндсэн хүүгээс хасах дарааллаар суутган авсныг шүүхээс Милена майлд ХХК нь төлбөр төлөхдөө төлбөрийн зориулалт зааж зээлийн төлбөр, үндсэн хүү, торгуулийн хүү төлсөн болох нь зээлдэгчийн зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь өөрийн сонголтоор зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн гэж үзнэ гэсэн нь буруу болсон. Банк нь зээлийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хууль бус шимтгэлийг авсныг шүүхээс гэрээгээр харилцан тохиролцсон тул төлбөрөөс хасагдахгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Банк нь зээл олгож буй өөрийн давуу байдлаа ийнхүү хууль бусаас эрсдэлийн менежментийн шимтгэл гэх тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар үндсэн зээлээс авч байгаа нь зөв байх учиргүй юм.

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Н.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхболд гэх хүн оролцоогүй байтал шүүхийн шийдвэрт Н.Мөнхболд шүүх хуралдаанд оролцсон гэж бичсэнийг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр компаниас 100 348 103 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 21 263 540 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ..

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Милена майлд ХХК, М.Цэгмид, Н.Мөнхбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 106 569 996 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, батлан даагчаар хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, Голомт банк ХХК болон Н.Мөнхбаяр нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ИГ1410013482 дугаар ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаа хөрөнгийн жагсаалтаас хасуулахаар хариуцагч Н.Мөнхбаяр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн нотолгооны хэрэгслийн нэг төдийгүй шүүх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж байгаа болон шүүх хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахин биелүүлж байгааг харуулах гол баримт юм. Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 10ы өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгч гарын үсэг зураагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Хариуцагч Н.Мөнхбаяр нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр О.Энхсаруулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээлгэхээр итгэмжлэл олгосон байна. Харин шүүхийн шийдвэрт хариуцагч Н.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Мөнхболд оролцсон гэж, шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч Н.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Энхсаруул оролцсон гэж зөрүүтэй бичигдсэнээс, шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлөн оролцсон этгээд тодорхой бус байна. Иймд хариуцагч Милена майлд ХХК-ийн төлөөлөгч Л.Жавзандуламын ...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Н.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхболд гэх хүн оролцоогүй байтал шүүхийн шийдвэрт Н.Мөнхболд шүүх хуралдаанд оролцсон гэж бичсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Хариуцагч Н.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэргийн материал танилцуулж, хуралдааныг явуулсан гэж үзвэл талуудын мэтгэлцэх эрх нь хангагдсан гэж үзэхэд эргэлзээтэй. Иймд шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зураагүй, тэмдэглэлийг албажуулаагүй, хариуцагчийг хэн төлөөлж оролцсон нь тодорхойгүй байх тул хуралдаан зохих журмын дагуу явагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчим хангагдсан гэж үзэхгүй тул маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Милена майлд ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02491 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Л.Жавзандуламаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА