| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/01399/И |
| Дугаар | 191/ШШ2025/06066 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/06066
2025 07 21 191/ШШ2025/06066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, М овогт Б-ын О-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: өөрийн байранд байрлах, дугаар регистртэй, “ХХБ” ХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
ХХБны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “ХХБ” ХК-д холбогдуулан ХХБны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Б.О ХХБны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын оны 10-нд хүүхэд төрүүлж, чөлөө авсан. Чөлөөний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусах байсан тул 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр банкны Захиргаа, хүний нөөцийн газарт ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан. Миний хүсэлттэй холбогдуулан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э биечлэн уулзахаар болж, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уулзахад өмнөх ажлын байр буюу үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирал албан тушаалд ажиллуулах боломжгүй, харин салбарын захирлаар ажиллах санал тавьсан. Би уг саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирал албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэйгээ дахин илэрхийлж, хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй, харин Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Л.Г дуудаж уулзсан боловч миний хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй. Иймд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХХБны хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Миний гомдлын дагуу банкны хөдөлмөрийн маргаан таслах комиссын дарга буюу Санхүү хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Ч.С дуудаж уулзаад, өөр ажилд томилох саналаа дахиад тавихад нь татгалзсан. Ингээд Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан, банкийг төлөөлж хүн ирээгүй, эвлэрэх боломжгүй гэх хариу өгсөн тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл гарсан. Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах бөгөөд ажилтан ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасан байхад банк хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа ажил олгогчийн үйлдлийг ажлаас халсантай адилтгаж үздэг тул ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хүүхэд асрах чөлөө авахаас авахаас өмнөх буюу 2021 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин хөлсний дундажаас ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 11 сарын 11-ний өдрөөс эхлэн ажилдаа эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалин хөлсний олговор хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай. Иймд миний бие Б.О ХХБны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж зохих бичилт хийхийг хариуцагчид даалгуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Дараах хариу тайлбарыг гаргаж байна. 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Контрактыг бичгээр байгуулна” гэж, 25.2 дахь хэсэгт “Контракт нь таван жил хүртэл хугацаатай байна” гэж тус тус хуульчилсан. Дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Отой “Х” ХК нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр К-21/154 дугаар Контрактыг байгуулж, ХХБны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын үүргийг гүйцэтгүүлж эхэлсэн бөгөөд контрактын хугацааг тус Контрактын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл” гэж тухайлан заажээ. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна” гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно” гээд, 37.1.3 дахь заалтад “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Отой байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн К-21/154 дугаар Контракт нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гээд, 131.1.3 дахь заалтад “ажлаас халах” гэж тус тус хуульчилжээ. Дээрхээс үзвэл, Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд халах сахилгын шийтгэл ногдуулахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжид халах сахилгын шийтгэлийг зөвхөн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ногдуулахаар зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох нь халах гэх ойлголтод хамаарахгүй ба ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөх боломжтой байна. Мөн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө” гэж хуульчилсан. Тус зохицуулалтаас үзвэл, хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөхөөр заажээ. Дээр дурдсанчлан, Б.Отой ХХБ ХК нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр К-21/154 дугаар Контрактыг байгуулж, ХХБны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын үүргийг гүйцэтгүүлж эхэлсэн бөгөөд контрактын хугацааг тус Контрактын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл” гэж тухайлан тохиролцсон билээ. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч Б.О нь ХХБны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын үүргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд тус өдрөөс эхлүүлэн түүний үүрэг дуусгавар болох юм. Нэгэнтээ гэрээний хугацаа дуусаж, гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч Б.Оыг ХХБны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй юм. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Б.Оын нэхэмжлэлтэй, “ХХБ” ХК-д холбогдох ХХБны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн К-21/154 дугаартай контрактын гэрээ, 2022 оны 11 сарын 15-ны өдрийн 22/938 дугаартай “Б.Оын хүүхэд асрах чөлөөг сунгах тухай” Хүний нөөцийн газрын захирлын шийдвэр, Б.Оын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2024 оны 11 сарын 01-ний өдрийн Б.Оын хүсэлт, Б.Оын жи-мэйл, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл,
Хариуцагчаас 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хариу тайлбар, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн К-21/154 дугаартай контрактын гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын Б-20/1550 дугаартай “Б.Оыг ажлаас чөлөөлж,ажилд томилох тухай” гүйцэтгэх захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б-21/1718 дугаартай “Д.Бийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” гүйцэтгэх захирлын тушаал,
2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хариу тайлбар, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн К-21/230 дугаартай контрактын гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны А-22/01 дугаартай “ХХБны Хөдөлмөрийн дотоод журам”-ын шинэчилсэн найруулгыг батлах тухай” гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б.О нь “ХХБ” ХК-д холбогдуулан ХХБны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3.Хариуцагч нь талуудын хооронд контрактын хугацаатай гэрээ байгуулагдсан. Гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хариу тайлбар, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн К-21/154 дугаартай контрактын гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын Б-20/1550 дугаартай “Б.Оыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” гүйцэтгэх захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б-21/1718 дугаартай “Д.Бийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” гүйцэтгэх захирлын тушаал, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хариу тайлбар, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн К-21/230 дугаартай контрактын гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны А-22/01 дугаартай “ХХБны Хөдөлмөрийн дотоод журам”-ын шинэчилсэн найруулгыг батлах тухай” гүйцэтгэх захирлын тушаал зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Б.О нь ХХБны гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б-20/1550 дугаар тушаалаар тус банкны Үйл ажиллагааны эрсдлийн удирдлагын газрын захирлаар ажиллуулахаар томилогдсон байна. /хх-ийн 58/
6.Хариуцагч ХХБ ХК нь Б.Отой 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр К-21/154 дугаартай “Контракт”-ын гэрээ байгуулсан. Уг контрактын гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр дуусгавар болсон тул уг гэрээ дахин сунгаагүй тул чөлөөлөх тушаал гаргаагүй гэж тайлбарласан.
7.Ажил олгогч нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр К-21/154 дугаартай “Контракт”-ын гэрээ байгуулж, контрактын гэрээний хугацааг 1 жилийн хугацаатайгаар байгуулжээ. /хх-ийн 4-8/
1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай, 25.3 талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заахаар гэрээ байгуулна гэж заасан.
1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар байгуулагдсан контрактын гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүйгээр контрактын гэрээг дуусгавар болгосон ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй байна.
Ажилтан Б.О нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү А.Түшигийг төрүүлсэн байна.
Ажил олгогч нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр контрактын гэрээг сунгаагүй дуусгавар болгосон гэх тайлбар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн... ажил олгогч нь Б.Оыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд контрактын гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан журмыг зөрсөн... гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Оын ХХБны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.1999 оны Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ХХБны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн Б.Оыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН