| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/01100/И |
| Дугаар | 191/ШШ2025/06065 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/06065
2025 07 21 191/ШШ2025/06065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод байрлах, дугаар регистртэй, “С” ХХК,
Нэхэмжлэгч: хаягт оршин суух, дугаар регистртэй, Хн овгийн С-ийн Б,
Нэхэмжлэгч: хаягт оршин суух, дугаар регистртэй, А овгийн З-ийн С,
Нэхэмжлэгч: хаягт оршин суух, дугаар регистртэй, А овгийн Р-ийн Ц нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод байрлах, дугаар регистртэй, “Ж” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
Трактор авахаар төлсөн төлбөрийн үлдэгдэл 95.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирээгүй байх ба шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.”С” ХХК, С.Б, З.С, Р.Ц, Ш.С нар нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Б.Б нь нэхэмжлэгч С.Б түүний дүү З.С, эх Р.Ц нартай харилцан тохиролцож газар тариалан, мал аж ахуйд хэрэглэх трактор авах зорилгоор 2024 оны 08 дугаар сард Дорнод аймгийн гаралтай танил болох Б.Отэй холбогдоход манай авахыг хүссэн трактор, түүний хажууд өөрөө зогсож байгаа зургийг фэйсбүүк мессенжерээр илгээсэн. Улмаар зурагт байгаа тракторыг авахаар Б.Отэй тохирч түүний хамаарал бүхий хариуцагч “Ж” ХХК руу 153.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнд:
2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “С” ХХК-ийн Голомт банкны дугаартай данснаас “Ж” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны дугаартай дансанд “, РД, СНКХХК, хөрөнгө” гэсэн гүйлгээний утгатай 13.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр С.Бын Төрийн банкны дугаартай данснаас “Ж” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны дугаартай дансанд “тракторын үнэ С Б” гэсэн гүйлгээний утгатай 50.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр З.Сын Төрийн банкны дугаартай данснаас “Ж” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны дугаартай дансанд “тракторын үнэ З С” гэсэн гүйлгээний утгатай 50.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Р.Цгийн Төрийн банкны дугаартай данснаас “Ж” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны дугаартай дансанд тракторын үнэ З С гэсэн гүйлгээний утгатай 40.000.000 төгрөг, Улмаар нэхэмжлэгч байгууллагын захирал Б.Б трактороо авахаар очиход зурагт байснаас өөр трактор байсан учир трактор авахаа болиод 58.000.000 төгрөгөөр өвс боогч аваад үлдсэн 95.000.000 төгрөгөө авах гэтэл “мөнгө чамаас орж ирээгүй чамд өгөхгүй” гэснээс маргаан үүсэж одоо хүртэл 95.000.000 төгрөгөө авч чадахгүй байна. Нэхэмжлэгч нар хариуцагчаа трактор аваагүй боловч газар тариалангийн ажлын яаралтай зайлшгүй шаардлагаар цаг хугацаатай уралдан өөр газраас трактор худалдан авч түүний төлбөрийг нэхэмжлэгч С ХХК-иас гарган төлсөн, нэхэмжлэгч нар трактороо одоо хэрэглэж байгаа, хариуцагчаас буцаан авах ёстой 95.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “С” ХХК, С.Б, З.С, Ш.С нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанитай дээрх нэхэмжлэгч нар хадлангийн тоног төхөөрөмж авах талаар албан ёсоор гэрээ байгуулсан зүйлгүй. Манай компанийн хувьцаа эзэмшигч Б.Отэй найз нөхдийн журмаар холбогдож хадлангийн тоног төхөөрөмж авах талаар ярилцаж мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал байгаа юм. Тэдгээр хүмүүсийн шилжүүлсэн мөнгийг БНХАУ-ын фичи үйлдвэрт шилжүүлэн өгсөн хойно харилцан тохиролцооноос эдгээр хүмүүс нь өөрсдөө буцсанаас болж компанид хохирол учирч байна. Тухайн нэхэмжлэгч нар уг мөнгөө дан ганц компаниас нэхэмжлэх бус шууд харилцсан этгээд болох Б.Оээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс 6 хуудас мөнгөн шилжүүлгийн баримт, 3 хуудас мемориалын баримт, фото зураг,
хариуцагчаас 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хариу тайлбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч “С” ХХК, С.Б, З.С, Р.Ц нар нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан трактор авахаар төлсөн төлбөрийн үлдэгдэл 95.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэгч нар уг мөнгөө дан ганц компаниас нэхэмжлэх бус шууд харилцсан этгээд болох Б.Оээс нэхэмжлэх нь зүйтэй гэх тайлбарыг гаргажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 6 хуудас мөнгөн шилжүүлгийн баримт, 3 хуудас мемориалын баримт, фото зураг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хариу тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч “С” ХХК, С.Б, З.С, Р.Ц нар нь хариуцагч “Ж” ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр газар тариалан, мал аж ахуйдаа хэрэглэх зорилгоор тракторыг 153.000.000 төгрөгөөр худалдан авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. /хавтас хэргийн 11-17/
Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан байх бөгөөд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч гэрээний талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог зохицуулалтад хамаарна.
Дээрх үйлдлээр талуудын хооронд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Талууд гэрээ болон 153.000.000 төгрөг шилжүүлсэн тухайд маргаагүй болно.
Дээрх гэрээгээр хариуцагч “Ж” ХХК нь …биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримтыг худалдан авагчийн өмчлөлд… нийлүүлэх үүргийг хүлээсэн.
Хариуцагч “Ж” ХХК нь гэрээний дагуу тракторыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөөгүй, тохиролцсон өөр трактор байсан учир трактор авахаа болиод 58.000.000 төгрөгөөр өвс боогч авсан болох нь түүний тайлбараар тогтоогдсон. Тракторыг аваагүй тухайдаа маргаагүй болно.
Иймээс 95.000.000 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК, С.Б, З.С, Р.Ц нарт олгох нь зүйтэй байна.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632.950 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 632.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас 95.000.000 /ерэн таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч “С” ХХК, С.Б, З.С, Р.Ц нарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК, С.Б, З.С, Р.Ц нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН