| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2026/0755/3 |
| Дугаар | 128/ШШ2026/0803 |
| Огноо | 2026-09-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2026/0803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ж.Б******,
Гомдол гаргагч: Б.Б****** /РД:**********/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа М.Ж****** нарын хооронд үүссэн шийтгэлийн хуудас хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ж.Б******, гомдол гаргагч Б.Б******, хариуцагч М.Ж******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокурорын дүгнэлт болон гомдлын шаардлага:
1.1. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа М.Ж******-ийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0249171 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Иргэн Б.Б******-ийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “...****** дүүрэг ** дугаар хороо, ****** хотхон ** дугаар байр ** тоотод иргэн Б.Б******-ийн эзэмшлийн 4х4 метр хэмжээтэй 1 давхар гараж дотор цахилгаан монтаж шатаж иргэд унтраасан байсныг шалгаад буцсан...” гэх гомдол мэдээллийг ОБ02/26-343 дугаарт хүлээн авч бүртгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2.2. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа М.Ж****** 2026 оны 07 дугаар сарын 03 ны өдрийн 0249171 дугаартай шийтгэлийн хуудсаар “галын аюулгүй байдлаа хангаагүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгийн торгох шийтгэлийг иргэн Б.Б******-д оногдуулж шийдвэрлэжээ.
2.3. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ж.Б******-ээс дээрх 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 0249171 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон дүгнэлт бичиж ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
2.4. Мөн иргэн Б.Б****** дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 5439 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
2.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 6159 дүгээр “Захиргааны хэрэг нэгтгэх тухай” захирамжаар Б.Б******-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст холбогдох “Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч Ц.Ж******-ийн 0249171 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэврийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий 128/2026/0778/З индекстэй захиргааны хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б******-ийн дүгнэлттэй, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа М.Ж******-д холбогдох “Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа М.Ж******-ийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0249171 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б******-г 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий 128/2026/0755/З индекстэй захиргааны хэрэгт нэгтгэж, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0249171 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлт, гомдлын шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллааг явуулсан.
Гурав. Дүгнэлтийн үндэслэл:
3.1. Дүгнэлт гаргагчаас шүүхэд гаргасан үндэслэлдээ: “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б****** би, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа М.Ж****** нь 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б.Б******-ээс гаргасан "гарааж дотор цахилгааны утас шатсан” гэх бүртгэлийн ОБ02/26-343 дугаартай мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Б.Б******-г Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил үйлдсэн гэж дүгнээд, 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
3.2. Материалыг хянахад, 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэлд "... цахилгааны мантажыг ханын дээд хэсгээр татаж шийдвэрлэсэн гаражийн хаалгаар ороод зүүн гар талд буюу ертөнцийн зүгээр урд хананд байрлуулсан цахилгаан дамжуулах утас 2 ширхэг гадна бүрээс шатсан, цахилгаан дамжуулах утаснаас өөр зүйл шатаагүй хэвийн байв..." гэх, холбогдогч Б.Б******-ийн "...2026 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед тог тасарч, гэрээс гарах гэтэл утаа үнэртэж байхаар нь гарааж руу ороход гараж битүү утаа болсон байсан. Гэрийнхэндээ гал гарч байна онцгой байдалд дуудлага өг гэж хэлээд гараж руу орж 2 суудлын машинаа гаргаж, гал унтраах арга хэмжээ авсан, амины орон сууцын гадна талд цахилгааны шит байдаг. Гараж руу орсон цахилгааны утас кротголж нийлж гал гарсан байх. Бусдын эд хөрөнгөд хохирол учраагүй, өөрийн цахилгаан хэрэгсэл болох гар утасны цэнэглэгч, реветор зэрэг шатсан. Шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Эд хөрөнгийн даатгалд даатгуулаагүй...” гэх мэдүүлэг өгсөн байна.
3.3. Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас гал гарсан шалтгаан нөхцөл, иргэн Б.Б****** нь Галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй болох, мөн галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг ямар шаардлагыг зөрчсөн болохыг тогтоогоогүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тэмдэглэл үйлдэж, Б.Б******-ээс холбогдогчоор мэдүүлэг авч, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
3.4. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх; гал түймэр гарч байгаа тохиолдолд онцгой байдлын байгууллагад нэн даруй мэдэгдэх; гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг, туслалцаа үзүүлэх; гал түймэр гарч болзошгүй зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх; ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд оролцох” гэсэн үүргийг иргэн хүлээхээр хуульчилсан байна.
3.5. Материалд авагдсан баримтаар холбогдогч Б.Б****** нь дээрх үүргээ биелүүлж Онцгой байдлын албанд дуудлага мэдээлэл цаг алдалгүй өгч, өөрийн болон бусдын өмч хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч ажилласан байна.
3.6. Мөн Галын аюулгүй байдлын үндсэн дүрмээр хүлээсэн ямар үүргийг Б.Б****** зөрчсөн болох нь тодорхойгүй, тэрбээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад холбогдогчоор мэдүүлэг авч шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
3.7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “....6.17 ...” заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичихээр байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа М.Ж******-ийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэлийн хуудас маягт 2-оор торгож шийдвэрлэсэн 0249171 дугаартай шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
3.8. Дүгнэлт гаргасан прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Холбогдогч нь өөрөө зөрчлийн хэрэгт холбогдсон эсэхээ ойлгоогүй, мэдээгүй байж байхад эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн зөрчил илэрч байна. Энэ нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчил биш байна. Холбогдогчийг Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн байна гээд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд зааснаар шийтгэл оногдуулсан нь өөрөө хууль бус байна. Холбогдогч өөрөө Галын аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу гал гарсан гэдгээ Онцгой байдлын хэлтэст мэдэгдсэн. Иймд байхад холбогдогчийг Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гээд шийтгэл оногдуулсан. Яаг ямар үүргийг зөрчөөд байгаа юм бэ гэдгийг тайлбарлаж мэдэхгүй байна. Холбогдогчид та ийм зөрчил үйлдсэн байна. Иймд танаас мэдүүлэг авна. Ийм баримтуудаар зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдож байгаа тул Зөрчлийн тухай хуульд зааснаар танд хариуцлага хүлээлгэнэ гэдгээ ойлгуулж хэлэх ёстой байсан. Үүний дараа шийтгэл оногдуулах ёстой байсан. Энэ нөхцөл байдал хууль зүйн хувьд тогтоогдохгүй байгаа тул эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэмэлт ажиллагаа хийхэд дахиад дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл үүсчихсэн байсан. Иймд холбогдогчийн зөрчигдсөн эрхийг сэргийлэх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах анхны санал дүгнэлтээ дэмжиж байна” гэв.
4. Гомдлын үндэслэл:
4.1. Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан үндэслэлдээ: “...Миний бие 2016 онд ****** дүүрэг, ** дугаар хороо, ****** таун, ** тоот таунхаусыг худалдан авч гэр бүлийн хамт амьдарч байгаа болно. 2026 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед тог тасарч улмаар утаа үнэртэж би гарааж руугаа ороход гал гарч битүү утаа болсон байсан тул би гаражийн хаалгаа онгойлгож 2 машинаа гаргасан юм. Энэ үед гал үргэлжлэн шатаж улмаар гаражд байсан модон хаалга шатаж эхэлж байсан бөгөөд Гал команд ирэхгүй байсан тул би өөрөө хамгаалалтын бээлий өмсөж тарьсан модоо усалдаг ус шүршигчээр галыг усаар шүршин унтраасан бөгөөд гал унтарсны дараа 11:30 цагийн үед Гал команд ирсэн. Тэгээд 1 хуудсан дээр гарын үсэг зуруулж ...Хан-Уул дүүргээс дуудна та очиж мэдүүлэг өгөөрэй гэсэн... Ингээд 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр очиход мэдүүлэг аваад шийтгэл оногдуулна гэж шийтгэлийн хуудас бичиж өгсөн.
4.2. Бид бэлэн баригдсан байшин худалдаж авч 10 амьдарч байна. Энэ хугацаанд ямар хууль дүрэм зөрчөөгүй цахилгааны бүх утас, монтажийг стандартын дагуу засварлаж шинэчлүүлсэн.
4.3. Өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ямар нэг анхааруулга, үзлэг энэ тэр хийгээгүй, тог байнга тасарч байдаг болсон билээ. Тог тасраад ирэхдээ хүчдэл нь хэт өндөр, хэт баг ирдгээс болж цахилгааны утасны холболтууд халж гал гарсан байх магадлалтай. Би өөрөө гарсан галыг унтраасан бөгөөд бусдын эд хөрөнгөд ямар ч хохирол учруулаагүй болно. Шатсан цахилгааны гол шугамны утсыг тэр өдөр нь бүрэн сольж шинэчилсэн бөгөөд одоо хана таазны бохирдлыг засаж будахад тодорхой хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа болно.
4.4. Иймд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч Ц.Ж******-ийн 0249171 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.5. Гомдол гаргагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өнөөдөр өөрийгөө холбогдогчоор орж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрх бүхий албан тушаалтан цахилгааны өрхийн тоолуур хүртэлх шугам нь нийтийнх гэж хэлж байна. Шатаж байсан утас нь манай тоолуур луу очсон кабель байсан. Энэ нь гадна ерөнхий шитээс орж ирсэн байсан. Гурван айлын ерөнхий шитээс ирсэн гэдэг нь арай өөр ойлголт болно. Тоолуур хүрээгүй явж байх замдаа цахилгааны утас шатсан богино холбоо үүссэн мэт гэж ойлгоод яваад байсан. Гадна талдаа ерөнхий шитний амбаар тусдаа онгорхой байдаг. Янз бүрийн үйлдэл, эс үйлдэхүйг өөр хүмүүс хийсэн байж магадгүй юм. Заримдаа тэр нь онгорхой байдаг байсан тул орон гэргүй хүмүүс тэнд ороод унтаж байсан нөхцөл байдал байдаг. Тоолуур хүртэлх очдог ерөнхий кабель шатсан байсан. Богино холболт гэдгийг би өөрөө мэдүүлэг дээрээ ярьсан. Үүнийг би өөрөө тогтоогоогүй. Эрх бүхий албан тушаалтан өөрөө мэдүүлэг дээрээ хэлсэн гэж ярьж байна. Би өөрөө иргэнийхээ үүргийг биелүүлээд шатсан утсыг нь барьж очсон. Бид нарын санаачилгаар биш. Утсыг шинжлүүлж байгаа юм шиг юм яриад байх шиг байна. Би өөрөө бусдын эд хөрөнгөд хохирол учруулаагүй. Би гараажиндаа байсан кабель утсаа сольсон. Яаж намайг холбогдогчоор тогтоосон вэ гэж асуухад энэ асуултад хариулаагүй. Үл хөдлөхийн гэрчилгээ дээр хоёр хүний нэр байдаг. Б.Байгальмаа болон Б.Б****** гэдэг хүн байдаг. Яагаад хоёр хүн байхад нэгийг нь холбогдогч гээд тогтоогоод шийтгээд байгаа юм бэ? Би энэнд хариултаа авч чадаагүй. Хүн эд хөрөнгөөрөө хохирчхоод эрүүл мэндээрээ хараахан хохироогүй байхад, мөн ямар нэгэн дүгнэлт гаргаагүй байхад намайг торгосон ... Энэ байдлаас болоод хүмүүс гал команд дуудахаа больчихвол яах юм бэ? Өөрсдөө эхлээд галаа унтраахыг оролддог болчихвол яах юм бэ? Ийм байдал руу мэргэжлийн болон төрийн байгууллага явуулж байна. Би эсрэгээрээ иргэнийхээ хувьд үүргээ биелүүлээд явж байна. Цаашид ийм асуудал гаргахгүй нь тулд хажуу айлынхаа хөршүүдэд мэдээлээд энд дуудсан цагт нь очсон. Тэгэхэд намайг зөвхөн торгохын тулд дуудсан байна. Урьдчилан сэргийлэх ажиллагааг төрийн байгууллагаас нэг ч хийгээгүй. Би 2016 онд тухайн байшинг худалдаж авсан. Үүнээс хойш тэр хавиар ийм цэнхэр хувцастай байцаагч нар ямар нэгэн хуудас өгч байгаагүй. Сонгуулийн сурталчилгааны материал ихээр орж ирдэг. Төрийн байгууллага урьдчилан сэнхрүүлэх ажлаа хийгээгүй байсан. Замын хажууд замын тэмдэг нь байдаг. Манай гадаа галын аюултай гээд наасан наалт байдаггүй. Ийм замбараагүй байдал руу өөрсдөө оруулчхаад дараа нь иргэнийхээ үүргийг биелүүлсэн иргэнийг бага их хэмжээгээр торгож байна. Ажил хийж байгаа хандлагаа өөрчлөхгүй бол болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажиллагаа хийхгүйгээр энэ ажил цаашаа явахгүй юм” гэв.
Тав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
5.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Б******-ээс ****** дүүрэг, ** дугаар хороо, ****** хотхон ** дугаар байр, ** тоотод иргэн Б.Б******-ийн эзэмшлийн 4х4 метрийн хэмжээтэй 1 давхар гараж дотор цахилгааны монтаж шатаж иргэд унтраасан байсныг шалгасан гэх зөрчлийн ОБ02/26-343 дугаартай гомдол, мэдээллийг анх нийслэлийн Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан гомдол, мэдээллийн бүртгэлд бүртгэж хүлээн авсан.
5.2. Улмаар нийслэлийн Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтанд зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай саналыг гаргасан.
5.3. Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан нь эрх бүхий албан тушаалтны гаргасан саналыг үндэслэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол үйлдэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн.
5.4. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа М.Ж****** би нийслэлийн Онцгой байдлын газраас харьяаллын дагуу шилжиж ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авч тухайн гомдол, мэдээллийг гаргагч Б.Б******-тэй харилцаа, холбооны хэрэгслээр холбогдон үүссэн нөхцөл байдлын талаар тодруулах, шаардлагатай баримт бичгийг гаргуулан авах зорилгоор эрх бүхий байгууллагад дуудан ирүүлсэн.
5.5. Б.Б******-г эрх бүхий байгууллагад ирэхэд нь үүссэн нөхцөл байдлыг тодруулахад Б.Б****** нь тухайн гал түймэрт өртсөн объектын хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн объектын доторх цахилгаан дамжуулах шугам сүлжээнд гал түймэр гарсан байсан тул Б.Б******-д холбогдогчийн эрх үүргийг танилцуулан холбогдогчийн мэдүүлэг авсан.
5.6. Б.Б****** нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Гал түймэр гарч байгаа тохиолдолд онцгой байдлын байгууллагад нэн даруй мэдэгдэх”, 2.3 дахь заалтад “Гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг, туслалцаа үзүүлэх” гэж тус тус заасны дагуу иргэний үүргээ биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
5.7. Гэвч Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүрэгтэй, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 5 дугаар бүлгийн 5.1.11 дэх заалтад “Иргэн өөрийн сууц, гараж, хашаа, туслах аж ахуйн болон зуслангийн байшингийн цахилгаан шугам, дотоод холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцах” үүрэгтэй гэж тус тус заасан байдаг бөгөөд эрх бүхий албан тушаалтны зүгээс гал түймэр гарсан тухайн объектын өмчлөгч буюу цахилгаан эрчим хүч хэрэглэгч Б.Б****** нь дээрх холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гал түймэр гарсан нөхцөл байдал тогтоогдсон тул Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” үүргийг биелүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу нэг зуун нэгжээр торгох шийтгэлийг оногдуулсан болно.
5.8. Иймд эрх бүхий албан тушаалтан М.Ж****** би холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй иргэн Б.Б******-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ж.Б******-ийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 218 дугаартай Прокурорын дүгнэлт, Б.Б******-ийн гомдлыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна” гэжээ.
5.9. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хуулийн дагуу шийтгэлийн хуудсаа гаргасан. Гал түймэр нь Б.Б******-ийн өөрийн эзэмшлийн орон сууцын гараж дотор орсон гал түймэр юм. Тэрнээс биш гадна байх шугамд гарсан гал биш. Хэрэг бүртгэлтийн үзлэг дээр тийм зүйл бичигдээгүй байсан. Тийм зүйл дурдагдаагүй байсан. Үзлэгийн тэмдэглэл дээр тухайн таун хаусын гараж дотор цахилгааны утас шатсан гэж дурдсан байдаг. Б.Б****** гэдэг хүн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д холбогдох заалт буюу 16.2.3-д заасныг биелүүлсэн. Гал түймэр гарахад Б.Б****** өөрөө гэртээ байсан. Дуудлага мэдээллийг Онцгой байдлын байгууллагад өгсөн. Гал гарахад унтраах үйл ажиллагааг хийсэн. Өөрсдийнхөө өмч хөрөнгийг авран хамгаалах, хоёр автомашиныг гаргах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ болон холбогдох заалтыг биелүүлсэн. Гэхдээ гомдол гаргагч нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” гэж заасан заалтыг хэрэгжүүлээгүй. Үүнийгээ хэрэгжүүлээгүй гэдэг нь холбогдох хууль дүрэм буюу Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтад заагаад өгсөн байдаг. Хууль дээр заагаад өгчихсөн заалтууд өнөөдөр энэ дээр байгаа. Би өөрөө хууль хэрэгжүүлдэг эрх бүхий албан тушаалтан. Иймд миний гаргасан шийдвэр бол хуулийн хүрээнд гаргасан эрх зүйн шийдвэр тул шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Дүгнэлт гаргагч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б******, гомдол гаргагч Б.Б****** нараас Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа М.Ж******-д холбогдуулан “Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа М.Ж******-ийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0249171 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй” болгуулах шаардлага бүхий дүгнэлт, гомдлыг тус тус гаргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах үндэслэлээр Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа М.Ж******-ийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0249171 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Анх иргэн Б.Б******-ийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “...****** дүүрэг ** дугаар хороо, ****** хотхон ** дугаар байр ** тоотод иргэн Б.Б******-ийн эзэмшлийн 4х4 метр хэмжээтэй 1 давхар гараж дотор цахилгаан монтаж шатаж иргэд унтраасан байсныг шалгаад буцсан...” гэх гомдол мэдээллийг ОБ02/26-343 дугаарт хүлээн авч бүртгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0249171 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Б.Б******-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгж буюу 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.2. Дүгнэлт гаргасан прокуророос “...эрх бүхий албан тушаалтнаас гал гарсан шалтгаан нөхцөл, иргэн Б.Б****** нь Галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй болох, мөн галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг ямар шаардлагыг зөрчсөн болохыг тогтоогоогүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тэмдэглэл үйлдэж, Б.Б******-ээс холбогдогчоор мэдүүлэг авч, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Материалд авагдсан баримтаар холбогдогч Б.Б****** нь дээрх үүргээ биелүүлж Онцгой байдлын албанд дуудлага мэдээлэл цаг алдалгүй өгч, өөрийн болон бусдын өмч хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч ажилласан байна. Мөн Галын аюулгүй байдлын үндсэн дүрмээр хүлээсэн ямар үүргийг Б.Б****** зөрчсөн болох нь тодорхойгүй, тэрбээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад холбогдогчоор мэдүүлэг авч шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэмэлт ажиллагаа хийхэд дахиад дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл үүсчихсэн” гэж,
Гомдол гаргагч Б.Б******-ээс “...Эрх бүхий албан тушаалтан цахилгааны өрхийн тоолуур хүртэлх шугам нь нийтийнх гэж хэлж байна. Шатаж байсан утас нь манай тоолуур руу очсон кабель байсан ... Тоолуур хүрээгүй явж байх замдаа цахилгааны утас шатсан богино холбоо үүссэн гэж ойлгоод яваад байсан ... Кабелаа шинээр татсан. Хуучин утасных нь үлдэгдлийг би хариуцагчид аваачиж өгсөн. Ямар нэгэн дүгнэлт гаргаагүй байхад намайг торгосон”,
Хариуцагчаас “гомдол гаргагчийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” гэж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж заасан заалтыг хэрэгжүүлээгүй. Одоо шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
2.3. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана”, 16 дугаар зүйлийн 16.2-д “Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараах үүрэг хүлээнэ”, 16.2.1-д “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх”, 16.2.2-д “гал түймэр гарч байгаа тохиолдолд онцгой байдлын байгууллагад нэн даруй мэдэгдэх”, 16.2.3 д “гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг, туслалцаа үзүүлэх” 16.2.4-д “гал түймэр гарч болзошгүй зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх” гэж, “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэрэглэгч нь дараах эрх, үүрэгтэй”, 30.1.3 д “техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх”, 30.1.8-д “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж, Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д “иргэн өөрийн сууц, гараж, хашаа, туслах аж ахуйн болон зуслангийн байшингийн цахилгаан шугам, дотоод холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцах” гэж тус тус заажээ.
2.4. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төдийгүй гал түймэр гарсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх унтраах ажиллагаанд боломжит туслалцаа, дэмжлэгийг үзүүлэх, гал түймэр гарч болзошгүй талаарх зөрчил, дутагдлын талаар мэдээлэл өгөх үүрэгтэй байна. Мөн Эрчим хүчний тухай хуульд зааснаар өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн байдалд анхаарч түүний засвар үйлчилгээ, баталгаажуулалт зэргийг хариуцахаар зохицуулсан байна.
2.5. Уг тухайлан заасан Галын аюулгүй байдлыг хангах талаар иргэний үүргийг зөрчсөн тохиолдолд Гал түймрийн улсын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргаж, Зөрчлийн тухай хуульд зааснаар торгохоор заажээ.
2.6. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагч нь зөрчлийг тогтоохтой холбоотой бүхий л ажиллагааг хийх эрх, үүрэг нь хуулиар олгогджээ.
2.7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, иргэн Б.Б******-ийн өмчлөлийн хувийн сууцын гараж дотор 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гарсан гал нь Б.Б******-ийн ямар буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарсан болохыг шалган тогтоогоогүй байх төдийгүй иргэн Б.Б******-ээс хуульд заасан үүргээ биелүүлж Онцгой байдлын албанд дуудлага мэдээлэл цаг алдалгүй өгч, өөрийн болон бусдын өмч хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч ажилласан байна.
2.8. Тодруулбал, 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны Үзлэг хийсэн тэмдэглэлд “... гаражийн хаалгаар ороод зүүн гар тал буюу ертөнцийн зүгээр урд ханад байршуулсан цахилгаан дамжуулах утас 2 ширхэг гадна бүрээс шатсан цахилгаан дамжуулах утаснаас өөр зүйл шатаагүй хэвийн байв” гэж, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд “Асуулт: ямар шалтгааны улмаас гал гарсан гэж та бодож байна вэ, Хариулт: Гараж руу орсон цахилгааны утас кротголж нийлж гал гарсан байх” гэснээс өөрөөр гал гарсан шалтгаан нөхцөл, галын аюулгүй байдлыг хангах үүргээ хэрхэн зөрчсөн эсэхийг хөтөлбөргүй тогтоолгүйгээр шууд иргэн Б.Б******-г галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн гэж дүгнэн, нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь үндэслэл муутай болжээ.
2.9. Энэ талаарх гомдол гаргагчийн “...Энэ байдлаас болоод хүмүүс гал команд дуудахаа больчихвол яах юм бэ, өөрсдөө эхлээд галаа унтраахыг оролддог болчихвол яах юм бэ, ийм байдал руу мэргэжлийн болон төрийн байгууллага явуулж байна. Би эсрэгээрээ иргэнийхээ хувьд үүргээ биелүүлээд явж байна” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
2.10. Хэдийгээр Б.Б****** нь тухайн гал гарсан гаражийн өмчлөгчийн хувьд ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг хариуцах үүрэгтэй боловч гомдол гаргагчаас “... Би өөрөө иргэнийхээ үүргийг биелүүлээд шатсан утсыг нь барьж очсон. Ямар нэгэн дүгнэлт гаргаагүй байхад намайг торгосон ... Шатаж байсан утас нь манай тоолуур руу очсон кабель байсан. Тоолуур хүрээгүй явж байх замдаа цахилгааны утас шатсан, богино холбоо үүссэн гэж ойлгоод явж байсан” гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд гал гарах шалтгаан нөхцөлийг тогтоож, Галын аюулгүй байдлын тухай хуульд зааснаар түүний эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж доголдолтой байсан эсэх, бүрэн бүтэн байсан эсэх, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан эсэхийг тогтоосны үндсэн дээр шийтгэлийн хуудас оногдуулах байжээ.
2.11. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 2-д “3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд зөрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр байна. Энэ тохиолдолд уг үйл баримт тогтоогдохгүй байх тул прокурорын шүүх хуралдаанд “... Энэ нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчил биш” гэж тайлбарласныг үгүйсгэхээргүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.
2.12. Иймд дээрх үндэслэлээр иргэн Б.Б******-г нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0249171 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б******-ийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт болон гомдол гаргагч Б.Б******-ийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 16 дугаар зүйлийн 16.2-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б******-ийн дүгнэлт болон Б.Б******-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа М.Ж******-ийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0249171 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 д заасныг тус тус баримтлан дүгнэлт гаргагч прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гомдол гаргагч Б.Б******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гомдол гаргагч Б.Б******-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА